Налсан тариатай ч урам өндөр тариаланчид


Оройтсон бороо ихтэй намрын дунд сард хэн бүхний сэтгэлд хургах нэг бодол бол ургац хураалт ямар байгаа бол гэдэг асуудал. Татрах дургүй хур цаг үеийн ажилд битгий хэл, хотын бидэнд ч тухгүй, төвөгтэй санагдана. Түүнчлэн есдүгээр сарын 18-19-нд ихэнх нутгаар цас унасан нь байдлыг улам хүндрүүлэв. Тариалангийн бүс нутгаар олон мянган га талбай цасанд налсан сураг сонстоод бараг сарын нүүр үзэх гэж буй. Тариаланчдын зүгээс энэ сарын 4 хүртэлх хугацаанд хүндрэлтэй, хэцүү байна гэсэн мэдээлэл огт сонсгосонгүй, болоод л байгаа хэрэг үү, тэд. Эсвэл тариа будаа нь цасанд даруулж хэцүү байгаа ч илүү дутуу гомдол санал хэлж явах сөхөөгүй, яаж ийгээд хураах гээд тэвчээр заан зүтгэсээр байна уу?

Монгол Улс энэ онд 497.3 мянган га-д тариалалт хийж, үүнээс 425.8 мянган тонн улаан буудай хураах урьдчилсан баланс гаргасан билээ. Энэ хэмжээний тариа хураан авах боломж одоо бий болов уу? Санаа зовоосон эдгээр асуултад хариулт хайж, ургац хураалт ямар байгааг сонирхохоор өнгөрсөн баасан гарагт Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн зарим суманд ажиллалаа. “Аравдугаар сарын 4-нөөс төв болон баруун зүгийн нутгаар их хэмжээний бороо орж, зарим газраар цасан шуургатай” гэсэн цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ сонссон ч олон хоног нойтон тариа, өвстэй ноцолдож байгаа тариаланчид, хадланчдын бодит дүр зургийг харахаар яарав.

2018.10.04. Ширүүн салхитай бүүдгэр өглөө хотоос гарч, Төв аймгийн Баянчандмань сум хүрч явтал бороо цутгаж, үе үе зөөлөн шамаргалж эхлэв. Үдээс хойшхондоо цас лавсав. Шууд давхиж Сэлэнгийн Сайхан сум ороход уул, тал хэдийн цасан чимэгтэй болсон байлаа. Цаг агаар таагүй ч тариалангийн бүс нутгийн зам зуурт шаргалтан дүнхийх тариан талбай зах хязгааргүй мэт уул толгод даван үргэлжилж, уулын энгэр бэлд хадаж, бөөрөнхийлсөн өвс, хадлангийн трактор, техник энд тэндгүй ажиллаж, өвс сэгсийтэл ачсан машин тэрэг давхилдаж, тарианы сүлэнд гэдэс нь цатгалдсан үхэр, адуу замын хажуугийн жалга судаг даган залхуутай идээшлэн бэлчээрлэх зэрэг нь намрын өтгөн мананг чимэглэн сэтгэл татам сайхан.

Харин оройтсон хурнаар хамгийн завгүй амьдрал буцалдаг тариан талбайд машин техник, хүн зоны бараа харагдахгүй эзгүй цэлийх нь уйтгартай. Шаргалтан харагдах талбайд найган ганхах тариан зураг авах санаатай нэг бус зогссон ч бүтэлгүйтэв. Тариалангийн бүсэд явж буй хэрнээ босоо тариа санаснаар олдохгүй байсан учрыг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багт ирж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат агрономич Ш.Мардаан гуайтай уулзаж байж л сая мэдэв.

ТАРИАЛАНЧИД ӨӨРСДӨӨ ИШ ӨРГӨГЧ ХИЙЖ, ШАРГУУ АЖИЛЛАЖ БАЙНА

Ш.Мардаан гуай “Босоо тарианы бараа харахад хэцүү дээ. Есдүгээр сарын 18, 19-ний цасанд ихэнх талбайн тариа налж, бүр газартай тэгширчихсэн. Цаг агаарынхны гаргасан мэдээллийг харахад, Монгол орны нийт нутгийг хамар 20-70 см цас орсон юм билээ. Төв аймгийн Залуучууд, Жаргалант, Сэлэнгийн Орхон, Орхонтуул, манай энэ хавиар 20-35, Сэлэнгийн Ерөө, Баянгол зэрэг сумаар бүр 70 см хүрсэн байсан. Есдүгээр сарын 18-нд цас унаж байхыг хавьд үзээгүй.

Гар утсанд 4-ний өглөө цас орно гэсэн мэдээлэл ирсэн. Яг л үнэн байна шүү” хэмээн угтав. Цас орсоор л. Тэрбээр орой болохоос өмнө бидэнд тариан талбай сонирхуулахаар машиндаа суув. Номгоны төвөөс холгүй нэгэн талбай дээр очиж зогсоод “Налсан тариа чинь энэ дээ. Буугаад үз. Энэ гэхдээ миний талбай биш. Манай энд ийм тариа их байгаа” гэлээ. Цасанд налсан тариа гэхээр түрий нь бөхийсөн төдий л байх гэж бодсон юм. Гэтэл зориуд хадаад тавьчихсан юм шиг газрын хөрсөн дээр налж унасан бүхэл бүтэн талбайг хараад бүр гайхаж балмагдах зэрэгцэн түүнээс юу гэж асуухаа ч мэдэхгүй түрхэн зуур гайхширалд орсноо нуух юун.

-Энэ тэгээд ямар ч техник хүрээгүй байгаа хэрэг үү?

-Тийм, газартай тэгшилчихсэн байгаа биз дээ. Би Сэрээн нуруунаас яг ийм 250 га талбайг хураагаад өглөө буулаа.

-Үүнийг босгож хураана гэхээр их нарийн ажиллагаа шаардах нь ээ. Хаягдал их гарах уу?

-Иш өргөгч, морозовын соёо хэрэгтэй болдог. Сүүлийн үеийн техникүүд тийм соёотой ирдэг болсон. Иш өргөгч тариаланчдад бэлэн байхгүй. Өөрсдөө хийж байгаа. Дан нэг талаас нь сөргөж яваад, нэг талдаа хоосон явахаар шатахуун их зарцуулж байна. Би бол 15 хувийн хаягдалтай хураасан. Иш өргөгчөө нэлээд сайн тохируулж хийгээд, чамбай хураахад хамгийн багадаа тийм хэмжээний хорогдол гарна. Нямбай биш хандвал дээрхээс их л хаягдалтай хураана. Уг нь тариаланчдын хувьд энэ жил га-гийн ургац сайн байна. Хурааж л дийлэхгүй байгаа болохоос. Хамгийн гол нь цаг агаар талбай руу орох чөлөө өгөхгүй байна. 5-7 хоногийн зайтай хур тунадастай байлаа. Цас маш эрт орлоо.

Иймэрхүү яриа өрнөөд дараагийн талбай руу хөдөллөө. Түүний эхэлж бидэнд сонирхуулсан талбай “Ургацын ундраа” компанийнх аж. Цасаар шуурахын хажуугаар хүйтэн байгаа гэж жигтэйхэн. Номгон багийн суурингийн урд талын уулсын наагуур шаргалтанхан бараантаж харагдах уринштай талбай бол Ш.Мардаан гуайн “Газрын ундраа” компанийнх. Тэрбээр “Манай талбай бол андашгүй ээ, та нарыг наашаа ирэх замд чинь байсан. Уринш сайтай болохоор бараантаад л байгаа даа” хэмээн тодотгов. Үнэхээр л түүний уринштай талбай торго мэт зөөлөн, дулаан харагдах. Тэрбээр биднийг аваачсан талбайгаасаа га-гаас 18 цн авсан бол Номгоны хойд талын хараахан хурааж амжаагүй талбайгаасаа 30-32 цн авна гэсэн итгэлтэй байна.

Мөн бороо оройтож орсонтой холбоотой зарим талбайн тарианы болц алаг цоог байгаа бол Ш.Мардаан гуайн тариа нэгэн жигдийн сайн болцтой гэнэ. Энэ нь юутай холбоотой вэ гэсэн асуултад тэрбээр “Уриншаа сайн хийж, технологио ягштал мөрдөх. Технологио сайн мөрдчихсөн байхад ямар ч тариа тав, зургадугаар сарын ганг даадаг. Долдугаар сар гараад бороо орохгүй байна гэж барагтай бол байдаггүй юм” гэв. Түүний хувьд хүнд нөхцөлд баатар гэдгээ харуулж, нутаг орны тариаланчдаа манлайлсаар, үлгэрлэсээр байна.

Хоёр талбайгаар ороод орой болсон тул замын халтиргаа үүсэхээс өмнө Сайхан сумын төвийг бараадах хэрэгтэй болов. Шөнө цас хэр орох бол гэдэг нь тариаланчдын сэтгэлийг зовоож байгаа нь уулзсан хүн бүрийн нүднээс илт. Ш.Мардаан гуай “Уг нь хоёр см хэртэй л орно гэсэн юм.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ш.Мардаан нэг га-гаас 27-28 центнер ургац авч буй талбай дээрээ

Хоёр см цасанд ч гайгүй л дээ. Таваас дээшээ гарвал хэцүү. Хойно байгаа жаахан босоо тариа маань дарагдчихгүй байгаа” хэмээн санаашрав. Маргааш өглөө бүгд л цас хэр орсон бол гэж босож ирсэн байх. Бид нар ч тийм л догдлолтой сэрсэн. Дахин цас орж хоёр, гурав хоногтой талбайд гарах боломжгүй болсон тул өмнөх орой нь уулзахаар тохирсон зарим тариаланч иш өргөгч зэрэг налсан тариа хураахад шаардлагатай багаж сэлбэгээ бэлдэхээр ийш тийш давхиж яваа сураг дуулдав.

Сумын захиргааны байр ч эл хуль. Газрын даамал, багийн Засаг дарга, сумын агрономич зэрэг таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг хөдөөгүүр ажиллаж байгаа гэнэ. Малчид намаржаа, өвөлжөөндөө буух нь болчихсон тул цаг агаараас болоод тариа хураалт оройтож аравдугаар сарын 20-25-нд дуусахаар байгаа учраас дор хаяж 14 хоног өвөлжөөлөхгүй байх хүсэлт тавьж, өвөлжөөлчихсөн нэгэнд нь малаа байнга хариулж, маллахыг сануулж яваа гэх.

Энэ жил хаа сайгүй газрын гарц сайн байгаа тул Сайхан сумын хадлан бэлтгэл 93 хувьтай байна. Манай сурвалжлах баг Сайханыг зорих замдаа ачааны хоёр жижиг тэргээр уулын энгэр дүүрэн хадсан өвсөө ачиж байгаа хадланчид дээр саатсан нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн фермер Л.Эрхэмбаяр байв. Тэрбээр уг энгэрээс 20 дахь жилээ хадлан авч байгаа аж. Сүүний чиглэлийн 80 үнээний фермтэй тэднийх АПУ компанитай гэрээтэй ажилладаг ба жилд 2000-3000 боодол өвс авдаг байна.

Аравдугаар сарын 5-ны өглөө Сайхан сумын “Сортоо хур” компанийн захирал Х.Суръяатай уулзахад “Манай энүүгээр урд шөнө 7-8 см цас орсон юм шиг байна. Бараг хоёр, гурав хоног хураалт руу орох боломжгүй боллоо. Манайх 1000-гаад га-д тариалалт хийсэн. Одоогийн байдлаар 453 га-гийн ургацыг хураагаад байгаа. Үлдсэн 550 гаруй га тэр чигтээ налсан. Уг нь газрын хөрснөөс 10 гаруй см зайтай байгаа юм. Ш.Мардаан гуайн аргаар иш өргөгч хийлгэсэн. Тэрийгээ туршиж амжаагүй байтал дахиад цас орчихлоо. Гайгүй хураачих байх л гэж бодож байна. Га-гаас 10 гаруй цн авч буй” гэсэн бол “Сэлэнгэ хөндий” компанийн захирал Э.Гүнхүүхэн “Төр, засгийн дэмжлэг бол багадаагүй. Ялангуяа манайх шиг жижиг, дунд аж ахуйн нэгжийн хувьд өмнө нь тэр бүр санаснаар Засгийн газрын дэмжлэгт хамрагдаж чаддаггүй байсан.

Энэ жил Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Хөтөл дэх салбарын эрхлэгчээр ирсэн Ш.Мөнхжаргал жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийг үр, шатахуун, хор гербицидийн хөнгөлөлттэй дэмжлэгт сайн хамруулсанд их баяртай байгаа. Манай компани улаан буудай, тосны ургамал нийлээд 640 га-д тариалалт хийсэн. Тосны ургамлын талбай маань хяруунд цохиулсан. Нөхөр маань ээлжийн амралтаа аваад, лист төмөр матан, арматур ашиглан иш өргөгч хийсэн. Тэрийгээ туршаад үзсэн хаягдал багатай тун боломжийн байсан. Ганцхан цаг агаараас л шалтгаалж саатаж байна” гэж сэтгэл дүүрэн өгүүллээ. Эднийх га-гаас 22-23 цн авч байгаа аж.

Сэлэнгийн Сайхан сумын хувьд улаан буудайн хураалт хамгийн сүүлд шинэчилсэн мэдээгээр 41.4 хувьтай, га-гийн дундаж 11.7 цн-тэй гарсан аж. Мөн тус сумын тариаланчид нийт 2163 га-д тосны ургамал тарьсан бөгөөд хураалт нь 15.9 хувьтай, 509 га-д гурвалжин будаа тариалж 12.5 хувь, төмс, хүнсний ногооны хураалт 94.7-98 хувьтай байгаа юм. Сайхан сумаас гадна бид Сэлэнгийн Баянгол, Дархан-Уул аймгийн Хонгор сумын ургац хураалттай танилцсан.

Хонгор сум ургацын урьдчилсан балансаар га-гаас 12-13 цн улаан буудай авахаар байсан бол их цасны улмаас энэ сарын 4-нөөс хойших шинэчилсэн мэдээгээр га-гийн дундаж ургац нь 3-4 цн-ээр буурахаар байна. Тус сумын “Дархан тооромт” компанийн захирал А.Баднаанямбуу “Манай компанийн хураалт 80 гаруй хувьтай явна. Хур тунадас ихтэй нөхцөлд хурааж байгаа болохоор зардал өсөж, цаг их алдаж байна. Түүнээс биш хураасан тарианы чийгшил 18 хувиас ихгүй, Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон буудайгаа нийлүүлэх “Өгөөж гурил” компанийн стандартын шаардлагыг хангасан” гэлээ.

БУУДАЙН ҮНЭ ТОДОРХОЙГҮЙ БАЙГАА НЬ ТАРИАЛАНЧДЫН САНААГ ЗОВООЖ БАЙНА

Ер нь налсан тариаг газар дээр нь үзэхэд төсөөлөхийн аргагүй хүндрэлтэй харагдах ч олон жил тариа тарьсан, ажил мэргэжилдээ эзэн болсон манай тариаланчид асуудлыг аль болох хохирол багатай даван туулахаар чармайж байна. Нэг үгээр, уйгагүй хөдөлмөрлөж, баялаг бүтээдэг хүмүүс гэдгээ нотлон харуулж байна, тэд. Тэдний залбирах ганц зүйл нь бороо, цас орохгүй байгаасай л гэдэг юм. Түүнээс налсан тариатай ч га-гийн ургац гайгүй, зарим талбайгаас 20 гаруй цн, дунджаар 10-аас дээш цн авч буй тул урам өндөр ажиллаж байна. Гэхдээ тариаланчдын сэтгэл амрах болоогүй ээ.

Ургацаа яаж ийгээд хаягдал багатай хураагаад авчихлаа гэхэд дараагийн санаа зовох асуудал нь борлуулалт. Нэг тонн улаан буудайг гурилын компаниуд хэдээр авах бол? Жил бүр худалдагч, худалдан авагчийн хооронд асуудал болдог уг сэдэв энэ намар ч хэвээр байх нь. “Алтан тариа”, “Улаанбаатар гурил” компанийн зүгээс одоогоор үнэ ханш хэлээгүй аж. “Алтан тариа”-н П.Цэнгүүн, “Улаанбаатар гурил”-ын Ц.Баатарсайхан захирал тариаланчдад тийм ч амар ам нээхгүй гэсэн байр суурьтай байгаа бололтой. Харин тариаланчдын хувьд агуулах савнаас авхуулаад буудайгаа хадгалаад байх боломжгүй тул гайгүй үнэ хэлсэнд нь шууд ачуулахад бэлэн сууна.

Ямар ч гэсэн ХХААХҮЯ-ны зүгээс тариаланчдад олгосон үр, шатахуун, техник хэрэгсэл, хор гербицидийнхээ үнэд нэг тонн улаан буудайг 560-600 мянган төгрөгөөр авна гэдгээ зарласан юм.

Тариаланчдын гаргаж байгаа хичээл зүтгэл, зардал мөнгийг гурил үйлдвэрлэгчид ойлгоод боломжийн үнэ хэлж түүхий эдээ базаагаасай гэж хүсэхээс аргагүй нөхцөл байдалтай байгааг уламжлах нь зөв байх. Гурил үйлдвэрлэгчдийн өмнөх жилүүдийн туршлага хийгээд шатахууны үнийн өсөлт зэргийг тооцсон ч улаан буудайн нэг тоннын үнэ 10-аад жилийн өмнө тогтсон 400 гаруй мянган төгрөг хэвээр байх боломжгүйг уулзсан тариаланч бүр онцоллоо. Тэд нэг тонн улаан буудайг 500 мянган төгрөгөөс доошгүй үнээр борлуулж байж зардлаа нөхөөд, бага зэрэг ашиголох боломжтойг хэлсэн.

Жилийн жилд тариаланч, гурил үйлдвэрлэгч түүхий эдийн үнээс болж сөргөлдсөөр байх уу? Энэ тал дээр ямар гарц гаргалгаа байж болох талаар тариаланчдын байр суурийг сонирхсон юм. Хөдөлмөрийн баатар Ш.Мардаан “Төр тодорхой бодлогоор дэмжих ёстой. Тухайлбал, Канад улсын Засгийн газраас нэг тонн улаан буудайн зах зээлд худалдан борлуулах доод үнийг тариалалт эхлэхээс өмнө зарлачихдаг юм билээ. Манайх ч бас доод үнийг зарлачихдаг болох хэрэгтэй. Тэгэхгүй бол бидний дундах түүхий эд өгч, авах үнийн асуудал хэзээ ч төгсөхгүй” гэв. Энэ санааг бусад том, жижиг тариалан эрхлэгчдийн зүгээс ч давтан тэмдэглэв.

Бидний явсан газрын компани бүр тодорхой хэмжээнд тосны ургамал тариалсан ч хурааж амжаагүй байна. Харин бүтээгдэхүүнийг нь хятадууд нэг тонныг нь нэг сая төгрөгөөр авах боломжтой гэдгээ хэлж яваа аж. Улсын хэмжээнд улаан буудайн ургац хураалт дөнгөж 50 гаруй хувьтай тул улсын төлөвлөсөн 452.8 мянган тонн буудайн хэмжээ хэр буурахыг одоогоор хэлэх боломжгүй юм.


Бэлтгэсэн: И.Отгонжаргал


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)