Наадмын үйл ажиллагааг есөн телевиз, цахимаар цацна

Монголчууд наадмаа анх удаа цахим хэлбэрээр зохион байгуулах гэж байна. Наадмын нээлтийн ёслол, бөхийн барилдаан, сур, шагайн харваа “XIII зуун” цогцолборт болно. Харин хурдан морины уралдааныг уламжлал ёсоор Хүй долоон худагт явуулах юм. Эдгээрийн аль аль нь үзэгчгүй. Монголчууд ирэх сарын 11, 12-нд телевизийн есөн суваг солин дуртайгаа үзэж, наадна.

Монгол наадмыг цахимаар зохион байгуулах ажлыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар ерөнхийд нь хариуцаж буй. Нээлтийн ёслол өмнөх жилүүдэд ямар болж байсан, тэр түвшнээс дордуулалгүйгээр наадамчин олны мэлмий, оюунд хүргэх, шийдэл шаардсан онцгой ажилтай Улсын баяр наадам зохион байгуулах комиссынхон энэ удаа тулгарсан бөгөөд хэрхэхийг найруулагч, “Херо энтертайнмент” продакшны захирал Б.Баатарт даатгасан. Уран сайхны удирдагч нь ҮУИТ-ын захирал, Урлагийн гавьяат зүтгэлтэн О.Цоггэрэл. Тэд нээлтийн ёслолын ажиллагааг гаргасан зохиолын хүрээнд тодорхой утга, агуулга “зангидсан” өгүүлэмжтэйгээр “тавих”-аар ажилдаа орсон. Төрийн есөн хөлт цагаан туг цэнгүүлэх, Ерөнхийлөгчөөр үг хэлүүлэх, урлагийн тоглолт гэсэн хэсгүүдтэй. Мэргэжлийн урлагийн байгууллагын уран бүтээлчид, зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнээс ч дайчилж буй. Нэг доор олон хүн цуглуулахгүй байх үүднээс уран бүтээлчдийн багийг цувруулж дуудах, зөрүүлж байрлуулах, хооллож ундлах гээд “XIII зуун” цогцолборт нэлээд ажил өрнөж байна. 

Хүйтэн бороо, шороон шуургатай өдрүүдэд ч тэд ажилласаар. Амаргүй нөхцөл байдалд зураг авахыг урьдчилан тооцоолсон ч, ийм их устай бороо, ширүүн салхитай байна гэж хэн нь ч санаагүй биз ээ. Мэргэжлийн урлагийн байгууллагынхан ээлжлэн очиж буй гэж дээр дурдсан. Өчигдрийн байдлаар зураг авалтын талбайд БЦДБЭЧ, Морин хуурын чуулгынхан дуудагдсан байлаа. Бичлэг хийж, дүрсжүүлэх ажлыг энэ сарын 11-нд эхлүүлсэн, 30 гэхэд дууссан байна. Үлдсэн хугацаанд эвлүүлэх бөгөөд туршлагатай уран бүтээлчдийн гараас гарсан бүтээгдэхүүнийг үзэгчид Улсын баяр наадмын хоёр өдөрт үзэж, сонирхох юм. Наадмыг цахимаар зохион байгуулах ажил нь бэрхшээлийг боломж болгож буй мэт. Нэг сумаар олон туулай буудах лугаа адил. Цаг зав, хөрөнгө зарцуулан “Монгол наадам” хэмээх контент бүтээж авснаар, цаашид дэлхийд хэдэнтээ цацаж, монгол өв соёлын тухай мэдээллийг хүн төрөлхтөнд цогц, чанартай хүргэх алсын хараатайгаар ажиллаж байгааг анзаарлаа.

Нээлтийн ёслолын ажиллагааны сэдэв, агуулгыг товчхонд нь “Монгол хэмээх нэгэн нэр ертөнцийн чихнээ дуурсгалтай” хэмээн тодорхойлж болох ч юм шиг. Монгол наадам айсуй.