Наадмын автомашины А, Ж, DK, Ү, Г, улаан, цэнхэр М гэх долоон төрлийн зөвшөөрөл олгогдож байна

Тулгар төрийн 2227, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр цагдаагийн байгууллага хэрхэн ажиллахаа хэвлэлийнхэнд тайлагналаа.

ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖИНЭ

Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн байгууллагаас иргэдийн ая тухтай, аюулгүй зорчих нөхцөл боломжийг бүрдүүлсэн зорилгоор бусад анги байгууллагуудаас хүч нэмэгдүүлэн нийт 557 алба хаагч мөн нэмэгдлээр Хууль сахиулахын их сургуулийн 85 сонсогч өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин, үүрэг гүйцэтгэх гэнэ. Мөн 550 сэтгүүлч, зураглаач нарт наадмыг сурвалжлах тусгай мандат олгогджээ. Иймд наадмын стандион руу зөвхөн билеттэй иргэд болон мандаттай хэвлэл мэдээллийн ажилтнууд л нэвтэрнэ.

Энэ талаар ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан мэдээлэл өгсөн юм. Түүний хэлснээр бүх бэлтгэл ажил 95 хувьтай явж байгаа аж. Хүй долоон худаг болон Төв цэнгэлдэх талбайг бүрэн камержуулж, өнгөрсөн жилүүдэд гарсан гэмт хэрэг зөрчлүүдийг шийдвэрлэх боломжтой байна гэж үзсэн.

Морь дагадаг машинуудыг цөөлж, дөрвөн телевизийн машин, түргэн тусламж, даамал, дэд даамлын зэрэг зайлшгүй дагах ёстой 12-16 машин л морь дагана. Ингэхдээ түрүү мориноос тодорхой зайд дагана. Түрүү морины хашаа руу ч олон машин зэрэг оруулахгүй.

Мөн наадамчин олондоо онцгой анхааруулах зүйлс байна. Баяр наадмын үеэр бороо хур ихтэй байх тул амарч байгаа хүмүүс бяцхан үрсээ хамаагүй гол руу явуулахгүй, хараа хяналттай байхыг анхааруулж байна. Үүнээс гадна архи, согтууруулах ундааг зөв зохистой хэрэглэхийг сануулж байна. Учир нь өнгөрсөн жилийн баяр наадмын өдрүүдэд ЗЦА-нд нийт зам тээврийн ослын 800 орчим дуудлага ирснээс хоёр хүн амь насаа алдаж, 70 хүн гэмтэж бэртсэний 18 нь хүүхэд байсан. Дийлэнх нь онхолдох, мөргөлдөх, шалтгаанаар нь авч үзвэл согтуруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, хурд хэтрүүлсний улмаас үйлдэгдсэн байгаа юм.

АВТОМАШИНЫ А, Ж, DK, Ү, Г, УЛААН М, ЦЭНХЭР М ГЭХ ДОЛООН ТӨРЛИЙН ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОГДОЖ БАЙНА

Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг дахь авто зогсоолын хэмжээнээс хамааран тээврийн хэрэгслийн зөвшөөрлөөр олгогддог. Зөвшөөрөл нь баяр наадмын үеэр иргэд, хөдөлгөөнд оролцогчдыг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түгжрэл саатал үүсгэхгүй байхад чиглэгдсэн хөдөлгөөн зохион байгуулалтын нэг хэлбэр юм. Энэ жил А, Ж, DK, Y, Г, улаан М, цэнхэр М гэх нийт долоон төрлийн зөвшөөрөл олгогдож байна.

Мөн замын тэмдэг, тэмдэглэгээ, "Чиг заасан мэдээлэх самбар"-ыг шаардлагатай байрлалуудад байрлуулсан бөгөөд зарим тээврийн хэрэгслийн зөвшөөрлийн талбайг ойролцоо дүүргээр нь ангилж өгчээ.

Тухайлбал, "Г" төрлийн зөвшөөрлийг хоёр байршилд байрлуулсан. Нэг дэх нь СБД, СХД, БГД, ЧД-ийн чиглэлээс ирж буй иргэдэд зориулан Энхтайвны гүүрний зүүн дор байрлах "Усан парк"-ын зогсоол, хоёр дахь нь ХУД, БЗД-ийн чиглэлээс ирж буй иргэд Хурд хорооллын зүүн талд байрлах "Суруго Монгол" ХХК-ийн зогсоолд байрлуулах юм.

Харин зөвшөөрөлгүй жолооч нар Дүнжингарав, Мишээл экспо төвийн зогсоол дээр автомашинаа байрлуулан, Төв цэнгэлдэх хүрээлэн рүү 3-5 минут тутамд үнэ төлбөргүй автобусаар зорчих боломжтой.

Үүнээс гадна баяр, наадмын нээлт, хаалт болон Есөн хөлт цагаан туг залах залах, соёолон насны морины уралдаан, "Дээлтэй монгол" соёлын арга хэмжээнүүдийн үед хөдөлгөөний чиглэл өөрчлөх, нэг чигийн хөдөлгөөнд оруулах, зарим уулзвар, гарцыг хаах зэрэг зохицуулалт хийгдэнэ. Баярын өдрүүдэд F 100.1, 100.5, 88.8, Авто радио 96.3-аар дамжуулан нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтран жолооч, зорчигчдод замын ачаалал, нягтрал, сонгож явах боломж бүхий нягтрал, сонгож явах боломж бүхий сийрэг замын мэдээллийг давтамжтайгаар наадамчин олонд хүргэх гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)