М.ОЮУНЧИМЭГ: МҮХАҮТ-ын чадавх Ази, Номхон далайн бүсдээ томд тооцогдох хэмжээнд хүрсэн

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэр (МҮХАҮТ)-ийн танхимын дарга асан, Худалдааны гавьяат ажилтан Мавганы Оюунчимэгтэй ярилцлаа.

-Монгол Улсын худалдааны гавьяат ажилтан цол хүртсэн танд баяр хүргэе.

-Баярлалаа. 7000 дахь дугаараа хэвлээд удаагүй байгаа танай сонины хамт олонд амжилт хүсье.

-Таныг гадаад худалдааны мэргэжил эзэмшээд, МҮХАҮТ-д 34 жил тасралтгүй ажилласан гэж сонссон. 60 настай энэ байгууллагын талаас илүү жилийн түүхтэй ажил, амьдрал тань холбоотой юм байна.

-Би МҮХАҮТ-д 34 жил ажиллаж, амьдралаа холбосон хүн. Москвагийн Морис Торезийн нэрэмжит гадаад хэлний дээд сургуулийг орчуулагч, референт мэргэжлээр 1985 онд төгссөн юм. Референт гэдэг нь гадаад харилцааны мэргэжилтэн гэсэн үг. Англи, орос, испани хэл сураад эх орондоо ирж байлаа. Сургуулиа төгсөж ирээд МҮХАҮТ-д экспертээр ажилласан. Тухайн үед танхим Гадаад худалдааны яамны бүрэлдэхүүнд байв. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед хувийн хэвшил гэж байхгүй. Гадаад худалдааны яам гадаад худалдааны гэрээ, хэлцлүүдээ хийнэ. Харин яамны харьяанд барилгын материал, авто, нефтийн, төрөл бүрийн барааны гэх мэт төрөлжсөн нэгдлүүд ажиллана. Нэгдлүүд бараа, бүтээгдэхүүн импортлох, экспортлох ажил хариуцна. Эксперт гэдэг нь нэгдлүүдийн импортолсон бараа, бүтээгдэхүүн байгуулсан гэрээнд заасан тоо хэмжээ, чанартайгаа нийцэж байгаа, эсэхийг хянадаг, шалгадаг, зөрчил гарвал акт тогтоодог байв. Олон улсын худалдааны хууль журмын дагуу тогтоосон актын дагуу бараа, бүтээгдэхүүнтэй холбоотой ямар нэгэн гомдол, саналыг арбитрийн шүүхийн хэмжээнд хүлээн зөвшөөрүүлж нааштай шийдвэрүүлдэг чухал ажил. Танхим 1960 оны долдугаар сарын 2-нд Сайд нарын зөвлөлийн тогтоолын дагуу эксперт, арбитр, гадаад худалдаа, сэтгүүл гэсэн үндсэн үйл ажиллагаа явуулахаар 10 гаруй хүнтэй байгуулагдсан түүхтэй. Бид танхим үүсэн байгуулагдсан 60 жилийн ойг тэмдэглэлээ.

Мөн Монгол Улсад хувийн хэвшил үүсэн байгуулагдсан 30 жилийн ой тохиож буй нь давхар баяр юм. Би Монголын томоохон компаниуд хаалгаа хэрхэн нээж, хөгжсөн түүхийн гэрч болсондоо баяртай байдаг. УИХ Худалдааны танхимын тухай хуулийг 1995 онд баталж байлаа. Монголд танхимаас гадна Монголын улаан загалмай нийгэмлэг, Монголын үйлдвэрчний эвлэл л тусгай хуультай. Худалдааны танхимын хуулиар бүрэлдэн тогтож байгаа хувийн хэвшлийг төлөөлөх гол байгууллага нь ямар функцээр ажиллах вэ гэдэг хамрах хүрээг тодорхойлж өгснөөрөө чухал ач холбогдолтой. Би Монголд хувийн хэвшил хөгжсөн 30 жилд танхимд ахлах эксперт, Гишүүнчлэлийн, Гадаад харилцааны газрын дарга, орлогч дарга, даргаар аажим аажмаар дэвшиж ажиллажээ. Монголд хувийн хэвшил бүрдэн тогтох зам дардан байгаагүй. Ганзагын наймаанд явж мөнгө хуримтлуулсан хүмүүс л анхны компаниудыг байгуулж байв. Дансаа хаалгах, өрөнд орох гэх мэт түмэн бэрхшээлийг туулж өдий хүрчээ. Нүсэр хүнд хөдөлмөрийн үр дүнд өнөөгийн түвшинд хүрснийг хараад бахархдаг. Цаашдаа өндөр түвшинд хүрэхийн тулд танхим бизнесийн байгууллагуудыг сайтар дэмжиж ажиллах хэрэгтэй.

-Ганзагын наймаанд явж байв уу, ямар нэг бизнес эрхэлдэг үү?

-Би бизнес эрхэлж огт үзээгүй. Танхимд 34 жил ажиллахдаа бизнес эрхэлж буй хүмүүсийг бүх талаар дэмжихийн төлөө өөрийн мэдлэг, чадвараа зориуллаа. Мөн танхимын үйл ажиллагааг хөгжүүлэхийн төлөө ажилласан. Танхим хөгжсөнөөр бизнесийг хамгаалах, төр, засагт нөлөөлөх ажил нь үр дүнд хүрч, хувийн хэвшлийнхэнд тус нэмэр болно. Миний бизнес бол МҮХАҮТ. Энэ байгууллагыг олон улсын түвшинд хүргэхийг зорьсон. Бусад орных зөвхөн худалдааны танхимын л чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тэгвэл манай танхим бодлогын өмгөөлөл хийхээс гадна худалдааг дэмжих функцийг давхар авч явдаг. Энэ хоёр бол маш өргөн цар хүрээтэй ажил. Манайх олон улсын гэрээ, конвенцуудад нэгдчихсэн, хүлээн зөвшөөрөгдсөн орон. Энэ таатай нөхцөлийг худалдааг дэмжихэд ашиглах, улс орноо хэрхэн хөгжүүлэх вэ, компаниудынхаа үйл ажиллагааг дэлхийн стандартад яаж хүргэх вэ гэдгийг танхимынхан боддог. Худалдааны танхим бол бодлогын өмгөөлөл хийхэд голлон ажилладаг байгууллага. Үүнийг бизнесийн орчныг таатай болгох гэсэн ганц өгүүлбэрээр илэрхийлж болно. Энэ нь задлаад яривал маш өргөн ойлголт. Одоо танхим өмнөх 60 жилийнхээс илүү хүчтэйгээр төр, засагтайгаа хамтран ажиллаж, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах ёстой.

-Танхим бас аж үйлдвэр хөгжүүлэх чиглэлд үйл ажиллагаа явуулдаг биз дээ?

-Хувийн хэвшил хөгжсөнөөр үйлдвэр байгуулагдаж эхэлсэн. Тиймээс үйлдвэрлэлийг худалдаатайгаа тэнцүү авч үзэхээс аргагүй болсон. Танхим хувийн хэвшлийнхнийг жижиг, дунд, том гэж ялгахгүйгээр дэмжих ёстой гэж боддог. Манай хувийн хэвшлийнхэн амжилтад хүрснийг статистик баримтаас харж болно. Хувийн хэвшлийнхэн дотоодын нийт бүтээгдэхүүний 75 хувийг бүрдүүлж, ажиллагсдын 70 хувийг ажлын байраар ханган, татварын 80 хувийг төвлөрүүлж байна. Өндөр амжилтад хүрсэн байгаа биз.

-Хувь хүнтэй тань холбоотой асуулт асуухаар танхимын үйл ажиллагааг илүүтэй яриад байх юм. Тэгвэл танхимтай холбоотой асуулт тавья. Бизнесийг өмгөөлөх, нөлөөлөх танхимын хүч бусад орныхтой харьцуулбал хэр вэ?

-Олон улсын танхимаас гаргасан стандарт байдаг. Энэ стандартын дагуу хамрах хүрээгээрээ үйл ажиллагаа явуулж чадаж байгаа. Ази, Номхон далайн бүсийн орнуудынхаа дунд манайх том танхимд тооцогдоно. Хүлээн зөвшөөрөгдөнө. Харин Европ, Америк, Сканданивын хөгжсөн орнуудын танхимын хэмжээнд хүрээгүй. Хөгжлийн тодорхой түвшинд хүрсэн ч өндөр шаардлага тавьж харьцуулалт хийвэл ийм. МҮХАҮТ олон улсын ISO стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн. Үүний өмнө Франц, Герман, Голландын экспертүүдийг авчирч, үйл ажиллагаандаа үнэлгээ хийлгэж байлаа. Бид 100 оноо авахаас 46.3 гэж үнэлэгдсэн. Дараа нь улс орнуудын танхимын үйл ажиллагааг бэхжүүлэхэд туслалцаа үзүүлдэг Олон улсын худалдааны төвтэй хамтран ажиллалаа. Өөрсдөөсөө ганц төгрөгийн зардал гаргахгүйгээр төсөл хэрэгжүүлж, тэдний экспертүүдийг хоёр жил ажиллуулан үйл ажиллагаагаа сайжруулсан. Төсөл хэрэгжүүлснээр үнэлгээгээ 60 хувьд хүргэнэ гэсэн зорилго тавьсан юм. Тэгээд 59.8 хүргэж чадсан. Бусад танхимын үйл ажиллагаатай эн зэрэгцэхүйц хөгжилтэй болох бат бөх суурийг тавьсан гэж боддог. Танхимын үйл ажиллагааг сайжруулбал төр, засагт үзүүлэх бодлогын нөлөөлөл нэмэгдэнэ. Танхим сүүлийн дөрвөн жилд УИХ, Засгийн газартай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Энэ явдал танхимын бодлогын нөлөөллийг хүлээн зөвшөөрсөн том алхам гэж боддог.

-МҮХАҮТ-ын гадаад харилцааг бэхжүүлэхэд таныг идэвх чармайлт гаргаж ажилласан гэдэг. Ямар амжилт гаргав?

-Танхимын гадаад харилцааг хариуцсан орлогч даргаар найман жил ажиллажээ. Энэ хугацаанд ижил үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагын түвшинд танхимын нэрийг өргөж чадсан гэж боддог. Жишээ нь, Олон улсын танхимын ерөнхий зөвлөлийн 20 гишүүний нэг нь Монгол болсон. Ази, Номхон далайн бүс, Торгоны замын олон улсын танхимын дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа. Энэ бол олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөний илрэл. Испани хэлтэй учраас Европын Холбоотой олон жил үр дүнтэй хамтарч ажиллаж байна.

-Та Испани улсыг нутагтаа төлөөлөх Өргөмжит консулын ажлаа одоо ч хийж байгаа юу?

-Испанийн вант улсыг Монгол Улсад төлөөлөх Өргөмжлөлт консулаар 1983 онд намайг өргөмжилсөн. Одоог хүртэл консулаар ажиллаж, Монгол, Испанийн худалдаа, эдийн засгийн харилцаа, хүн солилцоо, соёл гэх мэт бүх салбарт дэмжлэг үзүүлж явна. Испанийн Засгийн газраас Монголд бизнесийг дэмжих төсөл 17 жил хэрэгжүүлсэн. Худалдааг өргөжүүлэх, дэд бүтцийг сайжруулах төсөл хэрэгжүүлэхэд нь би тус дэм болж явлаа. Испанийн өмнөх эзэн хаан “Изабеллын одон”, одоогийнх нь “Иргэний гавьяа одон”-гоор намайг шагнасан.

-Гадаад худалдааны төрийн бус байгууллага байгуулсан гэнэ лээ. Ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?

-Миний мэдлэг, туршлага хувийн хэвшлийнхэнд хэрэгтэй бололтой. Бараа, бүтээгдэхүүнээ экспортод гаргая, Европын Холбоо болон бусад оронтой харилцаа тогтоогоод өгөөч гэсэн компаниуд МҮХАҮТ-ын даргын ажлаа өгсний дараа хандлаа. Бизнесийг дэмжих үйл ажиллагаа миний сэтгэлд шингэсэн бололтой. Үүгээр л “амьсгалах” ёстой юм шиг санагдаад байдаг юм. Нэг талаар мэддэг зүйлээ бусдад хэлж өгвөл Монголд хэрэгтэй гэж бодоод “Евразийн худалдаа, хамтын ажиллагааг дэмжих төв”-ийг байгууллаа. Үүгээр дамжуулж, компаниудад зөвлөх, бараа, бүтээгдэхүүнээ гадаадад гаргах түншүүдтэй холбож өгөх үйлчилгээ үзүүлж байна. Харамсалтай нь, цар тахал гараад ажил суларчихлаа. Цаашдаа үйл ажиллагаа сэргээд, дэмжиж байгаа компаниуд тодорхой амжилт гаргана гэж найддаг. Мөн “Шим” гэж төрийн бус байгууллага байгуулаад гадаад худалдааны чиглэлийн сургалт хийж байна.

-Таны аав, олон түмэн “Олимпийн өвөө” гэж хүндэлдэг Ш.Мавган гуай манай сонины 7000 дахь дугаарт ярилцлага өгсөн. Ануухан сайхан байна лээ. Бахархалт аавын охин байх сайхан биз.

-Бид аав, ээжээс есүүл. Аав, ээж минь биднийг эрдэм мэдлэгтэй, тусч сэтгэлтэй, шударга зарчимтай хүн болоорой гэж сургадаг байлаа. Бид тэднийхээ чихийг халууцуулаагүй. Эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж, ажилласан салбартаа амжилт гаргаад явж байна. Манай аав Соёлын гавьяат зүтгэлтэн хүн. Намайг Худалдааны гавьяат ажилтан цолоор шагнуулсанд “Гэр бүлээс хоёр дахь гавьяат төрлөө” гээд маш их баярлаж байгаа. Намайг шагналаа аваад очиход аав минь танхим болон хувийн хэвшлийнхэнд баярлаж байгаагаа илэрхийлсэн. Аав, ээж минь маш хөдөлмөрч, шударга хүн. Энэ чанар нь бидэнд шингэсэн. Хууль бус, ёс зүйгээс гажсан үйлдлийг тэвчдэггүй. Ийм зарчмаар ажиллахаар зарим хүмүүст таалагддаггүй байх тохиолдол гардаг. Наанатай, цаанатай бай гэж зарим нь хэлдэг ч сураагүй учраас тэвчдэггүй юм. Манайх өнөөдөр 100 гаруй хүнтэй өнөр өтгөн ам бүл болсон.

-“Хас” банкийг удирдаж байсан, Монголын шилдэг банкир М.Болдыг таны дүү гэдгийг зарим хүн мэдэх байх.

-Бид хоёроос өөр чимээгүй баатрууд бий. Том ах минь Монголын харилцаа холбооны салбарт бүх насаа зориулсан инженер хүн байлаа. Ах минь амьд сэрүүн байсан бол Гавьяат хэмээх эрхэм цолоор шагнуулах байсан гэж боддог. Сансрын холбоонд Монголыг холбоход том гавьяа байгуулсныг салбарыхан нь мэднэ. Эгч минь Монголын үйлдвэрчний эвлэлийн Соёл, урлагийн салбарын даргыг нь хийж байна. Мөн миний дээр багш ах, Монголын анхны хурандаа цагдаа эгч бий. М.Болд Дэлхийн банканд зөвлөхөөр ажиллаж байсныг мэдэх байх. Хоёр эмэгтэй дүүгийн нэг нь хувийн хэвшилд ажиллаж байна. Даавууны хээ гаргагч гэх Монголд ажиллах боломжгүй, ховор мэргэжил эзэмшсэн хүн. Нөгөөх нь эрчим хүчний чиглэлээр ажилладаг. Улаанбаатарыг эрчим хүчээр хангах компанид орлогч даргаар ажиллаж байлаа. Бид эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу тухайн салбартаа, нэг байгууллагадаа тогтвор сууршилтай ажилладаг онцлогтой.

-“Олимпийн өвөө”-гийн охин олимпизмын үйл хэрэгт хэрхэн оролцдог вэ?

-Аавыгаа дагаад өөрийн эрхгүй олимпизмын үйл хэрэгт сонирхолтой болдог юм билээ. Аав минь Монголд олимпын музейн үндсийг тавьсан. Тухайн үед Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Хуан Антонио Самаранч Монголд анх удаа айлчлахад музейг нээж байлаа. Манай гэр бүлийнхэн тэр музейг байгуулахад бүгд оролцсон. Хуан Антонио Самаранч Испани улсын иргэн. Би түүнд орчуулга хийж, аавтайгаа хамт үйлчилсэн сайхан дурсамж бий. Бид аавын захирлаар нь ажиллаж байсан Завхан аймгийн төвийн дунд сургуульд биеийн тамирын заалыг ивээн тэтгэж тохижуулан, спортын хэрэгсэл авч өгсөн. Надад 1992 оны Барселоны олимпыг үзэх завшаан тохиож байв. Ээж минь юуны төлөө испани хэлтэй билээ гээд өөрийнхөө оронд намайг олимп үзүүлэхээр явуулсан юм. Барселоны олимпоос монголчууд хоёр медаль хүртэж, аавтайгаа хамт нулимс унагаж явлаа. Дараа нь Лондоны 2012 оны олимпыг үзсэн. Тухайн үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн айлчлал хийсэн юм. Танхим айлчлалыг дагалдах бизнес группийг бүрдүүлсэн. Тэгээд бизнес уулзалт зохион байгуулаад, хэдэн хоног олимп үзэж, аавынхаа найз нөхөдтэй уулзсан. Олимпыг орчинд нь танхимын уур амьсгалыг мэдэрч, Монголынхоо тамирчныг хөгжөөн дэмжих мэдрэмж үнэхээр гоё. Тамирчин медаль хүртчихвэл өөрийн эрхгүй нулимс бүрхээд, Монголоороо бахархаад сайхан шүү.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)