НААДАМ ЭХЛЭХЭД НАЙМ ХОНОГ ҮЛДЛЭЭ

Дэнж хотолзтол нааддаг монгол наадам эхлэхэд хэдхэн хоног үлдлээ. Ардын хувьсгалын 89 жилийн ойн баяр наадмын бэлтгэл ажил ерөнхийдөө жигдэрчээ. Энэ жилийн наадам ямар зохион байгуулалттай болж, наадамчин олныг ямар шинэ зүйлүүд хүлээж байгааг мэдэхийг хэн хүнгүй хүсч байгаа байх. Тэгвэл “Өнөөдөр” сонин наадмын эргэн тойрныг сонирхлоо.

ЗАМЫН БӨГЛӨРЛИЙГ КАМЕРААР ЗОХИЦУУЛНА

Жил бүрийн наадмын өдрүүдэд нийслэлчүүд бид нийг бухимдуулдаг асуудал бол замын түгжрэл. Ялангуяа, хотын хэд хэдэн хэсэгт зам засварын ажил ид өрнөж байгаа энэ үед бид жирийн өдрүүдэд ч бөглөрөлд зогссоор байна. Тэгвэл энэ сарын 1-нээс албан ёсоор үйл ажиллагаагаа эхэлсэн Авто замын удирдлагын төв энэ асуудлыг зохицуулах юм байна. Нийслэлийн 26 уулзварт байрлуулсан хяналтын камерийн тусламжтайгаар аль зам ачаалал ихтэй байгааг тус төвийнхөн ажиглаж, тухайн үеийн замын хөдөлгөөний байдлыг богино долгионы бүх радиогоор мэдээлэх гэнэ. Нийслэлд хийгдэж буй зам засварын ажлыг наадмын өдрүүдэд зогсоож, түр хугацаагаар нээхээр болжээ. Түүнчлэн энэ жил Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн хойд хэсэгт 4000 машины автозогсоол байгуулж, ойр орчмынх нь онгорхой, цоорхой замыг нөхөж дуусгасан гэнэ. Энэ жилийн наадмаар найман төрлийн тусгай зөвшөөрлийг 13600 машинд олгох юм байна. Үүнээс төрийн болон олон улсын байгууллагын автомашины А, Д зөвшөөрөл хамгийн үнэтэй буюу 20.000 төгрөг. Бусад нь 3-10 мянган төгрөгийн үнэтэй.


ЦЭМЦГЭР НААДАМ БОЛГОНО

Наадмын өдрүүдэд Тохижилт үйлчилгээний ажилт нууд талбай бүрхсэн хогийг хонон өнжин цэвэрлэдэг. Тэгвэл энэ жил Наадмын комиссынхон төрийн бус байгууллагуудтай хамтран сайн дурын 500 орчим залуусыг энэ ажилд дайчлахаар болжээ. Төв цэнгэлдэхийн эргэн тойронд 70 орчим хогийн сав байрлуулах юм байна. Сайн дурын хүүхдүүд иргэдийг зориулалтын саванд хогоо хийхийг шаардаж, хаясан хогийг дор бүрд нь авч байх учраас талбай цэвэрхэн болно гэж үзэж байгаа гэнэ. Өнгөрсөн хаврын шуурганаар нурж унасан цэнгэлдэх хүрээлэнгийн дээврийн болон урсгал засварт 140 сая төгрөг зарцуулж, засварын ажил дуусчээ. Мөн наадмын дэвжээний зүлэг энэ зун онцгой сайхан ургасан тул бөхчүүд маань урамтай сайхан барилдах бололтой. Өнгөрсөн жил халцарсан хэсгүүдийн хөрсийг шинэчлэн, сэргээж, дахин зүлэгжүүлсэн юм байна. Бие засах газрын асуудал наадамчин олны сэтгэлийг зовоож, бухимдуулсаар ирсэн. Тэгвэл “Су руга монгол” компанийн бэлэглэсэн Японы 80 шир хэг био жорлон энэ асуудлыг шийдвэрлэхэд туслах аж. Эдгээр био жорлонг Цэнгэлдэх болон Хүй долоон худаг орчмоор хувааж байрлуулах юм байна. Түүнээс гадна нийтийн хуучин бие засах газрууд ч ажиллана.


ЦАГДАА ЭМЭГТЭЙЧҮҮД ХАМГААЛАЛТАД АЖИЛЛАНА

Энэ жилийн наадмын үйлчилгээний хамгаа лалтад цагдаа эмэгтэйчүүд түлхүү ажиллуулахаар болжээ. Учир нь эмэгтэй хүн хүнтэй харилцаж, ойлголцохдоо илүү гэж үзсэн юм байна. Наадам сурвалжлах эрх бүхий хүмүүсийн ордог хаалга, асрын хэсэг гэх мэт гол хэсэгт цагдаа эмэгтэйчүүд өвөрмөц загвартай малгай өмссөн байвал та бүү гайхаарай. Төрийн тусгай албан хаагчдын хувцасны загварыг Засгийн газар баталдаг. Цагдаа эмэгтэйчүүдийн энэ жил наадмаар өмсөх малгайн загвар өмнө нь батлагдсан ч санхүүгийн асуудлаас болоод хийлгээгүй байсан аж. Тэрхүү загварын малгайг хийлгэхээр Солонгосын компанид захиалга өгсөн ч наадмын өмнө амжих эсэх нь тодорхой бус байна


АЖ АХУЙН НЭГЖИЙН АСРУУД НААДАМЧДЫГ ХУУШУУРААР ДАЙЛНА

Энэ жилийн наадмаар 600 аж ахуйн нэгжид худалдаа үйлчилгээ явуулах зөвшөөрөл олгох юм байна. Гэхдээ хувь хүн бус зөвхөн нийтийн хоолны чиглэлээр ажилладаг, туршлагатай, томоохон аж ахуйн нэгжүүдэд олгох гэнэ. Гар дээрээс зарж буй хувь хүмүүсийн хуушуурыг хураан авч устгах тул ингэж өөртөө болон бусдад түвэг учруулахгүй байхыг Наадмын комисс зөвлөв. Гол нь иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүднээс ийм ажлыг зохион байгуулж байгаа юм. Зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүдийг шалтай том асар юм уу гэр барихыг шаардаж байгаа тул иргэд наадмын хуушуураа зогсож байгаад, шороотой хольж иднэ хэмээн санаа зоволтгүй. Тэдгээр аж ахуйн нэгжийн хоол хүнс, эрүүл ахуйд мэргэжлийн хяналтын 100 орчим байцаагч хяналт тавих юм байна. Түүнчлэн 600 зөвшөөрлийн тодорхой хэсэг нь хүнсний бус үйлчилгээ явуулах эрх юм байна. Тэгэхээр өнгөрсөн наадмуудын адил бэлэг дурсгалын зүйлс, хүүхдийн тоглоом болон зугаацаж, тоглох үйлчилгээ талбайн орчимд байх болно.


ХҮЙ ДОЛООН ХУДАГТ БӨХИЙН БАРИЛДААН ҮЗНЭ

Наадмын ногоон дэвжээн дээр барилдах бөхч үүдийг үзэж буй нийслэлчүүдийн сэтгэл үе үе морь барианы газар руу тэмүүлдэг. Тэгвэл энэ жил 12 метрийн урттай, зургаан метрийн өндөртэй дэлгэцийг Төв цэнгэлдэхийн дотор, гадна байрлуулах бөгөөд Хүй долоон худагт мөн дэлгэц байрлуулан бөх үзэх боломж бүрдүүлэх гэнэ. Тэгэхээр морь үзэн гээ бөхөө харж, бөх үзэнгээ морио сонирхох боломжтой болох аж. Хуушуур идэхээр цэнгэлдэхийг зорьж ирсэн иргэд ч дотор ямар ажиллагаа болж буйг гаднаас нь үзэж болно гэсэн үг. Энэ дэлгэц, бороо, салхинд ажрахгүй юм байна.


ГАДНЫН СЭТГҮҮЛЧИД 100 ДОЛЛАРААР МОНГОЛ НААДМЫГ СУРВАЛЖИЛНА

Монголын үндэсний баяр, эрийн гурван наадмыг сонирхохоор гадаадынхан манай орныг олноор зорьдог. Ялангуяа, сэтгүүлчид наадмын үйл ажиллагааг сурвалжлахаар ирэх нь элбэг. Тэгвэл энэ эрхийг 100 доллараар олгох юм байна. Харин жуулчдын хувьд зөвхөн нээлтийн арга хэмжээг үзээд, ихэвчлэн морь барианы газрыг зорих нь элбэг тул 11-ний өдрийн тасалбарыг 25 доллараар борлуулж байгаа. Тасалбарыг нийслэлийн Аялал жуулчлалын газраар дамжуулж авна. Нийслэлчүүдийн хувьд 11, 12-ны өдрийн гурван тасалбарыг авах боломжтой. Өөрөөр хэлбэл 11, 12-ны үдээс өмнөх ба хойших гэсэн гурван тасалбарыг сүүдрэвчтэй асарт үзвэл 20.000 төгрөгөөр авах юм байна. Харин өмнө талын суудлын тасалбар 10.000 төгрөгийн үнэтэй. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн сүүдрэвчтэй асарт 850, сүүдрэвчгүй хэсэгт 650 хүн суух багтаамжтай. Тиймээс тасалбарыг хүнийх нь тоогоор хэвлэж, Соёлын төв өргөө, Бөхийн өргөөний билетийн кассаар борлуулж эхэлжээ. Иргэд тасалбартай мөртлөө орж чадахгүй байна гэсэн гомдол бараг жил болгон гаргадаг. Төв цэнгэлдэх маань театр шиг хоцроод ирсэн ч суудал нь байж байдаг газар биш учраас иргэдийг аль болох эрт ирж суудлаа эзлэхийг Наадмын комиссынхон зөвлөлөө. Нээл тийн ажиллагаа 11.00 цагт эхэлмэгц хаалга барих бөгөөд 40 минутын дараа хаалга чөлөөтэй болох гэнэ. Хоёр жилийн өмнө тасалбар шалгагч дур мэ дэн хүмүүсийг олноор оруулснаас тасалбар авсан иргэд суудалгүй, орж чадахгүй үлдсэн гэсэн асуудал гарч байсан тул өнгөрсөн жилээс эхлээд Наадмын комисс өөрсдийн хүнээ энэ “албанд” ажиллуулдаг болжээ. Тиймээс манайхан цагаа бариад ирчихвэл суудал байхгүйн зовлон гарахгүй аж.


НААДМЫН ТОГЛОЛТ ХАМГИЙН СОДОН БОЛНО

Өмнөх жилүүдийн наадмын нээлт, хаалтын тог лолтыг Наадмын комиссоос хэн нэгнийг томилон зохион байгуулдаг байсан бол энэ жил уг уламжлалыг эвдэв. Наадмын тоглолтыг найруулах хүмүүсийг сонгон шалгаруулж “On and Off” продакшнын захирал С.Ононбат наадмын нээлт, хаалтыг, “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармэнд “Улаанбаатарын үдэш”-ийг тус тус зохион байгуулахаар болсон билээ. Ах мад уран бүтээлчид үүнд нь багахан хэл ам гаргаж байгаа ч иргэд үүнийг тун таатай хүлээн авч байгаа юм. Шинээр сонгогдсон найруулагчид тоглолтын хөтөлбөрийг одоо хүртэл нууцалж байгаа ч зарим нэгийг нь бид олж дуулсан юм. Тухайлбал, төгөлдөр хуурч Б.Чинбат хаан хуурын эгшгээр наадмын ажиллагааг нээж, Төв цэнгэлдэхийн жаврыг үргээх бол Зууны манлай, гавьяат жүжигчин Б.Сарантуяа, Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ нар “Зүүдний говь” дуугаа хамтран дуулна гэсэн. Энэ мэтчилэн урьд өмнө болж байгаагүй сонин содон сюрпризээр дүүрэн, нууцлаг тоглолтыг наадамчин олон тэсэн ядан хүлээж байна. Ямар ч байсан урьдны хэв мягийг бут цохисон тоглолт болох бололтой.


НААДМЫН ӨДРҮҮДЭД 917 АВТОБУС ҮЙЛЧИЛНЭ

Наадмын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээ өглөө 8.00-22.30 цаг хүртэл иргэдэд үйлчлэхээр болжээ. Долдугаар сарын 10-13-ны өдөр үндсэн 65 чиглэлд том оврын 540, туслах 36 чиглэлд бага оврын 293 автобус шугаманд явах аж. Тухайлбал, Хайлааст, Чингэлтэй, Орбит, Баянхошуу, Нарангийн гол, Шаргаморьт, Нисэх, Улаанхуаран, Зурагт, Баруун, Зүүн салаа, Их наран, Шархад, III,IV,XIII хороолол, Дарь Эх, Бэлх, На лайх, Гачуурт, Хужир булан, Санзай зэрэг 30 орчим чиглэлд 270 гаруй авто бус Төв цэнгэлдэх хүрээлэн рүү явна. Мөн зус лангийн үйлчилгээнд Майхан толгой, Баянбулаг, Гоодой, Өвөр Гүнт, Яргайт, Яргайтын богино гэсэн зургаан чиглэлээс Бөмбөгөр худалдааны төв хүртэл 27 бага оврын автобус, Шаргаморьт, Жигжидээс 12 том оврын автобус явах юм байна. Харин Хүй долоон худагийн чиглэлд 11, 12-нд Төв цэнгэлдэх хүрээлэнгээс 14 том оврын автобус явна. Мөн 11-13-ны өдөр III, IV хороолол, Дэнжийн 1000, Долоон буудал, Дарь Эх, Улиастай, Хайлааст, Хархорин зах, Таван шар, Нисэх-Яармаг, Офицеруудын ордон гэсэн 10 чиглэлээс 50 автобус үйлчилнэ.


12-НД ДУУ ЦАХИЛГААНТАЙ БОРОО ОРНО

Наадмын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө 18-25 градус дулаан байх аж. Харин 12-15-ны өдөр ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орох бөгөөд борооны өмнө зарим нутгаар салхи түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэх учир иргэдийг сонор сэрэмжтэй байхыг Ус цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулав. Түүнчлэн наадмын өдрүүдэд Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул голын сав нутгаар 32-37 хэм хүрч халах төлөвтэй байна.


НААДМЫН ХОНИЙГ НЭГ ГАЗАР ТӨВЛӨРҮҮЛНЭ

Наадам дөхөхөөр малчид нийслэл рүү амьд мал олноор оруулж ирдэг. Эл асуудлыг зохицуулах үүднээс Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Болд орон нутгаас ирсэн малчидтай уулзаж, нэгдсэн зохион байгуулалтад оруулахаар болжээ. ингэснээр 22-ын товчооны цаана байдаг таван га талбай бүхий хашаанд баруун аймгаас ирсэн малчид малаа зарах аж.


ХҮЙ ДОЛООН ХУДАГТ 150 ГЭР ИРГЭДЭД ҮЙЛЧИЛНЭ

Наадмаар Хүй долоон худагт тохижилт, худалдаа, үйлчилгээний эрх олгох ажлыг Сонгино хайрхан дүүрэг хариуцан ажиллаж байна. Энэ жилийн баяр наадмаар хоол хүнсээр үйлчлэх 150 аж ахуйн нэгжийг ажиллуулахаар болжээ. Тэд хувь хүнд хоол хийж борлуулах зөвшөөрөл олгоогүй бөгөөд эрх авсан аж ахуйн нэгжийг гэр, майхан барьж наадамчдын ая тухтай байдалд ан хаарахыг үүрэг болгосон гэнэ. Жижиглэн худалдаа хийх 30, ма шинт худал даа хийх 50 аж ахуйн нэгж, иргэнд зөв шөө рөл өгөхөөр болжээ. Өнөөдрийн байдлаар наадамчдын хуушуур хийх 80, машинт худалдаа хийх 12 , жижиг худалдаа хийх 13 аж ахуйн нэгж бүрт гэлийн дугаараа авчээ. Түүнчлэн “Аялал жуулчлалын хотхон”-д аж ахуйн нэгж байгууллагаа сурталчлах зорилгоор АПУ ХХК, Чингис хаан банк, Монгол даатгал компани, МҮОНТ, ТВ-9 телевиз захиалгаа ирүүл сэн гэнэ.


 Шуурхай мэдээллийн алба


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)