М.Пүрэвжав: Монголчуудын давсны хэрэглээ 2-3 дахин их

Монголчуудын давсны хэрэглээ өндөр байгааг судлаачид сануулдаг ч хүмүүс төдийлөн ойшоодоггүй. Энэ талаар ШУТИС-ийн Үйлдвэрлэл технологийн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор М.Пүрэвжавтай ярилцлаа.

-Буруу, зөв хоололт гэж их ярих болж. Буруу хооллолт нь хүний биед ямар сөрөг нөлөөтэй вэ?

-Монголчуудын буруу хооллолт хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалж асуудал дагуулж байна. Эрүүл мэндээ хамгаална гэдэг нь хоол, тэжээлийн хэрэглээгээ зохицуулах, орчноо эрүүл байлгах юм. Сүүлийн хэдэн жил нийслэлчүүд зөвхөн утааны тухай ярьж байна. Утаа ихэсчихээр л нийслэлчүүд өвчин тусаад байгаа мэт ойлгодог. Гэтэл тийм биш.

Хоол, тэжээлийн асуудлаа төрийн бодлогоосоо хасчихсан нэг ч улс байдаггүй. Гэтэл манайхан энэ чухал асуудлаа зохицуулахгүй орхичихсон. Хяналт ч тааруу. Тэгсэн атал монголчуудын хоол тэжээлийн асуудал болохгүй байгааг олон төрлөөр судлаад баталчихсан. 

Жишээлбэл, гурван хүн тутмын хоёр нь тарган, хүүхдийн өвчлөл өндрөө авчихсан зэрэг нь бүгд л хоол тэжээлээс шалтгаалж буй. Хүүхэд ханиад хүрэнгүүтээ хатгалга болж байгаа нь хоол тэжээлийн буруу хэрэглээнээс үүдэж өвчин эсэргүүцэх чадваргүй болсонтой холбоотой. Өөрөөр хэлбэл, монголчууд хоол, тэжээлийн дутагдалд орж, дархлаа нь муудсаныг ойлгохгүй байна.

-Утаа буруугүй гэсэн үг үү?

-Дээр дурдсанчлан хүн ам зүйн төрийн бодлогын зохицуулалт байхгүйгээс монголчуудын хоол, хүнсний хэрэглээ хяналтгүйгээр даяаршиж, хэрэгтэй, хэрэггүйгээ ялгалгүй иддэг болчихлоо. Ялангуяа хүүхдүүд хамгийн хяналтгүй, юу ходоод руугаа хийж буйгаа мэдэхгүй байна. Гэтэл хүний хооллох үйл явц зуршил болж тогтдог. 

Жишээлбэл, настай хүмүүст өдөр бүр пицца идэж, хийжүүлсэн ундаа уу гэвэл хэцүү биз дээ. Мөн насанд хүрсэн, хижээл насны хүмүүсийг ч дээрх байдлаар хоолло гэвэл татгалзана. Учир нь хүүхэд насанд хооллолтын хэв маяг суучихсан байгаа гэсэн үг. Харин хооллох хэв маяг, мэдлэг боловсрол нь хөгжөөгүй бүлэг бол хүүхдүүд. 

Тэд өдөр тутам сурталчилдаг, эсвэл дэлгүүрийн лангуун дээр байгааг л гоё гэж ойлгон, идэх гэдэг. Эцэг, эх нь ч тэдгээрийг чанартай, эсэхийг нь ойлгодоггүй. Үүнээс болж хүүхдүүд тэжээлгүй, амттай зүйлсийг их идэж, үүнээс болж бие махбодын шаарддаг шим тэжээлээ нөхөж чадахгүй, өвчин эсэргүүцэх чадваргүй болж байна. Утаа буруутай. Гэхдээ утаанаас 100 хувь шалтгаалахгүй.

Өвчин эсэргүүцэх чадваргүй болсон бие махбодод утаа нэрмээс болж байна л гэсэн үг. Мөн зөвхөн өлсөхгүй байснаар эрүүл амьдарна гэсэн үг биш юм.

-Үүнийг шийдвэрлах ямар арга байна вэ?

-Эмнэлэг нэмж бариад ч шийдэж чадах асуудал биш. Учир нь хүн өвчин туссаныхаа дараа эмнэлэгт очдог. Эмнэлэг явахгүй байх аргыг эрэлхийлэх хэрэгтэй. Уг нь улсын бодлогоор зохицуулах ёстой гэж хэлсэн. Нэгэнт төрөөс зохицуулж чадахгүй байгаа нөхцөлд өөрсдөө л хоол тэжээлийн хэрэглээгээ зохицуулах нь чухал.

-Сүүлийн үед зөв хооллолтын клуб олширсон. Цахимаар ч хичээл заадаг юм билээ. Та тэдэнтэй хэр санал нийлдэг вэ?

-Бараг хүн бүр хоолны тухай мэддэг юм шиг ярьдаг боллоо. Гэтэл хоол, шим тэжээл гэдэг нь бие даасан шинжлэх ухаан. Үүнд мэдлэг хэрэгтэй. Хүн болгон мэддэг, чаддаг зүйл байсан бол шинжлэх ухаан хэлбэрээр оршин тогтнох шаардлагагүй. Түүнчлэн бидний өвөг дээдэс зөв хооллолтын анхан шатны зүйлсийг сургаж, зөвлөж, уламжлал болгосон байдаг шүү дээ.

Жишээлбэл, “Өлөн элгээ тайл” гэж. Энэ нь өглөө өлөн битгий гар гэсэн үг. Өглөөний цайгаа заавал уу гэдэг утгатай. Гэтэл өглөөний цай уудаг хүн ховордсон. Уулаа гэхэд ходоод цочроодог бүтээгдэхүүнүүд иднэ. Мөн эмийн хэрэглээ ихэссэн. Эм бол ходоод цочроох хамгийн том хөшүүрэг. 

Эм их уудаг хүнд хэзээ нэгэн цагт ходоодны шарх үүсэх нь тодорхой. Ихэнх эм хоолны дараа уух заавартай байдаг нь ходоод хамгаалах далд утгатай. Ихэнх эм ходоодыг цочроодог гэж ойлгох хэрэгтэй. Гэхдээ эм битгий хэрэглэ гэж байгаа юм биш. Эм хэрэглэхгүй байх үндэс сууриа тавь гэж байгаа юм.

-Давсны хэрэглээг бууруулах хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Монголчуудын давсны хэрэглээ ямар түвшинд байна вэ?

-Хоол, тэжээлийн олон гажуудал дунд давс, чихэр, тосны хэрэглээ өндөр байгаа нь хамгийн том аюул дагуулж буй. Чанаргүй хоол тэжээл нь дээрх гурван зүйлээр баялаг. ХХААХҮЯ-наас санаачлан ЭМЯ, манай сургуультай хамтран хэрэгжүүлж буй давсны хэрэглээг бууруулах хөтөлбөр нь ихдээд байгаа гурван зүйлийн зөвхөн нэгийг бууруулах зорилготой. 

Мөн цэцэрлэг, сургууль, зоогийн газар зэрэг хоол үйлдвэрлэл үйлчилгээний байгууллагуудтай хамтран ажиллаж, давс багатай хоолоор үйлчлэх суурийг нь тавьж буй. Давс багатай гэхээр амнаас унах гэсэн, амтгүй хоол гэж ойлгож болохгүй. Хоолоо өөр юугаар амтлах, тухайн хүнсний бүтээгдэхүүний унаган амтыг хэрхэн гаргах нь тогоочийн ур чадвар, технологитой холбоотой. 

Уг нь мэргэжлийн түвшинд, нарийн технологиор хийсэн давсгүй хоолыг ямар ч хүн мэддэггүй. Уг хөтөлбөрийг цэцэрлэг, сургуулийн хоол, хүнсний давсны хэрэглээг бууруулахаас эхэлсэн. Цэцэрлэгийн хүүхдүүдэд шорвог хоол өгдөг нь анзаарагддаг. Хүүхдүүд давс их, бага байгааг мэдэхгүй л идчихдэг учраас тэр байх. 

Тиймээс бид аль нэг цэцэрлэг, сургуулийн тогооч нарын хоолны технологийн мэдлэг, ур чадварыг сайжруулснаар хүүхдүүдээ эрүүл байх үндсийг тавьж буй. Өнгөрсөн жил эл хөтөлбөрийн гран при шагналыг нийслэлийн нэгэн цэцэрлэг хүртсэн. Тус цэцэрлэгийн жилийн давсны хэрэглээг хянасан юм. Гэтэл цэцэрлэгтээ давсгүй хоол идэж сурсан хүүхдүүд гэрийнхийгээ идэхээр хоолой нь хорсох болсон гэнэ. 

Тиймээс эцэг, эхэд нь эл хөтөлбөрийн тухай танилцуулж, гэртээ давсгүй хоол хийх зөвлөмж өгснөөр цар хүрээ нь нэмэгдсэн. Мэдээж, цэцэрлэгийн багш нар гэртээ давсгүй хоол иднэ. Хамгийн бодитой нөлөөлсөн зүйл нь багш, хүүхдүүдийн биеийн жин буурсан. Энэ мэт үр дүн гарсан учраас өнгөрсөн жил нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлсэн уг хөтөлбөрөө энэ удаад улсын хэмжээнд хэрэгжүүлж буй.

-Хүний биед давсны агууламж ихэссэнээр ямар нөлөө үзүүлдэг юм бэ?

-Давсны хэрэглээ яагаад ихэссэнийг эхлээд ярих нь зөв байх. Гол эх үүсвэр нь түргэн хоол. Иргэдийн өдөр тутамд хэрэглэж буй хоол, хүнсний давсны агууламж өндөр байдаг. Хүмүүс зөвхөн хоолондоо хийдэг давсаа хэрэглээ гэж ойлгодог. Түргэн хоолны газрууд бүгд давс ихтэй бүтээгдэхүүн худалдаж байна.

Түүнчлэн цуу, амтлагч тэр чигтээ давс. Мөн нөөшилсөн өргөст хэмх, мах, мөөг зэрэг бүтээгдэхүүн давс ихтэй. Үүн дээр талх, нарийн боов, махан бүтээгдэхүүн хиам, зайдас, утсан махны давс их. Эдгээрийг далд давс гэж нэрлэдэг. Нэг хүн өглөөнөөс орой хүртэл идэх бүх хоол, хүнс давс агуулсан учраас давсны хэрэглээ өндөр байна гэж үзээд буй юм. 

Мөн гэртээ хийж идэж буй хоолных нь давс ч их. Үндсэн хоолноосоо гадна будаа агшаах, гурил зуурахдаа ч давс хийнэ. Гэтэл солонгосчууд будаа агшаахдаа давс хийдэггүй. Тэр бүү хэл мах чанахдаа ч давс хийдэггүй. Махыг давс болон бусад амтлагч хийхгүй чанавал амт нь илүү гардаг учраас тэр.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжөөр хүн өдөрт таван грамм давс хэрэглэх ёстой. Гэтэл бидний хийсэн судалгаагаар монголчуудын давсны хэрэглээ үүнээс 2-3 дахин их байсан. Ингэж давсны хэрэглээ өндөрссөнөөр даралт ихсэх, зүрх судасны өвчлөл нэмэгдэж буй. Мөн давсанд агуулагддаг натри усны агууламж үүсгэдэг онцлогтой. 

Өөрөөр хэлбэл, давс их хэрэглэснээр хүний биед усны хуримтлал үүсэж, жин нэмэгдэх мэдрэмж төрдөг. Давсгүй хоол идэхээр жин хаяж, тураад байна гэж хүмүүс ярьдаг шүү дээ. Тэр нь бие махбодод хуримтлагдсан усаа гадагшлуулж байгаа юм.

-Монголчууд эрт дээр үеэс мах, гурил, сүү, цагаан идээ идээд амьдраад байсан. Тэр үед энэ олон төрлийн өвчин байгаагүй гэж настай хүмүүс ярьдаг. Тэгвэл зөвхөн мах, гурил, цагаан идээгээр хоолловол эрүүл амьдарч чадах уу?

-Монголчууд уламжлалт хоолоо идээд, элдэв төрлийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүйгээр амьдарч чадвал эрүүл байх бүрэн боломжтой. Гэхдээ уламжлалт хоол, хүнс хэрэглэж байна гээд үргэлж мах идэж болохгүй. Манай өвөг дээдэс их ухаантай байсан. Өвөл нь махаа идэж, зун сүү, цагаан идээгээ хэрэглэдэг байсан. 

Сүү, цагаан идээ, тэр дундаа ислэг бүтээгдэхүүн болох айраг, тараг, бяслаг идсэнээр хүний биед ашигтай бактери үржиж, хооллолтын үйл явцыг сайжруулдаг. Гэтэл одоо зуны улиралд махны хэрэглээгээ зогсоох нь бүү хэл улам ихсэх хандлагатай. 

Гол, горхины эрэг бараадаж мах шарж, хөдөө очиж хонь, ямааны хорхог, боодог идээд зунжин хэрэглэчихээр хоол тэжээлийн хэрэглээний зохицуулалт гажуудчихаж байгаа юм. Мөн манайхан махны хажуугаар сүү, архи, шар айраг, түргэн хоол, чихэр гэх мэт бүгдийг нь холиод идчихээр эрүүл байх үндэсгүй болж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)