Наргиан цэнгээнд дургүй “наргианч” дарга

Нийслэл Улаанбаатар хот сая гаруй хүн амтай. Энэ их айлыг удирдах хүнийг учиртай томилох ёстой. Зүгээр л нэг “бялуу”-ны суудал болгож таарахгүй. Гэвч нийслэлийн ИТХ-ын сонгуульд олонх болсон МАН-ынхан УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй үлдэж, хэн нэгэнд “виз” бэлэглэсэн “гавьяа”-г нь үнэлээд Су.Батболдыг дээрх албан тушаалд тавьсан юм. Уг нь тэр УИХ-д хэдэнтээ сонгогдсон, туршлагатай улстөрч. Гэвч сая гаруй хүн амтай хотыг удирдах нь УИХ-ын сул гишүүн байх, эсвэл нэг Байнгын хороо даргалахаас хамаагүй өөр, илүү чимхлүүр ажил.

Ядаж л тэр хүн хотын унаган иргэн байж, зовлон, жаргалыг нь бүрэн мэддэг байх учиртай. Манай дарга энэ шалгуурыг хангахгүй. Тиймээс хүн амынх нь дийлэнх хувь залуус байдаг хотын баар, шөнийн цэнгээний газруудыг 00.00 цагт хаалгахаар зүтгэв.

Ажлаа тарсны дараа найз нөхөдтэйгөө ганц хоёр аяга шар айраг уунгаа хууч хөөрч, алжаалаа тайлах гэж л хүмүүс тийм газрыг зорьдог. Ийм төрлийн газруудын ажиллах цагийн хуваарь урт байснаар ахуйн хүрээний гэмт хэрэг буурдаг гэсэн статистик ч бий. Эрхэм даргын энэ шийдвэр эсэргүүцэлтэй тулсан, тиймээс ухарсан.

Өнгөрсөн сарын 30-нд Сүхбаатарын талбай дээр болсон “Улаанбаатарын намар” арга хэмжээнд хотын захиргаанаас 217 сая төгрөг зарцуулсан тухай мэдээлэл Шилэн дансны тухай хуулийн тусламжтайгаар ил болж, олон нийтийн анхаарлыг татлаа. Улс орны эдийн засаг хямарлаа, хөмөрлөө гээд эрх баригчид зарлачихсан.

Улмаар хүүхэд, ахмадуудад олгох тэтгэмжээсээ таначихсан. Бүсээ чангал, үрэлгэн зардал бүрийг хэмнэ гэдэг уриа дэвшүүлчихээд буй. Гэтэл нийслэлийн түвшинд энэ уриа нь хэрэгждэггүй. Наргиан цэнгээнд дургүй хотын дарга нийслэлийн залуусыг нэг өдөр “наргиулах” гэж дээрх хэмжээний мөнгө зориулсан байх юм. Нийслэлийн боловсролын газрын 58 жилийн ойг 43 сая төгрөгөөр тэмдэглэсэн, “Face of beauty inter­national” тэмцээнд 20 сая төгрөг зориулсан гээд мөнгө “цацах” шийдвэр үргэлжлэв.

“Никитон”, “Камертон” гээд дуртай хамтлагийнхаа дууг нь сонсоод залууст сайхан байсан уу, байсан. Урлаг, соёлын салбарыг дэмжих нь зөв үү, тийм. Гэвч улс орны эдийн засаг хямарсан гээд буй үед заавал ийм арга хэмжээ зохион байгуулж, нийслэлийн төсвөөс хэдэн зуун саяар нь зарцуулах хэрэг байсан уу гэдэг дээр анхаарал хандуулах ёстой.

Өвлийн бэлтгэл хангах, агаарын бохирдлыг бууруулах гээд нийслэл хотод тулгамдсан асуудал бишгүй олон бий. Эдгээртээ анхаарахын оронд “наргиан цэнгээн”-д мөнгө цацаад үрэлгэн загнаад байх юм. Хотын дарга хямгач, зөвхөн хэрэгтэй, шаардлагатай зүйлд л алга тэнийлгэдэг байх учиртай сан. Гэвч үнэндээ эдийн засаг хямраагүй гэдгийг Су.Батболд даргын энэ үрэлгэн шийдвэрүүд батлав.

Сөрөг хүчнийхэн “Эдийн засаг тэгтэл муудаагүй, эрх баригчид зориуд муухай харагдуулж, ард түмнийг шоконд оруулах замаар гадаадаас зээл, тусламж хүсэх гэж байна” хэмээн хардаад буй нь үнэний ортой аж.

Шүүмжлэл гараад эхэлмэгц “Өмнөх Засаг дарга Э.Бат-Үүл үүнээс илүү мөнгөөр наадам, найр хийсэн” гэсэн барьцсан тайлбар цацагдаж байна. Түүнийг ч тухайн үед нь шүүмжлэл тойроогүй. Тэдний эхлүүлсэн сайн ажлыг урагшлуулж, бурууг нь бүү давт гэж л нийслэлчүүд МАН-д итгэл хүлээлгэсэн юм шүү дээ, Су.Батболд дарга аа. Түүнээс татвар төлөгчдийн мөнгөөр шоу үзэж, амьд барбитай танилцмаар байна гэж хэн ч танаас хүсээгүй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)