НААДАМ АЛСАРЧ, НАМАР АЙСУЙ

Энэ Монгол оронд одоо ажил хийж байгаа хүн бараг алга. Монгол түмний их баяр цэнгэл наадам уг нь өндөрлөөд тав дахь хоногийнхоо нүүрийг үзэж буй. Хуулиар олгогдсон албан ёсны амралт хэдийнэ дууссан байхад манайхан ажилдаа нэг л жигдэрдэггүй ээ.

Өдийд хэрэв та хэрэг болгоод Төрийн ордноос эхлээд албан газруудаар ордогсон бол зорьсон ажил үйлсээ бүтээх нь байтугай цоожтой хаалга мөргөсөөр уураа барах байлаа. Гэвч тэгэхгүй байгаа нь зол ч юм шиг. Жирийн үед ингэвэл хувь, хувьсгалын байгууллагын ажилтан, албан хаагчийг ажилгүй, анхиагүйгээр нь дуудсан элдэв хорон үгс олон нийтийн сүлжээгээр асар хурдтай тархах байлаа.

Өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолоос

  •  Ургац хураалтад ажиллах хүн хүч, техникийн бэлтгэл, зохион байгуулалтыг хангуулан, цаг агаарын гамшигт үзэгдлээс ургацаа хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол авч ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт даалгалаа.
  • Аймаг, сумын эрүүл мэндийн байгууллагад шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэх, түргэн тусламжийн машин, багаж, хэрэгслээр хангахад дэмжлэг үзүүлэх, орон нутагтаа болон отроор өвөлжиж, хаваржих малчдад эрүүл мэндийн явуулын үйлчилгээг үзүүлэх хуваарь гарган аймаг, сумын эмнэлгийг бэлэн байлгахарга хэмжээ авч ажиллахыг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, аймгийн Засаг дарга нарт даалгав.
  • Өвөл, хаврын улиралд зам давааг байнгын нээлттэй байлгахад шаардлагатай хүн хүч, техникийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулан, техник, тоног төхөөрөмжийн хангамжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Зам, тээврийн сайд Н.Төмөрхүүд даалгасан байна.
  • Агаарын хуурайшилтаас үүдэн бэлчээрийн ургамлын ургац муудах, тариа, ногооны болцод сөргөөр нөлөөлөх эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлж гангийн нөхцөл бүрдсэн үед эрсдэлийн үнэлгээ хийх ажлыг зохион байгуулан дүгнэлт гаргуулах, үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас оруулах, мал сүргийг гантай нутгаас отроор нүүлгэн шилжүүлж оторлох зэрэг арга хэмжээг шуурхай авч ажиллаж байхыг Шадар сайд У.Хүрэлсүх, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол нарт даалгажээ.
  • Мал сүргийн тоо толгой хэт их өсөж, бэлчээрийн даац, тэжээлийн хүрэлцээ хангамжид муугаар нөлөөлөх эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор амьд малын болон махны экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэд нарт үүрэг болголоо.
  • Дулааны цахилгаан станцуудын өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд 20-иос доошгүй хоногийн нүүрсний нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулж, нүүрс тээвэрлэх вагоноор тасралтгүй найдвартай хангах арга хэмжээ авч, нүүрс нөөцлөлтийн графикийг гарган, мөрдөж ажиллахыг Эрчим хүчний сайд Д.Зоригт, Уул уурхайн сайд Р.Жигжид, Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү нарт даалгалаа.

Азаар монголчууд хуртай зуны гурван сарыг хууртай дуутай найгасан шиг ээ тааваараа өнгөрүүлдэг учраас наадмын дараах Монголын нийгмийн налайсан уур амьсгалдаа бүр дасчихсан. Гэхдээ бидэнд мартаж болохгүй нэг зүйл байдгийг жил жилийн өдийд сануулахад хэзээд илүүддэггүй билээ. Наадмын маргааш намар гэдэг дээ.

Эдийн засгийн хямрал, инфляцийн өсөлт, ган гачиг хийгээд дөнгөж төвхнүүлсэн Засгийн газраа “аваад залчих” дээрээ тулсан олон асуудлыг ор тас мартан байж монгол түмэн энэ жил 2.9 тэрбум төгрөгөөр бийлэгжүү наадлаа. Саяхан л “Эдийн засгаа элгээр нь хэвтүүлчихлээ” хэмээн уруу царайлж байсан монголчуудыг зөвхөн наадмын урлаг соёлын арга хэмжээнд тэрбум гаруй төгрөг зарцуулсан гэдэгт гадаадынхан итгэхгүй дээ.

Жил жилийн наадмын төсөв нэмэгдэнэ үү гэхээс хасагдаж байсан удаагүй. Энэ жишгээр цаг үеийн нөхцөл байдлаас үл хамааран, өнгөрсөн жилийнхээсээ даруй 700 сая төгрөгөөр илүү төсөв төр засгаас баталж өгсөн юм. Жилдээ ганц тохиодог монгол наадмаа ад үзсэндээ бус, найр наадмын хөлд бүхнийг мартан дэвж байх зуур хөхүүрийн ам цаашилж, хүйтний ам наашилж байна шүү гэдгийг л сануулах гэсэн билээ.

Биднийг буудлаа мэдэхгүй сагсуурч байгаад ирэх өвөл мичин жилийн зудтай нүүр тулвал гадаадынхан “Эдийн засгаа тийм хурдан сэргээчихдэг ухаалаг сүйхээтэй улс төрчидтэй юм чинь” гээд тусламжийн гараа сунгахгүй байвал өөрсдөдөө л гомдохоос өөр аргагүй.

Яагаад гэвэл манай орны 12 аймгийн 133 сумын 66 нь гантай, 67 нь гандуу байгаа, өвс ногооны гарц муугаас болж хадлан тэжээл бэлтгэхээс эхлээд өвөлжилтийн бэлтгэл ажил хүндэрч болзошгүй, төлөвлөсөн ургацынхаа 50-60 хувийг алдах эрсдэл үүссэн гэдгийг бид баяр наадмаас өмнө мэдэж байсан. Гагцхүү “Наадам болох гэж байхад чинь юун ган, зуд, эдийн засгийн хямрал вэ.

Зүгээр л сайхан наадацгаая” хэмээн олон түмний хамгийн их таашаан сонсохыг хүсдэг зүйл дээр “долгионоо” тааруулсан учраас Улсын онцгой комиссын тэр мэдээлэл чихний хажуугаар өнгөрсөн юм. Одоо харин “долгионоо” үндсэн суваг дээрээ тааруулах хэрэгтэй байна, монголчууд минь.

Биднийг энд тэндгүй баяраа тэмдэглээд тарвалзаж байх зуур цаг уурчид, онцгойгийнхон нүдээ ширгэтэл тэнгэр царайчлан, боломжтой гэсэн үедээ үүл буудуулж амсхийх чөлөөгүй ажилласан. Үүний ачаар сүүлийн хэд хоног бороотой золгож, ангаж хагссан газрын хөрс хураар ундааллаа. Хоёр, гурав хоногоос энэ бороо татарна.

Тэр үед газрын өнгө засарч, үр тариа дэлгэрэх болов уу хэмээн тариаланчид найдаж, малын тарга тэвээрэг ч зузаарах нь дамжиггүй гэж малчид итгэж буй. Гэхдээ байгаль дэлхийд найдаад налайж суух бус өөрсдийн зүгээс шалтгаалах бүхнийг дор дороо хийх нь хамгаас чухал билээ.

Өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарч, малчин өрх бүрийг малын хашаа, саравч, уст цэгээ засварлах, түлээ түлшээ бэлтгэх, цаг агаар хүндэрсэн нөхцөлд хэрэглэх өвс, тэжээл, гар тэжээлээ нөөцлөх, өвлийн хувцас хэрэглэл, хоол хүнсээ базаах зэргээр өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангуулах үүрэг өгсөн.

Айлын харцуул зунжин, намаржин найр наадмаа хэсэж, далбийна уу, тэгж яваад өвөл нь гаднаа түлшгүй, мал нь хамар хатгах өвсгүй байна уу, уг нь тэдний л асуудал боловч монголчууд хэзээ ч өөрсдийнх нь хохь гээд хайхралгүй орхиж зүрхэлдэггүй.

Тийм учраас хаа байсан Ховдын Булган сумын хоёрдугаар багийн малчин Дондогийнх малынхаа хашаа саравчийг зассан эсэх, хүүхдүүд нь дулаан хувцсаа зэхсэн эсэх, тэднийхийг өвлийн идшээ базаасан эсэхэд санаа тавих үүрэг манай Ерөнхий сайдад бас ногддог.

Харамсалтай нь, тэгж их санаа тавьсан халуун сэтгэлийг нь малчид ойлгож, үгийг нь биелүүлэхдээ хойрго ханддаг. Өнөө жил харин тэгж хойрго загнавал өвөл нь юу болохын цондон эртнээс дохио өгөөд байгааг ард иргэд умартаж боломгүй байна.

Сум дундын болон аймаг дундын отрын бүс нутгууд, хилийн зурвас газар, улсын тусгай хамгаалалттай газарт отроор өвөлжих, хаваржих өрх, малын тоог бэлчээрийн даацад тулгуурлан нутгийн өөрөө удирдах байгууллага, хамгаалалтын захиргаадтай тохиролцон гэрээ байгуулан зохион байгуулахыг Засгийн газрын тэргүүн мөн л үүрэг болгов.

Бас орон нутгийн удирдлагуудад хандан, наймдугаар сарын 1-нээс хойш ямар ч наадам зохион байгуулахгүй байхыг үүрэгдсэн. Биелүүлдэг бол үүн шиг “нүдээ олсон” үүрэг даалгавар өдийд үгүй гэхэд хилс болохгүй. Өмнөх наадмынх нь чимээ алсраагүй байхад үргэлжлүүлэн энд тэндхийн даншиг, аймаг, сумын ой, хурим найрын сураг ар араасаа дуулдсаар буй.

Долдугаар сардаа найр наадмаа эцэслэж аваад, наймдугаар сараас өвлийн бэлтгэлдээ гараарай гэсэн эедүү захиасыг биелүүлэх нь Ерөнхий сайдад хийж өгч буй тус биш, өөрсдийнхөө төлөө гэдгийг ойлгох хэрэгтэй байна шүү. Харин өвөлжих малын тоог цөөлөхөд анхаарч, махны экспортыг нэмэгдүүлэх, малчдыг малаа даатгалд хамруулах ажлыг улсын хэмжээнд шуурхай зохион байгуулах үүрэг авсан Р.Бурмаа сайдын албан ёсны “чөлөө” энэ сарын 20-нд дуусах учраас тэр үед ажил нь эхэлнэ гэж найдахаас өөр аргагүй.

Энэ жил үр тарианы гарц тааруу байх магадлалтай учраас гурилын нөөц хангалттай бүрдүүлэх, үнийг нь тогтвортой байлгах үүргийг тэрбээр мөн хүлээсэн учраас ирэх өвөл манайхан хоолондоо ямар хольц хэрэглэх нь түүнээс шалтгаалах нь.

Сайд ажлаа сайн хийвэл бид төмс, гурилаар элбэг байна аа гэсэн үг. Мөн төв, суурин газрын 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд эрчим хүчний үйлдвэрүүдийн үндсэн болон туслах тоноглолын засвар, техник зохион байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлыг төлөвлөсөн хугацаанд нь зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Эрчим хүчний сайд Д.Зоригтод даалгасан. Сайд мөн л танхимын тэргүүнээсээ авсан чөлөөгөө дуусгаад энэ сарын 20-нд ажилдаа орохоор дээрх үүрэг даалгаврыг биелүүлэхэд анхаарах болов уу хэмээн найдаж сууя.

“Даланзадгадын дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн найдвартай ажиллагааг хангах үүднээс эвдэрсэн турбингенераторыг шинэчлэн солих ажлыг түлхүүр гардуулах нөхцөлөөр гүйцэтгэгчтэй шууд гэрээ байгуулан арваннэгдүгээр сарын 25-ны дотор ашиглалтад оруулах гээд Д.Зоригт сайд чамгүй олон “гэрийн даалгавартайгаар” энэ өвлийг угтана.

Эрчим хүчний салбар жилийн жилд өвөл, зунгүй л маргааны бай болж байдаг тул энэ удаад ч түүний ажилд ямар үнэлгээ тавих вэ гэдэг бараг л тодорхой. Гэхдээ харж л байя. Хаа очиж Э.Бат-Үүл даргын “дайралтын” хүчээр төв суурин газруудаас Улаанбаатар хотын дэд бүтэц, өвөлжилтийн бэлтгэл ажил урагштай явааг хэлэх нь зүйтэй болов уу.

Харин зарим аймагт өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа учраас улсын нөөцийн салбаруудын өвс, тэжээлийг дахин хуваарилж, байршуулах ажлыг аравдугаар сард багтаан зохион байгуулахыг Улсын онцгой комиссын орлогч дарга Т.Бадралд үүрэг болгоод буй.

Гэхдээ одоогоор яг ямар аймгуудад өвөлжилт хүндрэх эрсдэлтэй талаар болон улсын нөөцийн салбаруудаас хэдийг нь хаана хуваарилах тухай асуудал тодорхой болоогүй учраас онцгойгийнхон мэдээлэл өгөхгүй гэв. Ирэх өвөл хэзээ хэзээнээс хатуу болж мэднэ хэмээн олны ам ёозгүй, албаныхан эртнээс сэрэмжлүүлсээр байгаа нь дэмий нэг болгоомжлол биш билээ.

Тиймээс онцгойгийнхны хийх ажил мундахгүй их. Цаг уурчид ч бас өөрийн гэсэн үүрэг хүлээсэн. Цаг нь болохоор тэдэнд дүн тавих амархан. Ингээд одооноос наадмын тухай элдэв үг амнаасаа цухуйлгалгүй, намрын ажлын тухай ярьцгаая.

Хүй долоон худгийн зүлэг ногоон дэнж энэ наадмаар хувхай саарал тал байсан учраас газар газраас зорин ирсэн уяачид хурдан хүлгүүдээ өл залгуулахын тулд хамгийн ойрдоо 100 км газарт ачин явж өвсөнд хүргэсэн гэдэг. Энэ бол ирэх өвлийн өнгө ямар байхын бодитой сануулга гэдгийг хашир уяачид хэлж байсан юм шүү.

Тэгээд ч мичин жилийн өвөл хэзээнээсээ монголчуудыг хатуухан сориод авсан бараан дурсамж цөөнгүй байдаг учраас ядаж энэ зун назгай найр наадмын хөг айзмаасаа эртхэн гарах нь чухал байна.

Л.ГАНЧИМЭГ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)