Н.Баярмаа: Булчин хөгширдөггүйг ааваасаа мэдэрсэн

АНУ-ын Лос-Анжелес хотноо энэ сарын 7-17-нд болсон Дэлхийн цагдаагийн спортын наадамд Монгол Улсын баг тамирчид найман төрлөөр өрсөлдөж, 14 алт, 12 мөнгө, долоон хүрэл медаль хүртэв. Багийн бэлтгэлийг хангуулсан ЦЕГ-ын “Хүч” спорт хорооны ахлах дасгалжуулагч, Гавьяат тамирчин Н.Баярмаа эл наадмын хүчний гурван төрөлтийн эмэгтэйчүүдийн 30-39 насны ангиллын хэвтээ шахалтын 63 кг жинд дээд амжилт тогтоож, алтан медаль хүртсэн. Түүнийг зочноор урилаа.

-Цагдаагийн олимп хэр өрсөлдөөнтэй болов?

-Бид эх орныхоо нэрийг өндөрт өргөж, үүргээ амжилттай биелүүлээд ирлээ. Эл тэмцээнд олон улсын цагдаагийн алба хаагчдын шилдгүүд оролцдог болохоор амар байсангүй. Цагдаа гэмт хэрэгтэй тэмцэж, иргэдийн аюулгүй байдлыг сахиулдаг. Тиймээс бие бялдар, авхаалж самбаа, хурд хүчтэй байх ёстой.

Эл тэмцээн албаны бэлэн байдлыг хангахад зайлшгүй шаардлагатай үзүүлэлтийг сайжруулж, спортыг хөгжүүлэх зорилготойгоороо онцлог болов уу. Гэхдээ спортын тэмцээн уралдаан гэхээсээ илүүтэй энх тайван найрамдлын уулзалт шиг санагдлаа. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн цагдаагийн 10 мянга гаруй алба хаагч нэг доор цуглаж, нөхөрсгөөр өрсөлдлөө.

-Дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтооно гэж тооцоолж байв уу?

-Би энэ удаад хүчний спортын төрлөөр оролцлоо. Миний хувьд насаараа энэ төрлийн спортоор хичээллэсэн. Хүндийг өргөхөө болиод таван жил болжээ. Энэ хугацаанд дасгалжуулагчийн үүрэг гүйцэтгэж байсан болохоор эл наадамд дасгалжуулагч бас тамирчин гэсэн хоёр үүрэг гүйцэтгэлээ.

Тамирчин хүн алдаагаа засаж, амжилтаа ахиулахыг эрмэлздэг. Тиймээс би хичээсэн.

-Та 2015 оны тус наадмын үеэр бас шинэ амжилт тогтоосон. 14 жил эвдэж чадаагүй амжилтыг эвдсэн гэдэг юм билээ?

-Тэр наадамд 60 кг-ын жинд оролцож, дээд амжилтыг шинэчилсэн. 2001 онд Канадын тамирчны тогтоосон дээд амжилтыг 14 жилийн дараа эвдсэн юм. 75 кг байсныг 95 болгож, таталт нь 140 байсныг 155 болгосон л доо.

-Хүндийг өргөхөө больж, пауэрлифтингээр хичээллэхэд юу нөлөөлөв?

-Би тасралтгүй 20 жил хүндийг өргөлтөөр хичээллэж, залуу насаа энэ спортод зориулсан. Одоогийн тамирчдыг гарч иртэл “чирч” явсан гэж боддог. Өөрийгөө хэт дөвийлгөж байна гэж бодож магадгүй л дээ. Гэхдээ надад хүүхэд гаргах эрхгүй явсан үе бий. Өнгөрсөн хугацаанд жаргал, бэрхшээл гээд багагүй “зовлонг” давлаа. Нэг л мэдэх нь ээ, нас хэдийнэ 30 гарч, хийх зүйлээ хийжээ гэж бодсон юм.

Ингээд 2008 онд Бээжингийн олимпын дараа, 30 гаруй настайдаа анхны хүүхдээ гаргасан. Миний ард нөхөр, амьдрал, үр хүүхэд байна. Сайн хань байж, үр хүүхдээ өсгөх том хариуцлага эмэгтэй хүн бүрт байдаг. Би жирийн хүн шиг амьдаръя гэж шийдээд хүндийг өргөлтөөс зодог тайлж, дасгалжуулагч хийх болсон.

Таван жил гаруйн хугацаанд цагдаагийн алба хаагч чухам юу хийдгийг мэдэрч, эргүүлд гарч, хамгаалалтад зогслоо. Тэр утгаараа Дэлхийн цагдаагийн спортын наадамд би ажлаа хийж явсан. Энэ миний үүрэг байсан. Бэлдсэн тамирчдаа амжилттай оролцуулах, дэмжих үндсэн ажлаа хийсэн гэж ойлгож болно.

Хүндийг өргөлт сонгодог спорт. Нарийн техник шаарддаг. Тиймээс уг спорт цагдаагийн наадмын төрөлд ороогүй. Харин пауэрлифтинг техник, нарийн ур чадвар шаарддаггүй. Хүчтэй, тодорхой бэлтгэлтэй байхад л болдог.

-Аав тань энэ спортоор хичээллэдэг байсан болохоор таныг сонгосон болов уу гэдэг.

-Аав минь их сайхан хөгшин бий. 67 настай, Гавьяат тээвэрчин. Хөдөлмөрөөрөө Гавьяат цол хүртэнэ гэдэг хүн бүрт тохиох хувь биш гэж боддог. Бид эхээс тавуулаа. Аав минь долоон ам бүлээ тэжээхийн тулд хэдэн сараар тээвэрт явдаг байлаа. Сарын ажлыг арав, арав хоногийн ажлыг нэг өдөрт амжуулдаг байснаар энэ цолыг хүртсэн гэж ярьдаг юм.

Аав минь тэтгэвэрт гарснаасаа хойш пауэрлифтингээр хичээллэж эхэлсэн. Ингээд дэлхийн аварга болж, өөрийнхөө насанд рекорд эзэмшиж байгаа буурай. Спортод нас хөгшиддөггүй, хүчний спорт залуу байхыг шаарддаггүй гэдгийг харуулсан мундаг хүн дээ. Булчин хөгширдөггүйг ааваасаа л мэдэрсэн.

-Гэрийнхэн тань бас спортоор хичээллэдэг гэсэн үү?

 -Би хоёр ах, нэг эгч, эрэгтэй дүүтэй. Ах маань үндэсний бөхөөр барилддаг, цэргийн заан цолтой. Дунд ах Очирхуяг минь чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер. Энэ төрлөөр чамгүй амжилт гаргасан ч амьдралаа бодоод орхисон.

Дүү Ганхуяг мөн л чөлөөт бөхийн мастер цолтой. Барилдааны явцад гэмтээд спортоос хөндийрсөн. Гэр бүл дотроо спортоор тууштай хичээллэсэн нь би.

-Таныг олон спортоор хичээллэдэг гэж сонссон. Жүдо, бодибилдинг гээд бүх л спортыг сонирхдог бололтой. Цаашид дагнан хичээллэхээр сонгосон төрөл байгаа юу?

-Миний хувьд нэг спортыг сонгож, амьдралаа зориулъя гэсэн хүсэл, шунал байхгүй. Одоо мэдсэн сурснаа түгээж, залууст өвлүүлэхийг л хичээж явна. Үүнийхээ хажуугаар эрүүл мэнд, гоо зүйн үүднээс бодибилдинг, фитнессийг сонгож хичээллэж эхэлсэн. Би тасралтгүй 20 жил маш хүнд бэлтгэл хийсэн. Тэр хугацаанд нэг ч өдөр амарч байгаагүй юм билээ.

Ийм байж хөдөлгөөнөө гэнэт зогсоовол зүрхний ачаалал огчом буурах эрсдэлтэй. Тиймээс бэлтгэлийн ачааллыг багасаж байх ёстой байдаг. Ингээд л спортын бусад төрлөөр хичээллэж байгаа юм. Бодибилдинг, фитнессийн спорт нас голдоггүй, эрүүл, сайхан байлгадаг онцлогтой.

Анх 14 настайдаа би жүдо бөхөөр хичээллэсэн. Ээж минь намайг дугуйланд хөтөлж аваачсан юм. 1996 онд Якутад хүүхдийн спортын наадамд 52 кг-ын жинд барилдаж мөнгөн медаль хүртсэн. Хүндийг өргөлтийг сонгосон нь ааш араншинтай минь холбоотой байх.

Тухайн үед хүндийг өргөлтийн багш намайг хараад “Чи энэ спортын хүн байна” гээд итгэл үнэмшил төрүүлсэн. Ингээд л хичээллэж эхэлсэн дээ.

-Тухайн үед одоогийнх шиг бэлтгэлийн техник хэрэгсэл байгаагүй гэж тамирчид ярьдаг. Та бэлтгэлээ хэрхэн хийдэг байв?

-Штангийн голыг эмэгтэй, эрэгтэй хүнд зориулж өөрөөр хийдэг. 20 жилийн өмнө бэлтгэл хийх штангийн гол байдаггүй, би эрэгтэй гол төмрөөр бэлтгэл хийдэг байсан. Заалны хүрэлцээ муу, зоорийн давхарт сургуулилалт хийдэг байв. Хүндийг өргөлтийг тоодоггүй хэцүү үед Ш.Сайхансамбуу захирал анх эмэгтэй тамирчдад зориулсан гол төмөр авчирч, Спортын төв ордны шигшээ багийн заалыг засаж байлаа.

Тухайн үеийн 15 сая төгрөг их мөнгө шүү дээ. Үнэхээр баярлаж билээ. Ингэж л зориулалтын гол төмөртэй танилцаж байв. Гэсэн ч улсаас тамирчдаа дэмждэг байсан сайхан үеийг дурсахгүй өнгөрч болохгүй. Ингэснээр одоогийн тамирчид бэлтгэл хийх заал, тоног төхөөрөмж, цалинтай боллоо. Мөн тэмцээний зардал гээд санаа зовох зүйлгүй, зөвхөн бэлтгэлээ л хийх боломж нээгдсэн.

-Хүндийг өргөлтөд та том шинэчлэл хийж, амжилт үзүүлсэн. Энэ спортын хөгжлийг хэрхэн төсөөлдөг вэ?

-Би тэмцээнд 58, 63, 69 кг-ын жинд оролцдог байсан. 58 кг-ын жинд 90 кг огцом өргөөд, 115 кг түлхэж 2005 онд Зүүн Азийн наадмаас хүрэл медаль хүртсэн. 205 кг өргөсөн амжилтыг минь одоо хүртэл эвдээгүй л байна. 63 кг-д 101 кг-ыг огцом, 127 кг-ыг түлхэж байлаа.

Харин 69 кг-ын амжилтыг ОУХМ М.Анхцэцэг шинэчилсэн. Анхаа маань сайхан амжилт гаргаж яваа мундаг тамирчин, бахархдаг. Анхаатай адил гялалзаж яваа тамирчин олон бий учраас хүндийг өргөлтөөр Монгол Улс дэлхийд дээгүүрт орно гэдэг итгэдэг.

-М.Анхцэцэгийг гадаад улс иргэнээ болгох санал тавихад татгалзсан. Энэ талаар та ямар байр суурьтай байдаг вэ?

-Амьдралын шаардлагаар спортоо орхисон, гадаадад гарсан тамирчин олон. Надад ч Тайвань, Япон, Туркээс санал ирж байлаа. Гэхдээ би явахыг хүсээгүй. Анхаагаа тийм шийдвэр гаргасныг сонсоод үнэхээр баярласан. Сонголт хийх эрхтэй ч, жинхэнэ эх оронч зан гаргасан даа.

-Тамирчин хүн бүрт харамсал дагуулсан тэмцээн байдаг болов уу. Та 2001 онд Туркт болсон ДАШТ-д медалиас мултарсан. Харамсдаг уу?

-Анхны багш Хөхөөтэйгөө тэр тэмцээнд оролцож байлаа. Хүрэл медаль бараг л халаасанд минь орсон байсан шүү. Гэхдээ айхтар харамсаагүй ээ. Насанд хүрэгчдийн ангилалд дөрөвдүгээр байрт орсон. Би хүндийг өргөлтөөр 20 настайгаасаа хичээллэсэн болохоор өсвөр үеийнхний ангилалд орох боломж олдож байгаагүй, шууд “акулуудтай” л өрсөлдөж эхэлсэн.

Тухайн үед би жилд ганц л тэмцээнд ордог байсан учир туршлага дутсан байх. Гүйцэтгэлээ дутаасан зэрэг өөрөөс шалтгаалах зүйл байсан. Ер нь тамирчин хүн чадах үедээ л амжилт гаргах ёстой гэж боддог. Тийм болохоор нэг гаргасан алдаагаа давтахгүйг хичээдэг.

-Дэлхийн цагдаагийн спортын наадам хоёр жилийн дараа болно. Оролцох төлөвлөгөөгөө хэзээнээс гаргах вэ?

-2019 оны тоглолтод олон алба хаагч бэлтгэж оролцуулах, дасгалжуулагчийн үүргээ сайн гүйцэтгэнэ гэсэн бодолтой байгаа. Сая алба хаагчдаараа бахархаж явлаа. Нээлтийн ажиллагаанд бусад орны цагдаагийн байгууллагын 10 мянга гаруй тамирчин жагссан.

БНХАУ-аас 1000, ОХУ-аас 200 гаруй тамирчин оролцож байхад манайхан 23-уулаа байлаа. Гаргасан амжилтаас Монголын цагдаагийн алба хаагчид хаана ч гологдохгүй гэдгийг мэдэрсэн. Тиймээс 2018 оноос бэлтгэлээ эхлүүлэх чиг үүргийг ЦЕГ-ын дарга өгсөн.

-Цагдаагийнхан бэлтгэлээ хэрхэн хийдэг вэ. Таны ажлын онцлог юу вэ?

-Би цагдаагийн алба хаагчдын бие бялдар, бэлтгэлжилтийг хариуцсан сургалт зохион байгуулдаг. Надаас төлөвлөгөө авч, зааварчилгааны дагуу бэлтгэл хийдэг 180 гаруй алба хаагч бий. Тэдний зорилго, чиглэл нь янз бүр.

Суудлын ажилтай алба хаагч, эргүүлийнх, тусгай гээд тухайн хүний онцлог, зорилгод нь тохирсон төлөвлөгөө гаргаж ажилладаг. Алба хаагчид маань ч үүргээ гүйцэтгэхийн хажуугаар өөрт тохирсон бэлтгэл, сургуулилалт сайн хийдэг.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)