М.Хүрлээ: Үй олноор хөнөөх химийн зэвсгийг устгахад оролцсоноороо бахархдаг

1944 оноос хойш Монгол Улсад генерал цолтон 191 төржээ. Тэдний нэг бригадын генерал М.Хүрлээтэй цөөн хором ярилцлаа. Монгол генералын өдөр маргааш тохиох юм.

-Генералуудаа хүндэтгэх өдрийг хэзээнээс тэмдэглэж эхэлсэн юм бэ?

-Цэргийн удирдах дээд албан тушаалын генерал хэмээх цолыг анх Франц улсад XVI зуунд бий болгожээ. 1657 онд I Петр хаан армидаа эл цолыг нэвтрүүлсэн түүхтэй. Манай улсын хувьд Чингис хаан дэлхийн талыг дайлж байх үед цэргийн манлайд явсан мянгат, түмтийн ноён, өрлөг жанжин бол тухайн үеийн генерал юм. 

ХХ зууны дунд үед БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 52 дугаар тогтоолоор генерал цолыг цэргийнхэнд олгох болсон. Эх орны тусгаар тогтнолыг батлан хамгаалахад гарамгай гавьяа байгуулсан Ю.Цэдэнбал тэргүүтэй 11 хүн уг цолыг анх хүртжээ. 2004 оноос жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-нд Монгол генералын өдрийг тэмдэглэж ирсэн.

-Генералын зангараг гээд цэргийнхэн жишээ татдаг шүү дээ. Энэ ямар учиртай үг вэ?

-Цэргийн хэргийн мэдлэг боловсрол, ажил албаны дадлага туршлага, албан тушаалын зэрэг дэв гэхчилэн өндөр шалгуур үзүүлэлтийг үндэслэн генерал цол олгодог. Зөвхөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн зарлигаар олгодог цол. 

“Мянган цэргийг олох хялбар, нэгэн жанжныг олох бэрх” гэж Чингис хаан өгүүлсэн нь учиртай. Энэ ташрамд, алтан мөрдэстэй генералууддаа баярын мэнд хүргэе.

-Танд хэзээ генерал цол хүртээсэн юм?

-Би 1973 онд Зүүнбаянд хугацаат цэргийн алба хаасан. 1975 онд ЗХУ-ын Тамбов хотод Химийн цэргийн дээд сургуульд элсэн, таван жил сурч, онц дүнтэй төгссөн. Эх орондоо ирээд дөрвөн жил ажилласны дараа Москвад дахин очиж Хими хамгаалалтын цэргийн академид суралцлаа. 

Монголдоо БХИС-ийн докторантурт мөн гурван жил сурсан. 2008 онд генерал цол хүртсэн. Байлдагчийн халаасанд генералын мөрдэс бий гэдэг үг залуу дайчдыг цэрэг, эх оронч хүмүүжлээр төлөвшүүлэх, эрдэм төгс сайхан жишиг тогтоох монгол ухаан юм шүү.

-Зэвсэгт хүчинд хэчнээн жил ажиллав?

-Жирийн байлдагчаас бригадын генерал болтлоо ажиллалаа. Энэ хугацаанд бага дарга, салаа, салбарын захирагч, тусгай ангийн штабын дарга, ангийн захирагч, ЗХЖШ-ын Химийн хэлтсийн дарга, НҮБ-ын харьяа Химийн зэвсэг хориглох олон улсын байгууллагад мэргэжлийн шинжээч, Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-нд Батлан хамгаалахын атташе зэрэг алба хашиж явлаа. 

Сүүлд ЗХЖШ-ын Бодлого, стратеги төлөвлөлтийн газрын даргаар ажилласан. Монгол Улсынхаа зэвсэгт хүчинд 41 жил, таван сар алба хаагад тэтгэвэрт гарсан.

-Алба хаах хугацаандаа онцгой содон тохиолдолтой таарч байв уу?

-Олон л зүйл тохиолдсон. Би Монгол Улсын зэвсэгт хүчнээс анх удаа НҮБ-ын харьяа Химийн зэвсэг хориглох олон улсын байгууллагад мэргэжлийн шинжээчээр ажилласнаа дээр дурдсан. 

Энэ хугацаандаа дэлхийд их хэмжээгээр хуримтлагдсан, үй олноор хөнөөх зэвсгийн үндсэн төрөл болох химийн зэвсгийг хурааж, устгах үйлсэд оролцсоноороо бахархдаг. Надаас гадна хурандаа З.Нармандах, Д.Эрдэнэцогт нар тус байгууллагад амжилттай ажилласан.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)