Намуудыг төрөөс тэтгэх бол тэнцэх хариуцлагыг нь нэх

Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар УИХ-аас байгуулсан ажлын хэсгийн түвшинд жил бүрийн улсын төсвийн орлогын 0.04 хувийг намуудыг дэмжихэд зориулахаар ярьж байгаа гэнэ. Ингэхдээ нийт сонгогчийн нэг хувиас доошгүй санал авсан намд олгох аж. Мөн тэдний хүчинтэй санал тутмыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 0.05 хувьтай дүйцэхүйц дүнгээр тооцож, жил бүр төсвөөс санхүүжүүлэхээр төслийн ноорогт тусгажээ. Үүнээс гадна “бодлогын судалгааны” гэх тодотголтой санхүүжилтийг зөвхөн УИХ-д суудалтай намуудад олгохоор хэлэлцэж буй юм байна.

Энгийн тооцоолол хийе. Энэ жилийн улсын төсвийн орлого 9.8 их наяд төгрөг. Үүнээс 3.9 тэрбумыг нь намуудад өгнө гэсэн үг. 2012 оны сонгуулийн нэрийн жагсаалтад нийт 1 840 824 хүн бичигдсэн байх жишээтэй. Харин өнгөрсөн сонгуулийн жагсаалтад 1 911 047 сонгогч байсан аж. Дээрх санхүүжилтийг авах намуудад нэг хувийн босго тавивал 2012 оны сонгуулиар ядаж 18 409, 2016 оныход 19 111 хүний санал авсан байж таарах нь. 2012 оны сонгуулийн дүнгээс харвал тухайн жил төдийгүй бүрэн эрхийнхээ хугацаанд төсвөөс санхүүжилт авсан дөрвөн нам, эвслээс бусад нь дээрх мөнгөнөөс хүртэхээргүй байгаа юм. 

Өөрөөр хэлбэл, тус сонгуульд нийт 13 нам, эвсэл оролцсон ч дөрөв нь л УИХ-д суудалтай болж, тэдгээр нь одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн дагуу улсын төсвөөс санхүүжилт авчээ. Тодруулбал, МАН 353.9, АН 399.2, МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл 252.1, ИЗНН 62.3 мянган сонгогчийн санал авсан байна. Энэ нь ийм хэмжээний босго тавьсан тохиолдолд дээр дурдсан санхүүжилтийг хуваах намуудын тоо хасагдана уу гэхээс тэгтлээ нэмэгдэх магадлал бага болохыг харуулж байх шиг. Сүүлийн 30 орчим жилийн турш ээлжлэн эрх барьж, сайн, муугаар хэлүүлж ирсэн АН, МАН болон бусад цөөн нам УИХ-д суудал авч байсан түүх ч үүний нэг илэрхийлэл биз. Гуравхан сая хүн амтай атлаа 33 намтай манай улсын хачирхалтай гэмээр дүр зургуудын нэг нь энэ. Улс төрийн намын зорилгоо умартаж, өнөөг хүртэл сонгуульд оролцолгүй явж ирсэн нь ч бий шүү дээ.

Дахин тоо бодъё. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн үндэсний хорооны тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2019 онд 320 мянган төгрөг болгон өөрчилсөн. Үүний 0.05 хувь болох 160 төгрөгийг дээрх босгыг давсан намын авсан хүчинтэй санал тутамд тооцож олгох санхүүжилтийн талаар бас тусгасан. Өдгөө УИХ-д суудалтай намууд л төрөөс тодорхой хэмжээний санхүүжилт авч буй бөгөөд тэдний сонгуулиар авсан санал тус бүрийг 1000 төгрөгөөр үнэлж, нэг удаа олгодог. Харин санал тутмыг нь тооцож олгох эл санхүүжилтийг дөрвөн жилд нэг удаа бус, жил бүр өгөхөөр ажлын хэсгийн түвшинд ярилцаж буйг анзаараарай. 

...Ийнхүү эдгээр саналыг дэмжиж, энэ хуулийг баталбал төрөөс намуудад олгох санхүүжилт чамлахааргүй нэмэгдэхээр буйг дээрх тооцооллууд харуулж байна. Сүүлийн гурван сонгуулийн дунджаар тооцоход УИХ-д суудалтай намуудад авсан нийт саналынх нь тоогоор олгож буй санхүүжилт нэг тэрбум орчим төгрөг болж байгаа. Үүнээс гадна “суудлын мөнгө”-ийг бие даан сонгогдсон гишүүдэд олгодоггүй тул сүүлийн гурван парламентын дунджаар нэг бүрэн эрхийн хугацаанд гурван тэрбум орчим төгрөгийг уг санхүүжилтэд зориулсан байх аж...

2012 оны сонгуулийн дараа хүчинтэй саналаа тооцуулан МАН 353.9, АН 399.2, МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл 252.1, ИЗНН 62.3 сая төгрөг төсвөөс авсан. Нийт нэг тэрбум гаруй төгрөгийг тус сонгуулийн жилд багтаан намуудад олгосон нь энэ. Сонгуулиас сонгуулийн хооронд нэмэгдэж буй сонгогчийн тоо, түүний нэг хувьтай уях босго хийгээд УИХ-д суудалтай намууд л эл шаардлагыг нь хангаж буй бодит байдал зэргийг харгалзвал хүчинтэй саналд харгалзан олгох санхүүжилтийн дүн өсөх нь гэж эгдүүцэх хэрэггүй биз. Өөрөөр хэлбэл, санал бүрийг нь 160 төгрөгөөр үнэлэн дөрвөн жил дараалан олгох мөнгөн дүн нь нэг удаа 1000-аар тооцож өгөхөөс хавьгүй бага тусна.

Төсвөөс авах намуудын мөнгө үүгээр дуусахгүй. УИХ-д авсан суудлынх нь тоогоор буюу гишүүн тус бүрт жилд 10 сая төгрөгөөр тооцож, намуудад улсын төсвөөс санхүүжилт олгох хуулийн заалт бий. Тухайлбал, өмнөх парламентын үед АН 340, МАН 260, МАХН, “Шударга ёс” эвсэл 110, ИЗНН 20 сая төгрөгийг жил бүр суудлынхаа тоогоор авч ирсэн. Тэдэнд олгосон нийт санхүүжилтийн жилийн дүн 730 сая төгрөг гэсэн үг. Одоогийн УИХ-д 65 гишүүнтэйгээр үнэмлэхүй олонх болсон МАН гэхэд л жилд 650 сая буюу 2016 оноос хойш бараг хоёр тэрбум төгрөгийн санхүүжилт аваад байгаа хэрэг. Сонгуулиар авсан саналын тоонд үндэслэж олгодог, нэг удаагийн санхүүжилтээс гадна гишүүдэд өгдөг “10 сая”-ыг нь оролцуулаад тооцвол өнөөгийн эрх баригчдад өгсөн мөнгө хэдийн гурван тэрбум руу дөхжээ. 

Түүнчлэн “суудлын мөнгө” гэж жил бүр 700 гаруй сая төгрөгийг намуудад хуваарилдаг гэж тооцоход л өнгөрсөн 10 жилд 7.6 тэрбумыг улсын төсвөөс тэдэнд зориулсан байх нь. Эдгээр санхүүжилтийг намд нь өгдөг. Ямар сайндаа л МАХН-ыг “УИХ-д суудалтай” гэх тодотголтой болгож буй О.Баасанхүүг Н.Энхбаяр тэргүүтэй удирдлага нь намаасаа хөөж, туух атлаа “суудлын 10 сая”-аа авмаар байна, нам руу яаралтай шилжүүл” гэж дарамтлах вэ дээ. Тэгвэл төслийн түвшинд “бодлогын судалгааны” гэх тодотголтой санхүүжилтийг зөвхөн УИХ-д суудалтай намуудад олгохоор хэлэлцэж байгааг дахин дурдъя. Чухам одоогийн “10 сая” нь хааш хэлбэлзэх нь хараахан тодорхой болоогүй ч 76 гишүүнээр дамжуулж намд нь олгож буй одоогийн санхүүжилтийг төрөөс үргэлжлүүлнэ гэсэн үг.

Ийнхүү эдгээр саналыг дэмжиж, энэ хуулийг баталбал төрөөс намуудад олгох санхүүжилт чамлахааргүй нэмэгдэхээр буйг дээрх тооцооллууд харуулж байна. Сүүлийн гурван сонгуулийн дунджаар тооцоход УИХ-д суудалтай намуудад авсан нийт саналынх нь тоогоор олгож буй санхүүжилт нэг тэрбум орчим төгрөг болж байгаа. Үүнээс гадна “суудлын мөнгө”-ийг бие даан сонгогдсон гишүүдэд олгодоггүй тул сүүлийн гурван парламентын дунджаар нэг бүрэн эрхийн хугацаанд гурван тэрбум орчим төгрөгийг уг санхүүжилтэд зориулсан байх аж. Ингээд бодвол одоо намуудад олгож буй санхүүжилт даруй нэмэгдэх нь. Шинээр бий болгож буй санхүүжилтийг нэгэнт улсын төсвийн орлогын хэмжээтэй уясан тул мөнгөн дүн цаашид ч өснө гэсэн үг. Намуудыг төсвөөс санхүүжүүлсэн шиг санхүүжүүлэх хэрэгтэй гэх байр суурийг ажлын хэсгийнхэн ч эрээлэлгүй илэрхийлж буй. 

Үнэндээ манайд л “муусайн намууд” хэмээн АН, МАН тэргүүтнийг муулж, “Мөнгө өгч болохгүй” гэж буйгаас бус, дэлхийн хэмжээнд намуудад олгох төсвийн санхүүжилт энэ мэт хэлбэрээр улам өсөж байгаа юм билээ. Нөгөө талаас парламентад суудалгүй намуудад төрөөс санхүүгийн ямар ч дэмжлэг олгодоггүй нь тэд цөөн этгээдээс томоохон санхүүжилт авах, улмаар улс төрийн шийдвэрт нөлөөлөх, өөрт ашигтай байдал бий болгохоос гадна олон намын тогтолцоог үгүй хийх сөрөг талтай гэдэг. Өөрөөр хэлбэл, УИХ-д авсан суудлын тоогоор санхүүжүүлж буй нь сонгогдсон цөөн намыг л дэмждэг нь үнэн.

Харамсалтай нь, намуудад төсвөөс ингэж дэмжлэг үзүүлэх нь тэднийг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын нөлөөнд автахаас сэргийлэх, бие даасан, хараат бус байдлыг нь нэмэгдүүлэх, авлигын мөнгийг намуудаар дамжуулан “угаах” нөхцөлгүй болгох, цаашлаад бизнесийн бүлэглэлийн ашиг сонирхлоос төрийг хамгаалах зэрэг олон ач холбогдолтой талаар ярьдаг л болохоос бодит үр дүн харсангүй ээ, бид. Эгэл бидний татварын мөнгийг элсэнд ус асгаж буй аятай, хаачсан нь үл мэдэгдэх байдлаар, хариуцлагагүй зарцуулсан бол авлигад их өртдөг байгууллагуудыг улс төрийн намууд тэргүүлж, улстөрчдөд өгөх олон нийтийн итгэл унтрахгүй байсан биз. 

УИХ-д суудалтай намууд “суудлын” болон “саналын” мөнгөө нэхэж л мэдэхээс, хариуцлагатай, хяналттай зарцуулж ирээгүйн илрэл нь энэ л дээ. Үнэндээ одоо олгож буй санхүүжилтийн “50 хувийг УИХ-ын гишүүдийн сонгуулийн тойрогт явуулах үйл ажиллагаанд зарцуулна” гэснээс өөрөөр зориулалтыг нь заасан зүйл Улс төрийн намын тухай хуульд нь ч алга. Хэрхэхийг нь жигтэйхэн нарийвчлан заасан зүйлийг ч мөрддөггүй манайхан энэ мэт зааг, ялгаа нь тодорхойгүй заалтыг яаж ч замхруулж мэднэ. Өөрөөр хэлбэл, санхүүжилтийн талыг нь тойрогт явуулах үйл ажиллагаанд зарцуулж буй, эсэх нь ч эргэлзээтэй гэсэн үг.

Учир нь нам санхүүгийн үйл ажиллагаандаа жил бүр аудит хийлгэн баталгаажуулж, олон нийтэд мэдээлэхээр хуульд заасан ч хянах эзэнгүй, тайлан гаргалаа гэхэд ямар байгууллага хүлээж авч, шалгах тухай зохицуулалтгүй, хариуцлагын тогтолцоо сул тул үүнийг хэзээ ч хэрэгжүүлж байгаагүй гэхэд болно. Намын бүтцийн байгууллага нь санхүүжилтээ хянаж, шаардлагатай бол хариуцлага тооцохоор байгаа нь ч лав л бидний одоогийн амьдралд үл хэрэгжинэ. Үүнтэй хамт олон олон хуулийн заалт зүгээр л цаасан дээр мөнхөрч буй. Ер нь намын санхүүжилт олон нийтэд битгий хэл, гишүүддээ ч хаалттай. Тиймээс намуудын санхүүжилтийг шилэн, ил тод, нээлттэй байлгах, хяналтыг нь сайжруулах хөшүүргийг нь тов тодорхой хуульчил.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)