“НАНСАЛМАА, ХОРОЛМАА ХОЁР ЭГЧ ДҮҮ ЮМ БИЛЭЭ”

Өнгөрсөн жилийн нэгдүгээр сард ДБЭТ-т ардын жүжигчин Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурь өвөр мөц бүрэлдэхүүнтэй тоглогдсон юм. Эгч дүү, багш шавийн нэгдэл болсон тэр танхимаас гарч явсан хоёр хөгшин “Нансалмаа, Хоролмаа хоёр эгч дүү юм билээ” хэмээн хөгжилдөн зогсож байсныг санаж байна.

Тэр үдэш их зохиолч Д.Нацагдоржийн урласан Монголын сайхан бүсгүй Нансалмаад Ж.Хишигсүрэн, хайр дурлалынхаа төлөө бүхнээ золин тэмцэгч Хоролмаагийн дүрд Ж.Хишигдэлгэр, Юндэнд гавьяат жүжиг чин А.Дашпэлжээ, худалдаачинд ардын жүжигчин Д.Жамъянжав нар дуулсан юм. Эгч дүүсийг дуучин болгохоор “залуурдаж” явсан багш нар нь дэмжин тоглолтод нь оролцсон нь энэ.

ДБЭТ-ын тайзнаа Монголын хамгийн анхны үндэсний дуу риар урлагт хөл тавьсан хоёр Хишгээ ирэх сарын 5-нд АСА циркт “Бодол шиг өдрүүд” цомгийн баяраа хийхээр болжээ. Тэд сүүлийн үед поп опера чиглэлээр уран бүтээлээ үргэлжлүүлж, “Бодол шиг өдрүүд”, “Мөрөөдлөө дуулъя” зэрэг дуугаа дүрсжүүлэн олны хүртээл болгоод байгаа юм. Тэдэнтэй уулзаж, шинэ уран бүтээлийнх нь тухай ярилцлаа.

-С.Жавхлан, Д.Бурмаа, Банзрагч гээд Увс аймгаар овоглосон дуучин олон байдаг. Харин эгч дүүс ижил хүслээр урлагт тэмүүлж, хамтдаа зорьж яваа нь сонирхолтой санагдлаа.

-Бид багаасаа л хамтран дуулдаг урлагт хайртай охид байсан. Би 2006 онд СУИСийг дүүргэсэн бол Дээгий маань 2009 онд энэ сургуулийг мөн л дуурийн дуулаачийн мэргэжлээр төгссөн. Ирэх жил бага дүү маань ардын жүжигчин А.Долгор багшийн удирдлагад СУИС-ийг төгсөх гэж байгаа.

-Тэгвэл бүр эгч дүү гурвуулаа болох нь ээ.

-Тийм ээ. Эцэг эх минь урлагийн хүмүүс биш ч гэсэн бидний хүсэл зориг, авьяасыг дэмжин өдий зэрэгт хүргэсэн. Ах дүү, хамаатан садан маань ч их дэмждэг. Дуу бичлэг, клип, хувцас гээд бүх зүйлд тусалдаг. Эгч бид хоёрын төөргийг бурхан үргэлж хамт байхаар зурсан юм шиг ээ. Бага байхаасаа л хамт дуулдаг байсан. Одоо ч хамтдаа. Манай эмээг их сайхан дуулдаг хүн байсан гэж нутгийнхан ярьдаг.

-Цаашид поп опера чиглэлээр уран бүтээлээ үргэлжлүүлэх үү. “Бодол шиг өдрүүд” тоглолтод ямар ямар дуу багтаж байгааг сонирхуулаач.

-Сонгодог чиглэлээр уран бүтээл хийхээс гадна ард түмэн юуг сонсохыг хүсэж буйг анхааран уран бүтээлдээ тусгах болно. Бид дууныхаа шүлэг, аялгуу, клип гээд бүх зүйлд анхаарч чанартай уран бүтээл хийхийг зорьж байгаа. Цаашид эгч маань сонгодог, би поп болон орчин үеийн дуугаар бие даан цомог гаргахаар ажиллаж байна.

-Б.Дамдинсүрэн гуайн нэрэмжит “Учиртай гурван толгой” дуурийн шилдэг дүрийн уралдаанд та хоёр дэд, тэргүүн байр эзэлж байсан гэл үү?

-2008 онд дөрвөн жилд нэг удаа болдог энэ уралдаанд оролцож дэд, тэргүүн байрт шалгарч байсан. Түүний дараахан багш болон найз нөхөд, ах дүүсийнхээ дэмжлэгээр ДБЭТ-ын алтан тайзнаа энэ дуурьтаа гоцолж, уран бүтээл хийх их эрч хүчийг олж авсандаа баярладаг.


Ж.СЭЛЭНГЭ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)