Нам, эвслүүдэд батламж гардуулав

Сонгуулийн ерөнхий хороо 15 нам, дөрвөн эвслийг УИХ-ын ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгээд буй. Өчигдөр Эх орончдын нэгдсэн нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Их эв нам, Зон олны нам, Дэлхийн монголчууд нам, АН, Ард түмнээ хайрлая нам, Ард түмний нам, Хөгжлийн хөтөлбөр нам, “Сахигтун! Үндсэн хуулийн 19” (Монгол консерватив нам, Монголын хүний төлөө нам) болон “Та бидний эвсэл” (МАХН, ИЗНН, МУНН)-ийн удирдлагад батламж гардуулж, сонгуульд оролцохыг нь албан ёсоор зөвшөөрлөө. Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн “Нам, эвслүүд сонгуулийн төв байгууллагад хүсэлтээ ирүүлэхдээ Үндсэн хууль, УИХ-ын сонгуулийн болон бусад хууль, тогтоомжийг дагаж, мөрдөхөө илэрхийлсэн” гээд энэ удаагийн сонгуульд оролцохдоо хууль, журмыг чандлан сахихыг уриалав.

АН-ын дарга С.Эрдэнэ батламжаа авахдаа “Манай намын 2020 оны УИХ-ын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийн цөмийг “Өрхийг дэмжих өсөлтийн бодлого” гэж хэлж болно. Аливаа төрийн үндэс нь өрх, гэр бүл байдаг. Тиймээс ч АН монгол өрх бүрийг чинээлэг, аз жаргалтай, эрүүл саруул, эрх тэгш амьдрахад чиглэсэн, дэмжсэн хөгжлийн бодлого хэрэгжүүлнэ. Бид шударга ёсны зарчимд суурилж, улс төрийн бусад намтай эрх тэгш өрсөлдөнө. Гэвч эрх баригч нам хууль бус үйлдлүүд хийгээд эхэлчихэж. АН УИХ-ын сонгуулийн хуулийн зүйл, заалт бүрийг чандлан мөрдөж, энэ удаагийн сонгуульд амжилттай оролцоно гэдэгт итгэлтэй байна” гэв.

“Та, бидний эвсэл”-ийнхэн батламжаа авахад МАХН-ын дарга Н.Энхбаяр “Сонгууль шударга болоосой. Ард түмэн ч шударга, ухамсартай, зөв сонголт хийгээсэй. Энэ сонгууль амжилттай болбол нийгэмд тогтсон “МАНАН” арилна. Залуучууд төр, засагтаа итгэхээ больсон байна. Намуудаас юу ч хүлээхээ больсон нь илт. Тэднийг бүр “саарал масс” гэж тодорхойлж байна. Тиймээс залуучууд та бүхэн энэ удаагийн сонгуулиар “саарал масс” байхаа больж, нийгмийг өөрчлөх боломжоо ашиглана гэж итгэж байна. Нөгөө талаас эрх баригчид Онц байдлын болон УИХ-ын сонгуулийн тухай хууль гэж байсаар атал коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хууль баталлаа. Сонгогчидтойгоо уулзах бидний боломжийг уг хуулиар хумиж, хааж байна. Өөрсдийн эрх ашигт нийцсэн сонгууль явуулахаар улайран зүтгэж эхэллээ. Уг нь үүсээд буй нөхцөл байдлыг Онцгой байдлын тухай хуулиар зохицуулах бүрэн боломжтой. 

Энэ хууль жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хүнд тусна. Үүгээр тэдний хөл, гарыг хүлж байгаа. Улмаар ажилгүйдэл, ядуурал, эдийн засгийн хямрал бий болно. Үүнээс гадна бид “шударга бусын хонгил”-оор орсон хүмүүсийг шударга шүүхээр оруулна. Улс орныхоо хөгжлийг түүчээлнэ. Байгалийн баялгийг ард түмэндээ хүртээж, шударга шүүхтэй болгох том зорилтуудыг мөрийн хөтөлбөртөө дэвшүүлсэн” гэлээ. Түүнчлэн ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг “Монгол Улс салаа замын эхэнд ирлээ. Том өөрчлөлт хийх үү. Тарчлаант 30 жилийг үргэлжлүүлэх үү. Өөрөөр хэлбэл, МАНАН бүлэглэлийг дэмжиж, гаргасан жимээр нь явах уу, эсвэл бидний дэвшүүлж байгаа “Монголын гурван баялаг” хөтөлбөрийг хэрэгжүүлж, эх нутгийнхаа баялагт эзэн сууж, сэтгэл хангалуун амьдрах уу гэсэн сонголтыг бид хийх гэж байна. Сонгууль бол боломж, шийдвэр гаргах хариуцлагатай үе. “Та, бидний эвсэл” мөрийн хөтөлбөрөө ард түмнээрээ хэлэлцүүлж баталсан” хэмээгээд 2020 оны сонгуульд ялна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлсэн. Харин МУНН-ын дарга Б.Батболд тогтолцооны өөрчлөлт хийх цаг болсныг онцлоод, “Өнөөдөр Монголд чадварлаг боловсон хүчнүүд цаг үеийн золиос болж байна. Үүнд гол анхаарлаа хандуулж ажиллана” гэлээ.

Харин Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дэд дарга А.Эрдэнэбаяр “Бидний мөрийн хөтөлбөр хэрэгжих, эсэх нь сонгогч та бүхний сонголтоос шууд хамаарна. Авлигачдын хөрөнгийг хурааж, улсын орлого болгон, шударга ёсыг тогтоохын тулд мөрийн хөтөлбөрөө боловсруулсан. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, импортыг хязгаарлана” хэмээв.

Бусад нам, эвсэлд батламжийг нь өнөөдөр гардуулна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)