М.Энхсайхан АН-ынхаа дотоод зөрчлийн золиос болов

Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нар Ардчилсан намынхандаа 30 жилийнх нь ойгоор айдас хүйдсээр дүүрэн сюрприз барилаа. Энэ бол Ерөнхий сайд, тус намын дарга асан М.Энхсайханд анхан шатны шүүхээс 4.6 жил хорих ял оноосон явдал юм. “Дараа нь Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, Э.Бат-Үүл, С.Баярцогт, Да.Ганболд нарын ээлж шүү...” гэх хатуухан сануулга бүхий энэхүү шүүхийн тогтоолыг нэрэн дээрээ шүүгчид гаргасан ч нидэр дээрээ Ерөнхийлөгчийн дардастай гэдгийг Ц.Элбэгдорж тэргүүтэй эсрэг бүлэглэлийнхэн нь сайн мэдэж байгаа. Иймдээ ч хотын мээр асан Э.Бат-Үүл “Зандаахүүгийн Энхболдын шүүгч” М.Энхсайханыг урьдчилж сайтар төлөвлөж бэлтгэсэн ялаараа яллалаа. Илтэд зохиомол хэргээр хүнийг яллаж байгаагаа ичгүүр сонжуургүй харууллаа. “Эрх мэдэлтэнтэй сөргөлдсөн хүн бүхнийг яллана” гэдгээ тройка М.Энхсайханаар жишээ болгон үзүүлэв” гэж твиттерт жиргэлээ.

2019.01.16. Тэр өдөр юу болсныг санаж байна уу. Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын ерөнхий прокурорын газрынхантай уулзахдаа “Халтмаагийн Баттулга гэдэг иргэнийхээ хувиар би хандаж байна. Тавантолгойн ордны тухай хэдэн мэдээлэл өгье. Ард түмний өмч Тавантолгойг гэрээгээр халхавчлан гадаадынханд хууль бусаар 100 жилээр өгөх гэж байхад УИХ-ын 40 гишүүн 2015 онд авч үлдсэн юм. Би тэдний нэг. Энэ хуйвалдааныг гардан гүйцэтгэх ажлыг Ц.Элбэгдорж зохион байгуулсан. Үүнийг яагаад одоо болтол шалгахгүй байна вэ. Иргэн Х.Баттулгын хувьд 178 хуудас баримтыг гардуулж байна. Энэ хэргийг шалгуулъя” гэж мэдэгдэж байв. Гэвч тэдгээр баримтыг Ерөнхийлөгчөөс гардаж авсан ерөнхий прокурор М.Энх-Амгалан “Хэн нэгний захиалгаар хэрэг шалгахгүй ээ” гэх тэрслүү мэдэгдэл хийж, “З.Энхболдын хүн” гэгддэг Б.Жаргалсайханд ерөнхий прокурорын ажлаа хүлээлгэн өгсөн. Ийнхүү шүүх, прокурорыг гартаа атгасан Х.Баттулга, З.Энхболд хоёрын түншлэл хүчээ авав. 

Төд удалгүй З.Энхболд Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албан тушаалаа Ардчилсан намын даргын ахлах зөвлөх гэх жижигхэн суудлаар солив. Өнгөн дээрээ С.Эрдэнийн зөвлөх ч өөртөө бол Ардчилсан намын дарга болох нь тэр ээ. Хувь улстөрчийн зүгээс “Тавантолгойг ард түмэндээ авч үлдсэн гавьяатан бол З.Энхболд” гэх пиар тоглолтоо ч хийж эхлэв. Улс төрийн рингэн дээр голлон тоглогчоор залрах гэсэн зуумтгай З.Энхболдын хүсэл болон Ц.Элбэгдорж тэргүүтнээс өс хонзонгоо авах гэсэн Х.Баттулгын ашиг сонирхол ийнхүү нийлж, М.Энхсайханыг ялласнаар эхний сануулгаа өглөө. “Иргэн Х.Баттулга” гэх гарын үсэгтэйгээр ерөнхий прокурорт гардуулсан 178 хуудас материалынхаа ид шидийг тэд яг нэг жилийн дараа үзэв шүү! Иртэй, бяртай байхдаа М.Энхсайхан мэтийг яллаж чадахгүй бол Ерөнхийлөгч байхын хэрэг юу сан билээ. Эгзэг нь таарчихаад байхад “хонгилын түлхүүр”-ээ тааруулж чадахгүй бол З.Энхболд ба Тавантолгой гэсэн пиар ажиллагаа ч үнэмшилгүй болох гээд байсан юм чинь...

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж, амин найзаасаа тамгыг нь гардаж авсан Х.Баттулга 1996-2000 оны хар түүхийг давтаж эхлэв. “Ардчилсан холбоо” эвслийн үед нам, төр хэрхэн үймж, хагарч, задарч, хэд хэдэн нөхдөө шорон руу илгээж байсан гашуун сургамжийг тэр өөрийг нь Ерөнхийлөгч болтол өндөрт өргөсөн намынхан хийгээд ард түмэнд эргэн сануулахуйц эвгүй алхмуудыг хийх боллоо. М.Энхсайханыг яллах прокурорын дүгнэлтийг хар л даа. 

М.Энхсайхан энэ талаар нийгмийн сүлжээн дэх албан ёсны хаягаараа дамжуулан “...УИХ-ын дарга З.Энхболдын нэр дээр Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлж, УИХ-аар хэлэлцүүлэн батлуулж, хүн амын амьдралыг хангах үйл ажиллагааг доголдуулан хорлон үйтгэхийг завдсан үйлдлийг Ц.Элбэгдоржийн дэмжлэгтэйгээр гүйцэтгэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1.3.1 дүгээр зүйлийн 1.3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэхээр тогтоосугай” гэжээ. Хэдийгээр М.Энхсайханыг яллах дүгнэлт хэдий ч “Ц.Элбэгдорж оо, хууль чам руу очиж явна шүү” гэсэн сануулга мөн байгаа биз. УИХ-ын 2020 оны сонгууль тун удахгүй болох гэж байхад Ерөнхийлөгч Х.Баттулга Ардчилсан намын лидерүүдийн шархан дээр давс цацаж, хагарлыг улам дэврээж байгаа нь юуны учир вэ. Нэгэн цагт “Шонхор” фракцыг хамт байгуулж явсан, хуучны анд С.Эрдэнийг Ардчилсан намын дарга байхад, бүр З.Энхболдыг түүний ахлах зөвлөхөөр “томилж” явуулчихаад намаа муухай харагдуулах улс төр хийдгийнх нь цаад зорилго юу юм бол...?

Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа “Х.Баттулга “Тавантолгойг надад өгчих” гэж орж ирсэн. Би зөвшөөрөөгүй. Тэр цагаас эхлэн элдэв хагарал, бутралыг өдүүлсэн кино хийх боллоо” гэх утгатай зүйлийг хэвлэлийнхэнд ярьж байв. Экс Ерөнхийлөгчийн хэлсэнтэй утга нэг гэмээр үйлдлийг Х.Баттулга Ерөнхийлөгч болсон хойноо ч давтсан хэвээр аж. Учир нь тэрбээр УИХ-д “Ерөнхийлөгч Х.Баттулгын” гэх тодотголтой өөрийн гэсэн бүлэгтэй болохыг хүсэж яваа. Тиймдээ ч Өвөрхангайгаас шахагдсан Асаш ёорюү Д.Дагвадорж, Баянхонгорт бүдэрч яваа Н.Түвшинбаяр, Чингэлтэйд горилоод чадахгүй байгаа Г.Уянга, Ховдод байн байн нэр дэвшдэг ч ялагддаг Ш.Адьшаа нарт тойрог нэхэн шантаажилж сууна. УИХ-д кнопчидтой болохын тулд Төрийн тэргүүн ийнхүү сурсан аргаа хэрэглэж, Ардчилсан намынхан тийш “хонгилын түлхүүр”-ээ эргэлдүүлж сууна. 

Харин тэр уурандаа М.Энхсайханд нэг машины хэрэг тохоод явуулчих шив. Тээр жил “Ардчилсан холбоо” эвслийнхэн төр барих үед казиногийн хэрэгт холбогдсон гурван гишүүнд тэлээний хэргээр ял үүрүүлдэг шиг! Гэвч М.Энхсайханы дараа хэнийг вэ. Э.Бат-Үүл үү, Ц.Элбэгдорж уу. Ядаж байхад С.Эрдэнийг хар даа. О.Баасанхүүг загнадаг шигээ Х.Баттулгад хилэгнэж чадахгүй л сууна. Нэгэн цагт Ардчилсан намыг даргалж явсан М.Энхсайханыг биш юм гэхэд Ерөнхийлөгч байхдаа өөрийг нь нэг бус удаа аварсан Ц.Элбэгдоржоо өмөөрч, ганц ч үг дуугарахгүй байгаа биз. Дотроо “Энэ Х.Баттулга, З.Энхболд хоёр юу л хийгээд байна даа” гэж бодож байгаа ч С.Эрдэнэ үнэндээ айдастай байна. Өсөрхөлдөө шатсан Ерөнхийлөгчийн уурыг хүргэвэл “нийгмийн даатгалын” гэх хэргийг нь дахиад сөхчихөж мэднэ шүү дээ.

Бэлтгэсэн: С.Галт-Уул


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)