М.Хүсэл: Ноот мэддэггүй ч аялгууны өнгийг нэг нэгээр нь салгаж сонсдог байсан

“Төгөлдөр хуур тоглодог хүн бүр гоцлол хөгжимчин болдоггүй. Гоцлол хөгжимчин байх гэдэг төгөлдөр хуурчаас их тэвчээр, хөдөлмөр, сэтгэл, авьяас шаарддаг. Энэ бүх шинж чанар М.Хүсэлд шингэсэн” хэмээн СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн багш, хүндэт профессор Ц.Энхтөр шавийнхаа тухай хэлсэн. 

БНХАУ-ын ӨМӨЗО-оос ирсэн М.Хүсэл өдгөө СУИС-д суралцаж буй бөгөөд ДБЭТ-ын тайзнаа өнөөдөр бие даасан тоглолтоо толилуулах юм. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

-БНХАУ-д урлагийн мэргэжилтэн бэлтгэдэг маш олон сургууль бий. Яагаад заавал Монголд сурахаар болсон бэ?

-Би БНХАУ-ын ӨМӨЗО-ы Алшаа аймагт төрж, өссөн. Манай аймагт төдийгүй Өвөрмонголд мэргэжлийн төгөлдөр хуурч ховор. Бараг байхгүй гэж хэлэхэд болно. Учир нь мэргэжлийн хөгжимчин бэлтгэх түвшний сургууль байдаггүй. Хоёрдугаарт, хүмүүс сонгодог хөгжмийг ойлгож, хүлээж авч чаддаггүй.

Монгол Улсын иргэд шиг чөлөөтэй сэтгэх боломжгүй учраас тэр байх. Би хөдөө өссөн, малчны хүүхэд учраас хятад хүүхдүүд шиг багаасаа төгөлдөр хуурт суралцаж чадаагүй. БНХАУ-д хөгжимчин бэлтгэх сургууль олон боловч өрсөлдөөн их. Тэр дундаа над шиг оройтож хичээллэсэн хүн суралцах боломжгүй байх гэж бодсон. 

Төгөлдөр хуурын онол надад анх заасан Г.Ганцэцэг багш “СУИС-д ирж суралцаарай” гэж зөвлөсөн юм. Тиймээс багшийнхаа зөвлөснөөр тус сургуулийн бакалаврын ангид суралцаж төгсөөд, одоо магистрантурт үргэлжлүүлэн сурч байна.

-Багадаа хөгжимтэй хэр ойр байв?

-Алшаа аймагт бага сургууль төгссөн. Тухайн үед электрон хөгжим сонирхдог байлаа. Цахилгаан хөгжмийн багшгүй, ноот мэдэхгүй хэрнээ сонссон дуугаа шууд тоглож чаддаг байв. Мөн олон аккордтой аялгуу сонсоод ямар өнгө дуугарч байгааг нэг нэгээр нь ялгаж хэлдэг байлаа. 

Дараа нь Хөх хотод очиж, дунд сургуульд суралцаад л ноот заалгасан. Удалгүй найрал дууны хөгжим тоглодог болсон. Хөгжмөөр дотоод ертөнцөө илэрхийлж болдог нь гайхамшигтай. Тиймээс л миний сонирхлыг татсан.

-Монголд ирэхээсээ өмнө ямар төсөөлөлтэй байв. Өвөрмонголоос юугаараа өөр санагдсан бэ?

-Энд ирж сурахаас өмнө, 2012 онд найрал дууныхаа багтай ирж, тоглолт хийсэн. Хэдийгээр бусад улс шиг өндөр хөгжилтэй биш ч, маш тайван санагдсан. Ялангуяа төгөлдөр хуур тоглоод суухад амар амгаланг мэдэрдэг. Хүмүүс нь ч хүссэнээ хийж, сэтгэж болно.

-Удахгүй бие даасан тоглолтоо хийх гэж байна. Ямар онцлогтой тоглолт болох вэ?

-Бие даасан тоглолтоо хийхээр өнгөрсөн жилээс бэлдсэн. Тоглолтдоо Польшийн алдарт хөгжмийн зохиолч Фредерик Шопены 24 мөчлөг прелюдийг тоглоно. Ф.Шопены 24 мөчлөг прелюди төгөлдөр хуурын бүтээлүүдийн урын санд томоохон эргэлт, шинэчлэл хийсэн гэж үздэг. 

Энэ зохиол нь бүхэлдээ онцгой, өвөрмөц үзэгдэл болсон бөгөөд олон талт үзэл бодол, амьдралын баяр баясгалан, уйтгар гунигийг 24 хөгөөр илэрхийлснээрээ онцлогтой. Мөн XX зууны алдартай хөгжмийн зохиолчдын нэг А.Шниткегийн зохиолуудаас толилуулна. Эл хоёр зохиолчийн бүх бүтээлийг нэг доор тоглосон түүх Монголд байгаагүй гэсэн. Мөн өвөрмонгол төгөлдөр хуурч тоглож буйгаараа онцлог юм билээ.

-Таны тоглох дуртай зохиол юу вэ?

-Л.В.Бетховены бүх сонатад дуртай. Мөн Польшийн алдарт хөгжмийн зохиолч Фредерик Шопены зохиолууд маш их таалагддаг. Эл хоёр алдарт зохиолчийн бүтээлүүдээс тэс өөр мэдрэмж авдаг. Жишээлбэл, Л.В.Бетховены сонатуудын өгүүлэмж нь шууд, шулуун. Баяр баясал, зовлон гунигийг тэр чигт нь буулгасан мэт. Харин Ф.Шопены хөгжим романтик, уян хатан мэдрэмж төрүүлдэг. Маш нарийн техник шаардсан зохиолууд байдаг.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)