Налайх дүүрэгт "Гэрт хүрч үйлчлэх үйлчилгээ"-г эхлүүллээ

Налайх дүүрэгт “Хэвтрийн болон байнгын асаргаа шаардлагатай өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх эрүүл мэнд, халамж, банк болон боловсролын үйлчилгээг гэрээг хөнгөлөлттэй нөхцөлөөр үзүүлдэг тогтолцоог бий болгоно”  гэсэн зорилт тавьжээ.

Энэ зорилтыг хэрэгжүүлэх талуудтай гэрээ хэлэлцээрүүд байгуулсны үндсэн дээр зорилт хэрэгжих биеллээ олж, хэвтрийн болон байнгын асаргаа шаардлагатай өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хэрэгцээт эрүүл мэндийн болон төрийн үйлчилгээг гэрт нь хүргэх ажил улсын хэмжээнд анхдагч болж эхлэлээ тавилаа.

Гэрт хүрэх үйлчилгээний үр дүнг хүртэгч, өндөр настан О-ийн охин хэлэхдээ: “Ээж маань нас сүүдэр 80 хол давсан. Одоо тэргэнцэртэй, асаргаанд байдаг. Манай гэр бүлд ямар бэрхшээл тулгарч байсан гэхээр эмнэлэгт хэвтэхийн тулд заавал 6 төрлийн шинжилгээ өгдөг байсан. Энэ 6 төрлийн шинжилгээг өгөхийн тулд ээжийгээ тэргэнцэртэй нь авч очиж, шатаар дээш, доошоо өргөж гаргах, мөн шинжилгээний хариуг авахын тулд олон газар өргөж явах хэрэг гардаг. Өргүүлж, дамжлуулж яваа ээж хүн “би үр хүүхдүүдээ зовоож байна” гэсэн сэтгэлийн шаналалтай маш хүндхэн нөхцөлтэй байдаг. Би ээжийгээ өргөж, дамжлан авч явахдаа дургүйцэж, төвөгшөөгөөгүй. Хамгийн гол нь эцэг, эх хүн үр хүүхдээ зовоож байна гэсэн сэтгэлийн их шаналалыг энэхүү гэрт хүрэх үйлчилгээ хөнгөлж өгч байна.

Дүүргийн ЗДТГ болон Эрүүл мэндийн нэгдлийн нарийн мэргэжлийн гурван эмч, хоёр сувилагчтайгаа гэрт маань аппарат хэрэгсэлтэйгээ ирж, эхо, зүрхний цахилгаан бичлэг, бариа засал, сэргээн засах эмчилгээ, сувилахуйн тусламж үйлчилгээг настай ээжид маань үзүүлсэнд баяртай байна.

Төрийн үйлчилгээ гэрт нь ирлээ хэмээн ээж маань нулимс унаган баярлаж,  төр намайг тоож байна, төр надад хүндэтгэл үзүүлж байна гэж хүндэтгэн хандсан.  Магадгүй энэ сэтгэлээрээ тэр хүний биеийн байдал сайжрах зэрэг эерэг талууд гарахыг үгүйсгэхгүй. Тиймээс төрийн хайр энэрэл хамгийн их шаардлагатай хэсэг болох ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гэрт нь очих энэхүү үйлчилгээг  хамгийн хэрэгтэй, чухал, дэвшилтэт, цаг үеэ олсон үйлчилгээ гэж бодож байна” гэв.

Цаашид зөвхөн эрүүл мэнд, сувилахуйн тусламжаас гадна нийгмийн халамж, нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмжийг арилжааны банкуудтай хамтран гэрээр олгохоор төлөвлөөд байна гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)