НАМУУДЫГ НОМОНД НЬ ОРУУЛЖ ЧАДАХ УУ

УИХ-аас байгуулсан ажлын хэсэг гурван жил орчим ажиллаад Улс төрийн намын тухай хуулийн төслийг боловсруулж дийлсэнгүй. Тэгээд “Барахгүй ажил юм байна, намын харьяалалгүйгээрээ та л нэг зүтгүүлж аль” гээд Ерөнхийлөгчид шилжүүлжээ. Төрийн дээр гарчихсан нам гээч байгууллагыг цэгцлэх зориг АН, МАН, ИЗНН, МАХН, МҮАН-ынхнаас гарсангүй. Хэтэрсэн эрх мэдлээсээ хагацахыг хэн нь ч хүссэнгүй. Уг нь “Нам ч арай дэндээд байгаа л даа. Тогтолцоо үнэхээр гажуудсан учраас өөрчлөх хэрэгтэй” гэдгийг улстөрчид битүүхэндээ хүлээн зөвшөөрөөд байдаг. Гэвч хууль болгоод гаргачихаж түвдсэнгүй. Ингээд “шаварт унасан шарын эзэн” болж Ерөнхийлөгч өнөөх ажлыг барьж авсан байх нь. Бас төсөл бэлэн болсон тухай сайн мэдээ дуулгалаа.

Дураараа дургидаг улс төрийн нам гээч байгууллагыг байранд оруулах нь төслийн агуулга. Үүнийгээ Ерөнхийлөгч ирэх намрын чуулганаар өргөн барих юм билээ.

ХЯЗГААРЛАЛТ

Төр барьж буй намууд хэмжээлшгүй эрх эдэлдэг болчихсон цаг. Ерөнхийлөгч энэ талаар “Монголд улс төрийн нам шиг, ялангуяа төрд эрх барьж байгаа нам шиг хариуцлагагүй, хяналтгүй байгууллага байхгүй” хэмээн хэлжээ. Тэгэхээр тэднийг байр байранд нь оруулахын тулд эхлээд ямар үүрэгтэйг нь тодорхой зааж өгсөн гэнэ. Намууд бодлого л ярина. Бас судалгааны байгууллага байх, боловсон хүчин бэлтгэх, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх үндсэн үүрэг хүлээж буй юм. Үнэндээ нам гэдгийг албан тушаалд хүргэх дамжлага, сүр хүчээр далайлгагч зэвсэг хэмээн ойлгогч олон бий. Мэдээж дураараа занг нь татахын тулд хяналт, хязгаарлалт хэрэгтэй. Одоо нам байгуулах, татан буулгах асуудлыг Дээд шүүх шийддэг. “Төрүүлсэн” хүүхдээ эргээд татан буулгах гэхээр шүүхэд нөлөө ирдэг. Тэгвэл одоо нам бүртгэх, хянах тогтолцоог шинэчилж, сонгуулийн төв байгууллагад харьяалуулах нь.

Улсын дээд шүүх хамгийн сүүлд буюу энэ сарын 26-нд Ард түмнээ хайрлая намыг бүртгэсэн. Үүний өмнөхөн Монголын үндэсний эв нэгдлийн намыг эгнээндээ нэгтгэсэн юм. Ингээд Монгол 24 намтай болсон. Гэтэл тэдний хэд нь байнгын үйл ажиллагаа явуулдаг вэ гэвэл 10 хуруунд хүрэхгүй шахам болно. Цаасан дээр бүртгэлтэй, сонгууль болохоор нэг өндөлзчихөөд амжилт гаргасан ч юмгүй явдаг намуудыг энэ төслөөр цэгцлэх юм байна. Зургаан жилийн турш ямар ч шатны сонгуульд оролцоогүй намыг шууд татан буулгана. Энэ заалтыг УИХ дэмжвэл цаасан дээр бүртгэлтэй олон ч нам үгүй болох юм. Мөн намууд хоёр жил тутамд үйл ажиллагааныхаа тайланг сонгуулийн төв байгууллагад өгнө. Сонгуульд оролцсон бол мөрийн хөтөлбөрийн болон санхүүгийн тайлангаа мөн илгээх учиртай. Одоогийн хуулиар сонгуулийн тайлангаа намууд өгөх заалттай ч хэрэгжилт тэр бүр хангалтгүй байгаа юм. Энэ бүх тайлангаа хугацаандаа өгөөгүй бол мөн л “bye bye” болно.

Өөр нэг хязгаарлалт нь төрийн үйл ажиллагаанд хошуу дүрдгийг зогсоох. Одоо бол төрийн шийдвэр эрх барьж буй намын төв аппаратаас л гарч буй. Удирдах болон Гүйцэтгэх зөвлөлөөрөө тухайн намууд шийдвэр гаргаж, УИХ дахь бүлэг түүнийг нь хэрэгжүүлж буй. Тэгвэл намууд биш, асуудлыг бүлэг л шийднэ, төрийн ажилд оролцоно гэжээ. Энэ заалтын хэрэгжилтэд маш сайн хяналт тавихгүй бол оролцоо “далд хэлбэрт” шилжих эрсдэл бас бий. Нэг иймэрхүү хяналт, хязгаарлалт, хариуцлага нэмсэн зохицуулалтыг төсөлд тусгасан юм байна.

САНХҮҮЖИЛТ БА ГИШҮҮНЧЛЭЛ

УИХ дээр гурван жилийн турш маргасан, тэгээд санал нийлж чадаагүй асуудлуудын нэг нь намын санхүүжилттэй холбогддог. Сонгуульд оролцож буй бүх намд ижил боломж олгохын тулд төрөөс санхүүжүүлэх ёстой гэсэн санаа нэлээд давамгайлсан. Гэхдээ зөвхөн сонгуулийн зардлыг шууд болон шууд бус дэмжлэгийн хэлбэрээр олгохоор ярьж буй юм. Энэ нь нэг талдаа гадаад, дотоодын байгууллагаас хандив нэртэй авлига авч, хууль тогтоох эрхээ барьцаалдаг байдлыг таслан зогсоох учиртай. Юутай ч Төрийн тэргүүн төсвөөс намуудыг санхүүжүүлбэл тухайн мөнгөний 30 хувийг судалгаанд, 30 хувийг гишүүдийнхээ боловсролыг дээшлүүлэхэд, 10-аас доошгүй хувийг бүтцийн байгууллагууддаа зориулна гэсэн зохицуулалтыг төсөлдөө тусгажээ. Намуудын дэргэд олон салбар нэгж бий. Тэр бүхэн дундаа нэг данстай, тэр нь шилэн байна гэжээ. Ингэснээр санхүүжилттэй холбоотой гажуудлыг цэгцэлнэ гэж үзсэн байна.

Өөр нэг маргаан нь гишүүнчлэл. Хатуу гишүүнчлэл хэрэгтэй, үгүй гэсэн маргаан гардаг. Тэгвэл тухайн хүнд дэмжигч, хатуу гишүүнчлэлтэй байх хувилбараас сонгох эрх олгоё гэжээ. Хатуу гишүүнчлэлтэй байя гэвэл татвар, хураамжаа төлөөд явна. Дэмжигчид ийм үүрэг ногдохгүй. Бас аливаа нам аль нэг шатны сонгуульд оролцох бол 3001-ээс дээш албан ёсны бүртгэлтэй, хатуу гишүүнчлэлтэй байх босго тогтоожээ.

Үүнээс гадна намын нөлөө газар авч, гэр бүлийг хүртэл дотор нь эвдрэлцүүлэхэд түлхэж буй. Орон нутагт намчирхал дээд цэгтээ хүрсэн. Төрийн албанд ч намын харьяаллаар нь ялгаж, халж солих нь гаарсан. Үүнийг цэгцлэх нэг арга бол 3000-аас доош хүн амтай сум сууринд ямар нэг намын нэгж байгуулахыг хориглосон заалт. Энэ бүх зохицуулалтыг хийж чадвал намын гишүүдийн тоо 60 хувиар буурах тооцоо хийсэн байна. Ингэвэл улстөржилтөд живсэн байдлаасаа гарч болно гэсэн үг.

Төрийн тэргүүн энэ мэт зохицуулалт бүхий намуудыг номонд нь оруулах төсөл боловсруулжээ. Намрын чуулган хүртэл олон нийтээр төслөө хэлэлцүүлж, санал авах юм билээ. УИХ-ын хийж чадаагүй төслийг тэр боловсруулсан нь сайн мэдээ. Гэвч өнөөх хулчгар УИХ нь уг төслийг баталж чадах болов уу. Хэлэлцэх явцдаа төслийн заалтууд хэрхэн “зөөлөрч”, өнгөө өөрчлөхийг, цаашлаад улстөрчид үүнийг баталж, чадах эсэхийг таашгүй.

С.ТУУЛ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)