М.ЭНХ-АМАР: Гэр бүл эвлэрүүлэн зуучлахад Австралийн туршлага нэвтрүүлсэн

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амартай ярилцлаа. УИХ-ын хэлэлцэх асуудлын дараалалд Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл багтсан. Түүнээс хуулийн төсөл болон гэр бүл тойрсон асуудлаар хариулт авсан юм.

-Түр хамгаалах байрныхан эмэгтэйчүүд, хүүхдүүдэд ихэнхдээ тусламж үзүүлж, хариу арга хэмжээ авдаг. Тэднээс гадна эрэгтэйчүүд ч хүчирхийлэлд өртдөг. Хүчирхийлэлд өртсөн эрэгтэйчүүдийг хүлээн авч, хамгаалсан тохиолдол бий юү?

-Манай улс Үндсэн хуулиар эрэгтэй, эмэгтэйчүүд тэгш эрхтэй, нэг эхнэр, нэг нөхөртэй байх тухай хуульчилсан. Энэ заалт одоо ч хүчинтэй. Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ч эл заалтыг хэвээр үлдээсэн. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг эрэгтэй, эмэгтэй, хүүхэд, өндөр настан гэж нас, хүйсээр нь ялгаагүй. Хохирогч гэдэг ерөнхий ойлголтоор бүртгэж, эрүүгийн болон зөрчлийн хэрэг үүсгэн шалгадаг. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хүйсээр ангилвал 92-98 хувь нь эмэгтэй, үлдсэн нь эрэгтэйчүүд. Баримтаас харахад, Түр хамгаалах байраар үйлчлүүлсэн эрэгтэйчүүд цөөн байсан. Тодруулбал, 2018 онд хоёр, 2019 онд гурван эрэгтэй Түр хамгаалуулах байраар үйлчлүүлсэн. Эдгээр үйлчлүүлэгчид үр хүүхдийнхээ дарамтад өртсөн ахмадууд байсан.

-Улсын хэмжээнд түр хамгаалах хэчнээн байр байдаг юм бэ. Ачаалал ихтэй байдаг уу?

-Улсын хэмжээнд түр хамгаалах 17 байр, нэг цэгийн үйлчилгээний найман төв ажилладаг. Түр хамгаалах байраар 2019 онд 1036 хохирогч үйлчлүүлж, өөрт зайлшгүй шаардлагатай тусламж авсан. Тоон мэдээг задалбал, 74 эмэгтэй, 964 хүүхдийн аюулгүй байдлыг хангаж ажиллажээ. Үйлчлүүлсэн нийт хүүхдийн 49.2 хувь эрэгтэй, 50.8 хувь нь эмэгтэй. Түүнчлэн хүүхдийг хүчирхийлж буй хамаарал бүхий этгээдийн 84.1 хувь нь хүүхдийн төрсөн ээж, аав, 8.9 хувийг хойд эцэг, эх, 1.2 хувийг өвөө, эмээ, 1.4 хувийг ах, эгч, 1.8 хувийг хүргэн ах, 1.5 хувийг үл таних этгээд, хөндлөнгийн хүн эзэлж байна. Мөн хүчирхийллийн тоон мэдээлэл нь эцэг эх, асран хамгаалагчийн зан үйл, ажил эрхлэлт, сэтгэл зүйн байдлаас болж хүчрхийлэл гардаг гэсэн дүгнэлтэд хүргэсэн. Хүчирхийллийг эрчүүд голдуу үйлддэг. Иймээс хүчирхийллийг бууруулахад эрчүүд, хөвгүүдийн манлайлал яах аргагүй чухал.

-Хүчирхийллийг эрчүүд голдуу үйлддэг нь баримтаас харахад илэрхий байна. Тэгвэл эрчүүд, аав нар луу чиглэсэн сургалт хүмүүжлийн арга хэмжээ авах ёстой юм биш үү. Танай агентлагаас энэ талаар ямар арга хэмжээ авдаг вэ?

-Жендерийн хэвшмэл ойлголтыг арилгах, энэ асуудалд эрчүүдийн ойлголт, хандлагыг нэмэх чиглэлээр аймаг, орон нутгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтсүүд санаачилга гарган ажиллаж буй. Мөн эрчүүдэд тулгамдаж буй асуудлыг сонсох, шийдвэрлэх арга хэмжээг мэргэжлийн байгууллагуудын оролцоотой хэрэгжүүлдэг. Өнгөрсөн онд жендер, гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар гурван удаагийн хэлэлцүүлэг, долоон зөвлөгөөн, захидлын уралдаан дөрвийг зохион байгууллаа. Үүнд 2190 эрэгтэйг хамруулсан. Увс аймагт гэхэд анх удаа “Хийморьлог эрчүүд”, Орхонд “Өрх толгойлсон ганц бие аавуудын клуб” байгуулсан. Энэ мэтчилэн багагүй ажил хийлээ. Цаашид ч олон ажил төлөвлөж байна.

-Сүүлийн үед гэр бүлийн хүчрхийлэл ихэссэн. Гэхдээ үүнийг таслан зогсоох нь ганц танай байгууллагын үүрэг биш байх. Төрийн бусад байгууллагатай ажлаа уялдуулж чадаж байна уу?

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар төрийн байгуулага, аж ахуйн нэгж, ТББ, иргэн бүгд хүчирхийллийг бууруулах, урьдчилан сэргийлэх, хариу үйлчилгээ үзүүлэх үүрэг хүлээсэн. Энэ дагуу Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран орон нутгийн хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах, тэднээр дамжуулан гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, эрсдэлтэй гэр бүлийг илрүүлэх ажлыг зохион байгуулж байна. Хохирогчийг хамгаалах, нөхөн сэргээх, нийгмийн халамж үйлчилгээ үзүүлэх ажлыг ч хэрэгжүүлж буй. Энэ ажилд нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэнд, хууль, цагдаагийн байгууллага идэвхтэй оролцдог. 2019 онд НҮБ-ын Хүн амын сан, Азийн хөгжлийн банк, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллага, Японы Хүүхдийг ивээх сан зэрэг олон улсын байгууллагатай хамтран хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах үндэсний болон бүсийн сургагч багш бэлтгэх сургалтыг гурван үе шаттай зохион байгуулж, 1746 хүнийг хамруулсан. Энэ нь 676 хамтарсан багийн 4714 гишүүний 37 хувь. Мөн 35 ажилтныг үндэсний, 175 хүнийг бүсийн сургагч багшаар бэлтгэлээ. Нэг зүйлийг онцлоход, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар манай байгууллага гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалан байрлуулах, сэтгэл зүйн зөвлөгөө, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх үүрэг хүлээдэг.

-Гэр бүлийг хамгаалж буй талаар нэлээд мэдээлэл өглөө. Тэгвэл гэр бүлийг хөгжүүлэх тодорхой ямар ажил хийж байна вэ?

-Манай байгууллагын нэр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар. Мэдээж хөгжсөн гэр бүл, хүүхэд, залуус аливаа эрсдэлээс хамгаалагдаж чадна. Төрийн бодлогыг гэр бүлд суурилан хэрэгжүүлэх эрх зүй, тогтолцооны шинэчлэлд хувь нэмэр оруулж, гэр бүл, хүүхэд, залуучуудыг хөгжүүлэх, төлөвшүүлэхээр монгол хүний хөгжил, үндэсний дархлааг бэхжүүлэх зорилго тавин ажиллаж байна. Гэр бүлийн хөгжлийг дэмжих чиглэлээр Гэр бүлийн хөгжлийг дэмжих туршилтын хөтөлбөр хэрэгжүүлж, нийгмийн дэмжлэг шаардлагатай 8100 өрхийг хамруулсан. Тэдгээр гэр бүлд 2018-2019 онд хоёр удаа нөхцөл байдлын үнэлгээ хийж, амьдралын чанарт гарсан өөрчлөлт, үр дүнд суурилан, нийгмийн ажлын үйлчилгээний нэр төрөл гаргахаар зорьж байна. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хөгжлийн төлөвлөгөөг гэр бүлийн хэв шинж тус бүрийн хэрэгцээнд суурилан гаргах юм. Энэ ажлыг гурав дахь жилдээ хэрэгжүүлж байна. Үр дүнд гэр бүлийн хөгжлийг дэмжих болон аливаа эрсдэлээс хамгаалах үйлчилгээний нэр төрлүүд тодорхой болж, гэр бүлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, орон нутгийн салбар нэгжүүд салбарын хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл, сум, хороонд гэр бүлийн нийгмийн ажилтны орон тоог нэмэх, ажлын байрны тодорхойлолтод зайлшгүй оруулах ажил үүргийн хуваарилалт шинэлэг санаа гаргаж ирсэн.

-Гэр бүлийг хэв шинжээр нь 12 ангилжээ. Тухай бүрт тохирох үйлчилгээ, аргачлал боловсруулсан гэсэн үг үү?

-Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцүүлэхийн өмнө гэр бүлийг дэмжих үйлчилгээний нэр төрлийг бий болгож, хөгжүүлэх, улмаар хуулийн төсөлд тусгах зорилгоор “Монголын гэр бүлийн асуудал, хэрэгцээ, үйлчилгээний хувилбар” гэсэн судалгаа хийсэн. Эл судалгаагаар зорилтот болон ердийн гэр бүлийн хэв маяг, өнөөгийн байдлыг тодорхойлж, гэр бүлийн амьдралд нөлөөлж буй нийгэм, эдийн засаг, улс төрийн хүчин зүйл, эдийн засаг, амьжиргаа, харилцаа, сэтгэл зүйн нөхцөл байдал, эрүүл мэнд, тулгамдсан асуудал, хэрэгцээ шаардлагад үндэслэн тэднийг дэмжих хөгжлийн үйлчилгээний хувилбар боловсруулсан. Тухайлбал, архины хамааралтай болон хүчирхийллийн харилцаатай гэр бүлд үзүүлэх үйлчилгээ, донтолтын тухай ойлголт, хүүхдийн асран хамгаалагч тогтоох, түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний технологи, практик, олон хэв шинжийн гэр бүлтэй ажиллах зэрэг долоон арга зүй боловсруулан гаргасан. Арга зүйн хүрээнд бид гэр бүлүүдтэй ажиллана. Одоогоор салбарын яамнаас нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрх, тэр дундаа ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй, хүнд нөхцөлд байгаа, бүтэн өнчин хүүхэд, хүчирхийлэлд өртөгсөд, хорих ангиас сулласан болон согтууруулах, мансууруулах донтох эмгэгтэй иргэн, өрх толгойлсон эх, эцгийг нийгмийн хөгжил, халамж, тэтгэмж, тэтгэвэр, хөнгөлөлт, тусламжид хамруулахад чиглэсэн 72 төрлийн үйлчилгээ хэрэгжүүлж буй.

-Ургийн бичиг хөтлөх ажлыг сэргээж байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Аймаг, нийслэл, дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтсүүд байгууллагын нөөц бололцоонд түшиглэн ургийн бичиг хөтлөх арга зүйн сургалт зохион байгуулдаг. Ганц эл асуудал бус, гэр бүлд сэтгэл зүйн зөвлөгөө өгч, сэтгэл заслын үйлчилгээ үзүүлэх, эрсдэлтэй гэр бүлд хоёрдогч шатны урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, хорт зуршил, амьдралын буруу хэв маягийг өөрчлөх сургалтыг байнга хийдэг. Эрсдэлт нөхцөлд байгаа гэр бүлийг нийгэмшүүлэх хөтөлбөрийн хүрээнд нийгмийн сэтгэл зүйн талаар ойлголт өгч байна. Гэр бүлийн харилцааг хэвийн болгох зорилготой хүүхэд хүмүүжлийн эерэг арга сургалтад 14 357, гэр бүлийн боловсрол олгох сургалтад 4869 иргэнийг хамруулсан. Тус хөтөлбөрт хамрагдсан өрхүүдээс эрсдэлийн программд 3822 хүүхдийг бүртгэсэн.

-Танайх 21 аймагт нэгж, хэлтэстэй ч мэргэжлийн гэр бүл судлаач, сэтгэлзүйч ховор юм билээ.

-Аймаг, нийслэл, дүүргүүдийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтсийн дэргэдэх Гэр бүлд зөвлөгөө өгөх төвүүдээр дамжуулан залуу хосуудад гэр бүлийн боловсрол олгох, сэтгэл зүйн ганцаарчилсан болон бүлгийн зөвлөгөө тогтмол өгдөг. 2019 оны байдлаар 21 аймаг, есөн дүүрэгт мэргэжлийн 38 сэтгэлзүйч ажиллаж байгаагаас 10 хүн гэр бүлийн асуудал, сэтгэлзүйчийн албан тушаалд, 19 албан хаагч сэтгэлзүйчийг бусад албатай хавсран гүйцэтгэдэг. Мөн долоон албан хаагч гэрээгээр ажиллаж байна. Дагнасан сэтгэлзүйч гэсэн орон тоо байхгүй, хавсран гүйцэтгэж буй. 2019 онд Гэр бүлд зөвлөгөө өгөх 22 төвөөр ганцаарчилсан ярилцлагад 2933, бүлгийн зөвлөгөөнд 3972 иргэн хамруулсан. Хүүхэд хүмүүжлийн асуудлаар 1151 гэр бүлд зөвлөгөө, мэдээлэл өгч, 792 иргэнийг холбогдох байгууллага руу холбон зуучилжээ. Энэ хүрээнд газар, хэлтсүүдийн дэргэдэх Гэр бүлд зөвлөгөө өгөх төвүүдэд мэргэжлийн сэтгэлзүйч ажиллуулах, үйлчилгээг чанаржуулах чиглэл хүргүүлсэн.

-Гэр бүлийн боловсрол олгох хөтөлбөр боловсруулж, сурагчдад заахаар салбарын сайдын тушаал гарсан байсан. Хэрэгжилт ямар шатандаа байна вэ?

-Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад гэр бүлийн боловсрол олгох хөтөлбөр боловсруулж, батлах сайдын тушаал гарсан. Энэ хүрээнд БСШУСЯ, ЭМЯ, ХНХЯ, Насан туршийн боловсролын үндэсний төвийн хамтарсан тушаалаар ажлын хэсэг байгуулсан. Яг одоо сургалтын хөтөлбөр боловсруулж байна.

-Гэр бүлийн тухай хуулиар хүүхдийн тэтгэлгийн сан бий болох уу. Уг хуулийн төсөлд танай газар ямар санал өгөв?

-Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, холбогдох баримт бичгийг боловсруулахад ХЗДХЯ, ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн газар, Хүүхэд, залуучууд, ахмад настан, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, хуульч, зөвлөх, эрдэмтэн докторуудыг оролцуулсан ажлын хэсэг байгуулсан. Уг төслийн үзэл баримтлалын хүрээнд салбарын яамнаас олон нийт, холбогдох байгууллага, эрдэмтэн судлаачдын төлөөлөлтэй уулзсан. Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хэд хэдэн санал ирсэн. Тухайлбал, төрөөс гэр бүлийн тогтвортой, хамтын амьдралыг дэмжих, гэр бүлд чиглэсэн хөгжлийн үйлчилгээг бий болгох, энэ асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүтэц орон тоог нэмэгдүүлэх, нийгмийн ажилтныг анхан шатны нэгжид бий болгох, хүүхэд үрчлэх асуудлыг тодорхой болгох, тэтгэлгийн сан байгуулах, гэр бүлийн гишүүдийн хариуцлагыг дээшлүүлэхтэй холбоотой санал өгсөн.

-Гэр бүл салах нь ихэсжээ. Гол шалтгаан нь юу вэ?

-Гэрлэлтээ цуцлуулах нь сүүлийн таван жилд 12 хувиар өссөн. Тухайлбал, 2017 онд 20 470 гэр бүл бүртгэж, 3945 нь гэрлэлтээ цуцлуулсан. 2018 онд 21 020 гэрлэлт баталж, 4201 нь салсан. 2019 онд 20 043 хос амьдрал зохиож, 4262 нь салжээ. Тоо баримтаас харахад, гэр бүл салалт ихэссэн. Гэр бүл цуцлах нь эхнэр, нөхрийн хоорондын зөрчилтэй харилцаанаас үүсдэг. Дээрээс нь нийгмийн харилцаанаас үүдэлтэй маш олон шалтгаан байна. Гэр бүл салсны улмаас үүсэж буй зөрчилтэй асуудлыг шийдвэрлэхэд хүүхдийн эрхэд суурилсан хандлага бүхий Австралийн эвлэрүүлэн зуучлах үйлчилгээний арга зүйг туршиж нэвтрүүлсэн. Эвлэрүүлэн зуучлах үйлчилгээг боловсронгуй болгоход “Гэр бүлийн зөрчил шийдвэрлэх үйлчилгээний чадавх бэхжүүлэх нь” сургалтыг Австралийн ADRА байгууллагын гэр бүлийн эвлэрүүлэн зуучлах асуудлаар мэргэшсэн багш нар, эрдэмтэн судлаачидтай хамтран зохион байгууллаа. Үүнд орон нутгийн харьяа байгууллагын гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд, нийгмийн ажилтан бэлтгэдэг их, дээд сургуулийн багш, олон улсын төлөөлөл болох 50 хүн хамруулж чадавхжуулсан.УРИЛГА


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)