М.Мягмарсайхан Чулуутын хавцал дээгүүр “алхана”

Циркчин М.Мягмарсайхан 15 жилийн өмнөөс Гиннесийн 25 удаагийн амжилт эзэмшигч, Швейцарын алдарт жүжигчин Фрэдди Ноктой хамтран өндөрт утсан дээрх тэнцвэрийн үзүүлбэр хийдэг болжээ. Герман, Швейцар, БНСУ зэрэг улсад гол, мөрөн, уул толгод, байшин барилга дээгүүр ямар ч бэхэлгээгүй, эрсдэлтэй үзүүлбэр толилуулж байсан тэрбээр өнгөрсөн жил Монголд анх удаа Улаан цутгалан хүрхрээн дээгүүр 28 метрийн өндөрт татсан 57 метр урт олсоор амжилттай алхсан юм. Амь, эрүүл мэндэд эрсдэлтэй энэ үзүүлбэрийг хийх болсон нь монгол хүний үнэ цэнийг илүү мэдрүүлэх зорилготой гэсэн. Тэгвэл тэрбээр ирэх наймдугаар сарын 8-нд Чулуутын хавцал дээгүүр 50 метрийн өндөрт 130 метр урт утас татаж алхах гэж байна. Энэ тухайгаа “Би хэдийгээр утсан дээр ганцаараа явдаг ч хамт олон минь түшиг тулгуур болж, хамгаалдаг. Техникийн аюулгүй байдал, олон жилийн туршлага, байнгын бэлтгэл нийлж энэ бүхнийг бий болгодог. Энэ бол дэлхийд түгсэн экстрем бөгөөд мэргэжлийн үзүүлбэр. Би эх орондоо чаддаг зүйлээ хийж, түүгээрээ дамжуулж сурталчилмаар байна. Монголын сайхан байгалийг экстрем үзүүлбэрийн бичлэг үзэнгээ гадаадынхан ч бас хараг л дээ. Тэр өдөр skywalk буюу утсан дээрх тэнцвэрийн үзүүлбэрээс гадна циркийн тоглолт ч болно” гэв.

Сонирхуулахад, тэрбээр өөртэй нь хамт утсан дээгүүр хамгаалалтын бүстэй алхах боломжийг хоёр хүнд тодорхой хэмжээний төлбөртэйгөөр олгохоор төлөвлөсөн бөгөөд орлогоо сайн үйлсэд зориулах юм байна.

Бэлтгэсэн: А.Тайшир


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)