Нас, хүйс, мэргэжил иргэншил харгалзахгүй орох боломжтой илтгэлийн уралдаан зарлажээ

Хөрөнгийн зах зээлд ажиллаж, хөрөнгө оруулж буй хүмүүсийн туршлага, мэдлэгийг олон нийтэд хүргэх, судлаачдын судалгаа, шинжилгээ хийх хүсэл сонирхлыг дэмжих, идэвхжүүлэх, энэ зах зээлд оролцох боломжууд, хүртэх өгөөж, эрсдэлийн талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Санхүүгийн зохицуулах хороо “FRC PLUS: Investment” илтгэлийн уралдааныг зарлаж байна.

Уралдаанд оролцогчдод нас, хүйс, мэргэжил, боловсролын ямар ч шалгуур тавихгүй бөгөөд хүссэн хэн бүхэн “Хөрөнгө оруулалтын эрсдэл ба өгөөж”, “FinTech-Хөгжил” гэсэн хоёр сэдвээс сонгож, өөрийн мэдлэг, туршлага, илтгэх ур чадвараараа өрсөлдөх боломжтой.

Гурван үе шаттайгаар зохион байгуулагдах уралдааны эхний шатанд оролцогчид илтгэлийнхээ хураангуйг, хоёрдугаар шатанд дэлгэрэнгүй илтгэлээ танилцуулах бөгөөд эдгээр шатнаас шалгарсан оролцогчид FRC PLUS-ын тайзнаа гарах эрхтэй болох юм. Гурав дахь буюу урнаар илтгэх, яруу илэрхийлэхийн үе шатны шалгаруулалтыг дүрс бичлэгт буулган Хорооны цахим хуудсанд байршуулна.

Хороо цаашид санхүүгийн зах зээлийг таниулах, мэдлэг боловсролыг дээшлүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлж, шинээр нэвтэрч буй технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээний онцлог, хүртэх өгөөж, хүлээх эрсдэл, хөгжлийн шинэ санаачилгыг дэлгэрүүлэх үүднээс FRC PLUS-ыг цувралаар зарлан явуулж байх юм.

Илтгэлийн хураангуйд дараах зүйлсийг багтаасан байна. Үүнд:

- Нэр, холбоо барих утасны дугаар, и-мэйл хаяг, ажлын, эсхүл сургуулийн нэр, албан тушаал болон мэргэжлийг бичсэн байх

- Илтгэлд тохирох нэрийг оноож өгөх

- 2000 үгэнд багтаан монгол хэл дээр бичих бөгөөд үг үсгийн болон утга найруулгын алдаагүй байх

- Бусдын оюуны бүтээлийг зөвшөөрөлгүй хуулбарлаагүй байх /Эш татсан тохиолдолд эх сурвалжийг оруулах./

Илтгэлийн танилцуулга:

- Илтгэлийн танилцуулгыг PowerPoint файлаар ирүүлэх

- Илтгэл нь гарчиг, агуулга, оршил, үндсэн хэсэг, дүгнэлт гэсэн хэсгүүдээс бүрдсэн байх

- Илтгэлийн танилцуулга нь илтгэлийн гол санааг агуулсан 15-аас дээшгүй хуудас байх.

Илтгэх чадвар

- 15 минутад багтаах

- Үзэгчдэд санаагаа хүргэх чадвар

- Үгийн сонголт, ярианы чадвар

- Биеийн хэл, хувцаслалт

Шалгаруулалт Нэгдүгээр үе шат: Илтгэлийн хураангуйг 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 17:00 цаг хүртэл электрон хэлбэрээр frcplus@frc.mn хаягаар ирүүлнэ. Зохион байгуулагчид илтгэлийн хураангуйтай танилцаж, тэнцсэн оролцогчдыг хоёрдугаар шатанд оруулна.

Хоёрдугаар үе шат: Оролцогч хоёрдугаар шатанд өөрийн бэлтгэсэн танилцуулгыг 2018 оны 4 дүгээр сарын 16-ны 17:00 цаг хүртэл frcplus@frc.mn цахим хаягт ирүүлнэ. 2018 оны 4 дүгээр сарын 17-ны 10 цагт СЗХ-ны байранд ирж, илтгэлээ танилцуулах ба хоёрдугаар шатны шалгаруулалт явагдана. Хоёрдугаар үе шатанд 6 оролцогч шалгарна.

Гуравдугаар үе шат: Шалгарсан 6 оролцогч өөрийн илтгэлээ шүүгчид болон үзэгчдэд уран яруу, чадварлагаар танилцуулах ба шалгаруулалт 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгуулагдана. Зохион байгуулагдах цаг болон газрыг жич мэдэгдэнэ. Шалгарсан 6 оролцогчийн илтгэлийг дүрсжүүлж, Хорооны цахим хуудсанд байршуулж, олон нийтэд хүргэнэ.

Шагналын сан 

I-р байр - Өргөмжлөл, 2,000,000 /Хоёр сая төгрөг/

II-р байр - Өргөмжлөл, 1,500,000 /Нэг сая таван зуун мянган төгрөг/

III-р байр - Өргөмжлөл, 1,000,000 /Нэг сая төгрөг/

Дэлгэрэнгүй мэдээллийг 51-261893 утсаар лавлана уу.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)