Налайхын чиглэлд рэйлбус явуулж эхэллээ

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг засаж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор уг замыг хааж, нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний чиглэлийг өөрчилсөн юм. Зам хаасан ч иргэдэд чирэгдэл учруулахгүйгээр нийтийн тээврээр зорчуулахын тулд өчигдрөөс Улаанбаатар-Баян чиглэлд рэйлбус явуулж эхэлсэн талаар Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгээс мэдээллээ. 

Рэйлбус Улаанбаатар өртөөнөөс “Нарантуул” зах, Амгалан өртөө, Туул зөрлөг, Хонхор өртөө, Бумбатаар дайран Баян зөрлөгт хүрэх аж. Улаанбаатараас Баян хүрэх бол том хүн 2500 төгрөгийн тасалбар авна. Харин Бумбат өртөөнд буух бол 2000, Хонхор хүрвэл 1500, Амгаланд очвол 1000 төгрөг төлөх гэнэ. Хүүхэд “Нарантуул” хүртэл 200 төгрөгөөр зорчино. Түүнээс цааш өртөө, зөрлөг тутамд тасалбарын үнэ 200 төгрөгөөр нэмэгдэх нь. 

Тасалбараа www.eticket. ubtz.mn цахим хуудсаар захиалах боломжтой юм байна. Рэйлбус мягмар гаргаас бусад өдөр ажил цуглах болон тарах цагаар иргэдийг тээвэрлэнэ. Тухайлбал, 04.45 цагт Улаанбаатар өртөөнөөс хөдөлж, 06.00 цагт Баян зөрлөгт хүрээд, буцаж эргэнэ. Харин орой 19.25 цагт Улаанбаатар өртөөнөөс хөдөлж, 20.44 цагт буцах аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)