М.Тэлмэн: Мельбурний театрт ажиллахаа болихоор шийдсэн

АНУ-ын Нью-Йорк хотод болсон “World ballet grand prix” уралдаанд тэргүүн байр эзэлж, алтан медаль хүртсэн залуу балетчин М.Тэлмэнтэй цахимаар холбогдож, ярилцлаа. Түүнийг ЮНЕСКО-д бүртгэлтэй, дэлхийн арван улсын 18 хотод зохион байгуулдаг, чансаа өндөр уг уралдаанд Монголын нэртэй балетчдын нэг, эдүгээ Америкт ажиллаж, амьдардаг У.Бат-Эрдэнэ дасгалжуулж оролцуулжээ.

-Олон улсын өндөр зэрэглэлийн уралдаанд тэргүүлсэнд баяр хүргэе. ХБК-ын балетын жүжигч ний ангийн 2017 оны төгсөлтийнхөн гялалзаж байна гэсэн сэтгэгдэл төрлөө. Багш нарын ач уу?

-Багш нар сайн сургасных гэж бодож байна. Би Мөнхдэлгэр багшийнхаа удирдлагад долоон жил суралцаж ХБК-оо төгссөн. Зөвхөн мэргэжлийн гэлтгүй хичээл заасан багш бүрийн хөдөлмөрийн үр дүн байх. Мөн сургуулиа төгсөнгүүтээ балетын урлагийн дэлхийн од У.Бат-Эрдэнэ багштайгаа холбогдож, Америкт шавь нь болсноор ийм амжилт үзүүллээ.

-Багшийг нь дэлхийн од гэж балетын урлагийн томчууд бүгд хүлээн зөвшөөрдөг үү?

-Тэгэлгүй яах вэ. Сая болсон ЮНЕСКО-д бүртгэлтэй энэ том уралдааны шүүгчдийн нэг нь багш маань байлаа. Америкт их алдартай юм билээ.

-Алтан медалийг дагалдаж ямар нэг урамшуулал ирэв үү?

-Эндхийн “Joffrey” балетын сургуульд 60 мянган долларын тэтгэлгээр нэг жил суралцах эрхээр шагнуулсан.

-Том шагнал юм. Сургуульдаа сурах уу?

-Сурна. Хэдийгээр “Kirov academy of ballet” сургуульд мөн 100 хувийн тэтгэлэгтэй сурч, төгссөн ч дахин сурах боломжийг алдаж болохгүй. Австрали улсын “Мельбурн сити балет” компаниас гэрээгээр ажиллах урилга ирсэн болохоор явна гэж бодож байлаа. Одоо бол үгүй. Эрх олгосны дагуу сураад, Америкийн компанид ажиллах байх.

-Энэ уралдаанд өмнө нь монгол балетчин оролцож байгаагүй юу?

-Үгүй. Анх удаа монгол хүн оролцлоо. Тэгээд бас алтан медаль авлаа.

-Сайн байна шүү. Бахархаж байна.

-Баярлалаа. Өмнө нь олон улсын нэлээд хэдэн уралдаанд амжилт үзүүлсэн л дээ. Гэтэл энэ удаагийнх нэр хүнд, чансаа өндөртэй болохоор тэр юм болов уу, сэтгэл хөдлөөд байх юм. Шүүгчид нь дандаа мундаг мэргэжилтэн. Оросын Их театрын бүхий л балетыг дэглэн, найруулж тавьсан алдартай балетмейстер Ю.Н.Григорович гэж уран бүтээлч байна. Бас БНСУ-ын Балетын холбооны ерөнхийлөгч Пак Жэи Кюн шүүгчээр ажилласан.

-Өмнөх амжилтуудынхаа талаар яриач.

-Энэ оны хоёрдугаар сард Америкт “Jewels” наадмын хүрээнд болсон олон улсын уралдаанд орж, хоёрдугаар байр эзэлж, техник сайтай балетчины шагнал хүртсэн. Бас “Youth America grand prix”-гийн төгсгөлийн шатны шалгаруулалт хүртэл өрсөлдсөн.

Хагас шигшээ тоглолт нь нэгдүгээр сард болсон. Эцсийн шийдвэр лэх шатных нь хэдхэн хоногийн өмнө болсон. Зургаан шүүгчтэй том уралдаан байлаа.

-Тэлмэн, одоо хэдэн настай вэ?

-19-тэй.

-Ийм том уралдаанд амжилт үзүүлэхэд Засгийн газраас мөнгөн урамшуулал олгодог шүү дээ. Үүнийг мэдэх үү?

-Харин тийм юм байна. Манай ээж хөөцөлдөж байгаа гэсэн. Одоогоор ямар нэг юм хэлээгүй. Тэгээд ч би удахгүй, энэ сарын 12-нд Монголдоо очно. Өмнө оролцсон уралдаануудын амжилтыг хамтатгаад хүсэлт гаргасан чинь “Өндөр амжилтууд байна. Гавьяа байгуулжээ, болзол хангасан байна” гэж хэлсэн гэсэн. Тэгж сонсоод бүр сандарчихсан.

-Яагаад сандарсан гэж. Магадгүй Гавьяат цол олгох байх гэж бодоод уу?

-Харин тийм ээ. Нас залуу байдаг. Хэрвээ тэгвэл О.Анужин эгчийг давах болчих гээд байна. Санаа зовоод байх юм.

-Мэдээлэл өгсөн хүн их л итгэлтэй хэлж дээ. Хэрвээ Гавьяат болгоно гэвэл яах вэ?

-Авахгүй гээд яах билээ.

-ХБК-оо төгсөөд шууд Америк явсан юм байна. Тэгэхээр ДБЭТ-т жүжигт тоглоогүй байх нь ээ?

-Төгсөөд бол үгүй. Харин оюутан байхдаа хэд хэдэн удаа тайзан дээр гарсан.

-У.Бат-Эрдэнэ багшаасаа ихийг сурч байгаа байх. Багшийнхаа эрдмээс хамгийн гол нь юуг өөрийн болгож байна вэ?

-Балетчин гэж хэн юм бэ, яаж амьдрах ёстой вэ гэдгийг ойлгуулсан. Нээрэн, манай багш “World ballet grand prix” уралдааны зохион байгуулах багийн гишүүн, захирлуудынх нь нэг. Тийм болохоор энэ уралдааныг Монголдоо зохион байгуулдаг болохын төлөө ажиллаж байгаа юм билээ. Ирэх жил анхны уралдааныг явуулж магадгүй гэсэн.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)