М.Өнөболд: Хэний ч бодоогүй бодлогын учрыг олохыг хүсдэг

Британи улсад зохион байгуулсан Олон улсын математикийн 60 дугаар олимпиадад манай хүүхдүүд амжилттай оролцож, алт, мөнгөн медаль тус бүр нэг, гурван хүрэл медаль хүртсэн. Түүхэн амжилт гаргасан хүүхдүүд өчигдөр эх орондоо ирлээ. Алтан медалийн эзэн болсон, нийслэлийн Нэгдүгээр сургуулийн 11е ангийн сурагч М.Өнөболдтой ярилцлаа.

-Юуны түрүүнд дэлхийн хэмжээний олимпиадаас алтан медаль хүртсэнд баяр хүргэе. Хэзээнээс математикийг сонирхож, хичээллэж эхэлсэн бэ?

-Баярлалаа. Сургуульд орсон цагаас л тоо бодох дуртай байсан. Тавдугаар ангиас олимпиадад бэлдэж, оролцож эхэлсэн. Дунд ангиасаа сургуулийнхаа сонгоны ангид суралцсан. Намайг тавдугаар ангид байхад “Соёмбо” сургуулийн хүүхдүүд олимпиадад амжилттай оролцох нь элбэг байлаа. Тиймээс тэдэн шиг болохыг л мөрөөддөг байв. Харин дунд ангид орж, Н.Баянбат багшаар хичээл заалгаснаас хойш олимпиадад амжилт гаргаж эхлэв. Тэр үеэс л тэдний хэмжээнд очиход дөхөж байна даа гэж боддог болсон. Мөн сонгоны ангид орсондоо баярладаг. Учир нь Улаанбаатарын сургуулиудын хамгийн шилдэг хүүхдүүд цуглаж, хоорондоо өрсөлдөнө. Энэ нь хөгжиж, дэвшихэд түлхэц болсон.

-Математикийн юунд тэгж их татагдав?

-Анх бодлогын хариу гаргах нь зугаатай санагдсан. Ялангуяа олимпиадын бодлого илүү гоё санагддаг байв. Харин дараа нь математик гэдэг бол ертөнцийн бүх нууц, оньсогыг тайлах гол “хөдөлгүүр” болохыг мэдсэн. Ингэснээр математик хүнд ямар хэрэгтэй болохыг мэдэж, илүү дурласан.

-Н.Баянбат багш чамайг ном унших сонирхолтой гэж байсан. Ямар ном унших дуртай вэ?

-Би уран зохиолын болон математикийн шинжлэх ухааны бүх төрлийн ном, сонин, сэтгүүл уншдаг. Уран зохиолын номоос хамгийн дуртай зохиол “Харри Поттер”. Мөн “Олонлог” сургуулиас гаргадаг сэтгүүлд дуртай. Тэнд олон төрлийн бодлогыг бодох аргатай нь нийтэлдэг.

-Ерөнхий боловсролын сургуулиа төгсөхөд хоёрхон жил үлдсэн байна. Хаана, ямар мэргэжлээр суралцахаа шийдсэн үү?

-Математикч, их сургуулийн математикийн багш болно гэж боддог. Учир нь математикч болж, судалгаа хиймээр байна. Судалгаа хийнэ гэдэг нь одоогоор хэний ч бодоогүй бодлогыг бодно гэсэн үг. Их хэцүү л дээ. Гэхдээ л сонирхол татаад байгаа. Оролдвол чадах байх.

-Өмнө нь олон улсын математикийн олон олимпиадад оролцсон гэж сонссон. Ямар амжилт гаргасан бэ?

-Бага, дунд ангийн олон улсын математикийн олимпиад гэж байдаг. Саяны олимпиадаас ялгаатай нь түргэн бодолт чиглэлийг баримталдаг. Тус олимпиадаас хоёр алт, нэг мөнгөн медаль авсан. Харин саяных бол дэлхийн хэмжээний хамгийн том олимпиад. Үүнд өмнө нь хоёр удаа оролцсон. 2016 онд анх удаа оролцож, тусгай байр, дараагийнхад нь буюу 2018 онд хүрэл медаль хүртсэн. 2017 онд улсаасаа шалгарах зургаан хүүхдийн тоонд багтаж чадаагүй юм.

-Олон улсын математикийн олимпиадад оролцохын тулд ямар шалгуур хангасан байх ёстой юм бэ?

-Улс бүр хамгийн олондоо зургаан хүүхэд оролцуулах эрхтэй байдаг. Тиймээс тухайн улсууд дотроо олимпиад зохион байгуулж, хамгийн шилдэг хүүхдүүдээ явуулах нь мэдээж. Олимпиадад орж буй хүүхэд тухайн жилийнхээ долдугаар сарын 1-нд 20 нас хүрээгүй байх шаардлагатай. Мөн их сургууль, коллеж болон үүнтэй дүйцэхүйц сургалтад хамрагдаагүй байх ёстой. Тиймээс ихэвчлэн ахлах сургуулийн сурагчид өрсөлддөг гэж хэлж болно. Нийт оролцогчдын дундаж нас нь 16. Олимпиад хоёр өдөр үргэлжилдэг бөгөөд нэг өдөрт дөрвөн цаг хагасын хугацаанд гурав, нийт зургаан бодлого бодно. Олимпиадад алгебр, геометр, комбинаторик, тооны онол гэсэн дөрвөн төрлийн бодлого бодуулдаг. Хамгийн сонирхолтой нь тооны онол, геометр.

-Энэ жил өөртөө хэр итгэлтэй байв?

-110 гаруй орны хүүхэд оролцсон. Юу ч бодолгүй л орсон. Эхний өдөр сэтгэл хангалуун байсан. Харин хоёр дахь өдөр жаахан сэтгэл дундуур. Нэг бодлого асуудалтай байсан учраас тэр. Алтан медаль авна гэж бодоогүй. Багш нар хүүхдүүдийнхээ бодлогыг шүүгч нарын өмнө хамгаалдаг юм. Миний асуудалтай үлдээсэн бодлогыг багш нар маань сайн хамгаалсан учраас өндөр оноо авсан. Багш нартаа маш их баярлалаа.

-Хамгийн хүчтэй өрсөлдөгчид хаанахын сурагчид байдаг вэ?

-Улсаасаа гэвэл Нэг болон 11 дүгээр сургуулийн сурагчид. Мөн “Олонлог” сургуулийнхан математикт сайн. Харин дэлхийн хэмжээнд Ази тивийн хүүхдүүд сайн. Ялангуяа Япон, Солонгос, Хятад улсынх. Тэд өдөрт 16 цаг бэлддэг гэсэн. Би яаж тийм олон цагаар бэлддэгийг нь ерөөсөө ойлгохгүй байгаа. Бид хичээлээс гадуур 5-6 цаг л бэлддэг юм. АНУ, Канад улс дээгүүр эрэмбэлэгддэг ч ихэвчлэн ази хүүхдүүдийг улсынхаа нэрийн өмнөөс оролцуулдаг юм билээ. Энэ жил гэхэд л АНУ-ын хүүхдүүдээс тав нь хятад байсан. 

Харин Европоос гэвэл ОХУ, Иран улсынхан мундаг. Тэд дэлхийн стандартаас өөр арга барилаар хүүхдээ бэлддэг гэсэн. Тэрийг нь олж мэдэж чадаагүй л байна. Мөн АНУ-ынхан тус олимпиадаас алтан медаль авсан хүүхдээ 40 мянган ам.доллароор шагнадаг гэж сонссон. Гэхдээ мөнгө нэг их чухал биш ээ. Зорилгоо биелүүлсэндээ л баяртай байна. Ойрын хугацаанд тавьсан зорилго минь уг олимпиадаас алтан медаль авах байсан юм. Дараагийн зорилго нь хүссэн мэргэжлээрээ суралцах. Мөн дараа жилийн Олон улсын олимпиадад оролцохын тулд улсаасаа шалгарах ёстой.

Н.БАЯНБАТ: М.ӨНӨБОЛД ДЭЭД АНГИЙНХАНТАЙ Л ӨРСӨЛДДӨГ

М.Өнөболдын ангийн багш Н.Баянбаттай цөөн хором ярилцлаа.

-М.Өнөболдод хэзээнээс хичээл заасан бэ?

-2014 онд, зургадугаар ангиас нь хичээл заасан. Түүнээс хойш олон олимпиадад бэлдэж орууллаа. Хамгийн гол нь М.Өнөболд хичээл зүтгэлтэй учраас энэ амжилтад хүрсэн.

-Багш нар амжилт гаргах хүүхдийг анх хараад л таньсан гэж их ярьдаг. М.Өнөболд хэр хүүхэд байсан бэ?

-М.Өнөболд бодлого бодох дуртай хүүхэд байсан. Учиргүй сайн байгаагүй. Анх анги бүрдэхэд үеийнхээ сайн хүүхдүүдийг гүйцэхээргүй, дундаж түвшинд байсан гэж хэлэхэд болно. Тухайн үед “Багш аа, би яаж үеийнхнийгээ гүйцэх вэ” гэж асууж, хичээлдээ шамддаг байлаа. Ном сайн уншдаг байсан нь давуу тал болсон. “Уншаад ир” гэсэн номыг хэдхэн хоногт уншчихаад ирнэ. Ийм байдлаар хичээсээр нэг жилийн дараа гэхэд ангийнхаа хүүхдүүдийн түвшинд хүрсэн. 

Нэг удаа “Нэгэн нэрт математикч 10, 11, 12 настайдаа олон улсын математикийн олимпиадад орж, бүр алтан медаль авч байсан тухай уншлаа. Миний үеийн хүүхэд орж болдог юм байна шүү дээ. Би яаж энэ олимпиадад орох вэ” гэж асуусан. Ингээд долдугаар ангид байхдаа 10 дугаар ангийнхны улсын олимпиадад оролцсон. Гурван анги алгасаж, том хүүхдүүдтэй өрсөлдсөн гэсэн үг шүү дээ. Мөн дунд ангийн Олон улсын олимпиадиас Монголын анхны алтан медалийг авчирсан. Энэ олимпиадад 16-хан насандаа өндөр амжилт гаргасан нь сайшаалтай. Цаашид хоёр жил өрсөлдөх боломж байна.

-Олимпиадад оролцохын тулд хичээлээс гадуур цаг гаргаж бэлддэг байв уу?

-Өдөр бүр хичээл тарсны дараа 19.00, 20.00 цаг хүртэл бодлого бодно. Нэгэнт зорилгоо тодорхойлчихсон хүүхэд учраас надаар хэлүүлэлтгүй хичээлээ хийнэ. Гэртээ очоод ч бэлддэг байсан. Асар их хөдөлмөрийн хүчинд л энэ амжилтад хүрснийг дахин хэлмээр байна.

-Танай ангид М.Өнөболдтой өрсөлдөхүйц хүүхэд олон бий юү?

-Байлгүй яах вэ. Ганц М.Өнөболд мундаг байгаа юм биш. Өнгөрсөн жилийн 11, 12 дугаар ангийн хотын математикийн олимпиадын алтан медалийг манай ангийн хоёр хүүхэд авсан. Мөн улсын олимпиадын 11 дүгээр ангийнхны төрөлд манай ангийн хүүхэд хүрэл медаль хүртсэн. Өнгөрсөн жил гэдэг нь 10 дугаар ангийнхан гэсэн үг. Манай хүүхдүүд үеийнхэнтэйгээ бус, дээд ангийнхантай өрсөлддөг. 

Энэ нь нэг сайн хүүхэд ангийнхандаа үлгэр дуурайл болдгийг харуулж байна. М.Өнөболдоос онц сурдаг байсан хүүхдүүд түүнийг амжилт гаргаад эхлэхэд илүү хичээж буй нь мэдэгдсэн. Мөн сая хамт олимпиадад оролцсон хүүхдүүд ч түүнээс үлгэр авч, шамдаж буйг харлаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (29)