М.Оюунчимэг: Аравдугаар сарын 01-нээс эмийн хөнгөлөлттэй холбоотой хуулиуд хэрэгжүүлнэ

Эрүүл мэндийн даатгалын хуулиудад ямар өөрчлөлт оруулж байгаа талаар УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүд мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "УИХ-ын ээлжит бус чуулганаар эрүүл мэндийн даатгалын тухай, эрүүл мэндийн тухай, эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай, эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт орууллаа.

Энэ нэмэлт өөрчлөлтийн зорилго нь бизнес тоног төхөөрөмж биш хүнээ дагасан нэмэлт өөрчлөлтүүдийг оруулаад 2020 оны арваннэгдүгээр сарын 1-нээс эмийн хөнгөлөлттэй холбоотой хуулиуд хэрэгжиж эхлэхээр болж байна. Тухайлбал, жирэмсэн эх ЭМД төлдөг л бол өөрийн дуртай эмч, эмнэлгээ сонгон үйлчлүүлэх боломжтой болж байгаа юм" гэлээ.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "Эрүүл мэндийн салбарыг шинэчлэх эхний алхамууд хийгдэж байна. Ирэх онд дахин өөрчлөлт оруулна.Хуулиудад орсон онцлох өөрчлөлтүүдээс дурдвал одоогийн байгаа тогтолцоогоор зарим өвчнийг улсын төсвийн хөрөнгөөр, зарим хүнийг даатгалаар эмчилж байгаа. Ингээд эмнэлгийн байгууллагууд нэг эрхтнийг нь эмчлээд нөгөө эрхтнийг нь эмчлэх гэхээр төсөвгүй болох хүндрэл үүсдэг. 

Тиймээс эрүүл мэндийн бүх санхүүжилтийг ЭМД-ын санд шилжүүлж байгаа юм. Нэг өвчтөний эрүүл мэндийн зардлыг ЭМД-ын сан бүрэн хариуцаад явна. Түүнчлэн эмч, эмнэлгийн ажилтны хариуцлага, чанартай үйлчилгээнээс шалтгаалж дараагийн санхүүжилтийг тооцдог механизмтай болгож байна.
Мөн нэг чухал өөрчлөлт нь эрүүл мэндийн салбарын эмчилгээний стандарт, эмнэл зүйн удирдамжийг заавал ашиглаж байхаар боллоо. Тус стандартын дагуу Монгол Улсын иргэнийг эмчилж чадаж байгаа үгүйг хянах юм. Өөрөөр хэлбэл эмнэлгийн байгууллагын үйлчилгээний чанарыг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Мөн 2021 оноос өрхийн эмнэлгүүдийн үйлчилгээг сайжруулах хуулийн төсөл санаачилна" хэмээсэн.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Тангараг өргөөд хоёр сар өнгөрч буй энэ хугацаанд УИХ-ын ээлжит бус чуулганаар эрүүл мэндийн системийн санхүүжилтийн тогтолцоог эрүүл болгох хуулийг баталсан. Эрүүл мэндийн салбарт ямар нэгэн улс төр саад болох ёсгүй гэсэн уриатай бүлэг байгуулж байна.

Тухайлбал, өмнө нь яаралтай тусламжийг төр даана гээд эмнэлгүүдэд нь санхүүжилт өгчихөөд тэр санхүүжилтийг аваагүй эмнэлэг нь яаралтай тусламж үзүүлэхээс татгалздаг байсан. Яагаад гэвэл мөнгө орж ирэхгүй, зардал их гардаг.

Харин ЭМД-ын хуулийн өөрчлөлтөөр улсын болон хувийн эмнэлэгт яаралтай тусламж авахаар ирсэн иргэн болгонд санхүүжилтийг нь өгнө. Хэрэв иргэнд яаралтай тусламж авах шаардлага гарвал дуртай эмнэлгээрээ үйлчлүүлэх боломжийг бүрдүүллээ. Заавал даатгалтай байх албагүй. Төрөөс дааж байгаа учраас даатгалаас мөнгийг төлөөд дараа нь төрөөс санхүүжилтээ авах тогтолцоонд орж байгаа юм. Гэхдээ иргэн бүрээ даатгалд хамруулах нь эрүүл мэндийн даатгалын зорилго юм. 

Хөнгөлөлттэй эмийг авахын тулд иргэд, ялангуяа өндөр настанууд дугаарлаж, заавал өрхийн болон сумын эмчээр жор бичүүлж авдаг. Ингээд хөнгөлөлттэй эмээр үйлчилдэг тусгай зөвшөөрөлтэй эмийн сангаас очиж авдаг. Энэ бүх байдлыг халж байна " гэсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)