М.Энхболд: Ж.Батзандан 2020 онд манай намаас нэр дэвшье гэж ярьж мэднэ шүү

Өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ (Уг төслийн эцсийн хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хороо 18.00 цагт хуралдаж хийсэн юм). Энэ үеэр гишүүн Ж.Мөнхбатын гаргасан, 

“УИХ-ын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар УИХ-ын даргыг чөлөөлнө” гэх саналыг олонх нь дэмжсэнгүй. 

Төрийн байгуулалтын байнгын хороогоор уг төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, дэмжсэн талаарх дүгнэлт болон зарчмын зөрүүтэй саналын томьёололтой холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.

О.Баасанхүү: -Гишүүн Засгийн газрыг огцруулах тухай санал гаргахдаа үндэслэлээ тодорхой бичдэг. УИХ-ын даргыг гишүүдийн саналаар огцруулах тохиолдолд ямар тайлбар бичих вэ?

Д.Лүндээжанцан (Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга): -Хувь хүний үүднээс хэлэхэд уг асуудалд зөрчилтэй байр сууринаас хандаж байгаа. Онол, ном яривал бүр хэцүү л дээ. Ямар ч албан тушаалтныг огцруулж болно. Харин чөлөөлөхтэй холбоотой энэ төсөл нь асуултын тэмдэг дагуулж байна. УИХ-ын даргыг таван үндэслэлээр чөлөөлдөг байсныг үүгээр зургаа болгох нь. УИХ-ын гишүүдийн олонх гарын үсэг зурснаар чөлөөлнө гэж төсөлд тусгасан. Цаашид УИХ-ын дарга намаасаа шууд татгалздаг, дархлаа сайтай болгох ёстой. “УИХ-ын гишүүдийн олонхын дэмжлэг хүлээхгүй байна” хэмээн үндэслэл бичиж болох юм.

Ж.Бат-Эрдэнэ: -Д.Лүндээжанцан дарга сая нэг хүнд хандаж хэлээгүй байх. Бид 65-уулаа үргэлж энд суухгүй. Олон намын төлөөлөл бүхий парламент бүрдвэл яах вэ. Тийм нөхцөлд УИХ-ын даргын суудал энэ мэт үндэслэлээр хөндөгдөхийг үгүйсгэхгүй. Тэр үед яах вэ. УИХ-ын даргаа ойр ойрхон огцруулаад байвал яах вэ. Тиймээс чөлөөлөх үндэслэлд ямар нэг тайлбар шаардах нь зүйтэй болов уу. Сэтгэлийн хөөрлөөр хандах үндэслэл бүрдэх гээд байна шүү дээ. Тиймээс “нийт гишүүний гуравны хоёр нь дэмжсэн бол” гэх үндэслэлийг хуульд тусгах ёстой. Үнэндээ “65-ын” бүлэг эрх мэдлээ булаацалдаж байна. Цаана нь “шударга ёс” гэх мэт зүйл ер үгүй. Шударга ёсыг хуулиар үндэслэдэг юм. Лүндээжанцан дарга та Үндсэн хуулийг хамгаалагчийн хувьд энэ асуудалд хатуу байр суурь илэрхийлэх ёстой. Хүнд зориулж хууль батлаад, нөгөө хүнээ явуулсны дараа хуулиа буцаагаад хэвд нь оруулах санал хүртэл гарч байсан. “Шударга ёс”, “ард түмэн” гэсэн халхавчийн цаана бид хуульгүй алхмууд хийгээд байна.

Д.Лүндээжанцан: -УИХ-ын гишүүдийн олонх гарын үсэг зурж, даргаа чөлөөлөх хүсэлт тавьсан тохиолдолд үндэслэл нь хэлбэрийн хувьд зөрчилгүй. Ялангуяа Үндсэн хуулиас гадна органик хуулиар зохицуулсан асуудлыг яаж өөрчлөх вэ гэдэг нь асуултын тэмдэгтэй үлдэж байна. Энэ хуулийн өөрчлөлтийн агуулга намайг дотор хүнтэйгээ зөрчилдөхөд хүргэж байгаа. Хэрэв энэ хуулиар Цэц маргаан үүсгэвэл би очихгүй шүү. Ер нь УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчтэй холбоотой хуулиа өөрчлөх шаардлага бий. Магадгүй намайг Үндсэн хуулийн өөрчлөлт гээд яриад эхлэхээр зарим хүний харшил хөдлөх байх. Ер нь бол Үндсэн хуулийн өөрчлөлт шаардлагатай.

Л.Энх-Амгалан: -Парламентын дархлаа ганц хүнээс шалтгаалахгүй. Ардчилал дархлаатай байх, эсэх, Монголын төр тогтвортой орших уу гэдгийг энд ярьж байна. Цаашид УИХ-ын даргын суудал тогтворгүй болчих вий гэж болгоомжилж байна. Энэ хуулийг баталсны дараа Үндсэн хуулийн цэцэд дуудагдвал хэн хариуцлага хүлээх вэ. Санаачилсан Ерөнхийлөгч нь үү, баталсан УИХ нь уу, дэмжсэн Засгийн газар нь уу гэдгийг хэлэх хүн байна уу.

Д.Хаянхярваа: -Сүүлийн үед зарим хүн арай л ёс зүйгүй зүйл ярьж, турхираад байх шиг. Зохион байгуулсан жагсаалынхаа үеэр гишүүн Л.Болд цуст тэмцэл, Ж.Батзандан хувьсгалын үед хууль хэрэггүй гэх мэтээр ярьсан. Энэ бол зохисгүй үйлдэл шүү. Үгэн дээр чинь дөрөөлөөд зорилготойгоор асуудал үүсгэвэл яах вэ. Тиймээс ярих, хэлэхээ анхаарах хэрэгтэй. Та бүхэн МАНАН бүлэглэлийг унагаах тухай яриад байгаа. Яг нарийндаа бол бид бүгдээрээ МАНАН бүлэглэлийн бүтээгдэхүүн шүү дээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичиж байгаачлан шинэ МАНАН үүсэж байгаа юм биш үү. Одоо бид зөрчилдөөд байгаа зүйлээ эргэж нэг харах цаг болсон.

Г.Тэмүүлэн: -Аливаа асуудлыг шийдэхийн тулд хуулийг өөрчлөхдөө нийтлэг эрх ашиг, ерөнхий зарчимд суурилах ёстой. Улс төрийн өнөөгийн нөхцөлд тааруулж энэ хуулийг өөрчлөх гэж байгаа бол парламентын дархлаа, хуульд захирагдах зарчим алга болно. Нэг үйл явдал, хүнд зориулж хууль батлах нь том алдаа. Монгол төр тогтвортой байх, Үндсэн хуулийн агуулга, мөн чанарт нөлөөлөх, эсэх асуудал хөндөгдлөө. УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага.

Ж.Батзандан: -УИХ-ын даргыг чөлөөлөх зохицуулалт одоо ч хуульд бий. Заавал хууль баталж, 40 гишүүн гарын үсэг цуглуулж байж ажлаа өгнө гэж байгаа нь аргаа ядсан хэлбэр. Монгол Улс маш том хувьсгалт өөрчлөлтийн ирмэг дээр зогсож байна. 

Манжийн амбаныг буулгахад хууль хэрэггүй байсан юм шүү дээ. Ард түмэн морьтойгоо, буутайгаа давхиж очоод, тэмцэж байгаад, хөөж явуулсан. Улс төрийн товчоог буулгахад ч хууль хэрэглээгүй. 

Сүхбаатарын талбай дээр 100 мянган хүн жагсаж байгаад л буулгасан юм. Румынд Чаушескуг буулгахын тулд хууль батлаагүй. Ард түмэн нь түүнийг авгайтай нь буудаж алаад л буулгачихсан юм. Хувьсгалт өөрчлөлтийн үед бол ер нь хууль хэрэггүй байдаг юм. Өөрийгөө мундаг хуульч гээд бодчихсон хүмүүс хувьсгалын үед хууль ярих гээд хэрэггүй.

М.Энхболд: -Бид ардчилсан, эрх зүйт төртэй орон гэдгээ дэлхий дахинд зарласан. Сүүлийн үед “Хууль хэрэггүй” гэж дээр, дооргүй ярьдаг болж. Буруу шүү. Энэ бол улс орны цаашдын хувь заяа, дэлхийн тавцанд Монгол хэрхэн харагдахтай шууд холбоотой. Төрийн өндөр алба хашиж байгаа хүмүүс, хууль тогтоох байгууллагад ард түмний мандатаар сонгогдсон гишүүд ингэж ярихаа зогсоох хэрэгтэй. Бүх асуудал хуулийн зохицуулалттай байх ёстой. Ер нь бол намайг миний гэр бүлийн хүнтэй буудахаар төлөвлөж байгаа юм байна. Манай гэр бүлийн хүний эсрэг Оюунцэцэг гэдэг хүн тэргүүлсэн хэсэг эмэгтэй жагссан, шаардлага хүргүүлсэн. Миний эхнэрт тэр шаардлагыг өгөөд яах юм бэ. Улс төртэй холбогдсон 20-иод жилийн хугацаанд манай эхнэр нэг ч удаа миний ажилд оролцож байгаагүй. Энд сууж байгаа хүмүүсийн олонх нь үүнийг мэднэ. Улаанбаатарт архины зөвшөөрлийг М.Энхболдын эхнэр Туяацэцэг гэдэг хүн олгодог байсан гэж сүүлийн хэд хоног нийгмийн сүлжээгээр бичлээ. 

Эхнэр маань хотын захиргааны шинэ жилийн арга хэмжээнд л надтай хамт оролцдог байсан. Харин намайг хотын дарга байхад тэр зөвшөөрлийг чинь Ц.Нямдоржийн авгай хэдэн жил олгосон байхгүй юу. Андуураад байна уу, эсвэл зориуд гүтгээд байгаа юм уу. Би Ж.Батзандан гишүүнд хандаж хоёр зүйл хэлье. Хамгийн чанга дуугардаг, хамгийн том шүдэнз зурдаг хэрнээ яг асуудал үүсэхээр зугтаадаг хүн нь та шүү. ЖДҮХС-гаас зээл авсан албан тушаалтнуудын талаар ярья гэсэн чинь та УИХ-ын гишүүний картаа сугалаад гараад явсан. Манай өрөөнд долоо, найман хүн орж ирээд янз янзын юм болоход Ж.Батзандан цэнхэр ноосон малгайгаа өмсөөд хамгийн түрүүнд зугтаагаад гарч байгаа юм. Ардын намын байрыг шатаахад оролцсон л хүн шүү дээ, та. Өнөөдөр манай намын зарим гишүүнтэй дөрөө харшуулж яваа. Аягүй бол 2020 онд манай намаас нэр дэвшье гэж ярьж мэднэ шүү. Ахынх нь талаар Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар ярихад намын даргынхаа эсрэг гарын үсэг зурж явсан хүн бол Ж.Батзандан. Тиймээс манай зарим залуу гишүүн хэнтэй нөхөрлөж байгаагаа бодох хэрэгтэй. “60 тэрбум”-ын гэх хэргийн талаар Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцье гэхээр чимээгүй болсон. ЖДҮХС-гийн зээлтэй холбогдсон гишүүдийг авч үлдье гэж Халдашгүй байдлын дэд хороо, намын бүлгээрээ хүч түрэн шийдчихээд одоо ямар ёс зүй яриад байгаа юм бэ гэв.

Дараа нь Н.Номтойбаяр нарын есөн гишүүний өргөн мэдүүлсэн, ЖДҮХС-тай холбоотойгоор үүссэн асуудлыг шалган судалж, санал боловсруулах, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэгтэй түр хороо байгуулах тогтоолын төслийн хэлэлцсэн ч дэмжсэнгүй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)