М.Энхболд: 60 тэрбумын асуудлаар ЖДҮ-н хэргийг дарах оролдлогыг ихэд хийх боллоо

УИХ-ын ээлжит чуулганы үдээс өмнөх хуралдаан болсонгүй. Учир нь гишүүдийн ирц бүрдээгүй, Засгийн газрын гишүүд ирж УИХ-д өргөн барьсан төслүүдээ танилцуулаагүйгаас болсон байна. Энэ талаар УИХ-ын дарга М.Энхболд хэлэхдээ “12 дугаар сарын 06-ны үдээс хойших хуралдаан, 07-ны үдээс өмнөх хуралдаан гишүүдийн ирц бүрдээгүй, Засгийн газрын гишүүд чуулганы хуралдаанд хүрэлцэн ирээгүйгээс хуралдаж чадсангүй. Засгийн газраас Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг яаралтай хэлэлцүүлэх хүсэлт ирүүлсэн. Улмаар УИХ-ын даргын захирамж гарч, хуулийг хэлэлцэх асуудлыг эхлүүлсэн. Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн сайд энэ танхимд орж ирээгүйгээс асуулт авч, санал хурааж чадахгүй байсаар уг асуудал хоёр өдрийн турш хэлэлцэгдэж чадсангүй. УИХ-ыг ард түмэн сонгодог. Ард түмэн сонгохдоо УИХ-ыг улс орныг жолоодох, бодлого чиглэлийг тогтоох, хууль эрх зүйн орчныг бүрдүүлж өг гэж та биднийг сонгосон. Биднийг тасралтгүй үйл ажиллагаа явуулж, улс оронд тулгарч байгаа бэрхшээлтэй асуудлуудыг шийдвэрлэхийн тулд ямар шийдвэр гаргах ёстой болохыг цаг алдалгүй гаргаж бай гэж ард түмэн итгэл хүлээлгэсэн. Засгийн газрыг УИХ томилсон. Тэднийг томилохдоо УИХ-ын гаргасан бодлогыг хэрэгжүүлж, тогтоосон хууль тогтоомжийн хүрээнд улс орны өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг шуурхай шийдвэрлэж, УИХ-д асуудлаа танилцуулж, ажиллах ёстой гэж заасан. Гэтэл өнөөдөр УИХ-ын үйл ажиллагааг Засгийн газрын гишүүд, сайд нар хоёр өдрийн турш бойкотоллоо. Бид бензин тос, валютын ханшны өсөлтийн асуудлыг Засгийн газраас асуух гэж дөрөв дэх долоо хоног руугаа орж байна. Мөн салбарынх нь сайдыг томилж өгөх гэж 4 долоо хоног хүлээлээ. Засгийн газрын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд УИХ бэлэн байна. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газартай хариуцлага тооцох асуудлыг хэлэлцээд, их хурлын гишүүдийн олонхи тэдэнд итгэл хүлээлгэсэн. Засгийн газар одоо улстөржилтөө зогсоож, ажлаа хийх ёстой. Тэрнээс биш УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулцан цаг үе биш. Гадаа цаг агаарын байдал ч хүндэрч, өвөлжилтийн байдал ч амаргүй болж байна. Энэ бүхнийг яаралтай шийдвэрлэж, Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудалд ямар арга хэмжээ авбал зохилтойг танилцуулж ажиллах ёстой. Иймээс Засгийн газрыг үндсэн ажлаа хийж, УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулахгүй байхыг шаардаж байна.

Төр тогтвортой байх ёстой. Би ийм байр суурьтай байсаар ирсэн. Төр тогтвортой байж нийгэм тайван амгалан байх суурь бүрдэнэ. Сүүлийн үед Үндсэн хуулийн бус аргаар төр засгийн эрхийг авахыг санаархсан оролдлогыг эрээ цээргүй хийж байна. Бид үүнтэй хатуу тэмцэх ёстой. Олон түмнийг тэмцэлд уриалах, тэмцлийн хатуу хэлбэрийг сонгоно гэж олон түмнийг цочирдуулах ажиллагаа, уриа лоозонг УИХ-ын гишүүд ярьж байна. Энэ бол хууль зөрчсөн асуудал юм. Сүүлийн үед 60 тэрбумын асуудлаар ЖДҮ-н хэргийг дарах оролдлого сурталчилгааг ихэд хийх боллоо. Үүнийг зогсоох ёстой гэж үзэж байна. Төрийн байгуулалтын байнгын хороо 60 тэрбумын гэх хэргээр хэлэлцүүлгээ хий. Ёс зүйн дэд хороо ЖДҮ-тэй холбоотой гишүүдийн ёс зүйн асуудлаар хуралдуул. Хэрэв ирц бүрдэхгүй бол тэднийг чөлөөлж, оронд нь өөр хүмүүсийг оруулж хуралдах нь зүйтэй. Би үүнийг УИХ-ын даргын хувьд үүрэг болгож байна. Намайг огцруулахыг хүсэж байгаа бол хуулийн дагуу шаардлагаа бичээд албан ёсоор асуудлаа тавь. Үүнийг битгий хэвлэл мэдээллийн пи ар болго" гэсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)