М.ЭНХБОЛД: 33 дугаар надад аз, амжилт авчирдаг

Авто спортын Уаз ангилалд залуу тамирчдаас Дорноговь аймгийн Замын-Үүд сумын “Мөнгөн шонхор” клубийн тамирчин, спортын дэд мастер М.Энхболд уралдах арга, барил, техникээрээ ялгардаг. Түүний төмөр хөлөг 33 дугаартай. Эзэндээ аз, амжилт дагуулсан нь цөөнгүй. Тэрбээр авто спортод гэрийнхнээсээ түрүүлж хөл тавихдаа ах, дүү хоёроо урвуулчихсан гэдэг. Тамирчин залуугийн багш нь Ш.Гомбодорж аварга. Авто спортын ертөнцөд 68 дугаартай уралдаж, цахиур хагалахдаа улсад 28 удаа түрүүлсэн амжилттай. Багш, шавь хоёр авто ралли, мастер кросст тоос өргөж уралдсан нь олон.“Шинэ танил” буланд М.Энхболдыг онцолж байна.

-Авто спортын ертөнцөд анх хэзээ хөл тавив. Энэ спортод сэтгэл татагдсан тухай сонирхуулаач.

-Хүүхэд байхаасаа энэ спортод сэтгэл татагдаж, уралдаан болохыг хоног тоолон хүлээдэг байлаа. “УАЗ 469” автомашинаар тэнгэрт тоос татуулан уралдаж байгаа тамирчдыг хараад өөрийн эрхгүй огшино. Авто спортод гэр бүлээрээ хөл тавьсан цөөн айлын нэг нь манайх. Дүү минь ах, бид хоёрын уралдахыг үзсээр байгаад “уруу” татагдсан. 2014 онд УАЗ ангилалд анх хурд сорихдоо тэмцээн ямар их өрсөлдөөн дунд өрнөж, эр зориг, авхаалж самбаа, ухаан шаарддаг болохыг мэдэрч билээ. Авто спортын тэмцээнүүдээс мастер кросс илүү сонирхолтой.

- “Мөнгөн шонхор” клубийн тамирчид өөр хоорондоо ч хүчтэй өрсөлддөг. Нэгнийхээ арга барил, тактикийг сайн мэддэг болохоор уралдааны талбарт хотынхонтой хурд сорихоос илүү хэцүү юү?

-Анх тамирчин болоод тус клубийн нэр дээр уралдаж эхэлсэн. Клубийнхээ багш, найз нөхөдтэй тэмцээнд ана мана өрсөлддөг. Хотын тамирчдаас илүү клубийнхэн минь ширүүн өрсөлдөгч. Клубийн ахлагч биднийг гараанаас гарахын өмнө “Машинаа гамнаж, ухаантай уралдана шүү. Шонхорууд аа, ураад өг. Амжилт өмнө тань байна, урагшаа ” гэж уриалдаг.

-Та 33 дугаартай уралддаг. Бэлгэшээж сонгосон уу?

-Энэ дугаар ОУХМ Н.Уртнасан ахынх. Тэрбээр 33 дугаартай уралдахдаа нэг жилд болсон найман тэмцээнд мөнгөн медаль хүртсэн гэдэг. Авто спортынхны дунд “Мөнгөн Уртаа” нэрээрээ алдаршсан. Түүний амжилтыг үргэлжлүүлж, дугаарыг нь өндөрт өргөж явахыг хичээдэг. 33 дугаар надад аз, амжилт авчирдаг. Гурван жил уралдаад түрүүлж байснаа их бэлгэшээдэг юм. 2018 онд оны аварга тамирчин болж байлаа. Уралдаанаас хүртсэн 20 гаруй цом, медаль бий. Миний хувьд залуучууд дундаасаа дөрвөн алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилттай. 2019 онд Замын-Үүдэд болсон тэмцээнд түрүүлсэн бол улсын тэмцээнд хоёр ч удаа IV байрт шалгарсан.

-Таны багш Ш.Гомбодорж Монголын авто спортын алдартай тамирчдын нэг. Багштайгаа хэрхэн танилцаж байв?

-Би багшийнхаа улаан фэн. Түрүү булаалдаж, гайхалтай гоё уралдахыг нь хараад сэтгэлийн таашаал авдаг. Авто спортын тэмцээнд 37 удаа түрүүлсэн Д.Болдбаатар аваргатай уралдахад үзэгчид хэн нь түрүүлэх вэ гэж бооцоо хүртэл тавьдаг. 2012 онд Баян-Өлгий аймагт тээвэр хийж явахдаа багштай танилцсан. Машины дугуй хагарчихсан байхад янзлахгүй багштайгаа өдөржин уралдаан ярьж, сууснаа мартдаггүй юм. Спорт сонирхогчдод баяртай мэдээ дуулгахад, хоёр жил тэмцээнд өнжсөн багш минь энэ жил уралдахаар бэлдэж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)