М.Оюунчимэг: Монголд эмэгтэй хүн Ерөнхийлөгч болохгүй гэж үзэж насны хязгаарыг 55 нас гэж заасан юм уу

УИХ-ын чуулганаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр санал хэлсэн гишүүдийн хэлсэн үгийг хүргэе.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Хэлэлцэж буй хуулийн төсөл дор хаяж гурван шалгуурыг давсан байх ёстой. Нэгдүгээрт, улсын эрх ашигт нийцсэн байх ёстой. Хоёрдугаарт, ард түмний дэмжлэгийг авсан байх ёстой. Гуравдугаарт, УИХ-ын гишүүдийн олонхи нь хүлээн зөвшөөрсөн байх ёстой. Засаглалын хямралыг засаад өгөөч гэж ард түмэн мэдэж, ойлгоод бидэнд 65 суудлын мандат өгсөн учраас концессийн хувьд дэмжих ёстой гэсэн байр суурийг илэрхийлмээр байна. Гэвч сайжруулах, засах зүйл их байна.

Нэгдүгээрт, нутгийн өөрөө удирдах байгууллагатай холбоотой. Нэг дүүргийн хүн ам 2 аймаг, хэд хэдэн сумтай нийлсэнтэй тэнцүү байхад ижил статустай байна. Ажлын хэсэгт заавал орон нутгаас сонгогдсон хүн байгаа юм уу. Өөрөөр хэлбэл, дүүргийн Засаг даргыг дүүргийн иргэд сонгохоос илүүтэйгээр иргэдтэй тулж ажилладаг хорооны Засаг даргыг л хорооны иргэд томилдог болох хэрэгтэй.

Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн насны хязгаар дээр 55 гэж оруулж ирсэн байна. Би үүнийг буруу гэж бодож байна. Өнөөдөр шинэ үеийн хандлага өөрчлөгдөж, шинэ залуу үе түрэн гарч ирж байна, олон улсын жишгээр Ерөнхийлөгчид нэр дэвших боломжтой насны дундаж 35-45 байна. Гэтэл тэтгэвэрт гарах насыг тавьсан байна. Эмэгтэй нэр дэвшигчийг 50 гэж өөрчлөх юм уу эсвэл насны хязгаарыг заах хэрэггүй болгомоор байна. Эмэгтэйчүүдийг энэ талаар бодохоо боль, олон залуу лидерүүдийг 55 хүртлээ энэ талаар бодохоо боль гэж байгаа юм уу. Эсвэл эмэгтэй хүн Ерөнхийлөгч болж болохгүй гэж бодож ийм хуулийн заалт оруулж ирсэн юм уу гэж асуумаар байна. 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Насны босгыг хэвээр нь үлдээсэн. Харин шүүгчдийн насыг тус бүрд таваар нэмсэн. Цаашид нас нааш, цааш яригдах байх. 

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: Бид өөрсдөө хуулиа биелүүлэхгүй байгаагаас болж Үндсэн хууль руу хошуу дүрж ярих боллоо. Төрийн гурван институц нь хоорондоо зөрчилдөөд, эрх мэдлийн зааг ялгаа нь ойлгомжгүй болсон энэ үед Үндсэн хуулийн төслийг хэлэлцэж байна. Нийт 48 хуулинд өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэмэгдүүлсэн хуулийн жагсаалт бий. Эхлээд эдгээр хуулийг хэлэлцээд, Төрийн гурван институцийн эрх, үүргийг тодорхой зааж өгсөн бол өнөөдрийн энэ асуудал үүсэхгүй байх боломжтой байсан. Иймд нэгэнт хууль байгаа бол хуулийг мөрдөх л хэрэгтэй. Хуулийг зөрчих гэж баталдаггүй.

Хоёрдугаарт, ҮХ-ийн өөрчлөлтийг хийхийн тулд нэг зүйлийг санах ёстой. Саарал ордонд ажилладаг, парламентад суудалтай намууд нэг шийдэлд хүрсэн байх ёстой. Тэгж байж ҮХ-ийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх нь зохистой. Тиймээс Ерөнхийлөгч болоод АН-ын зөвлөлийн байр суурийг тодорхой болгоод хамтарч ажиллах нь зүйтэй гэдэг байр суурьтай байна.

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа: Монгол Улс түүхэндээ томоохон өөрчлөлт хийх гэж байна. Дэлхийн улс орнууд хөгжлөө урагшлуулах зорилгоор 17-20 жилийн давтамжтайгаар Үндсэн хуулиа өөрчилдөг туршлага бий.  Үндсэн хуулийн өөрчлөлт Монгол Улсын хөгжил дэвшил болон Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгаа болох ёстой. Иймээс маш хариуцлагатай байх хэрэгтэй.

Одоо өргөн барьж байгаа өөрчлөлтөд сэтгэл дундуур байгаагаа олон гишүүн хэлж байна.  Үндсэн хуульд оруулах өөрчлөлт үү, шинэчилсэн найруулга уу гэдэг дээрээ эхлээд санал нэгдэж, ойлголцох хэрэгтэй гэдэг зарчмын байр суурьтай байна. Мөн би зарим гишүүнтэй санал нэг байна. Үндсэн хууль муу байгаадаа өнөөдөр олон асуудал гацаанд орсон гэж бодохгүй байгаа. Хэрэгжилт дээр асуудал байна. Хэрэгжүүлж буй улстөрчид, магадгүй институт хоорондын уялдаа холбоо, чадамж асуудалтай болжээ. Бэлтгэлийг нь сайн хангахгүй, нэгдсэн ойлголтод хүрэхгүй, магадгүй захиа даалгавраар хандвал бид түүхийн өмнө буруутан болж үлдэнэ. Цаг үе өөрчлөгдөж, нийгмийн өөрчлөлт хурдацтай байгаа энэ үед гишүүн бүр нэгдсэн ойлголттой, хариуцлагатай байгаасай гэдэг үгийг хамт олондоо хэлмээр байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Энэ хуулийн төслөөр ард түмний яриад байгаа хэд гурван юмыг оруулаад дундуур нь юмаа шургуулчих юм. Гуя дагаж хүзүү гэдэг шиг. Өөрөөр хэлбэл, сонгуулийн тогтолцоог хуулиар тогтоодог болно гэдэг нь нам сонгодог болно гэсэн зүйл л шургуулаад байгаа юм л даа. Нам сонгодог болвол намын нэр шидээд л ард нь насаараа суудаг хэдэн хүн байх нь.

Саяхан нэг хонгил нураалаа л гээд яриад байсан. Одоо бүр ган, төмөр бетонон хонгил хийж авах гэж байгаа байхгүй юу. Хэзээ ч нурдаггүй хонгилтой болох гэж байгаа юм байна. Гараад явсан намууд худлаа юм шиг мэдэгдэл хийчихээд, дургүй юм шиг хэрнээ цаанаа дуртай л байгаа байхгүй юу.

Би өөрөө Засгийн газрын гишүүн ч үргэлж байхгүй нь ойлгомжтой. Тийм супер Засгийн газар хэнд хэрэгтэй юм бэ. Би Засгийн газрыг сул байна гэж боддоггүй.

Байгалийн баялаг ард түмний өмч байна гэсэн бол одоо төрийн өмч гээд заачихаж. Ард түмэн баялгаа хүртэж чадахгүй байгааг ашиглаад, нэг ёсондоо ядуу ард түмний дуран дээр нь тоглоё гэж байна.

Үнэн чанартаа асуудал бол Үндсэн хуулинд биш, бидний ёс суртахуунд байгаа юм. 1990 оны өмнө байсан төрийг бид байхгүй болгосон шүү дээ. Өнөөдөр ямар төртэй байгаа билээ, үүнийг хэн бүтээсэн юм. Өнөөдөр дахиад дордуулах гэж байна. Долоо дордсон бол дал дордоно шүү.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Үндсэн хууль 1992 оноос хойш үүргээ сайн гүйцэтгэсэн. 2016 оны сонгуулиар МАН-д 65 суудал өгсөн нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эрхийг өгсөн гэж ойлгож байгаа. Иймд ҮХ-иар зохицуулагддаггүй, ирээдүйд зохицуулагдах зүйлийг шинэчлэн өөрчлөх ёстой. Бид хөгжил дэвшлийнхээ “чөдөр”-ийг тайлах, чөтгөрийн тойргоосоо гарах зэрэг асуудлыг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр шийдвэрлэх ёстой. Энэ бол ард түмний захиалга. Өөрөөр хэлбэл, 27 жилийн турш суусан шавраасаа гарах түүхэн хариуцлага бидний өмнө тулгарлаа. Энэ хугацаанд 15 Засгийн газрын нүүр үзлээ. Нэг Засгийн газрын ажилласан дундаж хугацаа 1.3 жил. 300 сайд төрсөн. Нэг сайд жил хүрэхгүй хугацаанд ажиллаж байна. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд л гэхэд боловсролын салбарт дөрвөн сайд солилоо. Ийм тогтворгүй байхад яаж бодлого боловсруулах юм бэ.

Монгол Улс талцал, хуваагдалтай улс орон болж гүйцлээ. Талцал дээд цэгтээ хүрлээ. Би урьд өмнө нь ийм талцалтай үе үзээгүй. Монголчууд хамгийн хүчтэй байх үедээ эвлэлдэж, нэгдэж байсан. Монгол Улсад 33 улс төрийн нам байна, сонгуулийн насны 2 сая хүний 500 мянга нь улс төрийн харьяалалд байна. Өөрөөр хэлбэл дөрвөн хүн тутмын нэг нь намын харьяалалтай. Иймд талцал, хуваагдлыг засах ёстой. 

Мөн монголчуудын орлогын ялгаа тэнгэр, газар шиг өөр байна. Саяхан нэг судалгаагаар Монголын хүн амын 70 хувь нь ямар нэг халамжид хамрагдаж байна гэж гарсан. Халамжийн улс болж хувирлаа шүү дээ. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)