М.Энх-Амгалан: “Оффшорын” гэх хуультай холбоотойгоор мөнгө орж ирээгүй байна

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Эрүүгийн болон Зөрчлийн тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийн талаар Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн мэдээллийг сонсов. Тэрбээр Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судлах хүрээлэнг шинээр байгуулсныг онцолж, өсөлт, бууралт, яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл шүүхээс өөрчлөгдсөн шалтгаан, Монгол Улсын хүн амын амиа хорлох тохиолдлын суурь судалгаа хийснийг дуулгав. Мөн онд гадаад улсуудад эрх зүйн туслалцааны 18 хүсэлт хүргүүлсний дөрвийнх нь хариу иржээ.

Харин гадаад улсын эрх бүхий байгууллагаас эрх зүйн туслалцаа авахаар ирүүлсэн 18 хүсэлтээс 17-г нь биелүүлсэн байна. Эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэхээр хүлээн авсан болон илгээсэн хүсэлтүүд нь авлига, албан тушаал, бусдыг залилан мэхлэх, цахим халдлагад өртсөний улмаас гадаад улсад их хэмжээгээр мөнгө шилжүүлэн хохирсон, бусдын амь насыг хохироосон хэрэг зонхилж байгаа гэв.

Улсын хэмжээнд нийт 11 877 хэрэгт зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулснаас 14.2 хувийг хэрэгсэхгүй болгож, 64.5 хувьд нь эрх бүхий албан тушаалтанд шийтгэл ногдуулсан бөгөөд 2767 хэрэгт албадлагын арга хэмжээ авхуулжээ. Зөрчлийн улмаас иргэнд 2.5, хуулийн этгээдэд 2.4 тэрбум, төрд 200 сая төгрөгийн хохирол учирсан байна. Иргэнд учирсан хохирлын 60.7, хуулийн этгээдэд учирсан хохирлын 2.8, төрд учирсан хохирлын 46 хувийг тус тус нөхөн төлүүлжээ.

Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан гишүүдийн асуултад дараах хариулт өгсөн юм.

Л.Болд: -С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотой олон өргөдөл, гомдлыг УИХ-ын Хүний эрхийн дэд хороо хүлээн авсан. Нэр бүхий гишүүд нээлттэй сонсгол хийх санал тавьсан ч хэрэгжүүлээгүй учраас иргэдийн оролцоотойгоор ил тодоор мэдээлэл сонссон. Өнгөрсөн гуравдугаар сард Олон улсын парламентын холбооноос ажлын хэсэг ирсэн, ноцтой дүгнэлт гаргасан.

Бүх шатны шүүхийн шийдвэр гарчихсан. Энэ хэргийг шийдэхдээ хүний эрх зөрчсөн, хэлмэгдүүлсэн гэх мэт олон дүгнэлт бий. Хэргийн материалыг нууцын зэрэглэлээс гаргасан ч үр дүн алга. Хэргийг хэн захиалсан бэ гэдгийг шалгаж байна. Цаашид яах вэ. Хууль, эрх зүйн гаргалгааг нь Ерөнхий прокурор та яаж харж байна вэ. Энэ байдлаараа үргэлжлэх юм уу. ОУПХ-ны дүгнэлтийг та судалсан уу?

М.Энх-Амгалан: -Энэ хэргийг шийдвэрлэхэд прокурорын байгууллага тал бүрийн туслалцаа, дэмжлэг үзүүлж ирсэн. Хуулийн дагуу шүүхээр шийдсэн хэрэгтэй хэн ч маргаж, зөв, бурууг дэнслэх нь хаалттай. Ерөнхий прокурорын хувьд хэлэхэд хуулийн дагуу бүх зүйл шийдэгдсэн, шүүхийн эцсийн шийдвэр гарчихсан учраас нэр бүхий гурван этгээдийг гэм буруутай гэж үзэж байгаа.

ОУПХ хууль тогтоох байгууллагын гишүүний амь насыг хохироосон хэргийг илрүүлж байна уу гэдэгт анхаарал тавьдаг гэж би ойлгодог. Энэ бол хуулийн байгууллагуудын нөр их хөдөлмөрийн үр дүнд, 18 жилийн дараа илэрсэн хэрэг. Хууль зөрчсөн, гомдолтой байгаа тухай янз бүрийн өргөдөл ирэх нь зүй ёсны хэрэг. Тэдгээрийг хуулийн дагуу хянадаг. Шүүхээр хэлэлцэн шийдвэрлэсэн учраас өргөдлийг шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэх боломжгүй. Цаашид мөрдөн байцаалтаар шалгах шаардлагагүй. Хамгийн сүүлд Б.Булганы гаргасан гомдлын дагуу хэрэг бүртгэлийн хэрэг нээгээд, шалгаж байгаа.

Л.Энхболд: -Нэгдүгээрт, “Оффшорын” гэх хуулийг хэрэгжүүлснээс хойш Монгол Улсад хэчнээн төгрөг орж ирсэн бэ. Хоёрдугаарт, 2010-2011 онд Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоор 3758 машинаар 379 мянган тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлтгүйгээр гаргасныг илрүүлсэн ч прокурорын байгууллага 2013 онд хэрэгсэхгүй болгосон юм билээ.

Үүний улмаас хэрэг давтагдсан. Сангийн яамнаас байгуулсан ажлын хэсэг “Эрдэнэс Тавантолгой”-гоос 340 мянган тонн нүүрс алга болсныг тогтоосон. Өнөөдрийн ханшаар тооцвол 60 гаруй тэрбум төгрөгийн хохирол учирсан. Ажлын хэсгээс энэ мөнгө хаашаа ч ороогүйг тогтоосон. Ийм ноцтой хэргийг та бүгд яаж шалгаж байгаа вэ?

М.Энх-Амгалан: -“Оффшорын” гэх хуультай холбоотойгоор одоогоор мөнгө орж ирээгүй байна. Оффшор данстай байсан хүмүүсийг тогтсон хугацаанд мөнгөө оруулж ирсэн тохиолдолд хариуцлагаас чөлөөлөхтэй холбоотойгоор Д гэгч иргэн мөнгөө оруулж ирсэн. Тодорхой хэмжээний хөрөнгө битүүмжлэх талаар гадаадын хуулийн байгууллагад хүсэлт тавьчихаад байна. Нүүрсний тухайд хэрэг бүртгэлийн хэрэг нээгээд, АТГ шалгаж байгаа.

Тиймээс тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Таны ярьж байгаа асуудлыг нэгбүрчлэн шалгаж эхэлсэн. 2013 онд хэрэгсэхгүй болгосон хэргийг тухайн үед нь сэргээх гэж оролдсон ч хөөн хэлэлцэх хугацаа нь дуусчихсан. Яах аргагүй ноцтой асуудал үүссэн. Машинуудыг хоосноор бүртгээд цааш гаргачихсан. Татвараас зайлсхийсэн. Татварын хэмжээ нь нэлээд их. Шаардлагатай бол танд мэдээлэл өгье.

Б.Дэлгэрсайхан: -Оффшортой холбоотой асуудлыг улстөржүүлдэг гишүүн олон бий. Үүний улмаас гадаадын хөрөнгө оруулалт багассаныг бүгд мэдэж байгаа. Цаашид ер нь яах вэ. Би бол оффшорчдын нэг, шалгуулж байгаа. Засгийн газар удахгүй Тавантолгойн IPO-г Хонконгийн биржид хийх юм билээ. Хонконг бол оффшор бүс. Энд хуулийн зөрчил байна уу. Улсаараа оффшорчин болчих юм биш биз?

М.Энх-Амгалан: -Оффшорыг бизнесийнхээ хүрээнд хүлээн зөвшөөрч болох зүйл юм шиг байна лээ. Бидний зүгээс татвараас нуусан мөнгөө оффшор дансанд байршуулж буй, эсэхийг л ярина.

Ш.Раднаасэд: -2002 болон 2015 оны Эрүүгийн хуулийн хооронд гэмт хэрэг биш болж, нийгэмд учруулсан хор хөнөөл нь их ч гэлээ хуулийн хийдлээр сугарч гарсан хэргүүдийн жагсаалтыг гаргасан уу?

М.Энх-Амгалан: -Банкны хууль, тогтоомжийг зөрчих гэдэг зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн үйлчлэлээс гаргаж, Зөрчлийн тухай хуулиар зохицуулж байгааг анхаарч үзэх нь зүйтэй. Банк бол хүний мөнгийг цуглуулж, иргэдийн итгэл дээр тулгуурлан хөрөнгө босгож, үйл ажиллагаа явуулдаг онцлогтой. Үүнтэй холбоотой асуудлыг зөрчлийн хэмжээнд шийдээд эхлэхээр хэн дуртай нь янз бүрийн арга хэрэглэн, иргэдийн мөнгө, хөрөнгө, хадгаламжийг зувчуулж, янз бүрийн зээл гаргадаг.

Ихээхэн хэмжээний хохирол учруулсан хэрнээ зөрчлийн хэмжээнд шийдүүлэх нөхцөл бүрдсэн байна. Иймд үүнийг анхаарч холбогдох зүйл, заалтыг Эрүүгийн хуулийн үйлчлэлд оруулах шаардлагатай. Мөн “гүтгэх” асуудал хэрээс хэтэрсэн. Үүнийг эрүүгийн хариуцлагатай болгох зайлшгүй шаардлагатай. Гуравдугаарт, өмнөх Эрүүгийн хуульд байсан “дураараа авирлах” гэдэг үйлдлийг одоо хэрэгжүүлж буй холбогдох хуульд тусган, тодорхой зохицуулалттай болгохгүй бол нэлээд бэрхшээл тулгарч байна.

Нэг иргэн “Өөрийн юмаа авна” гээд өөр нэгний унаж явсан унааг нь гаднаас нь аваад явчихдаг. Нөгөө иргэн “Би 50 сая төгрөгөөр авсан юм. Одоо дөрвөн сая төгрөг л өгөх дутуу байсан. Яагаад аваад явчихав аа” гэдэг. Үүнийг Эрүүгийн хуулийн хүрээнд зохицуулах ямар ч бололцоогүй.

Хуралдааны төгсгөлд гишүүн Л.Болдын гаргасан саналын дагуу Эрүүгийн болон Зөрчлийн тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийн талаарх Улсын ерөнхий прокурорын мэдээллийг нэгдсэн хуралдаанаар сонсох нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураахад гишүүдийн олонх нь дэмжсэнгүй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)