Нам, эвсэл, бие даагчид баримт бичгээ СЕХ-нд хүргүүлж дууслаа

Нам, эвсэл, бие даагчид СЕХ-нд баримт бичгээ хүргүүлэх хуулийн хугацаа өчигдрийн 00.00 цагт дууслаа. Ардчилсан нам нэр дэвшигчдийнхээ материалыг бүрдүүлж, СЕХ-нд 11.30 цагт хүлээлгэн өгөв. Тус намын дарга С.Эрдэнэ “76 нэр дэвшигчийнхээ нэрийг өөрчлөөгүй, шаардлагатай бүх баримт, бичгийг нь бүрдүүлж, хуулийн хугацаандаа амжиж СЕХ-нд хүргүүллээ” гэв. Мөн удалгүй ХҮН, СДН, Зүй ёс намын нэгдэл болох “Зөв хүн электорат”, МАХН, ИЗНН, МУНН-ын “Та, бидний эвсэл”-ийнхэн нэр дэвшигчдийнхээ материалыг хүргүүлсэн юм.

13.00 цагт МАН-ын 76 нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээлгэж өгөхөөр тус намын сонгуулийн штабын менежер Я.Содбаатар тэргүүтэй хүмүүс СЕХ-нд ирсэн. Тэрбээр “МАН-аас нэр дэвших эрх авсан 76 хүний холбогдох материалыг бүрдүүлж, хуулийн хугацаандаа амжиж СЕХ-нд хүргүүллээ. МАН-ын даргын тавьсан гурван шалгуурыг хангасан буюу ёс суртахуунтай, дадлага туршлагатай, эх орноо гэсэн чин сэтгэлтэй ажиллах хүмүүсийг нэр дэвшүүлсэн” хэмээв. СЕХ энэ сарын 17-20-нд 09.00-17.00, 21-нд 09.00-00.00 цагийн хооронд нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авсан юм. УОК-оос ирүүлсэн зөвлөмжийн дагуу нэр дэвшигчид, материал хүлээн авагчид амны хаалт зүүж, бээлий өмсөн уг үйл ажиллагааг зохион байгууллаа.

Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах хэд хэдэн үндэслэлийг УИХ-ын сонгуулийн тухай хуульд тусгасан байдаг. Тодруулбал, нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй буюу ирүүлсэн баримт бичиг нь дутуу, эсвэл хуурамч, мөн ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш бусдын нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, ийм агуулга бүхий мэдээллийг хэвлэмэл хэлбэрээр, эсхүл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр тараасан болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зэрэг нь татгалзах үндэслэл болох аж. Хэрэв бүртгэхээс татгалзвал тухайн хүн энэ сарын 30-ны дотор зөрчлөө арилган, баримт бичгээ дахин хүргүүлэх боломжтой бөгөөд нэр дэвшигчээр бүртгэх, эсэх асуудлыг СЕХ ирэх сарын 2-ноос өмнө хэлэлцэх юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)