Мөсөн хана, ховор шувууд, “хар сувд”-тай аялал

Аялж жуулчлахад урин дулаан цаг хамгийн таатай ч жилийн талаас илүү хугацаанд эрс тэс, хатуу ширүүн уур амьсгалд аж төрдөг бидний хувьд өвлийн улиралд жуулчдыг хэрхэн татаж, энэ салбараас олох орлогоо яаж нэмэгдүүлэх вэ гэдэг нь гол асуудал юм. Дэлхийн хүн амын 50 хувь нь амьдралдаа огт үзээгүй, цас, мөстэй бид жил бүр нүүр тулдаг. Хүйтэн болдоггүй Дубай, Майнас зэрэг дэлхийн тэргүүлэх хот жуулчдыг татахын тулд хиймэл орчин бүрдүүлэн, жилийн турш цас будруулж өвлийн улирлыг мэдрүүлэхийг оролдож байна. БНХАУ ч сүүлийн жилүүдэд өвлийн аялал жуулчлал хөгжүүлэхээр зорьж, Харбин хотод дэлхийн хамгийн том мөсний баярыг зохион байгуулан сая сая жуулчин хүлээн авч буйг мөсөн сийлбэр урлаачид хэлэв. Гэтэл бид саяхныг хүртэл өвлийн улиралд 50 мянга хүрэхгүй жуулчин хүлээн авч, тэдэнд зориулсан цөөн хэдэн үйл ажиллагаа зохион байгуулсаар ирсэн. Харин 2017 оны өвөл Монголд аялсан жуулчны тоо өмнөх жилүүдийнхээс эрс өссөн. Тодруулбал, 78 мянган аялагч манай улстай танилцжээ. Энэ өвөл эл амжилтаа ахиулах боломжтойг салбарынхан хэлж байна. Одоогоос 20 гаруйхан хоногийн өмнө болсон “Талын түмэн адуу” өв соёлын арга хэмжээг гадаад, дотоодын 12 мянган жуулчин үзэж, орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчид 50 гаруй сая төгрөгийн бараа, бүтээгдэхүүн борлуулжээ. Өвөл жуулчдыг баясгах арга хэмжээ үүгээр завсарласан гэхэд болно. Тэмээ, Бүргэд, Мөсний баяр ирэх оны хоёр, гуравдугаар сард болно. Тэгвэл одоо манайд ирсэн жуулчид юу үзэж, сэтгэлээ баясгах вэ. Энэ асуултад Монголын аялал жуулчлалын холбооныхон хариулж, хотод хамгийн ойр аялах боломжтой газруудыг санал болгов.


АДАЛ ЯВДАЛТ АЯЛЛЫН ӨЛГИЙ

Хэрэв та экстрим аялал сонирхдог, богино хугацаанд олон зүйл үзэж, туршихыг хүсвэл Тэрэлжийг зориход тохиромжтой гэнэ. Тэнд юу үзэх вэ.

•Бүүвэйт хад, Зоргол хайрхны Тоомтын агуйгаас олсоор бууж, айдсаа даван туулах нь тэнд очих бас нэг шалтгаан гэнэ. Уулын спортын болон экстрим аяллын мэргэжлийн хөтөч, тайлбарлагч, аврагч нар бий тул “Бэртэж гэмтчихвэл яана. Ямар нэг муу зүйл болох вий” гэж айх хэрэггүй аж. Зүрх, судасны өвчтэй эсвэл 18-аас доош насныхныг л олсоор буухыг зөвшөөрдөггүй гэж уулын спортоор хичээллэгч залуус онцолж байв.

•Нохой чаргатай аялал зохион байгуулдаг гурван компани Тэрэлжид байдаг гэнэ. Та дурын баазаараа үйлчлүүлэх боломжтой бөгөөд аль аль нь урт, богино хугацааны аялал санал болгодог. 5-15 км зам туулах аяллыг богино, 35-80 км-ийнхыг урт хугацааных гэдэг. Хугацаанаас нь хамаараад энэ төрлийн аялалд 25 000-300 000 төгрөг зарцуулдаг. Нохой чаргатай аяллыг сонирхох дотоодын жуулчдын тоо сүүлийн үед нэмэгджээ. Ялангуяа амралтын өдрүүдэд хамгийн эрэлттэй байдаг аж.

•Экстрим спорт сонирхогч О.Сайханжаргал, С.Сайнбаяр нар өнгөрсөн өвөл Тэрэлжид хиймэл мөсөн хана хийсэн нь мөсөнд авиралтаар хичээллэдэг болон сонирхогч залуус, жуулчид зорин очдог газруудын нэг болжээ. Энэ хананд авирсан М.Ганчимэг хэмээх бүсгүй “12 метр өндөр мөсөн хананд авирахад үнэхээр галзуу мэдрэмж төрдөг юм билээ. Уначих вий, бэхэлгээний оосор тасарчих вий гэж буун буутлаа бодсон. Тэрэлжийн Цагаан цутгалан (залуус ингэж нэрлэжээ)-д заавал очоорой” хэмээн сэтгэгдлээ хуваалцав. Зэрэг буух 3-4 замтай, 12-оос дээш насныханд нээлттэй хана ирэх сараас аялагчдаа хүлээж авна.

ХОТЫН ШУВУУДТАЙ ТАНИЛЦААРАЙ

Манай улс уржнан дэлхийн шувуу ажиглагчдын “eBird” цахим сүлжээнд нэгдсэнээр энэ төрлийн аялал сонирхогчдын анхаарлын төвд оржээ. Манай шувуу судлаачид Баянхонгор аймгийн Бөөнцагаан нуур, Горхи, Тэрэлжээс хамгийн олон шувуу бүртгэжээ. Тэгвэл шувуу ажиглах, харах, тэдгээрийн зураг авах аяллыг Сонгинохайрханы бэл, Туул голын хөндий, Гачуурт, Манзушир хийд орчимд төрөлжүүлэн хөгжүүлэх ирээдүй харагдаж байгааг Монголын шувуу хамгаалах төвийнхөн онцоллоо. Өдгөө манай улсад шувуу ажиглах аялал зохион байгуулдаг аяллын компани үгүй ч Монголын шувуу хамгаалах төв, Зэрлэг амьтан судлах, хамгаалах төв, Монголын шувуу ажиглагчдын клуб зэрэг байгууллагынхан энэ чиглэлд санаачилгатай ажиллаж, жил бүр нийслэлийн Байгаль орчны газрынхантай хамтран хотын шувуудыг тоолж байна. Үүний цаад зорилго нь шувуу ажиглах аяллыг хөгжүүлэх. Өнгөрсөн өвөл гэхэд ерөнхий боловсролын 4000 гаруй сурагч ийм төрлийн аялалд хамрагдаж, Гачуурт, Тэрэлж, Сонгинохайрханы бэл дэх шувуудтай танилцжээ.

Та ховор, сонин шувуу харж, тэдгээрийг гэрэл зурагт буулгахыг хүсвэл дээрх байгууллагынханд хандах боломжтой.

ҮЗЭСГЭЛЭНТ БАЙГАЛИЙН ТОЛЬ “ХАР СУВД”

Манай улсад аялсан жуулчдын 70 хувь нь Монголын үзэсгэлэнт, зэрлэг байгалийг үзэхээр ирдэг гэсэн баримт бий. Тэгвэл эл шалгуурт нийцэх газруудын нэг нь Хан Хэнтийн нурууны гүн тайгад орших Хагийн хар нуур. Тийш хүрэх зам бартаа саад ихтэй боловч очсон хүмүүсийн сэтгэл гонсойхооргүй учир жуулчид энэ бэрхшээлийг үл харгалзан аялалд гардаг байна. Улаанбаатараас Хаг, Туулын бэлчир хүртэл 110 км. Энэ хүртэл машинаар явах боломжтой. Харин үүнээс цааш шигүү ой, энхэл донхол замтай учир машинаа мориор солин 70 орчим км яваад тус нууранд хүрдэг чиглэл хэдийн тогтжээ. Тодруулбал, Улаанбаатар-Хаг, Туулын бэлчир-Хагийн хар нуур гэсэн чиглэлээр аялдаг байна.

Хагийн хар нуур руу өвөл, зун морин аялал зохион байгуулдаг “Монголиан гайд” компанийн зөвлөх Н.Маамаас мэдээлэл авлаа. Тэрбээр “Аяллын хамгийн сайхан мөч нь дотор эрхтэнд сайн рашаанаас хүртэж, нуурын эрэгт үдшийн зоог барин, мориор аялангаа байгалийн сайхантай танилцах” гэв. Тайгын “Хар сувд”-ыг жуулчид урин дулааны цагт зорих нь олон ч өвөл тэр бүр зүглэдэггүй гэнэ. Энэ нь замтай шууд холбоотой. Гэхдээ түүнийг байгальд түшиглэсэн аяллын чиглэл болгон хөгжүүлэх асар ирээдүйтэй гэж зөвлөх залуу онцлов.

Ташрамд дуулгахад, нуурын ойролцоо буга, хандгай, бор гөрөөс, хүдэр, хүрэн баавгай, нохой зээх зэрэг олон төрлийн зэрлэг амьтан, 250 зүйлийн жигүүртэнтэйгээс гадна, олон жижиг нуур, цөөрөм, уулын таг, нуга, намаг, мөсөн голтой учир амьтан ажиглах, ургамал судлах зэрэг тусгай сонирхлын аялал хөгжүүлэхэд ирээдүйтэй гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)