Найман аймгийн 36 сумд цагаан зуд нүүрлэжээ

Монгол орны нийт газар нутгийн 70 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй байна. Тэр дундаа найман аймгийн 36 сумд цагаан зуд нүүрлэснийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв. Тухайлбал, Завханы 11, Увсын долоо, Хэнтийн зургаа, Хөвсгөлийн дөрөв, Архангай, Сүхбаатарын тус бүр гурав, Дорнодын болон Ховдын нэг сум зудтай аж. Өнгөрсөн сарын дундуур есөн аймгийн 41 сумд цагаан зудын гамшиг нүүрлэсэн байв. Түүнээс хойш цаг агаар харьцангуй тогтуун, дулаан байсан тул зарим нутагт өвөлжилт хэвийн болсон гэнэ. Гэхдээ цаашид хүйтэрч, цас нэмж орвол зуд болох эрсдэлтэй 16 аймгийн 58 сум бий юм билээ. Ташрамд дурдахад, цас их унаж, хүйтэнтэй хавсрахыг цагаан зуд хэмээдэг. Өөр өөр хэлбэл, байн байн цас орохын зэрэгцээ хүйтний эрч эрс чангаран, мал сүрэг бэлчих аргагүй болж, өвс тэжээлээр гачигдан зутарч, улмаар тарга хүч нь муудан, олноор хорогдох эрсдэлийг ийн нэрлэдэг билээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)