“Найрка” шатахуун хөдөлгүүрт төдийгүй ХҮНД ХОРТОЙ

Автомашинаа шатахуунаар цэнэглээд, асаагаад ухасхийтэл паржигнаж дуугараад, хөдөлгүүр нь хэвийн бус ажиллаж, төмөр хүлгийнх нь хурд, хүч сулрах тохиолдолтой олон жолооч таарсан болов уу. Ийм тохиолдолд шатахуун худалдан авсан тухайн компанийн эздийг “Октандаа хүрэхгүй, элдэв хольцоор арвижуулсан бензин зарлаа” гэж буруутгаад өнгөрдөг. Хяналт шалгалтын байгууллагад тэр бүр хандаад, хэрүүл зарга үүсгээд явдаггүй. Олонх нь тухайн компаниас шатахуун дахин худалдаж авахаа больж, дургүйцлээ илэрхийлэх нь бий. Шатахуунаас шалтгаалж, төмөр хүлгийнх нь хөдөлгүүр доголдох тохиолдол нэлээд гардаг учраас жолооч нарын дунд “Манай импортлогч, жижиглэн худалдаа эрхлэгчид чанар муутай шатахуун оруулж ирдэг” гэсэн ойлголт нэгэнт суужээ. Тэгвэл импортлогчид энэ ойлголтыг эрс няцааж, бизнесээ өмгөөлдөг.

Чанаргүй шатахуун зардаг гэсэн яриа газар авдаг ч үнэхээр стандарт шаардлага хангахгүй шатахуун борлуулж байгаа тохиолдлыг мэргэжлийн байгууллагууд илрүүлж, торгоод өнгөрдөг. Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт стандартдаа хүрэхгүй, чанар муутай шатахуун зарж байна гэсэн мэдээлэл өнгөрсөн онд 17 иржээ. Гомдлын мөрөөр шалгалт хийж, шатахууны стандартыг шинжлэхэд чанар нь зохих түвшиндээ байсан гэх. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас шалгалт хийж, импортлогчдыг 87 октантай шатахуун импортлоод, октан өсгөгч нэмж, АИ-92 маркийн бензин хэмээн борлуулдаг гэх дүгнэлт хийсэн. Тэд октаныг нь 96 хүртэл өсгөсөн шатахууныг АИ-92 хэмээн борлуулж байсан тохиолдолтой ч таарсан гэнэ лээ. Тэгвэл импортлогчид тус газрын мэргэжилтнүүдийг буруу дүгнэлт гаргасан гэж заргалдаж байгаа. Бас шатахуун түгээх станцууд дутуу шахдаг хэмээн хэрэглэгчид ам муутай байдаг. “Ша тахуун дутуу шахлаа” гэсэн 37 гомдлыг өнгөрсөн жил мэргэжлийн хяналтын байгууллагад ирүүлжээ. Газар дээр нь шалгалт хийхэд хоёрхноос нь зөрчил илэрсэн гэсэн. Чанар муутай шатахуун борлуулдаг гэдэг ч нотлогдохгүй байна. Тэгэхээр чанарын стандарт хангасан шатахуун хэрэглэж байна гэсэн үг үү.

Чанаргүй шатахуун борлуулж буй тохиолдол мэр сэр байгаа гэдэгт мэргэжлийн байгууллагынхан эргэлзэх нь бүү хэл тогтоодог болсон. Учир нь сүүлийн жилүүдэд керосин, нафта, хөнгөн фракцын нэгдлүүд зэрэг газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүний импорт илт нэмэгдэж буй нь ийм хардлага төрүүлсэн хэрэг. Дотоодын хэрэгцээнээс хэтэрхий их дайвар бүтээгдэхүүн оруулж ирж байгааг салбарынхан нь ярьж байна. Манай улс газрын тосны 400 гаруй мянган тонн дайвар бүтээгдэхүүн импортолжээ. Үүний хэдийг нь шатахуунтай хольж борлуулсныг хэн ч хэлж мэдэхгүй. “Нотлогдохгүй байгаа болохоос шатахууны зах зээлд “найрка” зарж буйд эргэлзэх хэрэггүй” гэж нефтийн компанийн нэгэн удирдлага ярьсан юм. Керосин болон нефтийн хүнд фракц, зуухны түлш, хүнд үлдэгдлийн газойль зэрэг нэгдлийг хольж, дизель түлш хэмээн борлуулдаг байна. Түүнчлэн техникийн керосинийг зуны дизель түлштэй холин, өвлийнх болгох зорилгоор оруулж ирдэг аж. Мөн газрын тос боловсруулах үйлдвэрийн завсрын бүтээгдэхүүн болох алкилат, нафта, нефтийн хөнгөн, хийн тогтворжуулсан бензин зэрэг нэгдлийг бензинтэй хольж бензин гэж зардаг гэнэ. Иймээс л хуурамч шатахууныг салбарынхан нь “найрка” гэж хочилжээ. Монголын зах зээлд стандартын шаардлага хангахгүй хуурамч шатахуун худалдаанд гарсаар байгаа нь энэ. Гэвч таслан зогсоож чаддаггүй нь хачирхалтай.

Т.ЭНХБАТ

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА

Жолооч нарт хохирол учруулсныг хэн нотлох вэ

“Шатахуун импортолдог компаниуд бидэнд “хольцтой” бүтээгдэхүүн борлуулаад байдгийн тод жишээ бол зам дээр тогтсон мөс” хэмээн Баянгол дүүргийн иргэн Г.Алтангэрэл ойлгожээ. Мөн шатахдаа хар утаа ялгаруулах, хүхрийн үнэр ихтэй байх зэрэг нь шатахуун “но”-тойг илэрхийлдэг аж. “Аж ахуйн нэгжүүд ашгаа нэмэх зорилгоор бүтээгдэхүүндээ керосин, мазут, нафта зэргийг хольж хэрэглэгчдэд зардаг тухай мэдээлэл олон бий” гэж тэрбээр нэмж өгүүлсэн юм. Шатахуун түгээгүүрийн газар автомашинаа цэнэглүүлээд зогсож байсан түүнээс худалдан авдаг түлшнийх нь чанарыг тодруулахад хариулсан нь энэ. Харин аль компани чанарын шаардлага хангаагүй шатахуун зардаг болон ийм түлш машиных нь хөдөлгүүрт ямар гэмтэл учруулсан талаар “Ер нь бүх компани адилхан байх. Автомашины хөдөлгүүр цохидог нарийн учрыг мэдэхгүй ч чанаргүй түлшнээс шалтгаалдаг” гэлээ.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт өнгөрсөн онд иргэдээс ирүүлсэн гомдлын 20 орчим хувийг шатахууны чанар муу, шатахуун түгээх зарим станц дутуу шахдаг талаарх шүүмжлэл эзэлсэн бол Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоонд энэ төрлийн 1000 орчим гомдол “цуглажээ”. Эл хардлага хэр бодитой, иргэд чанар муутай, дутуу шахсан түлш худалдан авч буй, эсэхийг тодруулж Баянгол дүүрэг дэх “Магнай трейд”, “Петровис”, “Жаст ойл” компанийн шатахуун түгээх станцуудаар явахдаа Г.Алтангэрэлтэй ярилцсан юм.

Хөдөлгүүрийн агрегатад гэмтэл учрах буюу цохиход хамгийн том нөлөө үзүүлэгч нь “хуурамч” шатахуун гэдэгтэй санал нийлэх жолооч олон байв. Иргэн С.Нямсүрэн “Нэг удаа “Тэс петролиум”-аас машинаа цэнэглээд хөдлөх гэтэл хааз авахгүй, дуу нь паржигнаад явчихсан. Доголдож явсаар удалгүй хөдөлгүүр цохичихсон юм даг. “Сэжигтэй” бензин авснаа яаж ч тайлбарлаад тэднийхэн өөрсдөдөө “хир халдаагаагүй”. Хошин шогийн үзэгдэлд гардаг шиг хэн нотлох юм бэ гээд л өнгөрсөн” гэлээ.

Тэгвэл худалдан авч буй бүтээгдэхүүнийхээ чанарт эргэлздэггүй хүмүүс ч байна. Учир нь ус болон бусад бүтээгдэхүүнтэй хольсон түлш бүрэн шатахгүй, ямар нэг байдлаар хөдөлгүүрт доголдол үүсгэх тул компаниуд арай ч тийм хариуцлагагүй үйлдэл хийхгүй болов уу хэмээн тэд найдаж буй аж. Мөн хуурамч бүтээгдэхүүн хэрэглэснээс үүдсэн байж болох ямар ч гэмтэл авто машинд нь үүсээгүй юм байна. Харин шатахуун дутуу шахдаг талаар нэг бус хүн ховлоотохов. “Зарим колонкоос худалдаж авсан бензин тооцсоноос амархан дуусчихдаг, олон жил “тэрэг” барьсан хүн хэдэн литр түлшээр хэдэн км явдгийг андахгүй шүү дээ. Би тэр шатахуун түгээгүүрээр үйлчлүүлэхээ больсон” хэмээн компанийнх нь нэрийг дурдах нэгэн ч байв.

Мөн “Петровис” компанийн түгээгч Ж.Мөнхбат “Бид товлосон хугацаа тутамд бүтээгдэхүүнийхээ дээжийг холбогдох байгууллагаар шинжлүүлж, баталгаажуулдаг. Харин дутуу шахлаа, түлш хийсэн ч хянах самбар дахь заалт хөдөлсөнгүй гэх гомдол ирдэг. Иргэд бензин авч байхдаа аюулгүй байдлаа бодсон ч тэр хөдөлгүүрээ унтраах хэрэгтэй. Асаалттай байлгаснаас тухайн үед болон хэсэг хугацаанд бензиний мэдрэгч хөдөлдөггүй. Энэ үед дутуу шахсан мэтээр бодож, буцаж ирэн, гомдоллох нь бий. Аль ч компанийн түгээгүүрийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас баталгаажуулан, лацаддаг. Үүнийгээ ч тогтмол шалгадаг. Тиймээс лацыг хөдөлгөн, тохируулгыг өөрчлөх боломжгүй” гэсэн юм.

Эндээс харахад зарим иргэн бизнес эрхлэгчдийн хариуцлага, ёс зүйд найдан хуурамч шатахуун борлуулдаггүй байх хэмээн “амгалан” байна. Харин зарим нь автомашинд нь учирсан гэмтлийн шалтгаан, орчны бохирдолд нөлөөлж буй шинж тэмдгээр нь тэд биднийг хохироож байна хэмээн хэлсэн юм. Газрын тосны бүтээгдэхүүнд байвал зохих 10 гаруй үзүүлэлтийг шинжлэх, чанарыг нь баталгаажуулах төрийн өмчийн нэг ч лаборатори манайд байхгүй учраас алиных нь зөвийг хэлэх боломж алга.

С.ЦЭРЭНДУЛАМ

ИНФОГРАФИК


АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ

А.БЯМБАДОРЖ: Газрын тосны завсрын бүтээгдэхүүнийг татвартай, эсвэл квоттой болгох шаардлагатай

МХЕГ-ын Эрчим хүч, хэмжил зүйн хяналтын хэлтсийн дарга, улсын ахлах байцаагч А.Бямбадоржоос дараах зүйлийг тодрууллаа.

-Шатахууны чанартай холбоотой гомдол байнга гарах боллоо. Иргэд тэр бүрт танай байгууллагад ханддаг. МХЕГ энэ асуудалд чиг үүргийнхээ хүрээнд хэрхэн анхаарч байна вэ?

-Сүүлийн үед шатахууны чанар, дутуу шахалттай холбоотой нэлээд гомдол иргэдээс ирэх болсон. Олон нийтийн сүлжээ, мэдээллийн хэрэгслээр энэ талаар байнга хөнддөг. Шатахуунтай холбоотой хяналтыг бид Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн дагуу тавьдаг. Мэргэжлийн хяналтын байгууллага газрын тосны бүтээгдэхүүний импорт, үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, хадгалалт болон эдгээр үйл ажиллагааны аюулгүй байдалд хяналт тавина гэж уг хуульд заасан. Энэ утгаараа бид импортлох, үйлдвэрлэх, худалдаалах, тээвэрлэх үеийн аюулгүй байдалд техникийн хяналт тавьж байна. Өөрөөр хэлбэл, техник, технологийн аюулгүй байдал, стандарт, нормоо барьдаг, эсэх, дутуу шахаж байна уу, үгүй юү гэдгийг шалгаж хянадаг. Харин шатахууны үнийн хэвийн бус өсөлт, хангамжийн тасалдал, хомсдол үүсэх нөхцөлд зохицуулалт хийх, импортолж байгаа газрын тосны бүтээгдэхүүний чанарыг хянах нөхцөлийг хилийн боомтуудад бүрдүүлэх зэрэг асуудлыг Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэнэ гэж тус хуульд тусгасан байдаг.

-Холбогдох хуулиараа бол та бүхэн газрын тостой холбоотой бүх ажиллагааны аюулгүй байдалд анхаардаг байх нь. Чанарын асуудалд хэн анхаарах ёстой юм бол?

-Шатахууны үнийн хэвийн бус өсөлт, хангамжийн тасалдал, хомсдол үүсэх нөхцөлд зохицуулалт хийх нь Засгийн газрын бүрэн эрх гэдгийг өмнө нь дурдсан. Чанартай холбоотой асуудал мэргэжлийн хяналтад огт хамаагүй гэж хэлсэн хэрэг биш. Манайх Засгийн газрын тохируулагч агентлагуудын нэг. Бид аюулгүй байдалд түлхүү анхаардаг. Харин хангамж, нөөц, үнэ, чанартай холбоотой хуулийн хэрэгжилтийг хангуулахад АМГТГ анхаарна гэхчлэн чиг үүргийн хувьд ялгаатай.

-Гэхдээ шатахуунтай холбоотой гомдол, мэдээлэл АМГТГ-аас илүүтэй танай байгууллагад түлхүү ирдэг биз дээ?

-Шатахуунтай холбоотой асуудал гарах бүрт л мэргэжлийн хяналтын байгууллагын буруугаас болсон мэт хандлага иргэдийн дунд тогтсон. Бараг ШТС бүрийн хажууд мэргэжлийн хяналтын байцаагч байх ёстой юм шиг ойлгодог. Энэ маш өрөөсгөл. Үүнд хяналт тавих гол нэгж нь ажил, үйлчилгээ эрхлэгч тухайн байгууллага өөрөө. Бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар болоод аюулгүй байдалд өөрсдөө хяналт тавьдаг байх ёстой. Энэ талаар холбогдох журам ч бий. Иргэд гомдол гаргах нь зүй ёсны хэрэг.

Гомдол мэдээлэл ирсэн үед мэргэжлийн хяналтын байгууллага мэдээж ажиллана. Гол нь чиг үүргээ баримтална. Чанаргүй шатахуунтай холбоотой асуудал гарах нь олширсон учир манайх АМГТГ, ШӨХТГ зэрэг байгууллагатай сүүлийн үед хамтарч ажиллаж байгаа. Эдгээр байгууллагаас томилогдсон ажлын хэсэг өнгөрсөн онд нэлээд сайн ажиллалаа. Нэр бүхий хэд хэдэн компанийг шалгаад, хадгалж, борлуулж буй шатахууных нь чанарыг шинжлүүлсэн. Шаардлага хангаагүй бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлсэн аж ахуйн нэгжүүдэд хуулийн дагуу арга хэмжээ авсан. Заримынх нь тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг тус ажлын хэсэгт манай төлөөлөл тавьсан байгаа.

-Чиг үүргийн хувьд ийм ялгаатай юм байж. Гэхдээ та бүхэн Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийг хэрэгжүүлэхэд тус тусын үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, бүгд нэг механизмын “эд ангиуд”. Тэгэхээр энэ механизмын хаана нь алдаа дутагдал байна вэ?

-Бодлогын шийдвэр гарахгүй байх, эсвэл гарсан нь хэрэгжээгүйгээс болоод мэргэжлийн хяналтынхан гарсан зөрчлийн араас нь хөөж, хөөцөлдөн ажилладаг. Энэ хүндрэлтэй. Уг нь зөрчил гарахад хүргэсэн эх үндсийг нь шийдэх ёстой. Өөрөөр хэлбэл, асуудал гарах суурь нь хаана тавигдаж байна, түүнийг зөв тогтоож, бодлогоор шийдвэрлэх гарц байна. Харин тэр бодлогын шийдвэрийн хэрэгжилтэд манай байгууллага хяналт тавьдаг.

-Шатахууны чанартай холбоотой зөрчлийг бууруулахын тулд юу хийх ёстой гэж үзэж байна вэ?

-Импортоор оруулж буй газрын тосны бүтээгдэхүүнүүдийг хууль тогтоомжийн дагуу импортолж байгаа. Харин завсрын буюу дагалдах бүтээгдэхүүнийг сүүлийн жилүүдэд бодит хэрэглээнээс их хэмжээгээр импортлох болсон. ГЕГ-ын статистик мэдээнээс үүнийг харж болно. Тэгэхээр “Чанарын шаардлага хангахгүй байна” гэж иргэдийн мэдүүлсэн шатахуунууд ийм нэмэлт бүтээгдэхүүний хольцтой байх магадлал өндөр. Шатахууны чанарыг сайжруулахад авч хэрэгжүүлэх гол арга хэмжээ бол татваргүй, хямд оруулж ирж буй газрын тосны завсрын бүтээгдэхүүнийг татвартай болгох. Эсвэл бодит хэрэглээнд нь тохирсон хэмжээгээр импортлуулах. Энэ чиглэлийн бодлогын шийдвэр гаргавал үр дүнтэй болов уу.

Ж.СУВД

ДЭЛХИЙН ЖИШИГ


Хадгалалт, тээвэрлэлт чанарт нөлөөлдөг

Дэлхий даяар энэ сарын 1-ний байдлаар нэг литр бензиний үнэ дунджаар 1.08 ам.доллар байв. Чинээлэг орных илүү өндөр, харин ядуу болон нефть олборлож, экспортолдог улсад үлэмж хямд байна. Хөгжингүй хэрнээ бензиний үнэ хямд байдаг ганц орон бол АНУ. Татвар, төрөөс үзүүлдэг хөнгөлөлтөөс шалтгаалаад түлш, шатахууны үнэ улс бүрт адилгүй. Түлшний чанар болон марк нь тусдаа ойлголт. Марк нь октанаас хамааралтай, хэрэглэх боломжийг илтгэдэг. Зарим тохиолдолд хамгийн сайн бензин нь 76. Учир нь, 98, 95 маркийнх илүү хортой, хольцтой байх магадлалтай гэнэ. Харин чанарыг нь манай улс шатахуунаа худалдан авдаг хойд хөршийн тусгай лабораторид нефтиэс түлш нэрэх үеийн чанар, октан, орцыг харгалзан тодорхойлдог. Туршлагатай жолооч машиныхаа хөдөлгүүрийн дуу, утааны үнэрээр бензиний чанарыг мэддэг гэх. Мэргэжилтнүүдийн хэлснээр АИ-92 маркийн бензиний өнгө улаандуу улбар шар, 95 нь шар ногоон өнгөтэй байдаг. Тослогоор нь шалгая гэвэл бензинээ цаасан дээр дусаахад тосны мөр үлдвэл солярка нэмсэн байна гэсэн үг. Чанартай бензин бол цаасан дээр ул мөр үлдээдэггүй аж. Олон бодис хольсон бензинээс хүхэр их үнэртдэг байна. Хадгалалт, тээвэрлэлт бензиний чанарт бас нөлөөлдөг. Бохир, маркийнхаа стандартад нийцээгүй шатахуун машины хөдөлгүүр эвдрэхэд хүргэдэг аж. Өнгөрсөн онд бензиний чанараар ОХУ-д “Лукойл” тэргүүлжээ. Тус компанийн шатахууны чанар “Евро-5” стандартад нийцсэн, үнийн хувьд боломжийн, сонголт өргөн. Удаалсан “Газпромнефть”-ийн бүтээгдэхүүн “Евро-4” стандартад нийцдэг гэнэ. Дараа нь “Shell”, “Роснефть”, ТНК, “Трасса”, “Сибнефть”, “Фаэтон aero”, “Татнефть”, МТК компани жагсжээ.

З.АМГАЛАН

БАЙР СУУРЬ

Шатахууны чанарын талаар мэргэжилтнүүдээс тодрууллаа.

Шатахуунд нефтийн 428 000 тонн нэмэлт бүтээгдэхүүн хольсон

О.БЯМБАДЭЛГЭР (Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны тэргүүн):

-Жил орчмын өмнөөс л ярьж эхэлснээс биш бид стандартын шаардлага хангаагүй, чанаргүй, октандаа хүрдэггүй шатахуун хэрэглээд 7-8 жил болсон болов уу. Үүнийг манай холбоотой хамтран ажилладаг химичид болон эрдэмтэн багш нарын судалгаа харуулдаг. Тэд шатах, тослох материалаас дээж авч оюутнуудад хичээл заах, туршилт явуулах зорилгоор шинжлээд мэдсэн байдаг. Булингартай, тунадастай, хурц үнэртэй, дөл авалцах хэм нь зөрүүтэй зэрэг наад захын шинж тэмдгээр манай улсын зах зээлд борлуулж буй шатахуун “но”- тойг баталж, лабораторид шинжлүүлсэн. Улмаар автобензин, дизель түлшний хэмжээг нэмэгдүүлэх, октаныг нь өсгөх зорилгоор нэмэлт бодис хольдгийг тогтоосон. Дархан-Уул аймагт нэр бүхий компанийн агуулах, техник хэрэгслийн тусламжтай ийм ажил эрхэлдэг. Керосин, нафта зэрэг нефтийн нэмэлт хольцуудыг туршилт хийх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, шинжлэх зорилготой хэмээн улсын хилээр татваргүй оруулж ирдэг юм билээ. Өнгөрсөн онд 428 000 тонн ийм бодис импортолжээ. Энэ бол манай улсын газрын тосны хэрэглээний гуравны нэг орчим хувь. Үүнийг бүх төрлийн шатахуунтай хольж хэрэглэгчдэд борлуулж байгаа. Ингэснээр шатахууны хими, физикийн чанар өөрчлөгдөн, стандарт нь алдагддаг. Бид нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 200 орчим авто засварын газраас хамгийн олон үйлчлүүлэгчтэй 40-ийг нь сонгон судалгаа явуулсан. Тэдгээрт өдөрт 25-60 жолооч агрегатаа засуулдаг. Тооцож үзвэл жилд нэг тэрбум төгрөгөөр бид машинаа “янзлуулдаг” гэсэн үг. Агрегат буюу түлш шатах камертай холбоотой эвдрэлийн үндсэн шалтгаан нь чанаргүй бензин юм. Мөн хольцтой шатахуун дутуу шатаж, хорт утаа ялгаруулдаг нь эрүүл мэндэд маш муу нөлөөтэй. Эдгээрийг манай холбооны зүгээс олон нийтэд удаа дараа мэдээлж, холбогдох байгууллагуудад шаардлага хүргүүлсэн.

Чанар шалгадаг улсын лаборатори нэг ч байхгүй

Н.МЯАСҮРЭН (Стандарт хэмжил зүйн газрын Эзлэхүүн зарцуулалтын хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын лабораторийн эрхлэгч)

-Манайх шатахуун түгээх газруудын шахалтын чанарт жилд хоёр удаа нэгдсэн журмаар баталгаажуулалт хийдэг. Дөрөвдүгээр сарын 15-наас долдугаар сарын 5, аравдугаар сарын 15-наас арванхоёрдугаар сарын 5-ны хооронд нийслэлийн болон Багануур, Налайх дүүргийн шатахуун түгээх бүх газрыг хамруулдаг юм. Ингэхдээ баталгаажуулалт хоорондын хугацаа дууссан, лац хөндсөн, ажиллагаа хэвийн байгаа, эсэхийг хянадаг. Бидний хийсэн баталгаажуулалт алдаатай, эсэхийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, МХЕГ-ынхан шалгадаг. Мөн иргэдээс гомдол ирүүлсэн тохиолдолд дээрх байгууллагын хүмүүстэй хамтран газар дээр нь ажиллана. Иргэдээс гомдол байнга ирдэг. Түүнийг ажлын тав хоногт барагдуулах ёстой. Өнгөрсөн жил иргэдээс ирүүлсэн гомдлыг шалгахад шатахуунаа дутуу шахсан зөрчил илрээгүй. Харин чанаргүй учраас шатахуун амархан ууршиж байсан зөрчил олон байсан. Гэхдээ шатахууны чанарыг дандаа хувийн лабораторийнхон л шалгадаг тул учир дутагдалтай байж мэдэх юм. Улсын эзэмшлийн химийн лаборатори нэг ч байхгүй. Өнгөрсөн жил цөөнгүй гомдол ирсэн учраас бид энэ асуудлыг голлон анхаарсан. АМГТГ энэ жилээс шатахууны чанар шалгадаг химийн лабораторитой болох сурагтай.

Хэрэглэгчдийн гомдлын дагуу есөн компанийг 81 сая төгрөгөөр торгосон ч үр дүнгүй байна

М.МӨНХСОЛОНГО (Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн):

-Шатахуун импортлогчдын борлуулж буй бүтээгдэхүүн стандартын шаардлага хангаагүй, үнэ өндөр, хомсдол үүсгэн хэрэглэгчийн эрх ашгийг зөрчсөн талаарх гомдол өнгөрсөн онд 200 гаруй ирсэн. Тухайлбал, тухайн бүтээгдэхүүнд ямар нэг нэмэлт бодис хольсон байж болзошгүй, шатахуун түгээх зарим станц дутуу шахдаг, үнэ хөөрөгдсөн гэх мэт. Үүний дагуу манай байгууллагаас шалгалт хийн, томоохон аж ахуйн нэгжүүдийн борлуулж буй АИ-92 автобензинээс дээж авч Иргэний нисэхийн ерөнхий газрын лабораторид шинжлүүлсэн. Шинжилгээний дүнд тухайн бензинд марганецын агууламж 0.025 байх ёстойгоос 0.6-0.9 мг/дм3 байсан. Зарим аж ахуйн нэгжийн борлуулж буй АИ-92 автобензин октандаа хүрээгүй гэсэн дүгнэлт гарсан. Автобензин дэх марганецын агууламж өндөр байх нь шаталтын үед хөдөлгүүрээс ялгардаг хортой, хоргүй хийг шүүх үүрэгтэй эд ангийг гэмтээдэг тул агаарын бохирдлыг нэмэгдүүлж, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Мөн үнийн хөөрөгдөл үүсгэсэн зэрэг шалтгаанаар ШӨХТГ-аас нэр бүхий есөн компани тус бүрийг есөн сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан. Гэтэл тэд одоо хүртэл торгуулиа төлөөгүй ба зарим нь борлуулж буй автобензинийх нь октанд өөрчлөлт байхгүй хэмээн шүүхэд гомдол гаргасан. Ташрамд дурдахад, манай байгууллага дэргэдээ лабораторигүй бөгөөд нэг дээжийг 150 000 төгрөг төлж шинжлүүлдэг. Энэ нь иргэдийн гомдлын хариуг удаашруулах, тухай бүрт нь дүгнэлт гаргахад хүндрэл учруулдаг.

Манай улсад хоёр төрлийн хуурамч бензин оруулж ирдэг

Ц.АДЪЯАСҮРЭН (“Эко-Ази” дээд сургуулийн захирал, доктор, профессор):

-Агаарын бохирдол шатахууны чанартай шууд холбоотой. Үүнийг судалгаагаар тогтоосон. Манай улсад хоёр төрлийн хуурамч бензин оруулж ирдэг юм гэсэн. Түүний нэг нь сольвент буюу холимог бодисыг шатахуунд хийж, арвижуулдаг. Өөрөөр хэлбэл, спирт найруулж байгаатай адил. Түлшинд мөн адил керосин хольдог. Керосин нүүрс шиг илчтэй тул тусгай зууханд шатаадаг. Гэтэл зууханд ашиглах бус, түлш, шатахуунд хольж байна. Уг нь манайд “Евро-5” стандартын чанартай шатахуун хэрэглэх боломжтой. Ийм шатахууныг хэрэглээнд нэвтрүүлэхийн тулд үнэд өөрчлөлт оруулах шаардлагатай болохоор Сангийн яам татгалздаг юм билээ. Газрын тосны салбарын холбогдох хүмүүстэй уулзахад “Бид “Евро-5” руу шилжсэн тохиолдолд маш их мөнгө хэмнэж чадна” гэсэн. Харин Сангийн яамнаас хэт өндөр үнэтэй болчихно хэмээн болгоомжилдог. Хямд, чанаргүй шатахуун хэрэглэж буй нэрээр хүний эрүүл мэнд асар их хохирч байна. Бидний тооцоолсноор сайн чанарын шатахуун оруулж ирж буй компанийн татварыг багасгаж, мууг оруулж ирж байгаагийнх нь татварыг өсгөөд эхэлбэл аяндаа “Евро-5” руу шилжих боломжтой. Сайн чанарын шатахуун хэрэглээд эхэлбэл автомашинд зарцуулах хэмжээ нь багасна. Жишээлбэл, таны машин 100 км-т 20 литр шатахуун хэрэглэдэг бол “Евро-5” шатахуун 12 литрийг л хэрэглэнэ. 20 литр шатахууны өнөөгийн ханш дунджаар 37 000 төгрөг, гэтэл 12 литр шатахууныг 2100 төгрөгөөр худалдаж авахад 25 000 төгрөг л төлнө шүү дээ. Бодит хэмнэлт нь 12 000 төгрөг. Үүний цаана эрүүл мэнддээ зарцуулах мөнгө багасна гэж ойлгож болно.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)