Налайхад барилгын материалын бөөний болон жижиглэн худалдааны төв байгуулна

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнгөрсөн баасан гарагт болжээ. Уг хуралдаанаар “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк” орон нутгийн өмчит, төсөвт үйлдвэрийн газрын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай асуудлыг нийслэлийн Инновац технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат танилцуулсан байна.

Төлөвлөсөн бүтээн байгуулалтаа хийж, үйл ажиллагааг нь эхлүүлснээр энэ оны төгсгөл гэхэд 50 гаруй үйлдвэрийг шинээр ашиглалтад оруулах аж. Ингэснээр 1500 ажлын байр бий болох юм байна. Эхний ээлжид 120 га талбайд үйлдвэр барихаар төлөвлөсөн гэнэ. Эдгээр үйлдвэр бүрэн хүчин чадлаараа үйл ажиллагаа явуулж эхэлбэл барилгын материалын үндэсний үйлдвэрлэл 1.78, Налайх дүүргийнх 32 дахин нэмэгдэх аж. М.Халиунбат “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк”-ийн өргөтгөлийн 130 га газарт хийж буй бүтээн байгуулалтын ажилтай уялдуулан ачаа тээврийн байршлын онцлог, давуу тал, ажлын хэсгийн санал зэргийг үндэслэн, барилгын материалын бөөний болон жижиглэн худалдааны төв, олон улсын ачаа тээврийн парк байгуулах шаардлагатай” гэсэн санал гаргажээ. Уг саналыг зөвлөлийн гишүүд хэлэлцэж, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтсон байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)