Найман хүүхэд тутмын нэг нь бэлгийн шинжтэй дарамт, халдлагад өртөж байна

Таван настай охиныг хойд эцэг нь хүчиндсэн тухай мэдээлэл хоёр хоногийн өмнө буюу аравдугаар сарын 14-ний өдөр олон нийтийн сүлжээгээр тарж олныг цочирдуулаад байгаа. Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл тэр дундаа бага насны хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэлд онцгой анхаарах шаардлагатай гэж олон нийт санаа зовниж байна.

Тэгвэл судалгаанд хамрагдсан 8 хүүхэд тутмын нэг нь бэлгийн шинжтэй дарамт, халдлагад өртөж буй болон бусад жишээ баримтан дээр тулгуурласан, 2017 оны 3 дугаар сарын 24-нд УИХ-д өргөн барьсан "Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэл"-ээс хүргэж байна. 

Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл нь хүүхдийн биеэ хамгаалах бүрэн чадамжгүй, итгэмтгий, цайлган байдлыг ашиглан бэлгийн харьцааны зорилгоор үйлдэгддэг ноцтой гэмт хэрэг юм. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн этгээд хүүхдийн бэлгийн халдашгүй дархан байдал, бэлгийн эрх чөлөөг зөрчсөн, бэлгийн харьцаа оруулахаар завдсан, оруулсан, бэлгийн болон садар самууны шинжтэй бусад үйлдэлд уруу татсан, шаардсан эсвэл энэхүү нөхцөл байдлыг мэдсээр байж хүүхдийг хамгаалах болон урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүйг хэлнэ.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын Хүн ам, хөгжлийн комисст илгээсэн мэдээлэлд дэлхийн өнцөг булан бүрт 18-аас доош насны 150 сая орчим охид бэлгийн халдлагад өртөж байгаагийн 50 хувь нь 16-аас доош насны охид байна гэжээ. Энэхүү дэлхий нийтийг цочроосон бэлгийн хүчирхийллийн асуудал манай улсын хэмжээнд мөн адил өндөр хувьтай байгаад Хүний эрхийн Үндэсний Комисс санаа зовж байна.

Нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас 2014 онд хийсэн “Хүүхдийн хүчирхийлэлд өртөж буй байдал-2014” судалгаанд хамрагдсан охидын 15.0 хувьд нь тэдний эмзэг газар болох хөх, бэлэг эрхтэнд хүрч, биедээ албаар хүргэх, хөвгүүдийн 13.5 хувьд нь хэн нэгэн түүнд бэлгийн харилцааны талаар бичиж, ичээж зовоох зэрэг бэлгийн хүчирхийлэл үзүүлж байсан гэжээ. Мөн 2015 онд Нийслэлийн 9 дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвд хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн 16 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 2016 оны 1 дүгээр улирлын байдлаар 19 тохиолдол бүртгэгдсэн нь энэ төрлийн хүчирхийлэл эрс нэмэгдэж байгааг харуулж байна.

Хүчирхийллийн давтамжийн хувьд 20 хүүхэд (57.1 хувь) анх удаа, 15 хүүхэд (42.8 хувь) давтан эсвэл удаан хугацааны туршид хүчирхийлэлд өртсөн байна.

Хүчирхийлэл үйлдэгч нь хамаарлын хувьд ураг төрөл, танил, хөндлөнгийн хүн байгаа бөгөөд нийт тохиолдлын 20 нь буюу 57.1 хувь нь ураг төрөл, 9 тохиолдол буюу 25.7 хувь нь танил, 9 тохиолдол буюу 25.7 хувь нь хөндлөнгийн хүн байна.

Хүчирхийлэл үйлдэгдсэн газрын хувьд 21 тохиолдол буюу 60 хувь нь хохирогчийн гэрт, 6 тохиолдол буюу 17.1 хувь нь хүчирхийлэл үйлдэгчийн гэрт, 4 тохиолдол буюу 11.4 хувь нь айлд, 3 тохиолдол буюу 8.5 хувь нь тодорхойгүй, 1 тохиолдол буюу 2.8 хувь нь машинд үйлдсэн байна.

Улсын ерөнхий прокурорын газраас ирүүлсэн мэдээлэлд дурдсанаар 2015-2016 онд улсын хэмжээнд 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртжээ. Энэ нь зөвхөн хууль хяналтын байгууллагад бүртгэгдэж шалгагдсан бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн тоо бөгөөд үүнээс гадна хичнээн хүүхэд бие сэтгэлээрээ хохирч байгааг тоолж, тодорхойлсон судалгаа өнөөдөр байхгүй байна. Харамсалтай нь эдгээр хүүхдийн 48 хувь нь гэр бүл, ураг төрлийнхөө хүний хүчирхийлэлд өртөн бүх насаараа бие махбод, сэтгэл санааны гүн шархтай үлдэж байна.

Ураг төрлийн хүчин гэдэг нь хохирогчтой цусан болон ойрын төрөл садангийн хэн нэгэн этгээд түүнийг эрхшээлдээ оруулах зорилгоор эрх мэдэл, давуу талаа ашиглан, гэр бүлийн ариун журамт ёс, хайр, хүндэтгэл, итгэлийг эвдэж, хүний халдашгүй дархан байдал, эрх, эрх чөлөөг зөрчиж, бэлгийн харилцаанд оруулахаар завдсан, оруулсан, садар самууны шинжтэй бусад үйлдэлд уруу татсан, шаардсан гэмт үйлдлийг хэлнэ.

Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг ихэвчлэн хохирогчийн танил болон итгэж болохуйц ойрын хүн, итгэдэг хүн гэх мэт хүмүүс үйлддэг бөгөөд хүүхдийг эрхшээлдээ оруулахын тулд итгэлийг нь эвдэн хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, хүч хэрэглэх аргаар дээр дурдсан үйлдлүүдийг хийдэг байна. Өнгөрсөн онуудад бүртгэгдсэн гэмт хэргийн талаарх үзүүлэлтүүдээс харахад бага насны хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл, тэр дундаа гэр бүлийн орчин, ураг төрлийн хүрээнд нуугдмал хэлбэрээр, удаан хугацааны туршид үйлдэгдэж байгаа, мөн бэлгийн хүчирхийллийн тоо өсөх хандлагатай байна.

Тохиолдол

... Бага насны нэг охиныг сургуульд ороход нь хойд аавынх нь өсвөр насны дагавар хүүтэй хамт дотуур байранд оруулсан бөгөөд тэр хүү охиныг 2-3 жил хүчирхийлсэн байна. Үүнийг охины ээж, ангийн багш, дотуур байрны багш хэн ч мэдээгүй бөгөөд охин илт ном сурахгүй, бүрэг ичимхий, бүр сэтгэцийн өвчтэй болоход л анзаарч мэджээ. Үүнийг мэдээд цагдаад мэдэгдэж, хүүд эрүүгийн хэрэг үүсгэхэд хүүгийн аав болон хамаатнууд нь охины ээж рүү дайрч, чиний хүүхдээс болж энэ хүүгийн ирээдүй ийм боллоо, сална гэх зэргээр сүрдүүлсээр байгаад гомдолгүй гэсэн өргөдөл бичүүлж, хэргийг хэрэгсэхгүй болгож хаасан. Тухайн ээжийн хувьд нөхрөөсөө салвал амьдарч чадахгүй учраас сүрдүүлэг, ятгалганд орж хэргийг хааж өгөхийг хүссэн.

Энэ мэтчилэн ураг төрлийн хүрээнд үйлдэгддэг бэлгийн хүчирхийллийг илрүүлэх, хохирогчийг хамгаалах, гэмт хэрэгтнийг шийтгэх зохицуулалт хангалтгүй байна. Хохирогч бүх зүйлээрээ хохироод дуусах тохиолдол гарсаар байна. (Хүүхэд, гэр бүл хөгжлийн газрын даргатай хийсэн ярилцлагын хэсгээс ...)

Хүчирхийлэлд эрэгтэй, эмэгтэй хүүхэд өртөж, хүчирхийлэл үйлдэж байгаа этгээд нь ихэвчлэн ураг төрлийн хүн байгаа бөгөөд хохирогч хүүхэд 1 хүний, зарим тохиолдолд 2-4 хүний хүчирхийлэлд өртсөн зэргээс харахад хүүхдийн эрхийн ноцтой зөрчил удаан хугацааны турш далд хэлбэрээр бугшиж байгааг харуулж байна. Түүнчлэн өсвөр нас нь хүүхдийн бие болоод сэтгэл зүйн хувьд асар их өөрчлөлт, хямралыг даван туулж, бие хүн болон төлөвших, нийгэмд байр сууриа олох шилжилтийн эмзэг үе байдаг. Яг энэ үедээ бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдэд онцгой анхаарал хандуулан, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн сэтгэл зүйн үйлчилгээ, сэтгэл заслын эмчилгээг үр дүнтэй хийх, хүний нөөцийг чадавхжуулах хэрэгцээтэй байна.

Энэ төрлийн гэмт хэргийг хууль хяналтын байгууллагаас шалгаж, шийдвэрлэх явц удаан, хохирогчоос олон дахин мэдүүлэг авах, эмзэг асуудлыг нь удаа дараа сөхөх зэргээр сэтгэл санааны дарамтад оруулдаг, нөгөө талаас гэмт хэрэг үйлдэгчийн ихэнх нь гэр бүл, хамаатан, ураг төрлийн холбоотой хүмүүс байдаг учир янз бүрийн дарамт шахалтаас шалтгаалж хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны явцад хүүхэд гомдлоосоо татгалзах, эсхүл шүүхийн шатанд хэргийг хэрэгсэхгүй болгох явдал их гарч байна. Тухайлбал сүүлийн хоёр жилийн судалгаанаас үзэхэд нийт бүртгэгдэн шалгагдсан гэмт хэргийн 49 нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт зааснаар “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна.

Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд маш эмзэг хохирогч болдог билээ. Хэдийгээр хүүхдэд учирсан бие махбод, сэтгэл санааны хохирлыг нөхөн сэргээх, эргээд хэвийн амьдралдаа ороход нь дэмжлэг үзүүлэх эрх зүйн зохицуулалт байгаа хэдий ч энэ нь бодит амьдрал дээр хэрэгждэггүй, хуулиар үүрэг хүлээсэн байгууллагуудын үйл ажиллагаа хангалтгүй, харилцан уялдаа холбоогүйгээс гадна гэмт хэргийн хохирогч болсон хүүхдийн эрсдлийг тооцон хүүхэд бүрт тохирсон хамгаалалт, эрүүл мэндийн болон нийгмийн үйлчилгээ үзүүлэх тусгайлсан механизм байхгүй байна. Мөн шүүхэд сэтгэл санааны хохирлыг тооцох аргачлал нь хангалтгүй, бэлгийн хүчирхийллийн хохирогчдод чиглэсэн сэтгэл засах, нийгэм, хамт олны дунд оруулах үйлчилгээ байхгүй, хэрэг шалгаж, шийдвэрлэх явцад хохирогчийн хувийн нууцыг хамгаалах асуудал дутагдалтай, нэр хүндэд нь халдах явдал их байна.

Тохиолдол

Комисст хандаж иргэн Н 2016 онд “... 2012 оны 4 дүгээр сард Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт бага насны дөрвөн эрэгтэй хүүхдийн гурвыг нь хүчиндэж, нэгийг нь дээрэмдсэн ноцтой гэмт хэрэг гарсан. Уг гэмт хэргийг 3 шатны шүүх шийдвэрлэхдээ хуулийн хүрээнд үнэн бодитойгоор шийдвэрлээгүй, хохирлыг бүрэн гүйцэд нөхөн төлүүлэх шийдвэр гаргаагүй. Тус гэмт хэргийн хохирогч 4 хүүхдийн 3-т нь 10 сая төгрөг, харин миний хүү А-д 5 сая төгрөгийн хохирол нөхөн төлүүлэхээр шийвэрлэсэн боловч одоог хүртэл шүүхийн шийдвэр биелэгдээгүй байна. 
... хүү маань өөрийн хүн байх үнэ цэнэ, ирээдүйгээ тодорхойлох итгэл үнэмшил, нэр хүнд, үнэт зүйлсээ алдаж, сэтгэл санаа, бие махбодоороо хохирч, байнгын стресс, цочрол, айдастай байж, сэтгэцийн эмгэгтэй болсон.
... хохирогч хүүхэд төдийгүй манай гэр бүлийн бусад гишүүд ч бие махбод, эрүүл мэнд, сэтгэл санаа, нэр төр, эдийн засгаараа давхар хохирсоор байна.
...тийм учраас төр үүргээ ухамсарлаж, хохирсон хүүхдэд сэтгэл зүйн тусламжийг цогцоор нь үзүүлэх, нөхөн сэргээх, эргэн нийгэмшүүлэх шинэ хандлагыг нэвтрүүлж хэрэгжүүлэх хэрэгтэй байна... ” гэх гомдол ирүүлжээ

(Комисст ирүүлсэн иргэн Н-ийн гомдлоос ...)

Хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд нэг удаа өртөөд зогсохгүй байнгын бэлгийн дарамтад байх, улмаар өсвөр насандаа хүүхэд төрүүлэх, бэлгийн замаар дамжих халдварт өвчнөөр өвчлөх явдал гарсаар байна.

Тухайлбал, Монгол Улсад 2017 оны нэгдүгээр сарын байдлаар бүртгэгдсэн ХДХВ-ын халдварын нийт 226 тохиолдлын 12 тохиолдол нь 15-19 насны хүмүүс байна. Үүний 2 тохиолдол буюу 15 настай 2 хүүхэд 2016, 2017 онд тус тус бүртгэгдсэн байна. Мөн Эрүүл мэндийн яамнаас ирүүлсэн сүүлийн хоёр жилийн статистик мэдээллээс харахад улсын хэмжээнд 12-17 насны 1613 эх төрсөн бол 20 хүртэлх насны 18.168 охид, бүсгүйчүүд үр хөндүүлжээ.

Хүүхдүүдийн дунд бэлгийн замын халдварт өвчлөл, охидын эрт жирэмслэлт, үр хөндүүлэх болон төрөлтөд нийгмийн олон хүчин зүйл нөлөөлж байгаагийн нэг нь нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн боловсрол олгох тогтолцоо, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа сул байгаатай холбоотой юм. Мөн нийгэм дэх ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл, ядуурал, ажилгүйдэл, архидалт болон эдийн засгийн хүчин зүйлсээс шалтгаалж байна.

Иймд хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг таслан зогсоохын тулд хохирогчийг хамгаалах эрх зүйн орчинг боловсронгуй болгох, бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийг шалгаж шийдвэрлэхдээ аль болох богино хугацаанд хохирогчид сэтгэл санааны дарамт учруулалгүй тэдний нас, сэтгэхүйн онцлогт тохируулан мэргэжлийн өндөр түвшинд ажиллах, ийм төрлийн хохирогчтой ажиллах тусгай хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах шаардлагатай байна. Мөн шүүхэд сэтгэл санааны хохирлыг үнэлэх аргачлалыг нэвтрүүлж, хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна. 
 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)