"Насанд хүрээгүй хүүхэд, залуус аллага, хүчирхийлэлтэй тоглоомыг олон цагаар тоглож байна"

-Хүүхдүүдийн дунд цахим тоглоом болон дэлгэцийн хамааралд өртөх байдал сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байна. Цахим тоглоомтой холбоотойгоор гарах хэрэг зөрчлийн тоо ч буурахгүй байна-

Дэлгэцийн хамааралтай болсон үед сэтгэцийн талаас дараах шинжүүд илэрдэг байна. Сэтгэл зүйн хувьд тогтворгүй болж амархан уурлаж бухимдах, цочромтгой болох, гуниглах, ганцаараа байхыг илүүд үзэх, сэтгэл түгших, эсвэл сэтгэл хөөрөн баясах гэх мэт шинжүүд илэрнэ. Үүнээс гадна тоглоомоо тоглоогүй үед үгүйлж байнга тоглохыг хүсэх, тоглоомынхоо тухай байнга бодох, хайх эрэлхийлэх, тоглохын тулд хичээлээ таслах, худлаа ярих, хулгай хийж ч болно. Түүнчлэн анхаарал төвлөрүүлэх чадвар суларч хичээл сурлагын амжилт муудах, амархан ядрах, нойргүйтэх шинжүүд илэрдэг. Бие махбодын талаас гар хуруу, толгой хүзүү, нуруу өвдөх, удаан сууснаас цусны эргэлт муудан араг ясны болон булчингийн өсөлт хөгжил муудан үе тэнгийхнээсээ намхан нуруутай, туранхай, хүч тамир багатай болдог ба дархлаа суларч аливаа өвчин эмгэгт өртөмтгий болох эрсдэлтэй юм байна. Үүнд эцэг эхчүүдийн хараа хяналт султай ч холбоотой. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ хэнтэй хаагуур явж байгаад нь байнга хяналттай байж тоглоомын донд автахаас урьдчилан сэргийлэх нь чухал.

Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 11 дүгээр хорооллын хэсгээс хариуцсан нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй цахим тоглоомын газруудад шалгалт зохион байгуулж эзэдтэй нь уулзалт хийн зөвлөмж болон шаардлага гардуулан өгч сургалт зохион байгуулсан байна.

Тус цагдаагийн газрын 11 дүгээр хорооллын хэсгийг хариуцсан чиглэлийн ахлах, цагдаагийн дэд хурандаа Ц. Дунжидаас энэ талаар тодрууллаа.

-Цахим тоглоомын газруудад шалгалт зохион байгуулсан гэсэн ямар зөрчил илэрсэн бэ?

-Манай хариуцсан хэсэгт Сүхбаатар дүүргийн 6, 7 8, 9 дүгээр хороо хамаардаг. Хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд нийт 30 цахим тоглоомын газар үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр газруудад 7 хоногийн хугацаанд шалгалт зохион байгуулж 8 зөрчил илрүүлэн хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллаа. Мөн цахим тоглоомын газрын эзэдтэй уулзалт зохион байгуулж зөвлөмж мэдэгдэл гардуулж өглөө. “Засгийн газрын 2013 онд баталсан журмаар цахим тоглоомын газар үйл ажиллагаа нь зохицуулагддаг. Цахим тоглоомын газруудад үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг харилцаа холбооны зохицуулах хороо олгодог. Цагдаагийн байгууллагаас цахим тоглоомын газруудын үйл ажиллагаанд хяналт тавьж, гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлж ажилладаг. Цахим тоглоомын газарт насанд хүрээгүй хүүхэд, залуус аллага хүчирхийлэлтэй тоглоомыг олон цагаар тоглож байна.

Тоглоомын газруудад тамхи хэрэглэн, хонон өнжин тоглох нь эрс нэмэгдсэн байна. Мөн уг газрууд ихэвчлэн агаар муутай орчинд үйл ажиллагаа явуулж тэндээ хаана ямар орчинд хийсэн нь мэдэгдэхгүй ариун цэврийн шаардлага хангахад муухан ширхгийн хоол худалдан борлуулж байна. Мэргэжлийн хяналтын газраас энэ тал дээр зохих арга хэмжээ авч хэрэгжүүлэх байх. Цахим тоглоомд ихэвчлэн хүүхэд залуучууд өдөр шөнөгүй цахим ертөнцөд “тулалдах” нь тэднийг сэтгэцийн эмгэгтэй болгож донтуулж байна. Хүүхдүүд донтохоороо сэтгэцэд нь гүнзгий нөлөөлж тоглох мөнгөө олохын тулд худлаа хэлж хулгай хийхээс буцахгүй болж цаашлаад мөнгөгүй болохоороо бүлэглэн хулгай дээрэм хийж тоглоом тоглох мөнгөө хайж эхэлдэг. Ингэснээр гэмт хэргийн хохирогч болох өөрсдөө ч гэмт хэрэгт холбогдох асуудал гарч байна. 2013 онд баталсан дээрх журмаар 11 наснаас доош хүүхдийг цахим тоглоомын газар тоглуулахгүй байх, хоёр цагаас дээш хугацаагаар тоглуулахгүй байх, үйл ажиллагаа явуулах цагийн хуваарийг 23 цаг хүртэл ажиллана гэж зохицуулж өгсөн байдаг. Гэтэл цахим тоглоомын газрууд энэ журмыг мөрдөхгүй, ашгийн төлөө ажиллаж, удаан хугацаагаар хүүхдийг тоглуулж донтох нөхцөлийг бүрдүүлж байна. 

-Цахим тоглоомын газрууд зөрчил гарган цаг хэтрүүлж ажилласан тохиолдолд ямар хариуцлага тооцдог вэ?

-Цагдаагийн байгууллагаас цахим тоглоомын газруудад хяналт тавьж, цаг хэтрүүлэн ажилласан мөн зөвшөөрөлгүй ажилласан бол Зөрчлийн хуулийн дагуу 50 мянган төгрөгөөр торгодог. Удаа дараа зөрчил гарган цагдаагийн байгууллагын алба хаагчийн тавьсан шаардлага биeлүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу 250.0 мянган төгрөгөөр торгож хариуцлага тооцдог. 

-Цаг хэтрүүлэн ажиллаж зөрчил гаргаад байгаа эдгээр газруудыг цаашдаа яах вэ?

-Хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй цахим тоглоомын газруудад байнгын хяналт шалгалтыг зогсолтгүй явуулан удаа дараа зөрчил гаргасан газрын зөвшөөрлийг цуцлуулах саналыг харилцаа холбооны зохицуулах газарт хүргүүлж, үйл ажиллагааг нь зогсоож хариуцсан нутаг дэвсгэртээ цахим тоглоомын газрын тоог нь цөөлөх бодлого баримтлан ажиллана.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)