“Назу проперти” компаниас болж иргэд тэнүүчлэн амьдарч байна

Байшинг нь тохилог орон сууц болгоно хэмээн амлаж, гудамжинд гаргасан иргэдээ эргэж тойрдоггүй юм гэхэд асууж сурагладаг болов уу, эрх мэдэлтнүүд. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж эхлэх үед УИХ-ын гишүүд, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, хотын дарга гээд толгойтой бүхэн үгийн сайхныг хэлж, зургаан сар, нэг жилийн дараа орон сууцтай болгоно хэмээн амласан нь хэвлэлийн хуудаснаа тод үлджээ. Бид энэ удаа “Назу проперти” компанийн хохирогчидтой уулзлаа. 2013 оноос хойш хохирогчдын зарим нь тэнгэрт хальж, цөөнгүй хэд нь архинд орж, нэг хэсэг нь айлын хаяанд хоргодож буй гэнэ. Үлдсэн нь эзэнгүй хашаа манаж, өдөр хоногийг аргацааж байгаатай таарлаа. Азтай 11 айл нь нийслэлийн дамжин өнгөрөх орон сууцанд амьдарч буй ч түрээсээ төлөөгүй гэх шалтгаанаар хөөгдөж, туугдан, шар нар, бор хоногийг өнгөрөөж байна.

“Назу проперти” компанийнхан 2013 онд Сонгинохайрхан дүүргийн X хороонд төсөл хэрэгжүүлэхээр шалгарсан аж. Тухайн оныхоо наймдугаар сарын 20-нд тус дүүргийн X хорооны Арьс ширний үйлдвэрийн байшинд оршин суудаг 43 айлын иргэдтэй газар чөлөөлөх гэрээ байгуулжээ. Улмаар 2014 оны есдүгээр сард 43 өрхийн 120 орчим иргэн байшингаа суллаж өгчээ. Чөлөөлсөн 11.5 га газартаа суурь цутган, таван давхар карказ босгосон ч 2015 оноос ажил нь зогссон аж. Эхний ээлжид олон хүүхэдтэй болон нас дээр гарсан иргэнтэй есөн өрхийг байранд оруулсан юм байна. Бусад иргэнд нийтийн байр түрээслэхэд зориулж, сар бүр 150 000 төгрөг өгч байсан ч жилийн дараагаас өгөхөө больж. Сонгинохайрхан дүүргийн X хорооны Засаг дарга Б.Хишигт энэ талаар “Назу проперти” компанийн ажил зогсоод удлаа. Арьс ширний үйлдвэрийн 10 байрны 43 айлыг нүүлгэж, байшинг нь өөрсдөөр нь нураалгасан. Иргэдэд 2016 оны зургадугаар сар хүртэл түрээсийн мөнгө өгсөн. Орон гэргүй болсон иргэд өнөөдөр хүндхэн байна. Насны эцэст орон гэргүй боллоо гээд сэтгэлээр унасан хүн цөөнгүй. Иргэдийн байдлыг хотын удирдлагад уламжилсан. “Назу проперти” компанийн эрх хүлээн авсан шинэ захиралтай уулзахад “Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас гэрээгээ сунгачих юм бол ажлаа эхлүүлэхэд бэлэн. Хөрөнгө оруулагч олсон” гэсэн хариу өгч байгаа” гэв.

Чөлөөлсөн суурин дээр босгосон гэх таван давхар дээвэргүй, дутуу барилгад очив. Цонхны шил нь хагарч, гадуур нь дулаалсан хөөсөнцөр нь унаж, салмайжээ. Нэгдүгээр давхрыг нь архичид эзэгнэж, эргэн тойронд нь хог овоорсон дүр зураг угтлаа. Хашсан төмөр хайсууд унаж, барилгын хажуухантай ухсан нүхэнд хүн унаж бэртэх нөхцөл үүссэн харагдав. 

Төслийн хүрээнд төр, хувийн хэвшил, иргэн хоорондоо гэрээ байгуулсан гэх. Гэсэн ч өдгөө эл асуудалд нийслэлийн удирдлага, компанийн төлөөлөл аль аль нь анхаарал хандуулахгүй байсаар зургаа дахь зунаа үдэж буй нь энэ. Хоосон таван давхар балгас өвөлдөө хогоор дүүрч, зундаа архичид хоргоддог газар болсон байна. 

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хү­рээнд хохирсон иргэн цөөнгүй. Тэдний нэг Д “Насаараа Арьс ширний үйлдвэрт ажилласан. Тэтгэвэрт гарахдаа ягаан, ногоон тасалбараар байраа хувьчилж авсан юм. Гэтэл насны эцэст орох оронгүй, оочих аягагүй болчихлоо. “Назу проперти” нэг хэсэг түрээсийн байрны мөнгө өгсөн. Мөнгөнд нь тааруулаад 8-10 ам метр умгар өрөө хөлсөлнө. Чийгтэй байранд тавилгууд хажуугаасаа хөгцөрч, эрүүл мэндээрээ ч хохирч байна. Мөнгө нэмж гаргаад өөр байр түрээсэлж үзсэн. Олон нүүдлийн явцад тавилга ч эвдэрлээ. Одоо гадаад явсан танилынхаа хашаа байшинг манаж сууна. Хямраад нойр ч муудсан. Нэг удаа толгой эргэж, унахаасаа өмнө арай гэж түргэн дуудсан. Даралт ихэссэн байсан. Хүний гэрт ганцаараа байж амиа алдвал яана гэж айх юм” гэж ярив.

Өөр нэгэн хохирогчтой уулзлаа. Иргэн Т “Дэнжийн 1000” зах орчмоор өдөр хоногийг өнгөрөөдөг. Гудамжинд гарч, сэтгэл санаагаар унасандаа ч тэр үү бор дарсанд орсон бололтой. Орон гэртэй, ажил албатай байхдаа өнгө зүс сайтай байсныг танилууд нь хэлэв. Харин бидэнтэй уулзахдаа нүд нь бэлцийж хавдсан, өмссөн зүүсэн нь хир буртаг болж, нооройсон байв. Бас л итгэлийн гал нь унтарч, үхлийн тухай ярих нь нуруу хүйт даамаар. Тэрбээр “Ингэж яваад нэг мэдэхэд хөлдөөд юм уу, харваад өнгөрөх биз. Гудамжинд нохой шиг бус, орон гэртээ мөнх бусыг үзмээр байна” гэж хэлэх нь уйтай бөгөөд сэтгэл өвдмөөр байсан. “Назу проперти”-гийн хохирогчдоос хоёр нь хэвтэрт орчихсон өнөө маргаашаа хүлээж буй гэх. “Орон гэргүй болсон нэг эмэгтэй өнгөрсөн жил нас барсан. Үүнээс өмнө хоёр ч буурай сэтгэлээр унаж, шаналсаар бас л хорвоогоос явсан” гэдгийг хохирогчид ярив. Хотын захиргааныхны сайхан үгэнд хууртаж, утаанаас салах нь хэмээн итгэж, байшингаа нураасан иргэд өдгөө ийнхүү халаглаж сууна. 2015 оны тавдугаар сарын 12-нд хийсэн гурвалсан гэрээнд зааснаар иргэд тухайн оныхоо есдүгээр сард орон сууцанд орох байж. Байр ч үгүй, байшин ч үгүй болсон иргэд ийм байдалтай хэдэн жилийг үзжээ. 

Хорооны Засаг дарга Б.Хишигтийн ярьснаар “Назу проперти” компани дэд бүтэц тавихын тулд улсын төсвөөс 3.7 тэрбум төгрөг авчээ. Тийм хэдий ч энэ мөнгөө зориулалтын бус зүйлд зарцуулсан сурагтай. Улмаар энэ асуудлыг АТГ-аас шалгаж, гурван шатны шүүх хэлэлцсэн аж. Өдгөө эл компани ажлаа үргэлжлүүлэх хүсэлт гаргасан ч нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас ерөнхий төлөвлөгөөг нь батлахгүй, Хөрөнгө оруулалтын газраас ч гэрээг нь сунгахгүй байгаа гэнэ. “Назу проперти” компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Наранзул өнгөрсөн долдугаар сард нийслэлийн хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагайд хандаж хүсэлт гаргасан юм байна. Уг хүсэлтэд “Барилгын явц 70 хувьтай байгаа. Бид дутуу барьсан барилгаа гүйцээж, цэвэр бохир усыг холбон, халаалтыг шинэ технологиор шийдэх хүсэлтэй. Үүний тулд нийслэлийн Хөрөнгө оруулалтын газартай өмнө нь байгуулсан цэвэр усны шугам болон шинэ технологийн гэрээгээ сунгах шаардлагатай. Таван жилийн өмнө дулаан болон цэвэр усны шугам тавих гэрээний урьдчилгаа төлбөр 1.9 тэрбум төгрөгийг “Капитал” банкнаас баталгаа гаргуулж авсан. Өдгөө “Капитал” банк дампуурсан. Гурван шатны шүүхээс дээрх банк төлбөр төлөх шийдвэр гаргасан. Тиймээс төлбөр төлөх асуудал нь тухайн банк эсвэл эрх хүлээн авагчтай холбоотой. Гэтэл нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас “Төлбөр барагдсанаар гэрээг сунгана” гэх хариу өгч байгаа нь үндэслэлгүй байна. “Капитал” банкнаас баталгаа гаргах үед манай компани өөрийн хөрөнгөө барьцаалсан. Иймд дэд бүтцийн гэрээнүүдийг сунгаж өгнө үү” гэжээ. 

“Назу проперти” компанийнхан зуны турш ганц ч тоосго нэмж өрсөнгүй, намрын сэрүүнтэй золголоо. Өөрөөр хэлбэл, хохирогчид хэзээ орон гэртэй болох нь тодорхойгүй байна.

Ч.БАТБИЛЭГ: ХОХИРОГЧДЫГ “МОННИС УРБАН ДЕВЕЛОПМЕНТ” КОМПАНИЙН БАЙРАНД ОРУУЛНА 

Нийслэлийн Орон сууц, дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэгээс хохирогчдыг орон гэртэй болгох ямар ажил хийж буйг нь тодруулав. 

-“Назу проперти” компанийн хохирогчид хүндхэн байдалтай байна. Эдгээр иргэн хэзээ байртай болох вэ? 

-“Моннис урбан девелопмент” компанийн барилга энэ намар ашиглалтад орно. Барилгын гүйцэтгэл сайн байгаа. Тиймээс нийслэлийн дамжин өнгөрсөн байрт байгаа “Моннис урбан девелопмент” компанид газраа чөлөөлж өгсөн иргэд болон орон гэргүй болсон бусад хүнээс гарцаагүй хүнд байдалтайг нь орон сууцанд оруулна. 

-Дамжин өнгөрөх байрт байгаа иргэдийг түрээсээ өгөөгүй шалтгаанаар өрөөгөө суллахыг шаардсан нь үнэн үү? 

-Саяхан 10 гаруй хүн ийм шалтгаанаар надтай уулзсан. Түрээсийн мөнгө төлөөгүй шалтгаанаар иргэдийг хөөсөн асуудал байхгүй. Харин ашиглалтын зардлаа төлөөгүй иргэдэд анхааруулсан байх. Цахилгаан болон ус, дулаан зэрэг хэрэглээний бусад төлбөрөө иргэн төлөх үүрэгтэй. 

-Энэ жил хэчнээн иргэн орон сууцанд орох вэ? 

-2019 онд 4000 иргэнийг орон сууцтай болгохоор төлөвлөсөн. Дахин төлөвлөлтөд хамруулсан 3000 орчим иргэн орон сууцтай боллоо. Анхнаасаа алдаатай төлөвлөсөн бодлогыг зөв голдиролд нь оруулах гэж манай хамт олон хичээж байна. Долоо хоног бүр мэдээллээ тулгаж, орон сууцад орох иргэдийн нэрс гаргадаг. Дахин төлөвлөлтийн хүрээнд орон гэргүй болсон иргэдийн асуудлыг аль болох хурдан шийдэхээр ажиллаж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)