​М.Энх-Амгалан: Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхгүйгээр шалга гэх нь шударга ёс юм уу

Өчигдрийн нэгдсэн хуралдаанаар гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай ерөнхий прокуророос ирүүлсэн саналыг хэлэлцлээ. Уг саналыг уржигдар Халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүй болон Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэн, гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн юм.

Энэ талаар ерөнхий прокурор М.Энх-Амгалан “УИХ-ын гишүүн Б.Батзориг нь “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллахдаа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2018 оны тавдугаар сарын 14-ний А-88 дугаартай тушаалаар 134 иргэн, хуулийн этгээдэд 74.1, наймдугаар сарын 24-ний А-141 дугаартай тушаалаар 82 иргэн, аж ахуйн нэгжид 25.4 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилт олгох шийдвэр гаргахдаа бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэх эрүүгийн хэрэгт АТГ мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар гишүүн Б.Батзориг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.3 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд болох Засгийн газрын гишүүний эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах мөрдөгчийн саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзсэн.

Улмаар арваннэгдүгээр сарын 5-нд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдсэн” хэмээн танилцуулсан.

Ерөнхий прокурорын танилцуулга болон байнгын болон дэд хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт тавьж, санал хэлсэн гишүүдийн байр суурийг хүргэж байна. Энэ үеэр гишүүн Д.Хаянхярваа нууц санал хураалтыг цахим тооцоолуураар явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.

О.Баасанхүү: -Өчигдөр (уржигдар) 22.00 цагт байнгын хороо хуралдах гэж байна гэж надад хэлсэн. Нэг намынхан байж яагаад байнгын хорооны хурлаа хаалттай хийсэн юм бэ. Бүлгээрээ хэлэлцсэнээ байнгын хороо хуралдсан гэж жүжиг тавих ямар хэрэг байна вэ.

ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийг одоо зарлах хэрэгтэй. Дахин өөр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулж ирэх үү. Б.Батзориг гишүүн намын даалгавар биелүүлсэн учраас олонхын бүлэг авч үлдэхээр шийдсэн байна. Зээл авсан албан тушаалтнууд мөнгө угаасан уу?

Ш.Раднаасэд: -Дэгийн дагуу байнгын хороо ерөнхий прокурорын саналыг хаалттай горимоор хэлэлцэж, санал хураана.

М.Энх-Амгалан: -Дөрвөн гишүүнтэй холбоотой асуудал байгаа гэсэн. Б.Батзориг гишүүн асуудал хариуцаж, гарын үсэг зурж, зээл

олгосон учраас яллагдагчаар татсан. Одоогоор захиалагч нь хэн байсан талаар дурдагдаагүй байна. Баримт гарч ирвэл шалгана. Гэмт хэрэгт холбогдуулж, яллагдагчаар татвал дахиад өөр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа оруулж ирнэ. Шалгалт ямар хугацаанд үргэлжлэх нь тодорхойгүй. Өргөн цар хүрээтэй хэрэг байгаа учраас нэлээд удаан шалгах байх.

Л.Болд: -УИХ-д таван удаа сонгогдсон гишүүн манай намын бүлэгт байгаа. Гэтэл манай намаас Халдашгүй байдлын дэд хороонд хүн оруулаагүй. Халдашгүй байдлын дэд хорооны саналыг холбогдох байнгын хороод 100 хувь дэмжсэн гэдэг нь худлаа.

Манай намын гишүүд хуралд оролцоогүй, санал өгөөгүй. Ёс зүйн хороогоор Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн дуулианд холбогдсон гишүүдийн талаар хэлэлцэж болохгүй юм уу. Гэмт хэрэг хийсэн нь тогтоогдсон гэж байна шүү дээ.

М.Энх-Амгалан: -Ерөнхий прокурорын үүрэгт гишүүний ёс зүйн асуудал хамаарахгүй. Гишүүдийн ёс зүйн асуудлыг ярьдаг хүн нь би биш. Би яллах ажиллагаа явуулдаг хүн.

Д.Оюунхорол: -Монголын улс төрд бий болсон өнөөгийн нөхцөл байдал нийгмийг бухимдуулж байгаа. Ард түмэн итгэл алдарсан. Зарим гишүүн асуудал үүсмэгц улстөржүүлж, өөр тал руу хандуулдаг нь харамсалтай. Сонгууль болоход богино хугацаа үлдсэн. Иргэдийн гомдлыг тооцоолж байна уу.

Л.Болд гишүүн улс төрийн оноо авах гэж чуулганы индэр дээрээс ард түмэн рүү дандаа турхирдаг. Монголын парламент харьцангуй сайн ажиллаж байгаа. Бидэнд алдаа байхыг үгүйсгэхгүй. Үүнийгээ засаж, залруулах шаардлага бий. 2015-2016 онд үйлдэгдсэн томоохон хэргүүд болох бондууд, Хөгжлийн банктай холбоотой асуудлуудыг шалгаж байгаа юу?

М.Энх-Амгалан: -Хөгжлийн банктай холбоотой хэргийг шалгаад, шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс мөрдөн байцаалтад буцаасан.

М.Оюунчимэг: -Тогтолцоог бүхлээр нь өөрчлөхгүйгээр, нэг хүнийг сольсноор асуудал шийдэгдэхгүйг 27 жил харлаа. Сүүлийн үеийн ноцтой хэргүүд болох “Эрдэнэт үйлдвэр”, бондууд, АСЕМ, Үнэ тогтворжуулах хөтөлбөртэй холбоотой хэргүүд юу болж байна вэ.

Төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой хэргүүдийн хажуугаар АТГ, прокурор яагаад дуугүй өнгөрөөд байгаа юм бэ. Хууль зүй, дотоод хэргийн сайдаас ч асуумаар байна. Энэ хэргүүдийг яагаад шалгахгүй байгаа юм бэ. Мэдээж гишүүд хамаарал бүхий компанидаа зээл авсан нь маш буруу. Уг сангаас зээл авах хүсэлтэй хүмүүс надад ханддаг. Энэ чинь гэнэт бий болсон асуудал биш.

М.Энх-Амгалан: -Тогтолцоог өөрчлөх нь миний ажил биш. Төрийн эрхийг барьж байгаа та бүгдэд хамаатай. Таны ярьж байгаа хэргүүдийг шалгаж байгаа. Та нарын баталсан хууль бидэнд саад болж байна.

Хуулиа баталж өгчихөөд хэрэгжүүлдэг хүмүүс рүү нь дайрч болохгүй шүү. Хуулиа нарийн болгомоор байна. Гишүүд дандаа Хууль зүй, дотоод хэргийн сайдаас асуух юм. Сайд энэ хэргүүдийн талаар юу ч мэдэхгүй. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад сайд оролцдоггүй юм. Оролцвол өөрөө хариуцлага хүлээнэ. Хоорондын ялгаа, заагаа харж яримаар байна.

Намайг Ерөнхийлөгчөөс үүрэг авч, Б.Батзориг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулж ирсэн гэж яриад байгаа. Би хүний нөлөөнд автдаг хүн биш. Шударга ёсыг энэ танхимаас тогтоох ёстой. Тэр шударга ёс чинь хаана байна вэ. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхгүйгээр шалга гэх юм.

Түдгэлзүүлэхгүйгээр шалгах, түдгэлзүүлж шалгах чинь өөр шүү дээ. Жирийн иргэн хоригдоод шалгуулж байна. Харин бүрэн эрхийг нь түдгэлзүүлээгүй гишүүн энэ танхимд сууж байна. Энэ чинь шударга ёс мөн юм уу.

Ц.Нямдорж: -Хууль зүйн асуудал эрхэлсэн сайд гэмт хэргийн талаар асуудаг. Сайдын эрхлэх асуудалд цагдаагийн байгууллага бий. Цагдаагийн байгууллага ажлаа хийж байгаа. Хэрэг мөрдөх ажиллагаанд би оролцохгүй.

Асуугаад байгаа хэргүүдийг чинь хууль хяналтын байгууллагууд нь шалгаж байгаа. Хууль нь болохгүй байгааг ерөнхий прокурор хэллээ. Энэ үнэн. Би энэ хуулийн чинь эсрэг бослого гаргаж байсан юм шүү. Цагдаад байсан хууль бус зүйлийг таслан зогсоосон.

Хуулийн хайч хөдөлгөдөг газар нь цагдаа. Цагдааг ёс зүйгүй байдалдаа оролцуулахгүй шүү. Тэнд ажиллаж байгаад хэрэгт холбогдсон бол хайр найргүй хандана шүү. Цагдаад ажиллах хүчний нөөц нь байна.

М.Оюунчимэг: -Ерөнхий прокурор М.Энх-Амгалан та энд баатар байна. УИХ-д танхимд орж ирж, биднийг загнах асар их эрх мэдлийг танд өгсөн юм байна. Угтаа та бидэнд ажлаа тайлагнах ёстой.

М.Энх-Амгалан: -Би загнаагүй шүү. Миний ярьж байгаа байдал ийм ойлголт төрүүлсэн болов уу. Уучлаарай.

Х.Нямбаатар: -2015 онд Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн үед Эрүүгийн хуулийг шинэчлэн баталсан. Тус хуулийн араг ясыг босгож батлуулсан хүн нь ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат гэж хүн бий. Энэ хуультай хамт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ч баталсан.

Харамсалтай нь, эцсийн найруулгыг нь сонсож чадаагүй гэдэг шалтгаанаар хэрэгжүүлээгүй. Ингээд 2016 онд дахин өөрчлөлт оруулсан. Үйлийн үртэйгээрээ би уг хуулийн төслийн талаар дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг ахалсан. Ингэхдээ хэргийг мөрдөгч биш, прокурорын байгууллага анхнаас нь хөтөлж шалгах үүргийг хуулиар олгосон.

Гэтэл бид ял шийтгэлийн бодлогыг бууруулсан мэтээр ерөнхий прокурор хэлж болохгүй. Манай шоронд 8000 гаруй хүн ял эдэлдэг байсан бол шинэ хуулийн дагуу 3000 болж буурсан шүү.

Ц.Даваасүрэн: -Хуулийн буруу гаргалгаа байсныг үгүйсгэхгүй. Эдийн засгийн ил тод байдлын тухай гэсэн балай хууль гаргасан. Бүх гэмт хэргийн үйлдлээ дарагдуулах боломжийг уг хуулиар бий болгосон.

Мөн үүнтэй зэрэгцүүлээд Өршөөлийн тухай хууль баталсан. Нуун дарагдуулсан хэрэгт эрүү үүсгэж болохгүй гээд заачихсан. Дээр үед бараг хадаас хулгайлсан хүн ч шоронд ордог байсан юм. Гэтэл одоо эх орноо зарж болох нь ээ.

Ө.Энхтүвшин: -УИХ-ын баталсан хуулийн дагуу яваад ийм болчихлоо гэж ерөнхий прокурор хэлж байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд, ерөнхий прокурор хоёрын яриа зөрж байна. Улсын ерөнхий прокурорт хангалттай эрх мэдэл өгчихсөн гэж байна.

Гэтэл ерөнхий прокурор нь хууль зүйн асуудал эрхэлсэн яам бүгдийг гацаагаад байна гэх юм. Асуудлыг бие бие рүүгээ чихсээр байх уу. Мөн томоохон хэргүүд шийдэгдэхгүй байгаа нь үнэн шүү дээ. Заавал хүн барих тухай асуудлаар УИХ-д хандаж байгааг нь Ерөнхий прокурорын ажил гэж бид дүгнэхгүй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)