"Нарны хүү, сарны охин" ХХК-ийн хохирогчид 4 тэрбум төгрөг залилуулсан гэв

“Нарны хүү, сарны охин” компанид байр захиалаад хохирсон иргэд өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Тухайлбал, тус компанийн захирал Д.Гүрсоронз, Д.Одгэрэл нар нь "Амар амгалан" орон сууцны төсөл хэрэгжүүлж, иргэдийг компанийн таван хувийн зээлд хамруулна хэмээн 10-30 хувийн урьдчилгаа төлбөр авчээ. Гэсэн хэдий ч орон сууц одоог хүртэл баригдахгүй явсаар, 300 гаруй иргэнээс 4 тэрбум гаруй төгрөгийг залилж авсан хэмээн хохирогчид мэдээллээ. Энэ тоо цаашид нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд хохирсон иргэд цагдаагийн байгууллагад өргөдөл гаргажээ. Гэсэн хэдий ч хэргийн явц удаашралтай байгаа гэнэ. Д.Гүрсоронз нь батлан даалтын хугацаанд өмгөөлөгчөөрөө дамжуулан хохирогчдыг "Эвлэрлийн гэрээ байгуул. Үгүй бол мөнгийг чинь өгөхгүй" хэмээн удаа дараа сүрдүүлэн, хохирогчдоос зугтаасаар байна. 

Үүгээр ч барахгүй хохирсон иргэдийн хэлж буйгаар Д.Гүрсоронз, Д.Одгэрэл гэх эгч дүүс Зайсанд 2-3 байр эзэмшдэг, лексус 570 маркийн автомашин хөлөглөн, 4-5 өмгөөлөгч хөлслөн хэргийг хаах гэж оролдож байгаа гэнэ. Иймд хохирогчид Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, ЦЕГ-ын дарга С.Баатаржав нарыг энэхүү асуудлыг анхааралдаа авч, 300 гаруй иргэдийн 4 тэрбум гаруй төгрөгийн хохирлыг барагдуулж өгөхийг хүсчээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)