М.Дариймаа: Карменд өөрийгөө нэг их “эвдэлгүй” дуулдаг

Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлийн 56 дахь улирлын нээлтийн дуурийн тоглолт Францын суут хөгжмийн зохиолч Ж.Бизегийн “Кармен” дуурь байлаа. Гол дүр тамхины үйлдвэрийн ажилчин гал цогтой цыган бүсгүй Карменд уг дүрд олонтаа хувирч, үзэгчдийг XIX зууны дунд үеийн Испани орон, домогт Севилийн талбайд аваачдаг дуурийн гоцлол дуучин М.Дариймаа дуулсан юм.

Тоглолтын тасалбар хэдэн хоногийн өмнө дуусаж, энэ дуурийг зарлах бүрийд ирдэг үзэгчид ч орж чадахгүйд хүрсэн нь театрын улирлын нээлтийн онцлог байлаа. “Кармен”-тай болзож, тухлан ярилцлаа.

-Та авхаалж сэргэлэн Кармены дүрд хэд дэх удаагаа дуулав аа?

-Яг тэд дэх гэж хэлж мэдэхгүй нь, тулгамдаж байна. Би театрынхаа гоцлол дуучнаар 2007 оноос ажилласан. Тэр цагаас хойш энэ дүрд дуулж байгаа.

-Уран бүтээлд жилээс жилд ахиц дэвшил гарсаар байдаг. Таны үзэгчдэд хүргэдэг Кармен улам жинхэнэ юм шиг, үзэгчид тэртээ хоёр зууны өмнөх үйл явдалд автан, өөрсдийгөө тайзан дээр тоглох та бүхэнтэй хамт байгаа мэтээр үзэж чаддаг болов уу?

-Бид хичээдэг. Үнэхээр үзэгчдийг байлдан дагуулж чадаж байгаа, эсэхээ бид төдийлөн мэддэггүй. Үзэгчид л хэлнэ. Гэхдээ тухайн тоглолт ямар болж байгаа нь үзэгчдийн алга ташилтаас мэдэгддэг. Сая улирлын нээлтээр энэ дүрд дуулахад уг дуурийг 40 жил удирдаж байгаа маэстро, Ардын жүжигчин Ж.Бүрэнбэх намайг “Муугүй шүү” гэсэн. Удирдаач уран бүтээлчдийг төдийлөн магтаад байдагггүй. Ингэж хэлэхээр нь өөрийгөө гайгүй дуулжээ гэж ойлгосон.

-Та Монголын хэд дэх Кармен вэ?

-Найм дахь нь. Сонирхуулахад, театрт хамгийн анх Карменд тоглосон дуучныг бас Дариймаа гэдэг байсан юм билээ. Олон жилийн өмнө өөд болсон. Түүнээс хойш Гавьяат багш Ц.Ерөө, Ардын жүжигчин Д.Баадайжав, Ардын жүжигчин Ч.Мөнхшүр, А.Долгор, Гавьяат жүжигчин Д.Долгормаа гэх зэрэг меццо сопрано буюу эмэгтэй аргил хоолойтнууд олон жил дуулсан. Одоо энэ дүрийг Гавьяат жүжигчин Р.Доржхорлоо эгч болон бусад цөөн дуучин бүтээж байна.

-Кармен дуучнаас хөлс, хүч, ур чадвар хэр шаарддаг дүр вэ. Уучлаарай, дуучин меццо сопрано буюу бага зэргийн өтгөн, аргил хоолойтой л бол тэнхээ айхтар шавхалгүй дуулдаг гэвэл ташаа ойлголт болох уу?

-Энэ том, хүнд дүр. Гол дүрийн дуучин бараг гурван цагийн турш тайзан дээр байдаг, ихэнхдээ дуулдаг, зөвхөн дуулахгүй жүжиглэнэ, бүжиглэнэ, зарим үед ноцолдож, зодолдоно. Хажуугаар нь хайрлаж, дурлана, сэтгэлээр унана. Үйл явдал өрнүүн хэрээр сэтгэлийн хөдөлгөөн их шаарддаг дүр. Уг дуучны төрөлхийн зан чанар ямар вэ гэдэг чухал. Би айлын бага охин, эрх, багаасаа нэлээд “галзуу” охидын тоонд ордог байлаа. Тийм болохоор өөрийгөө нэг их “эвдэхгүй”, найруулагчийн “хуульчилснаар” тоглож ирсэн.

-Сүүлийн үед таныг Карменаар харах болж. Ер нь хэр олон дуурьт гол дүр бүтээв?

-Монголынхоо, одоо тайзан дээр тоглож байгаа бүхий л дуурийн меццо сопранын хэсгийг дуулж байна. Төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн “Үүлэн заяа” дуурийн Цурхай, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын “Чингис хаан” дуурийн Амбагай хааны хатан Сохтай болон Өүлэн эх, Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаагийн дүрд дуулдаг.

Монгол дууриудад меццо сопрано хоолойт дуучид дуулах дүр ховор. Х.Билэгжаргалын “Ламбугуайн” нулимс”-ын гуйлгачин, хатан, эхийн дүрийг бүтээсэн. Эх хүний дүрийг илэрхийлэхэд меццо сопрано хоолой их тохирдог л доо. Д.Нацагдоржийн “Гүн гэрийн гүнж” дуурийн Минжин, Ардын жүжигчин Л.Мөрдоржийн “Хөхөө Намжил” дуурийн Алтайн дагинад тоглодог.

Дэлхийн сонгодгуудаас гэвэл П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурийн Ольга ба түүний ээж Ларина байна, Ж.Вердийн “Аида” дуурийн Амнерис, Ж.Россинийн “Севилийн үсчин”-ий Розина, Ж.Бизегийн “Кармен”-ы Кармен, Мерседес гээд дүрүүдтэй.

-Дуурийн дуучид мэргэжилдээ эзэн болохын цагт сэтгэл ханаж, тайвшран, “Хэзээ ч ямар ч үед дуулахад бэлэн юм чинь” хэмээн бардамнах нь бий юү?

-Тэгж болохгүй. Бэлтгэл сургуулилалт хийхгүй, хоолойн дасгал уншихгүй нэг, хоёр хонох л юм бол суух янзтай болоод ирнэ. Тэгээд ч дүрээс дүрийн хооронд улам шунаж, дараа нь үүнийг бүтээчих юм сан гэсэн хүсэл, мөрөөдөл барагддаггүй.

-“Кармен” дуурийг нэрийн хуудсаа болгосон та одоо юу хүсэж, мөрөөдөж байна вэ?

-Мэдлэг, мэргэжлээ дээшлүүлж, гадаадын хамгийн сайн дуучидтай жүжигт тоглож үзмээр байдаг. Италийн нэг жижгэвтэр театрт “Үнсгэлжин” дуурийн ааш муутай хоёр бүсгүйн эгчийнх нь дүрд гурван удаа тоглох боломж олдсон. Тус улсад ажиллаж, амьдардаг дуурийн дуучин С.Аяана надад итгэж, урьж тоглуулсан юм. Түүнд их баярлаж явдаг. Дуурийн урлагийн өлгий оронд үзэгчдийн өмнө, тэдний хамгийн сайн мэдэх дүр бүтээх амаргүй байсан.

Гэхдээ өөрийгөө голоогүй ээ. Найрал дууны удирдаач С.Дашбямба багш намайг хүүхэд төрүүлээд гэртээ байх үед театрын найрал дуучидтай хамт Францад тоглолтод явуулсан юм. Парис гэдэг тэр романтик хот маш өндөр сэтгэгдэл төрүүлсэн. Энэ мэтчилэн урлаг хөгжсөн улс оронд юм үзэж, харахын хэрээр дахин томоохон алхмууд хиймээр санагддаг юм билээ.

Сүүлийн үед Оросын аль нэг театрт жүжигт тоглохсон гэж бодох болсон. Хүсэлтээ ч илэрхийлсэн. Манай театрын урилгаар байсхийгээд ирж бидэнтэй хамтарч ажилладаг маэстро А.П.Чепурнойн удирддаг Красноярск хотын Дуурийн театрт очиж түүний удирдлагаар дуулмаар л байна шүү дээ. Энэ мэтчилэн яриад байвал санаж бодож, хүсэж байгаа зүйл олон.

-Яагаад дуучин, тэр дундаа дуурийн дуучин болсон юм бэ?

-Миний төрсөн ах М.Алтангэрэл гэж хөгжмийн зохиолч байдаг юм. Ах маань залуугаараа өөд болсон ч байгаа мэтээр бодох дуртай. Үндсэндээ ах шаардаад байхаар нь СУИС-д шалгуултал тэнцээд орсон. Гавьяат багш Д.Дашима мэргэжлийн багш минь. Би Ховд аймагт дунд сургууль төгсөөд хотод ирж ахындаа амьдардаг байлаа. Тэр үед манайхаар Ц.Түвшинтөгс, Д.Энхзул гавьяат гээд олны танил дуучид ирдэг байсан юм. Тухайн үед хөгжмийн зохиолч, найруулагчид тэр бүр студитэй байсангүй.

Гэртээ бүх юмаа хийдэг. Дуучин ах, эгч нар ахтай хамт шинэ бүтээл дээр ажиллах үед нь би төрүүлж байгаа дууг нь амархан сурчихдаг байв. Ах мэдмэгцээ “Чи СУИС-д шалгуул. Дуучин болохоор юм байна” гэсэн. Үгэнд нь орж, Д.Дашима багштайгаа учирч, мөн Ардын жүжигчин Ц.Пүрэвдорж, Г.Хайдав, Гавьяат жүжигчин Д.Банди багш нараар хааяа магтуулж, үе үе зэмлүүлж явсаар дуулах янз орсон доо. Багш эхэндээ намайг голдог байлаа. Гэсэн ч би хийх ёстойгоо яв цав биелүүлээд явдаг оюутан байсан юм. Гэтэл хоёрдугаар курст орсон намраасаа сургуулийн чухал оюутнуудын нэг болов оо.

Гаднын хүмүүст концерт тоглож үзүүлэх болно, дуудагдана. Ингэж байтал ДБЭТ-ын найрал дуунд меццо сопрано хоолойтой дуучин хэрэгтэй гээд намайг гэрээгээр ажиллуулж эхэлсэн. Ингэж би 2001 оноос оюутан байхаасаа театрынхаа уран бүтээлч болсон юм. Үүнээс гурван жилийн дараа шиг санаж байна, Ардын жүжигчин А.Долгор эгч тоглолт хийхдээ гурван залуу дуучинтай хамтарсны нэг нь би. Энэ тоглолтын үеэр манай театрын удирдлага намайг гоцлол дуучин болгох хэрэгтэй гэж үзсэн гэдэг.

Удалгүй театр Ж.Россинийн “Севилийн үсчин” дуурийг итали хэлээр шинэчилж тавих болоход Эрдэнэбаатар найруулагч, Н.Туулайхүү маэстро хоёр надад Розинагийн дүрийг өгч, дуулахад бэлтгэх даалгавар өгсөн. Найрал дууны ангид харьяалагддаг хэвээрээ мөртлөө бараг бүтэн жилийн хугацаанд энэ дүрийг өөрийн болгох гэж ажилласан. С.Дашбямба багш найрал дууны ангийн ажлаас бүр чөлөөлчихсөн. Ингэж бэлтгээд дуурьт дуулахад “Амжилттай боллоо” гээд гоцлол дууны анги руу шилжүүлсэн.

Дуучид гоцлол дууны ангийн босгыг алхахдаа жижиг дүрд дуулж, өөрийгөө харуулсан нь элбэг байдаг л даа. Би шууд том дүрээр шалгуулсандаа нэг талаар сүрдэж, нөгөө талаар өөрөөрөө битүүхэн бахархаж байлаа. Ингэж ярьж байгаагүй юм байна. Яагаад ч юм хэлчихлээ. Ажлын гараагаа эхэлсэн, их зүйлд сургасан найрал дууны ангийнхандаа одоо ч би их хайртай.

Их сургуулиас олж аваагүй мэдлэг, туршлагыг би найрал дуучдаасаа авсан. Тэдэн дунд маш сайн дуучин олон байдаг. Хоёрдугаар курст байхдаа “Театрт урилгаар ирсэн” гээд хэрэндээ додьгор орж ирж байсныг яана. Гэтэл анх дуулсан даруйдаа л найрал дуучдын дунд гоцлоочдоос дутахгүй мундгууд байдгийг мэдээд нам болж байлаа. Андуурч явсан байна лээ.

-Тэгэхээр дунд сургууль төгсөх хүртлээ дуулдаггүй байсан гэсэн үг үү?

-Хүмүүсийн өмнө дуулж байгаагүй. Аав, ээж, ах, эгч нар ажил, сургуульдаа явсан хойгуур гэрээ цэвэрлэнгээ радио их сонсдог, дуу дагаж дуулж сурдаг хүүхэд байлаа. Хоёрдугаар ангид байхдаа өөрийн хүчээр пионер болсон (хөхрөв). Ангид нэг багш орж ирээд “Танай ангиас нэг л хүүхэд элсүүлнэ.

“Пионерийн дуу” хэн сайн дуулсан нь элсэнэ” гэхэд хүүхдүүд чив чимээгүй болоход би ганцаараа “Би дуулъя” гэж гараа өргөсөн. Тийм ч нүүрэмгий хүүхэд байгаагүй. Тэр өдөр яасан юм, гараа өргөж дуулаад пионер болов оо. Гоё улаан бүч зүүж явахын тулд тэгж зориглосон минь санаанд байнга явдаг, сонин шүү. “Пионарын дуу” сурсныг бодоход өөртөө, дотооддоо нэлээд дуулдаг хүүхэд байжээ гэж боддог.

-Танайхан дунд авьяастай хүмүүс бий юү?

-Аав минь маш сайхан бичдэг байсан. Ховд аймгийн төвийн кино театрт нягтлан бодогч, няраваар ажилладаг хэрнээ тухайн үед аймгийн төвийн шрифтээр бичих бүхий л зүйлийг хийдэг байсан. Маш гоё, уран бичдэг. Ээжийн маань үеэл Хаймчигийн Баатар гэж хөгжмийн зохиолч байлаа. “Зулзган цагаан хусны минь” гэж эхэлдэг дуу байдаг шүү дээ. Үүнээс авхуулаад тухайн үед хит болж байсан олон дуу бүтээсэн уран бүтээлч. Ингээд бодоход манай гэр бүлд авьяастнууд байдаг.

-Хөдөө төрж, байгаль, орчны сайхныг мэдэрч өссөн тань мэдрэмж хөгжихөд ч юм уу, аливааг танин мэдэхэд хэр нөлөөлсөн гэж боддог вэ?

-Анзаараад байхад өндөр сүрлэг уулстай нутаг, тухайлбал Ховдоос дуурийн дуучид нэлээд төрсөн байдаг. Лав Ардын жүжигчин А.Загдсүрэн гуай бид хоёр нэг нутгийнх. Үнэхээр ховорхон төрсөн мундаг дуучны араас нутгаасаа төрсөн дуучин гэж цоллуулж явдагтаа баяртай байдаг.

Манайх Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгион голын айл. Харин Загдсүрэн гуайнх Наран гозгор гэдэг газар нутагтай.

Би энд ээжийгээ зориуд дурдмаар байна. Манай ээж сувилагч мэргэжилтэй, урлагт дуртай эмэгтэй байдаг. Одоо 80 хүрч байгаа ч миний хувцас, даашинзны чанар чансаа, таарч тохирч байгаа, эсэхийг яг л хэлдэг, зөвлөдөг, мэдрэмж сайтай хүн. Сонгодог дуу, хөгжим сонсохоороо “юм үзсэн шиг боллоо” гэдэг юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)