Намын даргад нэр дэвшигчдийг бүртгэж эхлэв

АН өнгөрсөн долоо хоногт болсон их хурлаараа дүрэмдээ зарим өөрчлөлт оруулснаар намын даргаа нийт гишүүнээсээ сонгох болсон. Үүнтэй холбоотойгоор 21 аймаг, есөн дүүргийн төлөөллийг оролцуулсан 30 хүний бүрэлдэхүүнтэй, АН-ын даргын сонгуулийн хороог их хурлаас байгуулсан бөгөөд тус хороо аймаг, дүүрэг, сумдад намын даргын сонгууль зохион байгуулах салбар хороодыг байгуулж, сонгуулийн ажлын төлөвлөгөөгөө гаргасан байна.

Энэ талаараа АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, АН-ын даргын сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатар нар өчигдөр мэдээлэл хийлээ. Төлөвлөгөө ёсоор намын даргын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийг өчигдрөөс бүртгэж эхэлсэн бөгөөд ирэх бямба гаригийн 16.00 цагт дуусна. Сонгуулийн сурталчилгаа энэ сарын 21-нээс ирэх сарын 28 хүртэл үргэлжилж, ирэх сарын 29-нд орон даяар санал хураалт явуулах аж.

АН-ын гишүүдийн шинэчилсэн цахим бүртгэл мөн өчигдрөөс эхэлсэн бөгөөд хамрагдаж, татвараа төлсөн гишүүд намын даргын сонгуульд санал өгөх эрхтэй болох юм байна.

Мэдээллийн төгсгөлд сэтгүүлчид Л.Эрхэмбаяраас сонирхсон асуултдаа хариулт авлаа.

-Дүрэмд оруулсан өөрчлөлтөөр намын даргад нэр дэвших хүнд ямар ч шалгуур тавихгүй, босгыг дэндүү намсгасан гэсэн шүүмжлэл байгаа?

-Сонгуулийн хорооноос өчигдөр (уржигдар) журам гаргаж, сүүлийн таваас доошгүй жил АН-ын гишүүн байсан, УИХ-ын болон орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдэд тавьдаг шалгуурыг хангасан хүн намын даргад өрсөлдөх эрхтэй байхаар тогтоосон.

-Л.Гүндалай АН-д элсэх өргөдлөө өгсөн. Б.Жаргалсайхан ч элсэх хүсэлтэй байгаагаа хэлсэн. Та Л.Гүндалайг АН-д гишүүнээр элсүүлэх боломжгүй гэж цахим хуудсаараа мэдэгдсэн. Ямар үндэслэлээр бүртгэх боломжгүй гэж үзсэн бол?

-Л.Гүндалай Ард түмнээ хайрлая намын дарга. Намын даргыг чөлөөлөх асуудлыг их хурлаараа шийдэх ёстой. Тус намын их хурал түүнийг чөлөөлөх шийдвэр гаргаагүй. Бид өөр намын гишүүнийг хүлээж авдаггүй. Үүнээс гадна Хөвсгөлийн АН болон бусад газраас “Ёс зүйн хувьд Л.Гүндалай АН-д элсэх боломжгүй” гэж эсэргүүцэж байгаа. Б.Жаргалсайханы хувьд одоогоор намд элсэх хүсэлт гаргаагүй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)