Н.Алтанхуяг: Ардчиллыг аврахын төлөө тэмцэнэ

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өчигдөр ийнхүү мэдэгдлээ. Сонгууль дөхөхийн хэрээр Ардчилсан намынхан дотроо талцаж, энд тэнд албан тушаалтнууд баривчлагдах нь нэмэгдэж буй. Улс төрийн хүрээнийхэн айдастай байгаа нь ч үнэн. Тэгвэл энэ бүхнийг хуйвалдааны бүлэглэл хийж байна хэмээн эрхэм гишүүн дүгнэв. Хууль хяналтын байгууллагыг энэ бүлэглэл бохир зорилгодоо ашиглаж, хуйвалдаанд нь оролцдоггүй хүмүүсийг замаасаа зайлуулж эхэлсэн гэнэ.

Ийм хүмүүсийг ямар ч шударга ёсны хэмжүүр байхгүйгээр, зохиомол хэрэг үүсгээд ялтан, хэрэгтэн болгодог хонгил бий болгосон юм байна. Бас зарим албан тушаалтны эрхийг барьцаалчихаад нөгөөдүүл нь хөдөлж чадахгүй байгаа бололтой юм. Гол нь төр хүчгүйдэж, сульдаж буй мэт харагдуулахын ард хуйвалдааны төр улам хүчирхэгжиж байна хэмээн Н.Алтанхуяг гишүүн онцлоод эдийн засгийн хямралын үндэс нь шударга ёс байхгүйгээс болсон гэлээ.

Мөн “Одоо уг бүлэглэл Монгол Улсын тусгаар тогтнол, халдашгүй байдалд аюул учруулахуйц хэмжээний эрх мэдэлтэй болж, хүссэн шийдвэрээ зоргоороо гаргадаг боллоо. Тэд ард иргэдийн амьдралд хэрэгтэй бүтээн байгуулалтын ажлыг гацааж, иргэдийнхээ төлөө ажилласан хүнийг ялтан болгож, өрөөр айлгаж, зохиомол дуулиан үүсгэн, хооронд нь талцуулж, санаатайгаар бүх зүйлийг эмх замбараагүй байдалд орууллаа.

Монголын ард түмний баялгийг мөлжиж, хүчирхэгжсэн бүлэглэл эх орныг маань хуваан эзэмших увайгүй оролдлого хийж байгаад нь “Битгий давар” гэж хэлэх цаг болсон. Энэ бүхнийг удирдан зохион байгуулж буй хүмүүсийн нэгийг өнөөдөр нэр цохон хэлэхээс аргагүй боллоо. Хэдийгээр хүн бүхэн мэддэг ч хэн ч хэлж нэрлэж чаддаггүй. Учир нь тэдний үүсгэсэн шударга бусын хонгил руу чихэгдэх, хэлмэгдэхээс бүгд айдаг. Гэвч би Монгол Улсынхаа эрх ашгийн төлөө хэлэх нь зөв гэж үзлээ.

Тэр хүн бол “Шударга байцгаая” гэж гарч ирсэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон түүнтэй үгсэн хуйвалддаг төрөөс төрсөн тэрбумтны бүлэглэл” гэсэн юм. Хэдийгээр ингэж зарлах өөрт нь аюултай, ирж буй дарамт нь улам нэмэгдэх ч тэрбээр ардчиллаа аврахын төлөө тэмцэнэ гэлээ. Шударга ёсны төлөөх уг тэмцэлдээ нэгдэхийг тэрбээр АН-ын гишүүд дэмжигчид, иргэдэд уриалсан юм. Түүний мэдэгдэлтэй холбогдуулан Ерөнхийлөгч хариу жиргэжээ.

С.УУЛ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)