Нам, эвсэл сонгуулийн зардлаа 5.9 тэрбум төгрөгөөс хэтрүүлж болохгүй

УИХ-ын сонгуульд улс төрийн нам, эвслээс гаргах зардлын дээд хэмжээг 5.9 тэрбум төгрөгөөр Үндэсний аудитын газраас тогтоов. 2016 оны сонгуулиар уг хэмжээг 3.4 тэрбум төгрөгөөр тогтоож байсан юм. Үүнийг УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу тухайн тойргийн газар нутгийн байршил, өрхийн тоо, нутаг дэвсгэрийн хэмжээ, сонгогчдын тоо зэргийг харгалзан тогтоох ёстой. Ингэхдээ холбогдох байгууллага, аж ахуйн нэгжээс үнэ, тарифын судалгаа хийж, дундажлан тооцжээ. Мөн инфляцын өөрчлөлтийг ч харгалзсан байна.

Үндэсний аудитын газрын Нийцлийн аудитын газрын тэргүүлэх аудитор С.Энхбаатар “Манай байгууллагаас тогтоосон хязгаарт Сонгуулийн тухай хуульд заасан сурталчилгаатай холбоотой бүх зардал багтах ёстой. Ажиллах хүч, ухуулах байр, сурталчилгаа гээд бүгдийг нь тооцсон. Сурталчилгаа дууссанаас хойш нам, эвсэл, нэр дэвшигч зардлын тайлангаа гаргах ёстой. Хувийн аудитын байгууллагаар тайлангаа хийлгэж, Үндэсний аудитын газарт ирүүлнэ. Энэ удаа өрхийн болон сонгогчийн тоо өөрчлөгдсөн нь зардалд нөлөөлж байна. Тухайлбал, тойрогт өөрчлөлт орсон. Өмнө нь 76 тойрогтой байсан бол энэ удаа аймгуудад 20, нийслэлд ес буюу нийт 29 тойрог болж томорсон. Мөн цахим орчинд сурталчилгаа явуулах эрх зүйн орчныг бүрдүүлсэн учраас холбогдох зардлуудыг тооцож тусгасан” хэмээн тайлбарласан. Үндэсний аудитын газраас 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэг нэр дэвшигчээс гаргах зардлын хэмжээг тогтоосонтой танилцана уу.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)