М.Оргил: Уран бүтээлчдэд тулгардаг таагүй нөхцөлийг сайжруулахыг хүсэж байна

Монголын үндэсний кино хорооны тэргүүн, жүжигчин, продюсер М.Оргилтой ярилцлаа.

-Ярилцлагаа таны байгуулсан Монголын үндэсний кино хорооны тухай асуултаар эхэлье. Эл хороо ямар үйл ажиллагаа явуулах вэ?

-Монголын үндэсний кино хороо нь олон улсын томоохон кино төсөл, хөрөнгө оруулалтыг эх орондоо татаж, дэлхийн кино урлагийн салбараас дотоодын эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг дээшлүүлэх юм. Уран бүтээлчдэд бодит дэмжлэг үзүүлэх зорилгоор жил бүр олгодог санхүүжилтийг олон улсын жишигт хүргэж, улсын төсөвт тусгуулах, тус урлагаар дамжуулан Монголынхоо өв соёл, ёс заншил, түүхийг дэлхийд сурталчлах, түүгээр дамжуулан аялал жуулчлал, эдийн засаг, гадаад харилцааны салбарыг хөгжүүлэх зорилготой. 

Түүнчлэн кино урлагийн салбарын хууль эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгож, дотоодын кино үйлдвэрлэлийн дэд бүтцийг хөгжүүлэн, олон улсын жишиг кино үйлдвэр байгуулахаар зорьж байна. Хороог 2017 онд байгуулсан. Үүний дараа Олон улсын кино хороодын ассоциацид элсэх хүсэлт явуулсан. Тэндээс тавьсан шалгууруудыг биелүүлсний үндсэн дээр гишүүнээр элсэж, хамтран ажиллах боломжтой боллоо. Тус ассоциацаас зохион байгуулдаг сургалт, арга хэмжээнүүдэд оролцож, бусад улсын кино хорооны үйл ажиллагаатай танилцан, туршлага судалж байна.

-Дээр дурдсан Олон улсын кино хороодын ассоциацын гишүүн болсноор ямар боломж Монголын уран бүтээлчдэд нээгдэж байгаа бол?

-Олон улсын кино хороодын ассоциац нь орон, орны 300 гаруй кино хороодыг нэгтгэсэн байгууллага. Үүнд элссэнээр Холливудын тэргүүлэх кино компаниудтай шууд харилцаж, тэдэнд кино зураг авахад шаардлагатай тоног төхөөрөмж, мэргэжлийн баг, жүжигчид, өвөрмөц байршлын нөөц бололцоо Монголд их байдаг талаарх мэдээллийг хүргэх боломжтой болсон.

Ингэснээр олон тэрбум ам.долларын эргэлттэй киноны зах зээлээс тодорхой хувийг Монгол руугаа чиглүүлэх ажил хийж, олон улсад танигдсан кино үйлдвэрлэлийн төв болгох үүд хаалгыг нээж байна. Шинэ Зеланд, Исланд, Норвег, Унгар зэрэг улс ийм маягаар л кино урлагаа хөгжүүлж, амжилтад хүрсэн.

-Гадаадын кино компани, продюсерууд манай улс, тэр дундаа кино урлагийн талаар хэр сонирхож байгаа вэ?

-Яг үнэндээ гадаад хүмүүсийн олонх нь Монголын түүхийн талаар цухас л гадарлана, эсвэл хэн нэгнээс дам сонссон байдаг. Өнөөгийн хөгжил, урлаг, тэр дундаа кино урлагийн тухай мэдээлэл хомс. Тиймээс Монголын үндэсний кино хороо гаднынханд эл мэдээллийг хүргэх үүрэгтэй юм. 

Кино урлаг нь өндөр хөгжсөн улсын уран бүтээлчид өмнө нь хэний ч очиж байгаагүй, хүмүүсийн мэдэхгүй газарт зураг авахыг хүсдэг. Тэгэхээр манай орон тэдэнд шинэ, сонирхолтой газар нутаг. Манай уран бүтээлчид хаана ч гологдохооргүй чадвартай болсон. Монголын үндэсний кино хороо үйл ажиллагаа явуулж эхэллээ гэхэд бүгд л сонирхож байна.

-Гадаадын уран бүтээлчид танай хороонд Монголд зураг авах хүсэлт гаргаад эхэлсэн үү?

-Манай улсад кино зураг авахаар сонирхож байгаа уран бүтээлч олон байна. Хамгийн сүүлд гэхэд л АНУ-ын найруулагч бидэнтэй холбогдож, төслөө танилцуулсан. Финланд, Польш зэрэг улсын уран бүтээлчидтэй хамтран ажиллах боломж гарах гэж байна. 

“Ийм кино хийнэ, тийм хэмжээний төсөвтэй. Зураг авахад ийм зүйл хэрэгтэй. Нуурын эрэг дээрх жижиг тосгонд зураг авна. Эсвэл хуучны зочид буудал байх ёстой. Кино павильон шаардлагатай” гэх зэргээр хэлдэг. Тухайн төсөлтэй танилцаад, боломжтой бол бид хүлээж авна.

-Түүнээс гадна гадаадын уран бүтээлчидтэй хамтарсан уран сайхны болон баримтат кино, контентын төслүүдийг эхлүүлсэн гэсэн үү?

-ОХУ, Казахстаны уран бүтээлчидтэй хамтран уран сайхны кино бүтээх талаар хэлэлцэж байна. Мөн польшуудтай хамтран баримтат кино хийх талаар ярилцаж байгаа.

-Хэдийгээр манайх онгон дагшин байгаль, зураг авахуйц сонирхолтой газруудтай ч киноны тухай хуульгүй. Гэтэл бусад улс киноны тухай хуульдаа гадаадын кино бүтээгчдэд тавих шаардлага, хөнгөлөх нөхцөлөө тодорхой зүйлчилсэн байдаг юм билээ. Илүү уян хатан нөхцөл тавьж байж тэднийг өөрийн улс руу татаж таарна даа.

-Бусад улсын кино хорооны энд хүрэхүйц санал тавьж байж л гадаадын уран бүтээлчдийг татна. Энэ нь тухайн уран бүтээлчдэд үзүүлэх хөнгөлөлт. Тодруулбал, гадаадын уран бүтээлчдийг эх орондоо авчрахын тулд зарцуулсан мөнгөнийх нь тодорхой хувийг буцаан олгох заалт хуульд заавал оруулж өгөх ёстой. Британи, Унгарт гэхэд 25-30 хувийг буцаан олгодог. 

Гадаадынхан ийм нөхцөлтэйгөөр л улс орнуудад очиж кино зураг авдаг. Нөгөө талаар бид гадаадын уран бүтээлчдэд шаардлага тавих ёстой. Тухайлбал, киноны төсвийн 70-80 хувь нь Монголд зарцуулагдсан байх ёстой, кино зураг авахдаа Монголд бүртгэлтэй компани байгуулж, манай улсад татвар төлөх, эсвэл зургийн ажлын 75 хувийг Монголд хийсэн байх ёстой гэхчлэн. Өндөр төсөвтэй киноны зургийг Монголд авбал олон хүн ажлын байртай болно.

Цэвэрлэгч, барилгачин, мужаан, оёдолчин, жолооч, үсчин, нүүр будагч, цахилгаанчин гээд бүх л мэргэжлийн хүнийг ажиллуулах боломжтой. “Марко Поло” кинонд 3500 хүн ажилласан шүү дээ. Ийм л чухал ач холбогдолтой.

-Нөгөөтээгүүр, гадаадын алдартай киноны зургийг авсан газарт аялах хүсэлтэй жуулчны тоо өсдөг шүү дээ.

-Яг үнэн. Кино урлагаа аялал жуулчлалын салбартай холбож, амжилттай орлого олж буй улсын жишээ бол Шинэ Зеланд. “Бөгжний эзэн”, “Хоббит” киног дэлхий даяараа мэднэ. Эдгээр киноны зургийг авсан Шинэ Зеландад очих жуулчдын тоо 25 хувиар өссөн. Тус киноны зургийг өөрийн улсад авхуулахын тулд Ерөнхий сайд нь Холливудын компанитай уулзаж, гэрээ хийн, нэмэлт санхүүжилт олгосон байдаг.

Ингэснээр эдийн засаг, аялал жуулчлалыг нь итгэмээргүй өсгөсөн. Малайзын Засгийн газар шинэ кино үйлдвэрээ сурталчлахын тулд “Маркo Поло” кинонд 30 сая ам.доллар гаргасан. Үр дүнд нь 200 сая.ам долларын төсөвтэй киног эх орондоо бүтээлгэж чаджээ.

-Гэтэл манайд одоогоор гадаадынхныг авчраад зураг авхуулах кино үйлдвэр байхгүй. Хөдөө орон нутагт дэд бүтэц хөгжөөгүй. Эдгээр асуудлыг хэрхэн шийдэх вэ?

-Хөгжүүлэх л хэрэгтэй. Бидэнд долоон павильонтой, бүрэн тоног төхөөрөмжтэй кино үйлдвэрийн төсөл бий. Санхүүжилтээ босгохоор ажиллаж байна. Холливудын хэмжээний хоёр киноны зургийг нэг зэрэг авах хүчин чадалтай гэсэн үг. Бид онцлогоо маш чадварлаг ашиглах хэрэгтэй.

Тухайлбал, Алехандро Иньярритугийн “Revenant” киноны зургийг Канадын Альбертад авсан. Гэтэл төгсгөлийн хэсгийн зургийг авах үед нь цас хайлсан болохоор төстэй уур амьсгалтай газар хайн, Андын нуруунд зургийг авч дуусгасан гэдэг. Гэтэл манайд зургаан сарын турш цастай байдаг. Өвөл цагийн киноны зургийн төв болгож ч болохоор.

Хэдийгээр дэд бүтэц нь шийдэгдээгүй ч үнэхээр байгалийн сайхныг нь үзүүлэхийн тулд “Бөгжний эзэн” киноны зургийг Шинэ Зеландад авсан шүү дээ. Үүн шиг бид гайхамшигтай сайхан байгаль, өвөрмөц тогтцуудаа гадаадын уран бүтээлчдэд таниулах хэрэгтэй.

-Та “Марко Поло” киноны төслийг Монголд авчирч, 70 уран бүтээлчийг зураг авах ажилд оролцуулсан. Мөн “Шарга даага”, “Алсын удирдлага” зэрэг кинонд продюсероор ажилласан шүү дээ. Нэг кино нь БНСУ-ын Бусаны кино наадмаас шагнал хүртсэн. Монголын үндэсний кино хороогоор дамжуулан энэ төрлийн ажлыг үргэлжлүүлэн хийх үү?

-2012-2014 онд ССАЖЯ-ны Соёлын газрын даргаар ажиллаж байхдаа сая дурдсан ажлыг хийсэн юм. Ажлаа өгснийхөө дараа би “Марко Поло” киноны Монголын талын продюсероор ажилласан. Кино хороогоороо дамжуулан Монголынхоо уран бүтээлчдийг чадавхжуулах, гадаадын уран бүтээлд ажиллах боломж олгох ажлыг хийнэ. Ингэхийн тулд уран бүтээлчид болон тоног төхөөрөмжийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэхээр зорьж байгаа.

-Танай хорооны хамгийн түрүүнд хийхээр төлөвлөсөн ажил юу бол?

-Танилцуулах аялал ирэх намар зохион байгуулна. Дэлхийн томоохон кино компаниудын продюсер, зураг авах ажил хариуцсан дэд ерөнхийлөгч, зургийн талбайн менежерүүдийг Монголоор аялуулж, байгалийн өвөрмөц, үзэсгэлэнт газруудыг танилцуулна. 14 хоног явах төлөвлөгөөтэй болохоор нэлээд олон газраар аялж амжих байх.

-Улсын хийх ёстой ажлыг хувь уран бүтээлч зориглоод хийж байгаа гэхэд болох нь. Ингэтлээ кино урлагийг хөгжүүлэхээр зүтгэж байгаа шалтгаан юу юм бэ?

-Яг үнэнийг хэлэхэд зөвхөн жүжигчнээр ажиллаад амьдрах нөхцөл Монголд байхгүй шүү дээ. Намайг 2001 онд АНУ-д Драмын урлагийн академи төгсөж ирэхэд маш таагүй нөхцөл угтсан. Тийм болохоор уран бүтээлчдэд тулгардаг тэр таагүй нөхцөлийг сайжруулахыг хүссэн юм.

-Манайд дотоодын болон олон улсын хэд хэдэн наадам, шагнал гардуулах ёслол, мэргэжилтнүүдийн мастер хичээл зохион байгуулдаг боллоо. Хөгжиж буйн илрэл байх.

-Гадаадад киног олон улсаас олсон орлого, А зэрэглэлийн наадмаас хүртсэн шагналаар нь л үнэлдэг. Олон улсад орлого олохуйц кино бүтээх, мөн өндөр зэрэглэлийн наадамд Монголын найруулагчдын бүтээлийг оролцуулах нөхцөлийг бүрдүүлэхийг хичээнэ. Тэр хэрээр үзэгчдээ бэлтгэх хэрэгтэй. Дэлхийн чансаатай наадмуудад амжилттай оролцож, үнэлүүлсэн бүтээлээ манай үзэгчид үздэггүй, ойлгодоггүй.

Тэгэхээр тэр чиглэлийн уран бүтээлийг үзүүлдэг кино театруудыг дэмжих хэрэгтэй. “Улаанбаатар”, “Алтан хальс” гэхчлэн кино наадмын зохион байгуулагчдад талархал илэрхийлэх ёстой. А зэрэглэлийн кино наадмуудаас шагнал хүртсэн гадаадын найруулагчдын бүтээлийг үзэгчдэд хүргэж, уран бүтээлчдэд мэргэжилтнүүдээр нь сургалт зохион байгуулж байна шүү дээ.

Манай хорооноос мөн адил уран бүтээлчдийг гадаадын мэргэжилтнүүдийн сургалтад хамруулах зэргээр дэмжин, хамтарч ажиллах болно.com


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)