“Нахиа” хөтөлбөрийн хүрээнд 15 мянган ном бэлэглэлээ

Монгол Улс, БНХАУ-ын соёлын салбарын хамтын ажиллагааны хүрээнд хүүхдэд зориулсан ном солилцооны “Нахиа” хөтөлбөр 2016 оноос хэрэгжиж байна. Хөтөлбөрийн зорилго нь хоёр улсын хүүхдийн уран бүтээлчдийн хамтын ажиллагааг бэхжүүлж, уран бүтээлийг дэмжих, туршлага солилцох, харилцан хүүхдийн зохиол бүтээлийг хэвлүүлэх, мөн хүүхэд багачуудыг номтой нөхөрлүүлэх, тэдний танин мэдэхүйг хөгжүүлэх зэрэг төрөл бүрийн арга хэмжээг хамтран зохион байгуулах аж.

Энэ жил “Нахиа” хөтөлбөрийн хүүхдийн номын үзэсгэлэн, ном хэвлэлийн солилцоо зэрэг арга хэмжээ “Хятад орныг танин мэдэх Өвөрмонголын соёл, аялал жуулчлалын өдрүүд”-ийн хүрээнд болсноороо онцлог байлаа. Энэхүү арга хэмжээг ӨМӨЗО-ы Ардын засгийн Хэвлэл мэдээллийн алба, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Сонин мэдээ, радио телевиз, киноны урлагийн газар, Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төв, Монгол Улсын Хүүхдийн төв номын сан, БНХАУ-ын Өвөрмонголын ном хэвлэлийн групп, Өвөрмонголын хүүхдийн хэвлэлийн хороо хамтран зохион байгуулж байгаа юм. “Нахиа” хөтөлбөрийн хүүхдийн номын үзэсгэлэн, ном хэвлэлийн солилцоо Монголын хүүхдийн төв номын санд үргэлжилж байна.

Уг арга хэмжээний хүрээнд Монгол Улсын 21 аймаг, бүх сум, дүүргүүдийн номын сангуудад ӨМӨЗО-ы ном хэвлэлийн групп болон бусад байгууллага хүүхэд, багачуудад зориулсан үлгэр, туульсын 15 000 гаруй ном бэлэглэсэн. Эрдэм мэдлэг, оюун сэтгэлгээг тэлэх номын бэлэг хүртсэн хүүхдүүд “Бид аль ч орны номыг амтархан уншдаг. Энэ удаа бидний танин мэдэхүйд зориулсан, хүүхдийн сэтгэхүйд тохирсон ном бэлэглэж буй нь цаашид сурч боловсрох, амьдралдаа аливаа юмыг таниж мэдэж, ухаарахад ач тустай байх хэмээн сэтгэгдлээ хуваалцсан.

“Хятад орныг танин мэдэх Өвөрмонголын соёл, аялал жуулчлалын өдрүүдийн хүрээнд Энэхүү арга хэмжээг БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Монголын хүүхдийн төв номын сан болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам зэрэг газрууд хамтран зохион байгуулсан юм.

Энэ удаагийн үзэсгэлэнд “Хятадын нэн шинэ үеийн амьтны үлгэр”, “Монгол үндэстний амьтны ёгт үлгэр” зэрэг 200 гаруй төрлийн шилдэг хүүхдийн ном бүтээл багтаж байна. Үзэсгэлэн энэ сарын 7-ныг хүртэл үргэлжилнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)