Нар “тоссон” усан хил

Төгсгөл. Түрүүч нь

   Нар мандахдаа эхлээд бүгдийг нь гийгүүлдэггүй. Бидний очсон хилийн буйдхан  хэсэгт ч ялгаагүй. Мандах нарны туяа хамгийн түрүүнд Буйр нуурт тусдаг юм билээ. Нуур ч хүлээж байсан аятай нарыг “тоссон” даруйдаа улам үзэсгэлэнтэйгээр гялтганана. Хилийн энэ салбарыг 1978 онд Буйрынх хэмээх тодотголтойгоор байгуулж, хожим Монгол Улсын баатар Шагдарын Гонгорын нэрэмжит болгожээ. Эндхийн усан хилчид гол, нуур, зэгс, бургас хосолсон газарт үүрэг гүйцэтгэдэг.

   Усан хил дээр очсон гурав дахь өдрөө гэрээт хилчдийн хамт хилийн манаанд явах болов. Шөнийн 04.00 цагт хилийн 0219 дүгээр салбарт очиход бие бүрэлдэхүүн аль хэдийн жагсжээ. “Wizard” студийн зураглаач Д.Баясал бид хоёр тал, хээрийн бүсийн хилчдийн өмсдөг далдлах хувцсаар жигдэрч жагсаалд нэгдэв. Үүрэг авч, 10 минутын дараа хөдлөхөд үүр аль хэдийн гэгээрч, газар орчноо баримжаалахад төвөггүй болсон байв. Гэрээт хилчин, ахлах түрүүч Г.Шихихутаг, гэрээт хилчин, түрүүч Б.Дэлгэрбат нарын хамт нуурын эргийн дагуу хилийн манаанд явлаа. Ахлах түрүүч, гэрээт хилчин Г.Шихихутаг манааны бүрэлдэхүүнийг ахалж, урд явлаа. Бид түүний араас нь цуварсаар нуурын эрэгт хүрэв. Хэн хэн нь үг дуугарч болохгүй, зөвхөн газар орноо л ажиглах учиртай. Явсаар нар зүүнтээ нурууны цаанаас цухуйж, туяа нь нуурын долгиог сэрээх мэт өнгө нэмж, хойд шугуйн элдэв шувуу ирэх дохио болов. Удаа ч үгүй нар мандаж, дээш хөөрөхөд баярлах, омогших зэрэгцэн, ер бусын догдлол цээжинд асаж, нулимс цийлгэнэв. Улсын минь дархан хил тайван амгалан буйгаа хэлэх гэсэн шиг алтан нар бүгдийг гийгүүллээ. Жигүүртний жиргээ, байгалийн дуу чимээнд морьтойгоо явсаар үүрэг гүйцэтгэх цэгтээ ирээд буцацгаав. Нуурын эрэг дагуу амралтын хэд хэдэн газар байдаг аж. Амрагчид эхнээсээ сэржээ. Өглөөний 06.00 цагт нам гүмийг эвдэж, усанд орохоор нуур луу явж харагдлаа. Энд нэг зүйлийг зориуд тэмдэглэе. Сүүлийн жилүүдэд нуурын эрэг дагуу амралтын газар олноор байгуулах болсон. Тэр хэрээр иргэд усанд осолдох, завьтайгаа төөрлөө гэх дуудлага ихэсжээ. 

Буйр талын нуур учраас салхи жаахан л сэвшихэд завьтай иргэд давлагаанд түрэгдэн Хятадын хил рүү нэвтрэх эрсдэлтэй гэсэн. Өнгөрсөн наадмаар л гэхэд хилчид 11 хүний амь аварчээ. Долдугаар сарын 11-нд иргэн Ж.Пунцагийн гурван хүүхэд нуурын давлагаанд түрэгдэн, завьтайгаа урсжээ. Орон нутгийн онцгой байдлын байгууллагынхан техник, хэрэгсэл дутмаг шалтгаанаар тус салбарынхнаас тусламж хүссэн байна. Үүний дагуу хилчид тэдгээр хүүхдийг эргээс дотогш 30 гаруй км газраас буюу Хятадын хил рүү нэвтрэхийн даваан дээр амжиж олжээ. Дараагийн өдөр нь нэг эмэгтэй хоёр настай хүүтэйгээ сураггүй болсон гэнэ. Тухайн өдөр бороо, мөндөртэй, нуур давлагаа ихтэй байж. Нуурын орчим манан татсаны дээр, ус нь мандлаасаа дээш 4-5 метр өндөрт давлагаалахтай зэрэгцэн хилчид эх, хүүгийн эрэлд гарчээ. Эрлийн явцад манан гэнэт ярагдаж, хийлдэг завины бараа бүдэг бадаг харагдсан гэнэ. Хилчид тэрхэн чөлөөнөөр самбаачлан завинд хүрэхэд мөндөрт цохиулсан 20 гаруй насны эмэгтэй бээрч, хөлдөхийн наагуур болчихсон, элгэнд нь хоёр настай хүү нь дуугарч чадахгүй, хөшсөн байдалтай угтжээ. Эрлийг ахалж явсан, салбарын захирагч, ахмад Э.Энхтүвшин энгэрээ задгайлан, бяцхан хүүг нүцгэн цээжиндээ наан, дулаацуулж, анхны тусламж үзүүлэн, амийг нь аварсныг хамт үүрэг гүйцэтгэсэн хилчид хэлсэн. Энэ мэтээр дээр дурдсанчлан гурав хоногт хилчид цөөнгүй хүн аварсан байна. Амийг нь аварсан гурван хүүгийн аав Ж.Пунцаг биднийг хил дээр байх үед ирж, 0306 дугаар ангийн 0219 дүгээр салбарын захирагч, ахмад Э.Энхтүвшин, гэрээт хилчин, байлдагч Э.Санги-Очир, хөнгөн хөлгийн жолооч, механик, ахлах ахлагч Ү.Чулуунсүх нарт талархал илэрхийлэн, дурсамж бичиг, сэтгэлийн үг сийлсэн сэлэм бэлэглэсэн билээ.

   Хилийн манаанд явах үүргээ амжилттай гүйцэтгэв. Дараа нь хилийн 0219 дүгээр салбарын зүүнтээ байх нохдын байрыг сонирхлоо. Тэнд буй цасны болон голден үүлдрийн нохдыг сургадаг гол хүн нь дэд ахлагч Х.Болот. Баруун хязгаарт цэргийн алба хаасан тэрбээр өөрийн саналаар зүүн хязгаар ирээд дөрөв дэх жилийнхээ нүүр үзсэн, өдгөө харуулын дарга, нохой хөтлөгчөөр ажилладаг. Хил хамгаалах байгууллага 2018 оноос нохой чаргыг улсын хил хамгаалалтад ашиглах болжээ. Тэрбээр ирснээсээ хойш цасны 12 нохой сургасан бөгөөд тэд бүгд “үүрэг гүйцэтгэн” улсынхаа амар тайвны манаанд хувь нэмрээ оруулж буй. Цасны нохой өвлийн улиралд өдөрт 50-60 цаг км зам туулж, хилчдийн хамт үүрэг гүйцэтгэдэг. Нохой чаргыг хил хамгаалалтад ашиглахын давуу тал нь моторт техникийг бодвол дуу чимээ багатай, зарим үед хүнээс илүү сонор соргог байдаг аж. Харуулын дарга өөр ажилтай болсон тул бидний яриа өндөрлөлөө. Урд талд гэрээт хилчид адуугаа хашаалж байгаа нь харагдав. 

Тус салбарын гэрээт хилчид усанд загас шигээ моринд ч эрэмгий. Ажаад байх нь ээ, эртэч хилчид арьс, шир дэвтээн, эдэлгээний чөдөр, ногт, хазаар, цулбуур, бүүргээ өөрсдөө хийдэг аж. Цөөнгүй азарга адуу харагдсан нь тус салбарын морьдын зөвхөн нэг хэсэг нь гэсэн. Адуу ялган хашиж буй хилчид “хээрийн ногоон”-тойгоо байв. Сүүлийн жилүүдэд усан хилийн хамгаалалтад онцгойлон анхаарч машин, техник, тусгай багаж хэрэгслээр тус салбарынхныг бүрэн хангасан шиг хувцас, хэрэгслийг нь ч орхигдуулаагүй байна. Усны хуурай, нойтон өмсгөл, жагсаалын, далдлалтын, хээрийн, дасгал сургуулилалтын, ёслолын гэх мэтчилэн хувцас, хэрэгслээр бүрэн хангажээ. Энэ мэтчилэн Буйр нуурын усан хилийн хамгаалалтын хүчин чадлыг нэмэгдүүлж, тусгай техник, хэрэгслээр хангаж, шинэ аргачлалд шилжүүлсний үр дүнд өмнөх жилүүдэд хөрш орны талаас үйлдэгддэг байсан хулгайн ан, загас агнуурыг бүрэн таслан зогсоож чадсан байна. Эндээс хил хамгаалах байгууллагынхан “Усан хил хамгаалалт” дэд хөтөлбөр хэрэгжүүлэн техник, хэрэгслээ хэрхэн бэхжүүлснийг харж болохоор байв.

Байлдагч, хилчидтэй ярилцах зуурт зарим нь гэрээт хилчний албаа үргэлжлүүлэн хаана хэмээн ойрын төлөвлөгөөгөө хуваалцлаа. Хязгаар нутагт үүрэг гүйцэтгэхэд өгдөг илүү хангамж, нэмэгдэл цалинд бус эх орноо гэх дархлаа нь сэргэсэн учраас ийн шийдвэр гаргасан аж. Мөн хэд хэдэн гэрээт хилчин ахлагчийн бүрэлдэхүүнд орж, Хил хамгаалах байгууллагад үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ Э.Энхтүвшин захирагчид илэрхийлжээ. Тэрбээр хилээ, эх орноо гэсэн дайчин гэрээт хилчдээ чадлаараа дэмжинэ хэмээсэн.

Хил хэдийгээр тайван амгалан ч хилийн анги, салбар гэдэг амьдрал ёстой “буцалж” байдаг газар юм. Анх удаа ирсэн байлдагч, гэрээт хилчдээс авхуулаад энд он удаан амьдарч зүрх сэтгэлдээ торгон хилийн зурвас, сүлдэт баганаас өөр шүтээнгүй болсон гэж ярих хүн ч байх. Тус салбарт 10-аад хоногийн өмнө ирсэн сэтгэл зүй, мэдээлэл, соёл сурталчилгаа эрхэлсэн орлогч, дэслэгч Б.Хунцэнгүүн удам дамжсан хилчин. Хил дээр мэндэлсэн тэрбээр “Аав, ах минь хилчин. Би “Улаан зурвас” кинонд гардаг түүхт 0132 дугаар ангийн дугаар салбарт төрсөн. Тиймдээ ч тэр үү, багаасаа л хилчин болохыг мөрөөдөж явсаар 2016 онд ДХИС-д элссэн. Ажлын гараагаа усан хилийн домогт салбараас эхэлж буйдаа баяртай байна. Сонсогч, хилчин байх хоёр асар ялгаатай. Өөрийнхөө өмнө хариуцлага хүлээдэг байлаа. Одоо эх орон, ард түмнийхээ өмнө хариуцлага хүлээж, үүрэг гүйцэтгэхэд бахархах сэтгэл төрж байна. Өнгөрсөн өдрүүдэд газар оронтойгоо танилцлаа. Цаашид Хил хамгаалах байгууллагыг хөгжүүлэхийн төлөө энэ биеэ зориулах болно” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

   Хилээ маналцсан наймдугаар сарын 15-ны өглөө Монголын усан хилчдийн баярын өдөр тохиосон юмсанж ээ. Монгол Улсад энэ баярыг Хилийн 0306 дугаар ангийн 0219 болон 0321 дүгээр салбарынхан л тэмдэглэдэг. Бага үдэд хилийн 0321 дүгээр салбарынхан хөнгөн хөлгөө хүлэглэн, дуут дохиогоо хадаан, 0219-ийнхний баярын жагсаалд нэгдэхээр ирцгээлээ. Хилийн 0306 дугаар ангийн 0321 дүгээр салбарын хангалт эрхэлсэн орлогч Н.Төмөрсүх хөнгөн хөлөгт гэрээт хилчдээ ахлан ирсэн нь тэр.

Нуурын дээгүүр эгнүүлэн тавьсан хөнгөн хөлгийн жолооч, гэрээт хилчид цалин мөнгөн дусал оргилуулан жагсаалаа эхлүүлэв. Дөрөв, дөрвөөрөө эгнэн жагссан усан хилчид эргийн дотогш 10 км яваад, эргэж ирлээ. Мөн төрийн далбаа бүхий нэг хөлгөө урдаа залж, араас нь гурав, гурваараа цуварч явснаа гэнэт эргэж, нуурын усыг цалгиуланхан, болор мөнгөн дуслыг “бүжиглүүлэнхэн” жагсаж, ур чадвараа хэдэнтээ гайхууллаа. Ийнхүү усан дээгүүрх хөнгөн хөлөгт баярын жагсаал өндөрлөсөн юм. Орой нь “Суварган цэнхэр уулс” кинонд гардагтай адилхан үдэшлэг зохиосон билээ. Угаас эл салбарын хариуцсан газарт,  энэ л нуурын эрэгт “Суварган цэнхэр уулс” киноны зургийг авсан гэдэг. Хилчдийн үдэшлэг салбарын гадна талбайд боллоо. Байнга л урагшаа, хойшоо явж, энэ тэрийг хийж, асуултад хариулах завгүй шахам байдаг тэдний хувьд ийм үдэшлэг тийм олон тохиолддоггүй биз ээ. Завгүй хилчид хэдийд нь бэлдсэн юм гэмээр урлаг, соёлын үзүүлбэрийг ар араас нь хөврүүлэв. Дуулна, шүлэглэнэ, бүжгийг бол баруун, солгойгүй эргэх аж. Гэхдээ бидний хувьд үдэшлэг ид үргэлжилж байхад нь өндөрлүүлчихэв. Хилийн салбарт бүхий л зүйлс цагийн хуваарийн дагуу явагддаг нь жам. Цэргийнхний ёс дэг, ард олны өмнө эх орноо хамгаалах үүрэг хүлээсэн сахилга бат гэж энэ байх даа. Өдөр бүр завгүй байдаг хилчид нэг орой, бага ч гэсэн хөгжиж, сэтгэлээ сэргээсэн биз ээ. Гэрээт хилчдийн гэрэлтэй албыг сурвалжлахад нэн сонирхолтой байлаа. Эцэст нь хэлэхэд, улсын минь хил амгалан байгаа нь хилчдийн, цаашлаад та бид өдөр бүхэн баярлах үнэ цэнтэй шалтгаан юм даа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)