М.Энхболд: 60 тэрбумын асуудлыг ТЕГ-т шалгаж байгаа

УИХ-ын дарга М.Энхболд яг одоо МАН-ын Бага хурал болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Тэрбээр "МАН-ын Бага хурал нийгэмд хаалттай болсонд харамсаж байна. Одоо улс төрийн намын үйл ажиллагаа нийтэд нээлттэй байх ёстой. Хаалттай болсон хурлаар өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд болсон бүтэхгүй, муу муухай бүхнийг над руу чихэж байна. Өөрөөр хэлбэл, ганцхан над руу дайрч давшлах хандлага илэрч байна. Тухайлбал, Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ гишүүдийн хэлсэн үгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацсан. Үүний дараа би мөн адил тайлбар няцаалтыг нь өгсөн. Харамсалтай нь, миний хэлсэн тайлбарыг олон нийтэд хүргээгүй. Иймд нийтдээ таван асуудлаар тайлбар хийх ёстой гэж үзлээ. 

Нэгдүгээрт, МАНАН-гийн асуудлаар намайг буруутгах хандлага ажиглагдсан. Би 2005 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, тухайн үед МАХН-ын даргаар ажиллаж байсан. Энэ үедээ 67-гийн том бүлгийг тарааж, МАН, МАХН, АН тус тусдаа байр байрандаа байх ёстой гэсэн байр суурийг баримталсан. Ингээд энэ бүлгийн байгуулсан Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулсан. 2006 онд Ерөнхий сайдаар томилогдоход парламентад суудалтай 5 намыг оролцуулж, Үндэсний эв нэгдлийн гэх тодотголтой Засгийн газрыг байгуулж ажилласан. Харин тус Засгийн газарт АН-ыг оруулаагүй. 2017 онд МАН-ын даргын ажлыг хүлээлгэж өгөхдөө МАНАН-гүй Засгийн газар байгуулах улс төрийн нөхцөлийг бүрдүүлээд, 65 суудалтай намыг өгсөн. Надад тус бүлэглэлтэй холбогдох зүйл байхгүй. 

Хоёрдугаарт, шударга бусын хонгил гэгчийг Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг тухайн үедээ өөрийн хүргэн Дэнзэнг "Эрдэнэс Тавантолгой" компанийн 17 тэрбум төгрөгийн тендерт оролцуулж хөрөнгө мөнгө завшсан нь илэрч хууль хяналтын байгууллагаар шалгагдаад ирсэн. Үүнийхээ дараа "Би шударга бус хонгилд орчихлоо. Намайг хэлмэгдүүлж байна" гэж яриад эхэлсэн. Ямар нэгэн хууль зөрчөөд түүнийг нь шалгах гэхэд хэлмэгдүүлсэн, шударга бус байна гэж ярихыг "буруушааж" байгаа юм.

Гуравдугаарт, ЖДҮ-гийн асуудлыг ярьж байна лээ. Би АТГ-т нөлөөлсөн зүйл байхгүй. ЖДҮ-гээс зээл авсан явдал нь үнэн бол хууль хяналтын байгууллага шалгах нь зүйтэй. " 

Дөрөвдүгээрт, 60 тэрбумыг асуудлыг намын бага хурлаар ярьсан. Үүнийг хууль хяналтын байгууллага 3-4 удаа шалгасан. Энэ асуудлаар 7 хоногийн өмнө Нийслэлийн прокороос мэдээлэл хийсэн. Тагнуулын ерөнхий газар шалгаж байгаа, шалгагдаж байгаа хэргийн талаар дэлгэрүүлж хэлэх зүйл алга. 

ҮАБЗ дээр ганцаардах зүйл байдаг. ШХАБ-д элсэх асуудлыг УИХ-аар оруулж хэлэлцэх ёстой гэж би үздэг. Хуйвалдах замаар, хууль зөрчсөн аргаар асуудалд хандаж болохгүй ээ. Хуулийн хүрээнд л асуудлаа шийдье. Ц.Нямдорж сайд өчигдөр ор үндэсгүй гүтгэлэг хийлээ. Би энэ асуудлаар шүүхэд өгнө. Ярьсан зүйлээ шүүх дээр нотлох хэрэгтэй болох нь. Чадахгүй бол уучлалт гуй" гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)