М.Нандин-Эрдэнэ: Мэс засалд орчихоод, долоо хоногийн дараа тулалдаж байлаа

бокс тулааны урлаг м.нандин-эрдэнэ

Харийн нутагт амьдран, эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгаж яваа монгол залуус цөөнгүй. Тэдний нэг нь БНСУ-ын холимог тулааны “Road FC” холбоонд тоглодог М.Нандин-Эрдэнэ. Мэргэжлийн дэвжээнд 2014 оноос хойш хүч сорьж буй тэрбээр одоогоор найм ялж, зургаан удаа дийлдсэн. 

Олимп, ДАШТ-ий мөнгөн медальт Н.Төгсцогт, Армийн дэлхийн аварга Б.Чинзориг тэргүүтэй шилдэг боксчдын анхны багш, Гавьяат дасгалжуулагч А.Гантулгын шавь М.Нандин-Эрдэнэ өмнө нь сонирхогчийн боксоор хичээллэдэг байсан юм. УАШТ-ий өсвөр үеийнхэд дөрөв, залуучуудынхад гурван жил завсаргүй түрүүлсэн, насанд хүрэгчдийнхээс хоёр алтан медальтай тэрбээр Азийн дэд аварга. 

Өнгөрсөн жил нэг сая ам.долларын төлөө 32 тамирчинтай өрсөлдөхдөө шилдэг наймд шалгарсан М.Нандин-Эрдэнэ, 2017 онд “Road FC”-ийн хүнд цохилтын эзэн шагнал хүртсэн. “Драгон хаус” холбооны аварга Н.Отгонбаатартай нөгөөдөр тулалдах түүнтэй ярилцлаа.

-MFC холбооноос Н.Отгонбаатартай тулалдуулах санал танд тавихад нь хэрхэн хүлээж авав. Та хоёрын тулаан зүгээр нэг ялахын төлөө бус, хэн нь Монголын шилдэг тулаанч вэ гэдгийг тодруулах тоглолт болох нь лавтай.

-MFC холбооны удирдлага, Зорки (У.Зоригт) ах надад санал тавьсан юм. Би зөвшөөрснөөр Н.Отгонбаатартай эх орондоо тулалдах боллоо. Холимог тулаан биеийн төдийгүй сэтгэл зүйн спорт. Тиймээс өрсөлдөгч хэн байх нь хамаагүй. Бүх зүйл надаас шалтгаална. Би эх орондоо зургадугаар сарын 10-нд ирсэн. Бэлтгэлээ А.Гантулга багшийн удирдлагад, боксын үндэсний шигшээ баг болон “Алдар” спорт хороонд хийж байна.

-Эх орондоо өмнө нь тулалдаж байсан бил үү?

-Холимог тулааны төрлөөр анхных нь. Сонирхогчийн боксоор хичээллэдэг байхдаа олон удаа хүч сорьсоон.

-Та БНСУ-ын “Road FC” холбооны тамирчин. MFC-д хүч сорихын тулд холбооноосоо зөвшөөрөл авсан уу?

-Тэгсэн.

-Н.Отгонбаатар та хоёр 70 кг-д өрсөлдөнө. Тэгэхээр та жин нэлээд хасах нь. Жингээ олон кг-аар хасах нь таны тоглолтод хэр нөлөөлөх бол?

-Монголд ирэхдээ би 83 кг жинтэй байсан. Тиймээс 12-13 кг хасаж байгаа. Тоглолтод нэг их нөлөөлөхгүй байх. Учир нь би тэмцээнд оролцохдоо төдий хэмжээний жин хасдаг.

-Та А.Гантулга гавьяатын шавь. Боксын спорттой амьдралаа хэрхэн холбож байв?

-2001 онд А.Гантулга багшаар бокс заалган, эл спортод хөл тавьсан. Хоёр дахь гэр минь “Алдар” спорт хороо. Багшдаа магтуулж, зэмлүүлэн, хөөгдөж явсан гээд олон сайхан дурсамж бий. Азийн дэд аварга болсон төдийгүй оролцсон тэмцээнээсээ ганзага хоосон ирж үзээгүй. 

УАШТ-ий өсвөр үеийн ангилалд дөрөв, залуучуудынхад гурван жил дараалан түрүүлсэн. Насанд хүрэгчдийн УАШТ-ээс олон медаль авч, Бүх ард түмний спартакиадад түрүүлэн, шилдэг тамирчнаар шалгарч байлаа. Амьдралын эрхээр БНСУ-ыг зорьсон.

-Чамгүй амжилт гаргаад байхдаа спортоо яагаад орхисон юм бэ?

-Гэнэт гаргасан шийдвэр л дээ. Хамт бэлтгэл хийдэг байсан тамирчид, найз нөхөд, А.Гантулга багш их гайхсан. Амжилтын төлөө олон жил зүтгэсэн шавь нь спортоо орхиход багшид хэцүү байсан биз. Ид үедээ спортоо орхисонд одоо ч зарим хүн гайхдаг юм билээ. 

Тухайн үед хань минь БНСУ-д сурахаар болсон юм. Хүний нутагт ганцааранг нь явуулаад яах вэ, түшиг болъё гээд би хамт явсан. Боксын спортоор хичээллэн, өндөр амжилт гаргах амаргүй. Сургуульд суръя, мэдлэг, боловсролоо ахиулъя гээд Солонгосыг зорьж байлаа.

-Боксын спортоор дахиад хэдэн жил уйгагүй хичээллэсэн бол гэж харамсдаг уу?

-Үнэнийг хэлэхэд харамсдаг. Олимп, дэлхийд чадахгүй юмаа гэхэд Азийн АШТ-д түрүүлэх ч байсан юм бил үү. Гэхдээ нэгэнт өнгөрсөн зүйлийн талаар тэгсэн, ингэсэн бол гэж яриад яах вэ. Лондоны олимп болон дараа дараагийн ДАШТ-д оролцсон бол гэж бодохоор харамсалтай санагддаг ч ханиа, хүүхдүүдээ хараад тайвширдаг юм.

-Сонирхогчийн бокстой арай ойроор нь мэргэжлийн боксыг бус, холимог тулааныг сонгосон тань сонирхол татаж байна. Ер нь мэргэжлийн боксын дэвжээнд өрсөлдөх талаар хөөцөлдсөн үү?

-Мэргэжлийн бокс тоглохыг хүсдэг, амжилт гаргахаа мэддэг байсан. Гэхдээ амьдрал ямар санаснаар болох биш дээ. Саяхан БНСУ-ын хэд хэдэн мэргэжилтэн надтай уулзаж, мэргэжлийн бокст тоглуулах санал тавьсан. Би “Road FC” холбооны тамирчин, тэдэнтэй гэрээ байгуулсан болохоор татгалзахаас өөр арга байгаагүй.

-Та “Road FC”-д 2014 оноос хойш тоглож байна. Тус холбоонд хүч үзэх гарцыг хэрхэн олов?

-Азийн шилдэг холбооны нэг нь “Road FC”. Тус холбоонд тоглох нэлээд өндөр шалгууртай. Юм юм л хийсэн дээ. Бүр телевизийн шоунд хүртэл оролцон, сорил тэмцээнд түрүүлснээр “Road FC”-д хүч үзэх зөвшөөрөл авсан.

-Бокс, холимог тулаан тэс өөр спорт. Хэр хурдан дасав?

-Холимог тулаан бокс гэлтгүй бусад тулааны спортоос тэс өөр. Би Монголд байхдаа боксоос гадна таеквондо, кикбокс, гардан тулаанаар хичээллэж, ур чадвараа ахиулсан. Тэр бүхэн холимог тулааны спортод, дүрэмд нь дасахад дөхөм байв. Нэг их хэцүү зүйл байгаагүй. Одоогоор найм ялж, зургаа дийлдсэн. Тэдгээрийнхээ долоог нь хүнд цохилтоор ялаад байна.

-Өнгөрсөн жил та нэг сая ам.долларын төлөө 32 тамирчинтай өрсөлдөн, шилдэг наймд шалгарсан. Тийм өндөр шагналын сантай тэмцээнд таныг ямар шалгуураар оролцуулав?

-Тухайн үед би “Road FC” холбоонд хийсэн долоон тулааныхаа дөрвийг нь эхний үед хүнд цохилтоор ялсан нь том үнэлгээ болж, мэргэжилтнүүдийн анхаарлыг татсан гэнэ лээ. Өмнө нь ийм өндөр шагналтай тэмцээнд монгол тамирчин өрсөлдөж байгаагүй байх. Орон орны шилдэг тамирчид өрсөлдсөн, чансаатай тэмцээн болсон. Би эхний үед Бразилын тулаанч Б.Мирандаг ялсан. 

Тэрбээр тухайн үед мэргэжлийн дэвжээнд долоон удаа ялж, хоёр дийлдсэн, бүх өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулгаад байсан юм. Дараа нь өөр нэг бразил тулаанчийг хожиж, шигшээ наймд үлдсэн ч Францын тамирчинд дийлдлээ. Өнөөх тамирчин тус тэмцээнд түрүүлж, нэг сая ам.долларын эзэн болсон. Уг нь түүнийг ялах, бүр цаашлаад түрүүлэх боломж надад байсан юм. Гэвч шагайны бэртлийн улмаас бэлтгэлээ бүрэн хангаж чадаагүй, бас бус жижиг асуудал нөлөөлсөөн. 

Францын тамирчныг ялна гэдэгтээ итгэлтэй байсан, түүнтэй таарсандаа бараг баярласан. Даанч гэмтэлтэй байсан болохоор өөрийгөө 100 хувь дайчилж, төлөвлөснийхөө дагуу хүч сорьж чадаагүй.

-БНСУ-д гэр бүлийн хамт амьдардаг гэсэн. Бэлтгэл, тэмцээн гээд тэдэндээ хангалттай цаг, зав гаргаж амждаг уу?

-Хүний нутагт хөлөө олохоос илүү ёс заншил, уламжлалд нь дасах хэцүү. Захын нэг солонгос хүнд загнуулан байж ажил хийхээс авхуулаад тэвчээр шалгана (инээв). Би Солонгост эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр оюутан, хүүхдүүд нялх. Дан ганц холимог тулаанаар хичээллэн амьдрах боломж хомс. Тиймээс бэлтгэлийнхээ хажуугаар ажил хийдэг. Хүний нутагт тэднийгээ бусдаас дутаахгүй амьдруулахын төлөө хичээж явна. Гэр бүлээ асран, ажлын завсраар бэлтгэл хийх амаргүй. Ажил тарсны дараа оройн цагаар бэлтгэлдээ гардаг. Ер нь бэлтгэлээ чөлөөт цагаараа л базаадаг.

-Хүний нутагт гэр бүлээ тэжээхийн хажуугаар мэргэжлийн спортоор өрсөлдөх амаргүй. Монгол тулаанч гэхээр солонгосчууд ямар хандлагатай байдаг вэ?

-Би “Road FC” холбоонд тоглосон Монголын анхны тулаанч. БНСУ-д амьдардаг монголчууд миний тулааныг үргэлж үзэж, дэмждэг. Хүний нутагт монголчуудынхаа нүүрийг улайлгахгүй, тамирчдынхаа нэр хүндийг аль болох өндөрт өргөх нь чухал. Үүнийг үргэлж санан, хариуцлагаа ухамсарлаж явахыг хичээдэг. Одоогоор би жиндээ эхний тавд бичигдэж байгаа.

-“Road FC”-д тоглодог танаас өөр монгол тулаанч бий юү?

-Байхгүй. Одоо дахиад нэг юм уу, хоёр ялчихбал холбооныхоо аваргын төлөө тулалдана.

-Цөөнгүй удаа хүнд бэртсэн гэж дуулсан. Одоо ямар нэгэн зовиур бий юү?

-Үнээн, гар дөрвөн удаа хугарсан. Одоо тохой жаахан бэртэлтэй байгаа.

-Бэртлээ бүрэн эдгээгүй байхдаа тулалдаж байсан уу?

-Бэртсэнийхээ дараа мэс засалд орж, тэгснээсээ хойш долоон хоногийн дараа тэмцээнд оролцож байлаа. Тэгэхдээ тун харамсалтайгаар ялагдсан. Уг нь өрсөлдөгчөө бараг дийлсэн. Тэр булхайцчихсан юм.

-Спорт хүнийг төлөвшүүлдэг гэдэг. Тулааны спорт танд юу өгөв?

-Өөртөө итгэлтэй, төлөв, даруу болгож төлөвшүүлсэн. Эрчүүд амжилт гаргахгүй юм гэхэд өөрийгөө, гэр бүлийнхнээ хамгаалах хэмжээнд тулааны урлагаар хичээллэх хэрэгтэй.

-Ер нь алсдаа эх орондоо амьдрах бодол бий юү?

-Би одоогоор БНСУ-д спортын менежер мэргэжлээр сурч байна. Хоёр жилийн дараа сургуулиа төгсөөд эх орондоо ирэх бодолтой.

-Монголдоо ирээд холимог тулаанаар өрсөлдөх үү, эсвэл мэргэжлээрээ ажиллах уу?

-Мэдээж үргэлжлүүлэн тулалдана. Гэхдээ тухайн үед юу болохыг таашгүй. Бусад холбоо яахаас шалтгаална.

-Бусад холбооноос танд санал хэр их ирдэг вэ?

-Нэлээд ирдэг. AFC, “Top FC”, “Wardog” зэрэг холбооныхон надад санал тавьсан. “Road FC” холбоотой байгуулсан гэрээ удахгүй дуусна.

-Гэрээгээ сунгах уу, эсвэл өөр холбоонд хүч сорих уу?

-Одоогоор тэгнэ, ингэнэ гээд тодорхой шийдсэн юм алга. Нэр хүнд, чансаа өндөртэй өөр холбоонд тоглож магадгүй, эсвэл “Road FC”-тэй гэрээгээ сунгана. Ёстой яаж ч магадгүй.

-Цаашид UFC, “One champion¬ship” зэрэг дэлхийн алдартай холбоонд тоглох бодол, төлөвлөгөө бий юү?

-Мэдээж байлгүй яах вэ. Тулааны спортоор хичээллэж буй тамирчин бүхэн UFC холбоонд тоглон, аварга болохыг мөрөөддөг. Би ч мөн адил дэлхийд алдартай холбоонд тулалдан, эх орныхоо нэрийг дуурсгахыг хүсдэг. Ажил ихтэй, бэлтгэл хийх зав бага байдаг. Ивээн тэтгэгчтэй болчихвол бэлтгэлдээ, холимог тулаанд анхаарлаа хандуулах боломж бүрдэнэ.

-БНСУ руу хэзээ буцах вэ?

-Би эх орондоо ганцаараа ирсэн, гэрийнхэн минь БНСУ-д байгаа. Ирэх хагас сайнд Н.Отгонбаатартай тулалдчихаад буцна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)