М.ЭРДЭНЭЖАРГАЛ: Системийн шинжээчид ихэвчлэн улстөрчдийн ард ажиллаж байна

Сүүлийн үед системийн шинжээч ажилд авна гэх зар олонтоо харагдах болсон. Эрэлт ихтэй эл мэргэжлийн онцлог болон хууль эрх зүйн системийн талаар системийн шинжээч М.Эрдэнэжаргалтай ярилцлаа.

-Системийн шинжээч мэргэжил манай улсад шинээр “нутагшиж” эхэлсэн гэж ойлгосон. Энэ талаар манай уншигчдад ойлголт өгөхгүй юү?

-Систем болоод системийн шинжилгээний тухай ойлголт “Бүх зүйл систем” гэдэг ерөнхий онолтой холбоотой. Энэ онолоор системийн шинжээч нь бүх салбарт шинжилгээ, судалгаа хийдэг, хөрвөх чадвартай хүнийг хэлж буй. Өөрөөр хэлбэл, хууль тогтоох байгууллага, хууль хэрэгжүүлэгчдийн дагаж мөрдөж байгаа хууль бусад системтэй хэрхэн уялдахаас эхлээд нийцэж, эсвэл зөрчилдөж буй, эсэхэд хариулт өгөхөд эрх зүйн шинжилгээ хийх зайлшгүй шаардлагатай. Үүнийг хууль тогтоох байгууллагын дэргэд институц бий болсноор хэрэгжүүлэх боломжтой. Төрийн байгууллагуудын хэрэгжүүлж буй хууль амьдралд хэрхэн нийцэж буйг судалж, УИХ-ын дэргэдэх эрхзүйчдийг мэдээллээр хангаж чадвал амьдралд хэрэгтэй хууль батална.

-Бусад орны хууль зүйн шинжилгээний хөгжил, ач холбогдлыг судалсан уу?

-Олон улсад системийн шинжээчид чиглэл, чиглэлээр мэргэшиж тухайн салбарынхаа үнэ цэнтэй мэргэжилтэн болж байна. Мөн системийн шинжилгээний бие даасан хүрээлэн, судалгааны төвүүд ажилладаг. Улстөрчид болон төрийн байгууллагууд нь системийн шинжээчдийн үгийг сонсдог жишиг тогтсон. Харин манайхан системийн шинжээчийн талаар дөнгөж л сонсож, ярьж эхэлж байна. Манай улсад энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг сургууль байхгүй. Тиймээс өнөөдөр сайтар бэлтгэгдсэн цөөн хүн ихэвчлэн улстөрчдийн ард ажиллаж байна. Уг нь системийн шинжилгээг салбар, салбарт хөгжүүлэх нь хувь хүн, байгууллага, цаашлаад улс орны хөгжилд ихээхэн чухал үүрэгтэй. Өнөөгийн нийгэмд улс орны хөгжлийн чөдөр тушаа болгоныг системийн алдаа руу чихэх хандлага газар авсан. Гэвч “Бүх зүйл систем” гэдэг онолоор системийн алдаа гэж хэлэхээс өмнө бид салбаруудад хэр шинжилгээ хийж, хэрхэн хөгжүүлж ирснээ бодох хэрэгтэй болов уу. Баталсан хуулийнхаа хэрэгжилт, үр дүнг судалж, шинжлээгүй хэрнээ улстөрчид дахин хууль “үйлдвэрлэсээр” байна. Үр дүнд нь алдаатай хууль гардаг. Өөрөөр хэлбэл, урьд өмнө гарч байсан хууль тогтоомж, шинээр боловсруулсан төслүүддээ системийн шинжилгээ яаралтай хийх шаардлагатай.

-Манай улсын хууль эрх зүйн өнөөгийн орчин ямар байна вэ. Шинжээчийн хувьд ажигласан, судалснаа хуваалцаач?

-Системийн шинжилгээ олон үе шаттай. Хамгийн эхнийх нь хэрэгцээ шаардлагаа тодорхойлох үе шат. Олон нийтийн хэрэгцээ шаардлагын үүднээс хууль, дүрэм, журам батлуулж чадаж байгаа, эсэх нь маш том асуудал. Системийн шинжилгээний дараагийн үе шат нь бодлогын даалгавар тодорхойлох юм. Нийгэмд юуг зохицуулах гэж эрх зүйн баримт бичиг гаргадаг вэ. Баталсан хуулиуд үүнд хариулж чадаж байна уу. Нийгмээс тасарсан, амьдралд нийцэхгүй хууль гаргалаа гэх шүүмжлэл системийн шинжилгээгүйгээс үүдэн гардаг юм. Эрх зүйн баримт бичиг боловсруулсан төслийн багийнхан судалгаа хийсэн гэдэг ч судалгаа бол системийн шинжилгээний эхний үе шатад хийдэг нэг л ажил. Зөвхөн судалгаа хийгээд л хууль гаргачихаж болно гэж боддог нь гол алдаа. Шууд өөрчлөөд, сайн сайхан болгочихно гэж байхгүй. Хууль тогтоох байгууллагаас онцгойлон анхаарах шаардлагатай гол хуулиуддаа ядаж шинжилгээ хиймээр байна шүү дээ. Эсвэл хэрэгжилт нь зөрчилтэй байгаа хуулиуддаа шинжилгээ хийж сайжруулах хэрэгтэй.

-Эрүүгийн хуулийн зарим заалтыг саяхан чангатгасан. Гэтэл “шоронжсон” бодлого явууллаа хэмээн шүүмжилж эхэллээ. Өмнө нь “шоронжсон” хууль гэсээр байгаад 2015 онд уг хуульд “гар хүрч” байсан. Гэвч гэмт хэрэг буурсангүй.

-Энэ асуултад хариулахаас өмнө системийн тухай дахин дурдъя. “Бүх зүйл систем” гэх онолоо эргэн харъя. Эрүүгийн хууль түүнийг хэрэгжүүлэгч цагдаа, прокурор, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгуулагынхан бүгд системийн эд эс. Эдгээр байгууллага эрүүгийн эрх зүйн харилцаанд оролцохдоо хуулийг мөрдлөг болгодог. Гэтэл хууль нь судалгаагүй баталсан, сайжруулах шинжилгээ хийгээгүй тул хуульчид алдаатай хууль тогтоомж хэрэгжүүлж, улмаар “алдаа гаргадаг”. Тиймээс хэрэгжүүлэгч байгууллагуудыг буруутгах нь өрөөсгөл. Хууль батлахаас өмнө судалгаа шинжилгээ хийчих юм бол хэрэгжүүлэгч байгууллагуудад асуудал гарахгүй. Гэвч шинээр баталсан Эрүүгийн хууль алдаатайгаас гадна Үндсэн хууль зөрчсөн заалтуудтай. Хууль батлагдахдаа ядаж л Үндсэн хуультайгаа зөрчилдөж байгаа, эсэхэд шинжилгээ хийгээгүй нь үүгээр харагддаг. Ганц Эрүүгийн хууль ч бус, бусад хуульд ийм алдаа цөөнгүй.

-Тухайлбал, зөрчилтэй ямар заалтууд байна вэ?

-Саяхан баталсан Эрүүгийн хуульд “Улс төрд нөлөө бүхий этгээд” гэдэг ойлголт оруулж ирсэн. “Улс төрд нөлөө бүхий этгээд” гэдэгт Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ, Засгийн газрын гишүүн, дэд сайд, агентлагын дарга нар гэх мэт албан тушаалтныг хамруулж ойлгохоор заажээ. Гэтэл Үндсэн хуульд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд эрүүгийн хариуцлагад татагдсан тохиолдолд бүрэн эрхийг нь дуусгавар болгох зохицуулалт байхгүй. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд байхгүй зохицуулалтаар Ерөнхийлөгч, Ерөнхий сайдыг эрүүгийн хариуцлагад татан, бүрэн эрхийг нь дуусгавар болгохоор хуульчилсан байна. Хэрвээ дээрх албан тушаалтнууд гэмт хэрэг үйлдвэл бүрэн эрх дуусгавар болсны дараа эрүүгийн хариуцлагад татах болно. Бүрэн эрхийг дуусгавар болсных нь дараа эрүүгийн хариуцлагад татах гэхээр уг хүн “Улс төрд нөлөө бүхий этгээд” гэдэгт хамаарахаа больсон байна. Шинжилгээ хийгээгүйгээс болж, иймэрхүү алдаа, хийдэл гарсаар байгаа учраас хууль зүйн шинжилгээ чухал юм.

-Үндсэн хуулийг оны өмнө шинэчлэн баталлаа. Үүнтэй холбоотойгоор цөөнгүй хуулиа эргэн харж, сайжруулах ёстой болсон. Энэ талаар таны бодлыг сонсъё.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг судлаач, хуульчид янз бүрээр тайлбарлаж байна. Миний хувьд хүний эрх, эрх чөлөө, улс орны тусгаар тогтнолыг хангахад чиглэсэн зарим заалтад санал өглөө. Хуулийн төсөлд сайны хажуугаар саар заалтууд нэлээд байсан. Хэрвээ Монгол Улсыг нэг систем гэж үзээд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд асуудлаа системтэй тусгаж чадсан бол жинхэнэ утгаараа сайжирсан гэж үзнэ. Хэлэлцүүлгийн явцад гайгүй сайжирч чадсан гэж боддог. Гэхдээ Үндсэн хууль баталснаар 600 гаруй хуулийн ямар, ямар заалтыг өөрчлөх тухай мэдээлэл тодорхойгүй. Магадгүй салбар, салбарын мэргэжилтнүүд ажиллаж таарах байх. Эсвэл өвсөн дотроос зүү хайж байгаа мэт бүх хуулиас Үндсэн хууль зөрчсөн заалтыг эрж хайж таарах нь. Хайж олоод, хуульд нэмэлт, өөрчлөлт хийж чадвал энэ нь нэг талаасаа “Сохорсон биш завшив” гэдэг шиг буруу, дутуу зүйлээ засаж залруулах боломж. Харин орхигдуулах юм бол маш олон зөрчлийн эх үүсвэр бий болно.

-Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөлд санал авч буй. Саналаа өгсөн үү?

-Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөлд санал өгөөгүй. Харин уг хуулийг судалж, шинжилгээ хийж байна. Хууль зөрчсөн үйлдэлд хариуцлага тооцохгүй байсан зөрчлүүдийг зөрчилд тооцон хариуцлага тооцох нь хуулийн үндсэн агуулга. Гэвч зөрчил гэж тооцсон асуудлаа шинжлээгүй гэж харсан. Өөрөөр хэлбэл, хуулиар зохицуулаагүй үйлдэл бүрийг зөрчил гэж тооцох юм бол тусгаагүй орхисон, бусад харилцааг яах вэ гэдэг асуудал гарч ирж байна. Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг сайжруулж, хөгжүүлэхээр судалж байгаа нь зөв. Уг хуулийг цаг үеэ олж баталж чадсан. Жишээ нь, иргэний хэргийн шүүхүүд нэхэмжлэл хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчаар нэхэмжлэгчийн эрхийг сэргээлгэдэг. Гэвч хариуцагчийн гаргасан үйлдэл зөрчилд тооцохоор асуудал байдаг. Тэгвэл иргэний шүүхээс хариуцагчийн гаргасан уг үйлдэлд нь зөрчлийн хэрэг үүсгэж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хийлгэхээр эрх бүхий ажилтанд шилжүүлдэг болох боломжтой. Энэ мэт хууль хэрэглээ талаасаа шинжилгээ хийж чадвал уг хуулийн хэрэгжилт болон нийгэмд бий болгох гэсэн хүний эрх, эрх чөлөөг хамгаалах үүргээ биелүүлж чадах юм.

-1999 онд баталсан Гэр бүлийн тухай хууль өнөөгийн цаг үетэй нийцэхгүй байна гэж үзсэн. Өдгөө энэ хуулийг шинэчлэхээр ажиллаж буй. Нийгэм уг хуулийг батлахаас урьтаж, сайн судалж, шинжлээсэй хэмээн хүсэж байна шүү дээ.

-Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй танилцаж, зарим заалтын талаар санал бодлоо хэлсэн. Мөн хууль батлуулахаас өмнөх урьдчилсан хэлэлцүүлэгт оролцож, илтгэл тавьж санаа бодлоо илэрхийлж байсан. Юуны өмнө гэр бүл гэдэг ойлголт юуг илэрхийлдэг вэ гэдэгт анхаарал хандуулахыг хүсье. Монгол Улсын Үндсэн хуульд эрэгтэй, эмэгтэй хүмүүс сайн дураараа гэр бүл болох тухай заалт байдаг. Мөн сайн дураараа гэр бүл болсон хүмүүс үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх үүрэгтэйг хуульчилсан. Сайн дураараа гэр бүл болсон хүмүүст үйлчлэх эрх зүйн зохицуулалт байдаг уу. Гэр бүлийн тухай хуульд эцэг, эх байх эрхийг нь цуцлах тухай зохицуулалт бий. Эцэг, эхчүүдийн журамт үүргийг цуцалдаг нь Үндсэн хууль зөрчих үндэслэл болсон. Хуульд энэ мэт шинжилгээ хийх зайлшгүй шаардлага урган гарч ирдэг. Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хүүхдийн өмчлөх эрхийн асуудлыг огт тусгалгүй орхисон. Тиймээс Үндсэн хуулиар эцэг, эх байх эрхтэй хүмүүс үүргээ биелүүлэх, давхар өмчлөх эрхийг нь хамт тогтоох зохицуулалт хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, эцэг, эхийг тогтоосон шийдвэрийг шүүхээс гаргасан бол өмчийн өмчлөх эрх болон тэтгэмжийг хамт тогтоодог байх зохицуулалт чухал.

-Мэдээлэл авах эрхийн тухай хуулийг санаачлан хэрэгжүүлэх ёстой гэх агуулгатай пост фэйсбүүктээ оруулсан байсан. Энэ талаараа мэдээлэл өгөхгүй юү?

-Энэ бол сүүлийн үед их анхаарал татаж байгаа сэдэв. Хэдийгээр хор хөнөөлтэй зүйл болоогүй ч ирээдүйд аюул дагуулна. Тэр тусмаа үндэсний аюулгүй байдалд нөлөөлж ч болзошгүй. Зарим телевиз, радио, сонин хэвлэл, сошиал орчинд үнэн, худал нь мэдэгдэхгүй мэдээлэл маш их тархдаг. Хаанаас, ямар эх сурвалжаас гарах ёстой мэдээлэл вэ гэдэг нь тодорхой байдаг. Гэтэл хүмүүс тэр эх сурвалжаас ирээгүй мэдээллийг тараадаг. Энэ нь мэдээж ноцтой үр дагавартай. Тодруулбал, хувь хүн, байгууллага өөрт цугларсан мэдээллийг хэн нэгнээр дамжуулж тараах, ашиг орлого олох зорилгоор худалдах байдал ажиглагддаг. Үйлчилгээний байгууллагууд хувь хүний мэдээллийг ямар зорилгоор авч байгаагаа тайлбарладаггүй. Энэ нь тухайн мэдээлэл цаашид ямар хэлбэрээр тараагдах нь тодорхойгүй, үүнийг юунд ч ашиглаж болохоор байна. Тиймээс энэ байдлыг зохицуулсан зохицуулалт бүхий хууль тогтоомжийг нийгэм шаардаж буй. Өөрөөр хэлбэл, төрийн болон үйлчилгээний байгууллагуудын мэдээлэл авах эрхийг хангасан хууль баталснаар авсан мэдээллийн эх сурвалжийн аюулгүй байдлыг хангаж, эсвэл хариуцлагажуулж буй хэрэг. Тэр тусмаа сонгуулийн жилүүдэд энэ төрлийн зөрчил их гардаг. Магадгүй үүнээс улбаалан гэмт хэрэг гарч ч болзошгүй. Хувь хүний, эсвэл гэр бүлийн талаарх мэдээллийг авсан байгууллага таны болон гэр бүлийн хүний эсрэг ашиглавал ямар нөхцөл байдал үүсэж болзошгүйг таамаглаж байгаа биз ээ. Энэ бүгд мэдээлэл авах эрхийн талаарх зохицуулалтыг шаардаж буй.

-Хууль зүйн шинжилгээг нэвтрүүлэхийн тулд юуг түрүүлж хийх ёстой вэ?

-Хууль тогтоох байгууллагын дэргэдэх судалгааны байгууллагыг түшиглэн хууль зүйн салбарын эрдэмтэн доктор, шинжээчийн баг ажиллуулаасай. Энэ чиглэлээр ажиллах сонирхолтой эрдэмтэн, докторуудаас гадна олон залуу хуульч бий. Ингэж чадвал хууль зүйн шинжилгээ хурдан бас үр дүнтэй хөгжих болов уу. Хожил нь нийгэм, олон нийтийнх байх болно.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)