Налайх эрүүл мэндийн төвд “Нярайн эмгэг судлалын тасаг” нээгджээ

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа Налайх эрүүл мэндийн төвд “Нярайн эмгэг судлалын тасаг” шинээр нээгджээ. Тус тасаг нээгдсэнээр нярайн эмгэгийг эрт үед нь илрүүлэх, дүүргийн эрүүл мэндийн төвд цаг алдалгүй эмчлэх, нийслэл рүү явах хөдөлгөөнийг бууруулах буюу лавлагаа шатлалын эмнэлгүүдийн ачааллыг багасгах, нярайд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Нээлтийн үеэр “JCI Улаанбаатар” олон улсын байгууллага, Монголын яаралтай тусламжийн нийгэмлэгтэй хамтран хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, цусан дахь сахарын хэмжээг тодорхойлох багаж, хиймэл амьсгалын төхөөрөмж зэрэг хүүхдийн тусламж, үйлчилгээнд нэн шаардлагатай зарим нэр төрлийн багажийг Налайх эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгальд гардуулж өглөө.

Нийслэлийн Засаг даргын “Эрүүл иргэн” аян зохион байгуулах тухай А/320 дугаар захирамжийн дагуу нийслэлийн 152 хороодын хүн амд төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, оношилгоог хийхээр болсон билээ. Энэ дагуу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Налайх дүүргийн хоёрдугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж, нийслэлийн хэмжээнд зохион байгуулж буй “Эрүүл иргэн” аяны үйл ажиллагааны явцтай биечлэн танилцлаа. 

Аяны хүрээнд тус ӨЭМТ-д дотор, мэдрэл, зүрх судас, ахмад настан, хүүхэд, нүд, чих хамар, хоолой, хавдар, сүрьеэ, эмэгтэйчүүдийн чиглэлээр нарийн мэргэжлийн эмчийн үзлэг оношилгоог хийж, ЭХО болон рентген, зүрхний бичлэг зэрэг багажийн шинжилгээ, түргэвчилсэн оношлуураар чихрийн шижин, хөх, умайн хүзүүний өмөн, хавдар, БЗДХ зэргийг илрүүлэх цусны шинжилгээнд иргэдийг хамруулан эмчилгээ хийж, зөвлөгөө өгч ажиллаж байна. Мөн эрүүл мэндийн сургалт сурталчилгааг идэвхижүүлж, өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэлтэй болгох, амьдралын зөв дадал хэвшилд сургахаар зорьжээ.

Иргэдийг эрүүл мэндийн  урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, эрт илрүүлэгт хамруулснаар артерийн даралт ихдэх өвчний эрт илрүүлгийн үзлэгийн хувийг 70 хувь, чихрийн шижин өвчний эрт илрүүлгийг  60 хувьд хүргэх, зүрх судасны өвчлөлөөс шалтгаалсан нас баралтыг 14 промиль, хорт хавдраас шалтгаалсан нас баралтыг 12 промильд хүргэх, сүрьеэ, БЗДХ, ХДХВ/ДОХ-ын эрт илрүүлгийн хамралт болон эмчилгээний амжилтын хувийг нэмэгдүүлэх боломжтой юм.

Энэ сацуу нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхтэн тогтолцооны эмгэгийг эрт илрүүлж эмчилэн эрүүлжүүлж зөвлөгөө мэдээлэл өгөх, хяналтыг сайжруулснаар эрүүл хүүхэд төрөх боломжийг нэмэгдүүлж байгаа юм. Тус аянд 2019 онд нийт 70 мянган хүнийг хамруулахаар төлөвлөөд байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)